Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг "Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн сийрэг сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүний мэндэлсэний 218 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.
Боржигон овогт ван Тогтохтөр хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, "Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал" хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бөгөөд Чингис хааны алтан ургаас гаралтай тухайн үеийн өндөр хэмжээний сэхээтэн соён гэгээрүүлэгч байж ард олондоо То ван хэмээх нэрээрээ алдаршжээ. То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа. Тэрбээр 1797 оны 9-р сарын 15 нд Сэцэн хан аймгийн Илдэн хошууны нутаг, "Сангийн далай" гэдэг газарт, засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд хэбэй ван, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулган даргаар томилогджээ. Дэлхийн хөгжлийн түүхийг сөхөн үзвээс орон бүрийн хөгжил цэцэглэлтэнд, тэрхүү улс гүрний сурвалжит язгууртан, сэхээтнүүд томоохон үүрэгтэй болох нь бэлхнээ харагддаг билээ.
Тэрээр Монгол, манж, төвд, хятад хэл бичиг сайн эзэмшин, гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч болтлоо өөрийгөө гэгээрүүлжээ. Түүнчлэн үе уламжлан газар тариалан эрхэлж их туршлагажсан урд хөршид тариа будаа тарих тухай То вангийн сургаал шиг эдийн засгийн цэгцтэй бүтээл урьд нь гарч байсангүй. Тэрбээр энэ бүхнээ нэгтгэн цэгцэлж Монгол Улсын эдийн засгийн суурь болсон бэлчээрийн мал аж ахуйн сонгодог арга ажиллагааг багтаасан Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаалаа 1853 онд туурвижээ. То ван энэ сургаалдаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ухааныг арвилан хэмнэх ухаантай хослуулан тавьсанд уг бүтээлийн ач холбогдол орших юм. Үүнд малчин хүний хүнсэнд хэрэглэх зүйлийн хэмжээ хязгаараас авахуулаад өмсөх хувцасны чанар чансаа, үнэ өртөгийг хүртэл нарийн заасан нь бий. Түүнчлэн талын цагаан зээрийг нутагшуулах, Буйр нуур, Халхголын загас бариулах, жимс ногоо түүлгэх, будаа тарьж тээрэмдэн гурил хийлгэх, орон нутгийн ургамал ашиглан цай боловсруулан айл өрхүүдээ хангах, алт олборлох зэрэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж, алт мөнгөний дархан, оёдолчин, хивсчин, сийлбэрчин, уран зураач, уран барималч, чулуучин, төмөрчин зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн, гар урлалыг тусгайлан хөгжүүлж байсан нь өнөөгийн бидний эрхэмлэн байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ байв. Тэрбээр авьяастай л бол лам хар гэлтгүй даалгавар өгч ажиллуулан, жил бүр хийсэн ажлыг нь шалган тэргүүн сайн, сайн, дэд сайн, дунд, адаг зэрэг олгож нягт, хичээнгүй, чадамгай, зоригт, шударга цол шагнаж, газар тариалан гар үйлдвэрлэл хоёрын алиныг билчээрийн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлж болох ирээдүйтэйг урьдаас нарийн тунгаан үздэг байжээ. Иймээс Халх голын үржил шимтэй хөрсийг даган газар тариалан эрхэлдэг иргэдийг өөрийн нутагт үй олноор суурьшуулахыг үл зөвшөөрдөг байсан төдийгүй тараан суулгах шаардлага тавьж байв.
XIX зууны эхэн болоод дунд үед Монголын дорнод тал нутаг их барилгын талбар болж байсан түүхтэй. Тамсагбулагт Утай таван уул нэртэй сүмбэр уулыг хүний гараар сүндэрлүүлж, Халхын голын ойд 21340 ам метр талбайд Жанрайсиг их бурхан бүтээлгэж явсан халхын То ван хошууныхаа дөрвөн жасын үйл ажиллагааг өөрчлөн өргөжүүлж, шинэтгэлийн бодлого явуулахдаа орд харш, сургууль соёл, сүм хийдийн барилгын зураг, бурханы тиг гаргах, ядууст өглөг өгөх ажлыг давхар эрхлүүлж байв.
Наран мандах зүгт хандуулан. налуу газарт хэвтээ байдлаар чулуун бурхан урлан бүтээхэд тал нутагт байгалийн чулуу байсангүй. Үүнийг То ван олох гэж зүдэрсэнгүй, гачигдсан ч үгүй гэдэг. Тэрээр Буйр далайнхаа болор элсийг, Халхын голын хайрга, (Алтан голоосоо элс авч байсан ч байж болох) Хамар давааныхаа тосон шавартай хольж, шар шүүгээр зуураад л хэлбэр оруулан үдийн халуун наранд тавьж хатаахад хад чулуу шиг хатуу болдог байна. Чухам ямар жор горимоор хийж байсан нь хэцүү То вангийн технологийн нууц байсан нь мэдээж биз.
Нүүдэлчин монголчууд маань ийнхүү чулуугүй газарт «чулуу» үйлдвэрлэж байсан нь эзэн богд Чингис хааны маань үеэс улбаатай байж болох. Яагаад гэвэл монголын уламжлалт технологид энэ аргаар чулуу, цемент хийхииг "гяхуур" гэж нэрлэж ирсэн байдаг.
То ван барилгын хүнд хүчир ажилд ердийн хөсөг, хөшүүргийн аргаас аваад гар дамжлагыг хүртэл өргөн ашиглаж байв. Тэр цагт одоогийнх шиг хүчирхэг техник байсан биш дээ. Утай уулыг босгохдоо хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг эгнүүлж суулгаад гар дамжлагаар барилгын материалаа татсан түүхтэй. Бурханы тиг, барилгын хэлбэр, хийцийг дорно дахинаас өөр, өвөрмөц, өөрийнхөө ур ухааныг шингээж, гэр хэлбэрээр барьж байгуулж байжээ. Тэр ч бүү хэл, ой модгүй газарт гяхуур бэлтгэх аргаар хийсэн морины чулуун уяаг нь эдүгээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төв дэх хүндэтгэлийн өргөөний үүдэнд хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Монголын гайхамшигийг бахадсан Америкийн судлаач хүртэл дэлхийд байхгүй, зөвхөн Монголд л үзэх хоёр гайхамшигийн нэг нь хурдан морины уралдаан, нөгөө нь Халхын голд хоёр зууны тэртээ Монгол хүний бүтээсэн их бурхан бий гэж ярьж байсан сураг бий.
Энэ хоёр гайхамшгийн нэгийг бүтээсэн алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтэн нь То ван агаад түүний уран барилгын хөгжил, дэвшилд хийсэн бүтээлч үйлс одоогоор хараахан сайн судлагдаагүй байна.
Сэцэнхан аймгийн Үйзэн гүний хошууны Тавс нутгийн нэгэн буурал эмээгийн бичиж үлдээсэн дурсамждаа Тогтохтөр ноён зэрлэг ан, амьтдыг барьж гэрийн тэжээвэр болгож байсан тухай Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким өгүүлж байв. Энэ нь одоогийнхоор бол амьтны хүрээлэнтэй байсан гэсэн хэрэг юм байна. Уулын нэг модыг хотод авчирч тарихад түүнийг дагаад ойн амьтад хотын амьдралтай холбогддог нь тэр модонд өндөглөдөг шувууд үүрээ засаж, өглөө үдэшгүй жиргэж байдгаас харагдана. Халхын голд бүтээлгэсэн "Ноёны суух өргөө"-г тойруулан татсан хамгаалалтын 30 км диаметртэй суваг, Толгойтын овооны дэргэд байгуулсан тариаг гурил болгох усан тээрмийн шуудуу, Тамсагийн булагаас Утай уул руу татсан урт усан суваг. Энэ бүхэн То вангийн уран барилгын нэгэн цогц бүтээлд багтаж байв. Хонгирад аймгийн тэргүүн Дай сэцэний охин Бөртүжингийн төрсөн газар болох Данжаалан арлын Дархан сөөгийн бургасыг түлээнд хэрэглэхийг То ван хориглож, зөвхөн уурга, гэрийн мод, араг.савар мэтийг үйлдвэрлэхэд зориулах болгосон нь эдүгээ уламжлал болон үлджээ.
1285 онд Хубилай сэцэн хаан шинжлэх ухааны төрийн байгууллагыг үүсгэн, усан онгоц бариулан, Наран улсыг дайлж байснаас үзэхэд манайд уран гоёмсог хийцтэй их барилгын ажил эцэг дээдсийн эрт цагт үүсч, хөгжиж ирсэн гэлтэй. Хоёр зууны тэртээ халхын хэцүү То ван аж ахуй, соёл боловсрол, урлаг, уран сайхны олон салбарт шинэтгэлийн бодлогоо нэгэн зэрэг хэрэгжүүлж явахдаа уран барилга, их барилгын ажлыг орхигдуулсангүй. Түүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд Тамсагбулагт Илдэн хошууны төв хөдөөгийн төвлөрсөн хот маягийн суурин үүсч цэцэглэжээ.
То вангийн их барилгыг хөгжүүлж үзэл баримтлал нь түүний эдийн засгийн гайхамшигт сургаал дахь аривлан хэмнэлтийн бодлогод суурилж байжээ. Одоо цагт То вангийн ажил үйлсээс судлах, суралцах зүйл манай барилгын салбарынханд их байгаа нь эргэлзээгүй билээ.
Сэтгүүлч Л.Отгонбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих