Саяхан Хөлөнбуйр сумыг зорьлоо. Аймгийн төвөөс 136-кмт орших хөдөөгийн жижиг суурин ихэд хөл хөдөлгөөнтэй байлаа. Эртнээс нааш "баян баргууд” хэмээгдэж ирсэн ажилсаг хичээнгүй энэ ард түмэн өнөөдөр Барга хониндоо зориулж баяр наадам хийж байгаа нь энэ. Барга хонины талаар цухас дурдахад бяруу шиг биетэй, таваг сүүлтэй сайхан амьтан байх. Мах ноос ихтэй ёстой "явдаг мөнгө” гэхэд болно. Хөлөнбуйрчууд ч олон жилийн нөр их хөдөлмөрийн хүчээр хонин сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь улсдаа таниулж чадсан хүмүүс. Нэгдэлжих хөдөлгөөн Монгол орон даяар ид өрнөж байх үед буюу 1950-иад оноос Барга хонийг эрдэмтэд судалж эхэлжээ. Харин 1970-аад оноос эхлэн үржлийн сайжруулагчаар ашиглаж эхэлсэн. Таваарын чиглэлээр өсгөж үржүүлэхэд хамгийн ашигтай нь гэж тооцоолсон байх. Арга ч үгүй биз дээ, төлөг нь л гэхэд 48-70 кг хүрдэг. Нас гүйцсэн хуц 82-96, эм хонь 55-75 кг татна гэхээр ямархан ашигтай мал гэдэг нь тодорхой. Хөлөнбуйр сумын”Шинэ зам” нэгдэл тэртээх 1954 онд таван зуу гаруй малтайгаар үүсгэн байгуулагдаад 1990 онтой золгоход 50 гаруй мянган малтайгаар өмч хувьчлалд хүрсэн түүхтэй. Мөн "Замт” хэмээх газар Барга хонины аж ахуй хүртэл байгуулагдаж байсан юм байна.
Харин энэ цаг үед Монгол улсын ХХААХҮЯ зүгээс Барга хонийг өсөж үржүүлэхэд онцгой анхаарч 2012 онд тус яамны сайдын тушаалаар "Барга үүлдэр”-ийг бие даалган баталгаажуулж олон улсын малын генефондод бүртгүүлэн гадаад дотоодод сурталчлах ажлын ажлын хэсэг байгуулсан юм байна.
Ийнхүү Баргачуудын амжиргааны гол эх үүсвэр болсон Барга хонио алдаршуулах, малчдаа урамшуулах зорилгоор тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Барга хонины баяр” сумын төвийн наахна байх "Өлзийт” уулын энгэрт энэ сарын 20-ний билэгт сайн өдөр эхэлсэн. Уулынхаа хойт энгэрт хоймроо харсан Барга хуцны хөшөөг цогцлоон нээлтээ хийлээ. Уг хөшөөг сумын ОНХС-аас 10 сая төгрөг гарган уран барималч Доржгочоогийн ур ухаанаар бүтээжээ. Улсын хэмжээнд хориод хонины үүлдэр байдаг хэдий ч ийнхүү хөшөө дурсгал босгож алдаршуулж байгаа нь анхных болж байгаагаараа онцлогтой. Хөлөнбуйрчууд энэ баяраа эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн илт. Засаг дарга У.Ганхуяг хэмээх хээ шаагүй бор эр чанга чанга ярин бүхий асуудлыг шийдэж харагдах. Жирийн нэг найр бус бараг л сумын наадмаа хийв үү гэлтэй эхэлсэн. Хурдан соёолон насны морь уралдуулж хүчит 32 бөхийн барилдаан, Барга үндэстний түнх харваа, шагайн харваан наадмууд эхэлсэн. Уг арга наадмын арга хэмжээг аймгийн сайн малчин
тус сумын мянгатууд болох Г.Уртнасан, Ц.Чулуунбаатар, Д.Эрдэнэтогтох, Д.Батбаатар, Г.Өлзийхутаг нар бүх зардлыг даан ивээн тэтгэсэн нь нутаг орноо гэсэн малчин түмний сайхан сэтгэлийн илэрхийлэл гэлтэй.
Миний хувьд энэ жилийн анхны наадам үзэж байгаа нь энэ. Соёолонгийн тоосонд орж хийморио сэргээв. Хурд хүч жигдэрсэн 27 соёолон уралдаж Ю.Эрдэнийн хээр түрүү магнай торгон жолоо өргүүлсэн. Аман хүзүүнд Ю.Гомбын шарга, С.Хосбаярын цоохор, С.Энхбаатарын хонгор,Батсүхийн ухаа соёолонгууд айргийн тавд хурдалж уясан эзэн хурсан олныг баярлууллаа.
Харин хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосон. Хуудуугүй, хуйвалдаангүй барилдааныг сумын наадмаас л хардаг болсон цаг. Барилдаанч ёстой "тачигнаад” өнгөрсөн. Шөвгийн дөрөвт Хөлөнбуйр сумын заан Х.Хадхүү, аймгийн начин Б.Ганзориг, Булган сумын заан Чинзориг, начин Баярцогт нар үлдсэнээс Чинзориг заан түрүүлж Баярцогт начин үзүүрлэв. Хөлөнбуйрчууд өөрийн нутгийн бөхөө түрүүлчих байх гэсэн найдвар тээсэн нь талаар болсон гэм хоргүйхэн цагаан атаархлаа зарим эрчүүд гаргаад авсан. Хаа газар "жалгын үзэл” байдаг болсон хойно доо. Сэтгэл нь хөөрсөн нэгэн залуу энэ үеэр талбайн тойрон давхиж ур чадварын бяцхан үзүүлбэр үзүүлээд авсан нь бөхийн түрүүгээ алдсандаа гонсгор байсан наадамчдыг чамгүй хөгжөөж анхаарлыг нь өөр чигт хандуулаад авсан. Магадгүй наадамчдын сэтгэл хөөрлийг дарах гэсэн "хөдөө” сэтгэлгээ байсан байх. Манай хөдөөгийхөн чинь угаасаа их ухааны хүмүүс шүү дээ. Бөх, морь гээд хүмүүс сийрэг болсон үед сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга У.Алтаннавчтай Барга хонины талаар жаахан хөөрөлдөөд авлаа. Түүний ярьснаар тус сум 40 мянган хоньтой гэнэ. Сүүлийн үед Барга хонийг хөрш зэргэлдээ аймгуудаар тогтохгүй хаа холын Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийнхан хүртэл сонирхож хуц тавьж үржил селекц хийж байгаа гэнэ. Сумын иргэд ч хавар намартаа чамгүй тооны төлөг, зусаг борлуулж амжиргаандаа нэмэрлэдэг юм байна. Жилдээ 300-400 хуц борлуудаг гэнэлээ. Нэг төлгөн хуцны дундаж үнэ 100-120 мянгын хооронд хэлбэлздэг. Нас бие гүйцсэн бүдүүн хуц бол бүүр илүү үнэ хүрнэ. Хуц авсан аймгийнхан барга хонь тухайн нутаг дасан зохицохдоо амархан байдагт сэтгэл дүүрэн байдаг гэсэн. Эндээс харахад сум өөрөө орон нутагт ОНӨҮГ газартай болчихвол гэсэн санаа төрж байсан. Биднийг хөөрөлдөх зуур түнх харваа болон шагай харвааны дүн гарч аймгийн мэргэн Д.Батдорж түрүүлж П.Хүрэл-Од, П.Хүрэлбаатар нар удаалсаныг хөтлөгч наадамчин олонд зарлав.
Баярын дундуур давхар баяр болж сумын малчдын шагнал урамшууллыг цаг болж сумын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нар гардуулав. Тус сумаас энэ жил Монгол улсын сайн малчин цолоор Жигжид шагнуулж сум орныхоо нэрийг Монгол улсдаа цууриатуулсан бахархам амжилт гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ-ны дээд шагнал "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр сумын анхны мянгат малчин А.Равдан, мал зүйч Ц.Доржготов, малын эмч Г.Оюунцэцэг нар энгэрээ мялаалаа.
Хөлөнбуйр сум шинэ Засаг даргатай болоод удаагүй байгаа хэдий ч сумын ажил амьдрал хэвийн өрнөж байна. Зуун мянган айл орон сууцны хүрээнд ОНХС-гийн хөрөнгөөр орчин үеийн орон сууцны байшин барьж жишиг хороололтой болохоор ажлаа эхлүүлсэн. Одоогоор тус бүр нь 15 сая төгрөгийн үнэтэй 8-н хашаа байшин баригдаад эхэлсэн харагдана лээ. Энэ жилээс Канад технологиор барихаар болсон. Мөн сумынхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөнтэйгөө хамтран гаргасан байна. Нутгийн зөвлөлийн дарга Л.Энхжаргал, Монгол Улсын гавъяат Архитекторч Шархүү нар энэхүү төлөвлөөг хамтран хийлцсэн ба нийтдээ 72 сая төгрөгөөр шаардагдсаныг сум 32 саяыг нь үлдсэнийг нь нутгийн зөвлөл гаргасан тухай Засаг дарга нь ярьж байсан. Энэхүү төлөвлөгөөгөөр бол сумын төвийн одоогийн байгаа байшин барилга, иргэдийн өмчийг хөндөлгүйгээр тохижуулахаар зураглажээ. Ахуй үйлчилгээний төв, сумын захиргаа, гүүр, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, жишиг хорооллууд гээд юм юмтай орчин үеийн сум болох ирээдүй Хөлөнбуйрчуудыг хүлээж байна. Энэ оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн гол дээгүүр баригдах төмөр бетонон гүүр, спорт цогцолбор, цэцэрлэгийн барилга зэрэг суманд өгөөжөө өгөх бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Сумын төвөөс нааш ирэх зам дагуу алдарт Мянганы замын ажил ид явагдаж байсан. Энэ эрчээрээ явбал энэ жил аймаг минь Улаанбаатартай холбогдчих юм байна даа гэсэн өег бодол тээсээр Чойбалсан хотдоо ирлээ.
Монголчууд бид дэлгэр цагт уул усаа тахиж найр наадмаа хийсээр ирсэн сайхан уламжлалтай. Тэмээний баяр, мянган адууны баяр гээд мал сүргээ өсгөж үржүүлж онд мэнд оруулсны олон баярыг нутас усаараа, ах дүүсээрээ тэмдэглэж ирсэн. Үүний адил Хөлөнбуйр сумынхан ч нутгийн брэнд болсон хонин сүргийнхээ баярыг хийж дэлгэр сайхан наадлаа. Дөрвөн түмэн хоньд нь удахгүй нэгэн живаа болох болтугай.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих