Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Хууль шүүхийн байгууллагад шинэчлэл ид өрнөж байгаа энэ үед ЦЕГ-ын дарга, Ерөнхийлөгч Н.Багабандийн зөвлөхөөр ажиллаж, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон түүний яриа сонин байх болов уу.
-Та 1990 оны дөрөвдүгээр сарын 19-нд генерал болж байсан. БНМАУ-ын Сайд нарын тогтоолоор генерал цол хүртсэн сүүлийн хүн байх аа?
-Генерал цолыг Сайд нарын зөвлөл олгож байсан юм. Үндсэндээ гэдэг нь намайг генерал цол авсны дараа хоёр партизан өвгөнд генерал цол өгсөн юм. Амарсайхан гуай, Цолмон гуай хоёрт шүү дээ. Тэрнээс хойшхи генерал цолыг Ерөнхийлөгч өгсөн. Тийм учраас ажил хийж байсан хүмүүсээс Сайд нарын зөвлөлөөс генерал цол гардсан хамгийн сүүлийн хүн нь би.
-Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгаж Улсын цагдан сэргийлэх байгууллагыг байгуулахад анхны даргаар нь, Дотоодын цэргийн анхны командлагчаар таныг томилсон гэдэг.
1990-1996 онд цагдаагийн байгууллага ямар байдлаар ажиллаж байв?
-1990 оны дөрөвдүгээр сард НАХЯ-ыг татан буулгаад Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг тэр үеийн Сайд нарын зөвлөл буюу Засгийн газрын дэргэд байгуулсан. Цагдаа бүх түүхэндээ аль нэг яамны дэргэд явсаар ирсэн. Анх удаа яамны харьяанаас гарч Засгийн газрын үндсэн бүтцэд орж байгаа нь тэр. Намайг Говь-Алтай аймгийн цагдан сэргийлэх газрын дарга байхад дуудаж Улсын цагдан сэргийлэх газрын даргаар томилсон. Улсын цагдан сэргийлэх газар гэж нэрлэсэн боловч үндсэндээ сэргийлэхийн бус байгууллагууд харьяанд нь нэлээд байсан. Бодвол, Дотоод яам гэж байгуулж болоогүй юм байлгүй. Цагдан сэргийлэх байгууллагаас гадна Мөрдөн байцаах газар, Замын цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Гал түймэртэй тэмцэх газар, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв гэж байгуулахаас урьдах Паспортын хэлтэс, Дээд сургууль, Аюулаас хамгаалах яамны Холбооны алба гээд нэлээд өргөн бүрэлдэхүүн шилжин ирсэн байлаа. Юм болгон шилжин өөрчлөгдөж байсан болохоор цагдаагийн байгууллагад адилхан л өөрчлөлт орсон.
1990 оны тухайд цагдаагийн байгууллага ажиллахад нэлээд төвөгтэй болж ирсэн шүү. Нийгмийн хэв журам их хэмжээгээр алдагдсан. Намайг Дотоодын цэргийн командлагчаар томилогдож очиход нийгмийн болон олон нийтийн хэв журам гэдэг бол цагдаагийн байгууллагын хяналтаас гарчихсан байсан. Тухайлбал, Хүнсний XX дэлгүүрээс авахуулаад одоогийн "Бөмбөгөр” хүртэлх гудамж бүхэлдээ мөрийтэй тоглоомчид, шагчид, архичид, гар дээрээс наймаалагчдаар дүүрч, хүн явж, автобус зорчих болохоо аргагүй болчихсон байлаа. Гэмт хэргийн байдлыг арай ч хяналтаас гарчихсан байсан гэж хэлж болохооргүй. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа ямар ч байсан гараасаа алдчихаагүй байлаа. Үүний хажуугаар өлсгөлөн, суулт, жагсаал, цуглаан их болдог байв. Гэхдээ тэр үеийн онцлог гэвэл, цагдаагийн байгууллага хаана, ямар албанд ажиллаж байгаа нь хамаагүй өдөр, шөнөгүй маш олон цагаар ажилласан. 1991 оны зургадугаар сард цагдаа нарт үр дүнгийн нэмэгдэл өгөхөөр ярилцахаас аргагүйд хүрсэн.
-Яагаад?
-Хоёр шалтгаан гарсан юм. Намайг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдоход дөрвөн сумаас бусад газарт хэсгийн төлөөлөгч нь дээд боловсролтой хүмүүсээр бүрдсэн байсан. Гэтэл 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахад дээд боловсролтой 11 хэсгийн төлөөлөгч үлдсэн байсан. Бусад нь бүгд халагдаад бөөн бөөнөөрөө гараад явчихсан. Наймаа хийнэ, цагдаад ажиллахад хүнд боллоо гээд 20, 30-аараа гарцгаасан. Тэгэхээр нь цагдаа нараа дамжаанд хичээллүүлж 45, 60 хоног, гурван сар бэлдээд хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарыг бэлтгэсэн. Хэсгийн төлөөлөгч, байцаагч нараа дамжаагаар бэлтгэж мөрдөн байцаагч, төлөөлөгч болгосон. Бүр сүүлдээ дадлагажуулагч ажилтан гэж авсан. Дээд сургуульд төгссөн залуучуудыг дадлагажуулагч ажилтнаар авч, дажгүйхэн заримыг нь Цагдаагийн дээд сургуульд сургаж цагдаа болгодог болсон. Цагдаа хүнээр их дутсан учраас жилд 500, 600-гаар нь бэлдэж авч байлаа. 1996 оны наймдугаар сард би ажлаа өгөхийнхөө өмнөхөн цагдаагийн байгууллага өнөөдөр ямар төвшинд хүрэв, ойрын дөрвөн жил ямар төвшинд хүрэх вэ гэдэг илтгэл бэлдэж Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнээр хэлэлцүүлсэн юм. Тэгэхэд орон тоо үндсэндээ бөглөрчээ, харин ирэх дөрвөн жил мэргэжлийн хүмүүсээр цагдаагийн байгууллагыг дүүргэх хэрэгтэй байна гэсэн. Жишээлбэл, хэсгийн төлөөлөгчид механикч, машинист ямар ч хамаагүй хүн ажиллаж байсныг хуульч мэргэжилтэй хүмүүсээр дүүргэе гэсэн. Бас Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглээд жигдэрсэн байсан учраас цагдаа нараар хүнийг торгуульдгийг болъё гэсэн. Хэрэг бүртгэгч нараар захиргааны хариуцлагыг шийдүүлж байя. Зам дээр замын цагдааг олноор нь зогсоодгоо болъё. Явуулын хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавиулъя гэсэн. Өнөөдөр Улаанбаатарт уулзвар болгон дээр цагдаа зогсоохгүй бол болохгүй байгаа. Тэр үед бол цагдааг зам дээр хоёроор нь зогсоох шаардлага байгаагүй.
Нөгөө нь гэвэл, тэр үед төсөв мөнгө хүрэлцэхгүй маш хэцүү байсан. Төсөв мөнгө байхгүйдээ биш, улсын төвлөрсөн хангалт байгаагүй. Ш.Жадамбааг Батлан хамгаалахын сайд байхад цэргийг махаар хангадаг төвлөрсөн хангалт гэж байгаагүй. Мах бэлтгэхийг болиулсан, хувцасны хангалт ч байгаагүй. Ийм учраас цэрэгтээ идүүлэх махаа өөрсдөө бэлтгэдэг байлаа шүү дээ. Цагдаад шинэ хувцас хийж нэхий дотортой курьтик хийлээ л дээ. Тэгэхэд өөрсдөө нэхийгээ элдээд Хятад руу аваачиж боловсруулаад энд авчирч оёулдаг байлаа. Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс 20 мянга буюу тэр үедээ хамгийн олон нэхий бэлтгэж хувь нэмрээ оруулж байсныг санаж байна. Машины дугуйгүй болохоороо Буриад явдаг байсан. "За түрүүн голын баазын дөрөв явсан. Одоо танай баазын гурав яв. Дугуй олж ир” гэнэ. Урагшаа нэхий бэлтгээд явуулахдаа ачааны машинд поошиг ачаад явуулна. "Ирэхдээ бензин дүүргэж ирээрэй” гэнэ. Бензин олдохгүй шүү дээ. Бензин дуусаад, ажил доош суугаад ирэхээр орос цэргийн анги руу давхиулна. Тэгэхэд Мезун генерал байсан. Түүн рүү утасдаад "За ганцхан тонн бензин өгчих” гээд худалдаж авна. Энэ мэтээр өөрсдөө аж ахуйтайгаа ноцолддог байсан учраас ажиллах маш хүнд байсан.
-Жагсаал цуглаан их болдог байв уу. Арай ч одоогийнх шиг төрийн цагдаагийнхаа пагоныг хуулаад хаячихгүй биз дээ?
-Хот, хөдөөгүй л жагсацгаасан даа. Тэр үеийн жагсаал, цуглаан гэхээр зориуд нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Ардчилсан нам, Социал демократ намынхан жагсаал, цуглаан хийхдээбидэнд өөрсдөө ирж мэдэгддэг байсан. Бид нар жагсах гэж байна, тэндээс тэр хүртэл явна, замдаа тэнд сууна гэж урьдчилж хэлнэ. Намайг томилогдсоны дараа цагдаа Төрийн ордонг тойрч бүсэлсэн том арга хэмжээ болсон шүү дээ. Тэр үед бид тэдэнтэй тохирчихсон байлаа. "Дуурийн театрын урд нэг, Хотын захиргааны өмнө талд нэг машин зогсоно. Үймүүлсэн, согтсон улсуудыг та нар өөрсдөө гаргаж авчирна шүү. Бид нар тэр лүү чинь орж барихгүй шүү” гээд хэлчихсэн байлаа. Тэд нар өөрсдөө журам сахиулагч нартай байлаа. Согтуу танхай хүмүүсийг нь манай машинд өөрсдөө аваад ирнэ. Бид урд урдаасаа биш, ингэж зэрэгцэж зогсдог байсан. Тэр үеийн жагсаал цуглааны онцлог гэвэл тэр. Занаа гэж ардчилсан холбооны зүтгэлтэн эмэгтэй бий дээ. Сүхбаатарын талбай дээр жагсч байхад нь тэдний цахилгаан мотор ажиллахаа байчихсан юм. Занаа манай Хотын цагдаагийн газар руу ярьж, хотын цагдаагийн газрын цахилгаан моторыг залгаж жагсаал цуглаанаа явуулж байсан гээд бод.
-Тэр үед цагдаагийн байгууллагад зайлшгүй хийх ёстой ямар шинэчлэл хэрэгтэй байсан бэ. Одоо таны зорьж явсан ажил биелэлээ олж чадаж уу?
-Намайг ажиллаж байх үед Захиргааны хариуцлагын тухай хууль гарч өгөхгүй их зовоосон. Энэ хууль гарахгүй болохоор Ерөнхийлөгчийн гаргасан 63, 64 дүгээр зарлигийг л барьж ажилладаг байлаа. Хэв журам хамгаалах, Танхайрахтай тэмцэх тухай гэсэн энэ хоёр зарлигаас өөр журам байсангүй. Тэр үеийн цагдаа одоогийнхтой зөрөөд байх юу байхав дээ. Цагдаа бол цагдаа. Аль ч улсын цагдаа социализмын үед ч одоо үед ч олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ биелүүлж ирлээ. Миний үед үймээн самуун, жагсаал цуглаан ихтэй байсан ч"дээрээ юмгүй” байлаа. Нам, яам байхгүй болчихсон, Засгийн газар тэр бүр цагдаагийн ажилд оролцох боломжгүй байсан учраас асуух газаргүй, юм болгон өөрийн толгой дээр л ирсэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь ямар ажил хийхээ, ямар шийдвэр гаргахаа өөрөө л мэддэг байлаа. Хэлтэс байгуулах, татан буулгах, ямар нэгэн ажиллагаа явуулах, хүн томилж, чөлөөлөх, орон тоогоо батлах гээд бүгдийг өөрөө хийнэ. Цагдаагийн дарга байгууллагаа яаж удирдмаар байна, төсөв хөрөнгө нь болж байвал хийе гэснээ хийж болдог байсан.
Тэр үед улс төрийн намууд цагдаагийн байгууллагын ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Эрх барьж байсан МАН ч оролцож байгаагүй, сөрөг хүчин байсан АН, Социал демократ нам, Үндэсний дэвшилт нам ч цагдааг ирж үймүүлж байгаагүй. Цагдаа улс төрөөс 100 хувь хол байсан. Цагдаагийн байгууллага эрх мэдэлтэй байсан учраас өөрөө юмаа хийж, хариуцлагаа ч өөрөө үүрдэг байсан. Хүмүүс намайг их хүнд цагт цагдаагийн даргаар ажиллаж байсан гэж хэлдэг. Би ч өөрийгөө тэгж боддог байсан. Одоо харахад миний үеэс ч хэцүү нөхцөлд цагдаа нар ажиллаж байгаа шүү. Өнөөдрийн энэ цагт бол би цагдаагийн дарга хийхгүй байсан. Яагаад гэвэл миний хийх гэснийг хийлгэхгүй юм байна. Тэндээс ч удирдаад, эндээс ч татаад цагдаагийн даргын бодож санаж байгааг хийлгэхгүй байна шүү дээ. Тэр байтугай томилгоо ч хийлгэхгүй байна. Тэр дээрээ заавал энийг тавь, тэрийг тавь гэж УИХ, Засгийн газрын гишүүн, намын нэг зүтгэлтэн утасдаж үймүүлээд байдаг бололтой юм. Хамгийн гол нь цагдаагийн байгууллага төвлөрсөн нэг толгойтой байх ёстой юм л даа. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллагын толгойг дэндүү олон хүн мэдэж байна. Ийм нөхцөлд Б.Билэгт дарга яаж тэсч ажиллаж байгаа бол. Надад өмнөөс нь хэцүү л байна. Ганц Б.Билэгт дарга биш тэрний өмнөх дарга нар ч тийм байсан. Шинэ Засгийн газар гарч ирээд тэгж байна гэж би хэлэхгүй, Д.Сандаг-Очирын үед ч тийм байсан. Тэгэхээр цагдааг биеийг нь даалгаж ажлыг нь хийлгэх хамгийн чухал байгаа юм.
-Шинээр гарч байгаа, тэр дундаа Цагдаагийн албаны тухай хуулийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-За хуулиуд бол гарах ёстой. Гарах ёстой хуулиуд гарч, шинэчлэлүүд сайн явагдаж байна. Хуулиуд дотор шүүмжилмээр ч юм бий, ашгүй дээ гэмээр юм ч бий. Тэрийг одоохондоо задалж яриад байх юм алга. Хуулийн хувьд болохгүй байгаа нэг л зүйлийг би хэлдэг. "Суурь хуулиудаа гаргаж байж дагалдах салбар хуулиудаа гаргаач ээ” гэж. Гэтэл салбар хуулиудаа гаргаад суурь хуулиудаа батлахгүй юм. Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль гэж гаргасан мөртлөө Цагдаагийн ажилтнуудын эрх зүйн байдлын тухай хууль нь байхгүй байна. Тэгээд одоо бороохойдож болох юм уу, үгүй юм уу, албаны нохой хэрэглэж болох юм уу, мэдэхгүй болчихлоо. Тийм учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль зэрэг суурь хуулиудаа шинэчлэн гаргаж байж салбар хуулиудаа гаргах ёстой юм. Гэтэл одоогийнх аргачлалын хувьд буруу яваад байна. Дээр нь цагдаагийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцохыг хатуу хориглож, оролцвол шийтгэдэг хуулийг даруй батлах хэрэгтэй. Шүүх хараат бус, бие даасан байдлаар хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллана гэж байна. Тэрийг нь ч хуульчилаад өгсөн. Цагдааг биеийг нь даалгахгүй бол хэрэг бүртгэх шатнаас нь эхлээд шүүхэд хүрэхээс нь өмнө үймүүлчихээд байна шүү дээ.
-Цагдаа удирдаж байгаа хүндээ хэр элэгтэй байгууллага вэ. Ч.Амарболд генерал шорон явчихлаа, Д.Сандаг-Очир дарга 300 сандлын асуудал дээр нэлээд яригдлаа. Бас Ш.Ганболдыг халж, одоо Б.Билэгтийг жинхлэхгүй байна шүү дээ?
-Ернь цагдаагийн даргын суудал гэдэг сууж байгаа хүндээ их халгаатай байдаг юм шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үед олон даргыг аваачиж хийсэн. Сая цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор надад ирсэн захидлаар ном гаргасан юм. Тэнд цагдаагийн 30 даргын түүх намтрыг оруулсан байгаа. Хэлмэгдлийн үед бүгдээрээ хэлмэгдээд явсан бол социализмын үед бараг бүгдээрээ буруудаж, зөвдөж авахуулж байсан. Ж.Авхиа гуай, С.Бүдрагчаа гуай хоёр дэвшиж халагдсан бол би сонгуулийн дүнгээр өөр нам ялахад ажлаа хүлээлгэж өгсөн. Бусад нь бол дандаа л шүүмжлэл дунд халагдсан. Намайг ч цагдаагийн дарга байхад удаа дараа шалгаж байсан юм. Суусан хүндээ халгаатай цагдаагийн даргын суудалд миний үе шиг эрх мэдлийг нь ч, хариуцлагыг нь ч үүрүүлэх хэрэгтэй. Одоо бол эрх мэдэлгүй учраас хариуцлага хүлээхгүй, дээрээс нь цагдаагийн даргаар ажлыг нь хийлгэхгүй байна.
-Засаг солигдох бүрт цагдаа, тагнуулын байгууллагын даргыг сольж, улс төрийн томилгоо хийдэг боллоо. Хүчний байгууллагын толгойг дөрвөн жилийн давтамжаар сольдог нь эрүүл үзэгдэл мөн үү?
-Ерөөсөө Монголын намууд төлөвшөөгүй учраас тэгж байгаа юм. Намууд төлөвшөөгүй болохоор төр тогтож өгөхгүй байна. Цагдаа, тагнуулын байгууллагын дарга, бүх яамны төрийн нарийн бичгийн дарга халагдахгүй сууж байх ёстой. Ямар нам засгийн эрхэнд гарах нь тэдэнд падгүй. Гэтэл одоо бүх шатанд сольж байна шүү дээ. Ингэж байсан цагт ажил бүтдэггүй байхгүй юу. Гялалцсан сайн төлөөлөгчийг тэднийг удирддаг тасаг хэлтсийн дарга нь тодруулдаг юм. Тухайлбал, дээр үед байсан "улаан хамар” дэд хурандаа Хорлоо гуай шиг, Чулуунбат хурандаа шиг, миний дарга байсан П.Сэрээтэр, Жамьянсэнгээ, Базаргүр шиг дунд шатны сайн дарга нар байж гялалзсан төлөөлөгчид тодорч гардаг байхгүй юу. Одоо бүх шатанд нь солиод байгааг больж жаахан тогтвортой ажиллуулмаар байна.
-Цагдаагийн байгууллага шинэчлэлийн явцдаа юугаа авч үлдэх ёстой вэ. Цагдаа иргэдэд үйлчилдэг үйлчилгээний ажилтан байх нь зөв үү?
-Цагдаа бол татвар төлөгчдөд үйлчлэх төрийн үйлчилгээний байгууллага шүү гэдгийг анх би хэлж байсан юм. Тэгэхэд янз бүрээр л хүлээн авч байсан. Надад одоо ч эргэлзээ төрдөггүй. Төрийн үйлчилгээний байгууллага төрийн хуулийг биелүүлэх явцдаа албадлагын арга хэмжээ авах шаардлага гарна. Албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хэм хэмжээг хуульд заасан учраас тэр хүрээнд л авна. Тэрнээс өөрөө зохиогоод явдаг юм биш. Хүмүүс "Цагдаа намайг 5000-аар, 20 мянган төгрөгөөр торголоо” гэдэг. Цагдаа хуульд заасан тоогоор нь л авч байгаа. Цагдаа үйлчилгээний байгууллага мөн. Гэхдээ сүүлийн үед цагдааг иргэншүүлнэ гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Зөв бурууг нь хэлэхгүй, зүгээр л гүйцэд ойлгохгүй байна. Цагдаа жагсдаг, ёсолдог, цол авдаг, дүрэмт хувцас өмсдөг байх ёстой. Энэ бол цагдааг дүрэмжүүлж, цог жавхаажуулж, сахилга батжуулж, хурцалж байдаг чухал зэвсэг байгаа юм. Миний үед цагдаад дотоод зөрчил ихдээд, энд тэнд архи уулаа, зодолдлоо гэж сонсогдоод, чих халууцуулаад ирэхээр нэг сайн жагсаалын үзлэг хийчихдэг байсан юм. Хувцас, ариун цэврийн үзлэг хийж, баруун, зүүн эргүүлээд сайн жагсаачихаар нэг сайхан жигдрээд явчихдаг байсан юм. Цэрэгжлийн талын юм цагдаад хэвээрээ үлдвэл их зүгээр байгаа юм. Үүнийг устгавал ажлынхаа аргыг, нэг сүр жавхаа, өнгө төрхөө алдах л юм даа.
-Харин нэрний хувьд ямар бодолтой байдаг вэ. Цагдаа гэхээр цагдана, торгоно, хорино, гавлана гэсэн утга илэрхийлээд байна. Үүний оронд сэргийлэгч гэдэг нэртэй байвал ямар вэ гэж хүмүүс хэлэх юм?
-Цагдааг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэдэг юм. Үнэндээ энэ үүрэг эхлээд төрд байдаг. Иргэдээ ядууруулахгүй байлгаж, ажилтай, орлоготой, архидах нөхцөлгүй амьдруулах нь төрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг. Цагдаа олон нийтийн газарт гэмт хэрэг гаргахгүй байх, гудамжийг сайн эргэх, хэв журам сахиулах хэрэгтэй. Гэхдээ цагдаа айл гэрт, албан газарт орж хэв журам сахиулах боломжгүй. Албан газар, орон сууцууд өөрсдөө дотроо хэв журмаа сахиулах хэрэгтэй. Цагдаагийн үндсэн үүрэг нь гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлэх, олон нийтийн хэв журмыг сахиулах юм л даа. Ийм учраас Монголын түүх, дэлхийг түүхийг харсан ч цагдаа гэдэг нэрнээс айгаад сэрэмжлээд байх зүйл үгүй. Цагдаа бол цагдаа л байх ёстой. Милиция полиция, полиполь, милиполь гэдэг чинь үндсэндээ улс төрийн агуулгатай л үг шүү дээ. Зөвлөлт засаг хөрөнгөтний цагдаагаас өөр болох гэж полицейгоо милиция болгож, милиционер болгосон юм байна лээ.
-Та Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулсан хүн. Энэ хуулийг бичихэд ямар зарчмыг баримталсан бэ?
-Юуны өмнө аль ч хүчний байгууллага, тэр дундаа цагдаагийн ажил иргэдэд түшиглэхгүйгээр явдаггүй юм. Цагдаа бол мэдээлэл дээр түшиглэж ажилладаг байгууллагын нэг. Хэв журмын болон эрүүгийн нөхцөл ямар байгааг иргэд хэлж өгдөг. Ийм учраас иргэдтэйгээ нягт холбоотой, сайн харилцаатай байж цагдаагийн ажил урагшилна. Социализмын үед цагдан сэргийлэх, туслах олон нийтийн бригад гэж байсан. Цагдаагийн зарим үүргийг энэ бригад шилжүүлэн авч гүйцэтгэдэг байсан. Би цагдаагийн байгууллагын анхны хуулийг боловсруулж бичихдээ "Цагдаагийн үүргийг цагдаа л гүйцэтгэх ёстой. Ямар нэгэн иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллага орлон гүйцэтгэж болохгүй” гэсэн үзэл бодол, зарчмыг баримталсан.
-Яагаад?
-Цагдаа бол хуулийг биелүүлэхийн тулд төрийн нэрийн өмнөөс ажилладаг. Төрийн нэрийн өмнөөс шаардлага гарвал албаддаг төрийн байгууллага л ажиллаж байх ёстой. Энэ бол цагдаагийн үүргийг иргэнээр гүйцэтгүүлэхгүй гэсэн болохоос биш иргэнтэй хамтарч ажиллахгүй гэсэн үг биш. Бас хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэн оролцохгүй гэсэн үг биш. Харин ч иргэдийг оролцож болох бүх хэлбэрээр нь оролцуулах хэрэгтэй. Жишээ нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд хэв журмын олон нийтийн байцаагч гэж байгаа. Тэр байцаагчийг сайн ажиллуулбал цагдаагийн ажил хөнгөрнө. Сая Цагдаагийн албаны тухай хуульд "олон нийтийн цагдаа” гэж орсон байна лээ. Үүнд би дургүй байгаа. Цагдааг л цагдаа гээд бусдыг нь өөрөөр нэрлэх хэрэгтэй. Аймаг, сумын төвд Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв гэж байгуулсан нь их сайн. ЦЕГ-ын дарга долоо хоногийн нэг өдөр иргэд, хөдөлмөрчдийг хүлээж авч байгаа нь сайн. Нарийндаа яривал, цагдаа нар иргэдэд хэрэгтэй үед нь тусалж байгаа шүү. Иргэд цагдаад өдөр болгон тусалж байгаа шүү. Иргэдээс цагдаад үзүүлж байгаа тусламж нь маш их байдаг. Нэг нь байхгүй бол нөгөө нь хэцүүдэх учраас холбоотой байх ёстой.
-Харгис хэрцгий аргаар үйлдсэн хэрэг их гарч байна. Таны үед ийм зүйл байсан уу?
-Олныг цочирдуулсан, үзэж дуулахад хэцүү хэрэг гарч л байсан.
Социализмын үед ч хүнийг салгаж, мөчлөөд янзалчихсан хэрэг гарч байсан.
Намайг ЦЕГ-ын дарга байхад ч хүнийг мөчилж хүүхдийн тэргэнд хийгээд түрж
яваад хаясан хэрэггарч байсан. Саяын тэр толгойг нь тасалчихлаа гэсэн
хэрэг чинь хэдэн жилд нэг удаа гарч байдаг хэрэг л дээ. Гэхдээ сүүлийн
10 жилд гэмт хэргийн харгис чанар мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Онц хүнд
гэмт хэрэг чинь жилдээ хэдхэн гардаг байлаа шүү дээ. Цагдаагийн дарга
энэ жил гарсан гэмт хэргүүд гээд хуруугаа дарж байгаад ярьдаг байлаа.
Тэрний хэрэг илрээгүй, тэрний хэргийг шалгаж яваа, тэрний хэрэг шүүхэд
очсон гээд ярина. Одоо бол цагдаагийн дарга жилд гарсан хүн амины
санаатай аллагыг ч тоолох аргагүй болсон байна. Энэ бол хүмүүсийн суурь
хүмүүжилтэй шууд холбоотой. Үүнийг засахын тулд цагдаагийн байгууллага
оролдох биш, төр нь залуучуудаа хүүхдүүдээ боловсруулах ёстой юм.
-Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг Монголд байгуулна гэж ярьж байна. Тэгэх цаг нь болсон уу?
-Социализмын үед Монгол дэлхийгээс тусгаарлагдсан байсан учраас үндэстэн дамнасан элдэв дээдийн муу хэрэг нэг ч байгаагүй. Одоо Африкт гарсан өвчин маргааш нь Азид юм уу Америкт гардаг болтлоо хүн холхидог болсон байна. Ийм учраас энд тэнд гарч байгаа хэрэг Монголд гарахгүй гэж арга алга. Түүгээр ч барахгүй заавал гарна гэж хэлж болно. Бид зохион байгуулалтын ажлаа хийгээд хүнээ, хуулиа эртхэн бэлдэж байх ёстой. Мөрдөх алба байгуулна уу, Эрүүгийн цагдаагийн газрын нэг хэлтэс байгуулна уу хамаагүй. Гол нь аливаа эрсдэлд бэлэн, түүнээс хамгаалах, зогсоох, илрүүлэх дархлаатай байх ёстой. Хүмүүс тэрийг буулгачихлаа, үгүй болгочихлоо гээд яриад байна. Яс ярьвал хооронд нь нэгтгэж, зохион байгуулсан болохоос устгасан юм ганц ч алга, энэ цагдаад. Яагаад гэвэл цагдаагийн нэгжийг устгаж, уусгаж болдоггүй юм. Замын цагдаа алга боллоо гэсэн ч зам дээр цагдаа зогсч л байгаа биз дээ. Бүтцийн, тамга тэмдгийн багахан өөрчлөлт хийсэн ч цагдаа бахь байдгаараа хийдгээ хийгээд л байж таарна.
-Сонгуулийн үеэр цагдаа нар улстөрчдийн холбогдсон хэргийг ар араас нь мэдээлээд эхэлдэг. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллийг ч олон нийтэд цацах юм. Сая салбарын сайдаа ч матаад, өнөөх нь ч цагдаагаа хагаралдуулаад уналаа?
-Намайг цагдаагийн дарга байхад улс төрийн намууд цагдаагийн ажилд оролцдоггүй байсан шүү. Тэр нь цагдаагийн ажлыг их амар болгож байсан. Одоо бол улс төрийн намууд, улстөрчид хэн ч хамаагүй ирж ажлыг нь хийлгэхгүй байна гэдгийг дахиад хэлчихье.
-Хууль зүй, дотоод хэргийн яамыг задалж Дотоодын хэргийн яам байх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Аль ч улсад дотоод яам байдаг. Монгол Улс Дотоод яам байгуулахаас цэрвээд хэрэг байхгүй. Дотоод яамаа байгуулж төрийнхөө бүтцийг зөв болгох хэрэгтэй. Улсыг аюулаас хамгаалах үүрэгт тулгуурласан хуучин НАХЯ биш, дотоодын хэргээ товхинуулах Дотоод яамаа байгуулж авах хэрэгтэй.
-Та Монголын анхны дотоодын цэргийн командлагч. Гэтэл олон жилийн түүхтэй Дотоодын цэргийг татан буулгаж, туг, тамга, тэмдгийг нь музейд тавьчихлаа. Хөнгөн гуниг төрөх юм уу?
-Дотоодын цэргийн анхны командлагчийн хувьд надад Дотоодын цэрэг байхгүй болсоннь тиймхэн л байна. Гэхдээ байхгүй болгочихоогүй Олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаа нэртэй болсон шүү дээ. Зөв байсан уу, эсэх нь цагийн аясад тодорхой болох биз ээ.
-Монголыг цагдааг зургаан жил удирдаад дараа нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан. Тэр тухайгаа дурсвал ямар вэ?
-Би Н.Багабанди Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх байсан. УИХ-аас гарсан бүх хууль Ерөнхийлөгчөөр дамждаг байсан юм. Тийм учраас Н.Багабанди Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хуулиуд дээр нь би ажилласан. Гэхдээ Ерөнхийлөгч байх эхний хугацаанд нь шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд нь би байгаагүй юм. Н.Багабанди бол Монгол Улсын түүхэнд УИХ-аас гарсан хууль, тогтоолд хамгийн олон хориг тавьсан Ерөнхийлөгч. Аргагүй л дээ, хориг тавихаас аргагүй гэмээр буруу зүйлүүд их орж ирдэг байсан. Тэрийг нь ч УИХ хүлээн авч засч байсан. Ерөнхийлөгч 15 удаа хориг тавьсны 13 нь зөв байна гэж УИХ хүлээн авч хуулиа зассан. Хамгийн түрүүнд засах ёстой байсан хоёр хуулиа улстөржөөд засаагүй. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан дордуулсан долоон өөрчлөлт. Хоёр дахь нь, Гүйцэтгэх албаны тухай хууль байдаг юм. Гүйцэтгэх албаны тухай гэж хууль гэхэд хэцүү зүйл өнөөдрийг хүртэл мөрдөгдөөд явж байна шүү дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих