Шинэчлэлийн Засгийн газрын дагуулж ирсэн "Шинэ сум" төслийг хөдөөд
хандсан хөгжлийн бодлого хэмээн тодотгож болно. Нэгэн найрагчийн
хэлсэнчлэн "Хөдөөх байдлаараа нүүдэлчин ахуйгаараа үлдсэн, Хөх Монголын
голомт" сумын төв рүү чиглэсэн хамгийн дорвитой бодлого гэж үүнийг
тодотгож болохбайх. Учир нь энэ шинэчлэл барилгын дээвэр будаж, хана
шохойдохтой адилгүй, харин иж бүрэн шинэчлэл, бүтээн байгуулалт болж
байгаагаараа онцлог юм. Монгол Улс 330 сумтай. Энэ сумуудын олонхи нь
тэртээх он жилүүдийн тэр л янзаараа.
Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 100 сумыг шинэчлэхээр зорьж буй. Эдгээрээс гурвыг нь шинэчилж ёслолын тууз хайчилсан. Тэдгээрийн хоёр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан. Нөгөөх нь Замын-Үүд. Энэ гурван сумын шинэчлэлд өнгөрсөн жил төсвөөс 35 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсөл хэрэгжүүлсэн эхний сумдын дүр төрхөөс харвал авах, гээхийн аль аль нь бий гэлцэнэ. Тухайлбал, жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэт биш ч гэлээ ихэнх хэсэг нь ашиглалтад ороход бэлэн болсноороо энэ бүтээн байгуулалт цаг хугацаа хождог давуу талаа харуулж чадсан.
Баялиг суманд орон нутгийн 320 гаруй хүн ажлын байраар хангагдсан, Ажилгүй байсан хүмүүс канад технологийн барилга байшин барих мэргэжил ур чадвар эзэмншж байгаад эндхийнхэн ихэд олзуурхаж байсан. Баянлигийн орон нутгийн барилгачид зэргэлдээх сумуудад нь энэ төсөл хэрэгжвэл очиж ажиллах бэлээхэн дадлага туршлагатай болсон гэцгээж байна. Харин хүндрэл нь гэвэл барилгын бэлдцийг дэндүү холоос тээвэрлэж авчирч байгаа болохоор төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийн нэлээдгүй нь тээвэртээ явчихаж байгаа аж. Түүнчлэн энэ нутгийн иргэдийн дунд "Манай энэ Лигийн хоолой ч их салхитай газар шүү дээ. Энэ салхи шуургыг тэсч гарах талаараа канад модон байшин аль хэр бол" гэсэн эргэлзээгээ илэрхийлж байна билээ. Энэ хаврын нэгэн хүчтэй салхины үеэр шинэ төвийн нэгдсэн уурын зуухны дээвэр ховхорч хөндийрсөн гэнэ. Энэ нь итгэл алдарч эргэлзээ төрүүлэх нэг шалтгаан болсон бололтой.
Сумын төв гэж тал дээр тарсан таван байшин, төлөвлөлт зохион байгуулалт талаасаа дэндүү өрөөсгөл, бас үрэлгэн тал нь дэндсэн ийм л газар. Харин шинэчлэлийн хүрээнд үүнийг төвлөрүүлж, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбож байгаа юм.
Энэ жилийн тухайд 16 аймгийн тус бүр нэг сумыг дээрхи шинэчлэлд хамруулахаар тооцож улсын төсөвт 80 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, нэг суманд таван тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ энэ таван тэрбум бол зөвхөн инженерийн нэгдсэн шугам сүлжээнд төсөвлөгдсөн хөрөнгө. Эхлээд дэд бүтцийг нь байгуулаад дараа нь байшин савыг нь барихаар тооцож байгаа юм билээ.
"Шинэ сум" бол хэрэгтэй төсөл. Хөдөөгийн амьдралын орчин сайжрах нь төв рүү чиглэсэн их нүүдлийг саармагжуулах гол хүчин зүйл болно. Ингэснээр нутаг ус эзгүйрэхээс сэргийлнэ. Юутай ч орон нутгийнхан Шинэ сумын төвд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Одоо шинэ сумын төвөөсөө шинэ хот айл гэсэн дараагийн алхам руу орно гэсэн чиг хандлага түлхүү харагдаж байна билээ.
Шинэ сумын төв төслийг эхэлж хүртэх аз тохиосон Баянхонгорын Баянлиг сум 4000 орчим хүн амтай, хүн амынх нь амьжиргааны түвшин харьцангуй боломжтой. Тэмээний тоогоороо улсдаа аман хүзүүддэг ийм газар байна билээ. Саяхан болсон техникийн үзлэгээр гэхэд 500 гаруй тэрэг техник бүртгэгдсэнээс 350 гаруй нь хувийн унаа тэрэг байна гэсэн. Ингэхээр эндхийн амьдральга түвшний ерөнхий байдал анзаарагдана.
"Шинэ сум" төслийн эхний гурван сумын сонгон шалгаруулалтад Баянхонгорын хоёр сум сонгогдсон нь учиртай. Энэ бол мэдээж УИХ-ын гишүун Х.Баттулгын нөмөр нөөлөг байсан нь тодорхой. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ "хуваарилалт нь шог" байна гэж хэлэх хүн бол захаас аван бий. Баянлиг, Бууцагаан сумынхан сонгууль бүрээр АН-ыг дэмждэг, тэр дундаа Х.Баттулга гишүүний "улаан фэнуүд" гэж амаа билүүдэх хүн нэг биш таарсан.
Тиймээс шинэ сумын төв төсөлд эхлэн хамруулсан нь ХБаттулга гишүүний "аяганы хариу" гэх аж. Гэтэл манай Бөмбөгөр сумынхан МАН-ын төлөө өгдөг. Тийм болохоор энэ Засгийн үед ямар нэг сонголтын гадна үлдэх нь тодорхой гэж гомдоллох хүн таарсан. Энэ мэтээс харвал хэдийгээр улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл ч гэлээ цаг хугацаа сонголтын хувьд ийн улстөржиж, бас л танай манай нам гэсэн ялгаварлалаар хандсан гэх гомдол голыг нь зурж байгаа хүн цөөнгүй байгаа аж.
Ер нь нэгэнт л эх орны төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажил учраас эхэлж хэнийг харж үзэх вэ гэдэг нь нам, улстөржилтөөс хол жинхэнэ бодит байдлын илэрхийлэл шалгуур дээр түшиглэх учиртай гэдэг нь тодорхой. Тухайлбал, Баянлиг сум гэхэд эдүгээ эмнэлгийн гурван ч барилгатай болчихоод байна. Эхнийх нь 1970-аад оны дундуур баригдсан бол дараагийнх нь ашиглалтад ороод нэг их удаагүй гэнэ. Харин гурав дахь барилга нь мөнөөх төслийн хүрээнд баригдаж, хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна. Шинэ эмнэлэг 24 ортой ч энэ хүчин чадлаараа хэзээ ч ашиглаж чадахгүй гэж нутгийнхан ярьж байна билээ.
Түүнчлэн тус сум баригдаад удаагүй хоёр давхар сайхан соёлын төвтэй. Одоо шинэ сумын төвдөө дахиад нэг бүр ч том соёлын төвтэй болж байна. Гэтэл үүний нөгөө талд аль 1940-өөд оны балгасыг соёлын төвөөр ашиглаж байгаа Дорнодын Матад мэтийн сум бий. Бийлэгжүүхэн айлын амбаараас ялгагдахааргүй эмнэлэгтэй сум бас өдий төдийгөөрөө байж л байна. Энэ мэт хүчин зүйлийг нь тооцож сонголтоо хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, улстөржсөн сонголт хөдөөгийн хөгжлийн жигд тэнцвэртэй байдлыг алдагдуулж мэдэхээр байгаа юм.
Энэ сонгуулийн хугацаанд
шинэчлэлд хамруулахаар тооцож байгаа 100 сумын төв бас л зам харилцаа
сайн, хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй сумыг сонгоно гэж байгаа. Дээр нь
тойргийн гишүүдийн лобби гэж юм бий. Ингэхээр сумын шинэчлэл доройхон
зутруухан, алслагдмал сумдыг бас л тойрох магадлал байна.
Ер
нь өндөр өртгөөр сумын төв барьж байгуулах нь хэр цагаа олсон ажил вэ,
эргүүлээд энэ зардлаа нөхөж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд
байдаг, энэ талаар маргалдаж мэтгэлцдэг.
Шинэ сумын төвийг
дагалдан төвлөрсөн халаалт бүхий орон сууцны хаус хороолол барих боломж
бүрдэж байгаа юм. Үүнд иргэд их ач холбогдол өгч байна билээ.
Хөдөөгийнхөн дасч идээшсэн газраа ая тухтай амьдрах нь төвлөрлийг
сааруулах нэг боломж яриангүй мөн. Бас тэдний амьдралын чанарт ихээхэн
дэвшил гарч хот хөдөөгийн ялгаа ойртоно. Энэ бүхэн "Шинэ сум" төслөөс
үлдэх нэг хүлээлт байх болно.
П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих