Барга түмний уламжлалт соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Баргажин-IV” олон улсын наадам 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.
Энэхүү наадмын хүрээнд "Баргын түүх, угсаатны зүйн судалгаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод их сургууль дээр боллоо.
Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын ШУ-ны академийн Түүх архелогийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, Доктор, профессор Г.Мягмарсамбуу, ОХУ-ын Буриад улсын судлаачдыг төлөөлж Дармаге Виктор Упагавич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын судлаачдыг төлөөлж Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны "Барга, соёл, түүүх судлалын нийгэмлэг”-ийн гишүүн Мандал, Монголын Барга Судлалын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн "Баргажин-2018” наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Л.Гомбо болон Барга угсаатны төлөөллүүд оролцлоо.
Уг арга хэмжээ нь Нээлтийн ёслол, үндсэн илтгэл, нэгдсэн хуралдаан гэсэн 3 цөм хэсгээс бүрдсэн бөгөөд "Баргын соёл урлаг, зан үйл”, "Эртний Барга туулийн шинж хийгээд аман зохиолын түүхэн дэх байр суурь”, "Барга ардын дууг өвлөн уламжлах, хөгжүүлж баяжуулах арга замын тухай өгүүлэх нь”, "Барга хувцас заслын гоо сайхны сэтгэхүй” "Баргачуудын бэдэрсэн тэмдэглэл”, "Барга Монголчуудын эрт эдүгэгийн их нүүдлүүд”, "Хил алхсан Баргачуудын хоорондын харилцаа” зэрэг дэд сэдвүүдийн доор хуралдаж, санал бодлоо солилцон, ахмад үе, эрдэмтдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч, Барга угсаатны түүхийн үнэнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд чухал алхам боллоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих