Хун шувуун гарвальтай, хус модон сэрэгтэй буриад зоны хүндэтгэлийн тоглолт ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 02-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Буриад зоны дуу хуур, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, буриад түмний дундаас төрөн гарч байгаа залуу уран бүтээлчдийг дэмжих, мартагдаж буй буриад дууг сэргээн өвлүүлэх зорилготой энэхүү тоглолт нь ирэх долдугаар сард 10 дахь удаагаа болох буриад түмний урлагийн "Алтаргана” их наадмын өмнө болж байгаагаараа онцлог юм. Нөгөө талаар уг тоглолтыг энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэх Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байгаа гэнэ. Энэхүү тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, А.Энхтайван, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Д.Долгормаа, Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын буриадын гавьяат жүжигчин Ц.Ичинхорлоо, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, "Никитон” хамтлагийн дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, "Камертон” хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн соёрхолт дуучин Д.Болд нар ая дуугаа өргөх юм байна
Мөн ОХУ-ын Буриадын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Батцэрэн, ОХУ-ын Усть Ордагийн гавьяат жүжигчин, дуучин Д.Бямбажав, С.Егорь, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, "Элькондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Т.Наранцэцэг, С.Алтаннар, П.Бадрал, Х.Саяжаргал, залуу дуучин Б.Эрдэнэбаатар, Д.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Ундрал, Б.Ануужин, "Увертура” хамтлаг уран бүтээлээ дээжлэн, "Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх найргийн мялаалга өргөж, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид, Дорнод аймгийн Баян-Уул сумын ардын авьяастнууд оролцох ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих