"Адмон” компанийн Ерөнхий захирал Р.Энхбатыг Баасан гаригийн зочноор урилаа.
-Би тантай боловсролын салбар, сурах бичиг, мөн хүүхдэд зориулсан номын асуудлаар ярилцахаар төлөвлөж байлаа. Гэтэл та саяхан манай сонинд нийтлэгдсэн "Зөв монгол хүүхдийн буруу эхлэл” нийтлэлийг уншаад хэчнээн ингэж хэлээд цаадуул чинь ер тоохгүй, чи бид хоёр дээрээс нь юу ч гэж ярилцаад бас л тоохгүй бол яах вэ гэсэн асуулт надад тавьж байдаг?
-Нийгэм
тэр чигээрээ тийм болчихож. Уулзсан хүн болгон юу ч ярьж хэлээд
нэмэргүй болсныг гайхацгааж байна. Та нар уг нь нийгэм рүү хандаж бичиж
байгаа биз. Түүнээс бус миний амьдралыг сайжруулаад өгөөч гэсэн
хувийнхаа асуудлыг гаргаж бичих гээгүй. Тэгэхээр бид нийгмээ биш хар
амиа бодсон амьтад болцгоожээ. Яахав сэтгүүлч хүн бичээд байхаас аргагүй
гэж та хэлж байна. Үгүйсгэхгүй, гэхдээ ямар ч ач холбогдолгүй хий дэмий
зардал, хайран итгэл сэтгэл талаар өнгөрөөд, ямар ч үр дүн гарахгүй
өдөр хоног явсаар байвал юу бодогдох вэ.
Өөрөөр хэлбэл ирээдүй
харагдахгүй бол гэсэн үг шүү дээ. Түүнээс хүүхдийн хүмүүжил, тэдний
төлөө хийх ажил гэвэл зөндөө. Гэхдээ энэ ажил шүүмжлэлээр эхлэх нь
гарцаагүй, өөрөөр хэлбэл үнэнийг ярьж эхлэх.
-Тийм аминчхан болцгоочхож уу?
-Чиний тухай үнэнийг яривал үнэнээс улбаалж өөрийгөө засч залруулах, хөгжүүлэх сонирхол бий болно. Чамайг худлаа муулаад эхэлбэл дургүй чинь хүрнэ. Магтаад эхэлбэл нөгөө талаараа бодит байдлаас салгасан хорлол болно. Тиймээс шүүмжлэл гэдэг бодит байдлыг олж харах, тэр тухай бодож эргэцүүлэх гэсэн үг. Гэтэл үүнийг сонсох дуртай хүн алга. Үнэнд дургүй болсон учраас хүмүүс ерөнхийдөө гоё юм ярьж өөрсдийгөө хуурцгаахыг л хичээх болсон. Цагийг зугаатай өнгөрөөе, өөрсдийгөө хуурья, амьдралын өнгийг түр ч болов өөрчилье гэсэн хүсэлтэй болчихсон байна. Үнэн, бодит байдлаас тэд залхаж байна. Яагаад гэвэл нийгэм нь худлаа болчихсон. Энэ худлаа нийгэмд амьдрахад хэцүү учраас түр зуур өөрсдийгөө панаалдах гэх үү, түр зуур өөрсдийгөө сатааруулах арга хэмжээнүүд явагдсаар.
-Тэгэхээр хоёулаа юу ярих вэ?
-Өнөөдөр бид нийгэмд хэрэгцээтэй чухал сэдэв хөндөж ярих бололцоогүй болчихоод байна. Улстөрчдөд юм хийе гэсэн сэтгэл, хүсэл алга болж. Өнөөдөр Монголын боловсролыг өөд нь татах маш их боломж нөөц бололцоо байгаа. Гэтэл ямар ч хүсэл эрмэлзэл тэдэнд харагдахгүй байна. Тэгэхээр яах вэ. Тухайн хувь хүн өөрсдийн бодол санаагаа гаргаж төр засагт хэлэхээс цаашгүй шүү дээ. Гүйцэлдүүлэх эрх мэдэл нь алга. Эрх мэдэлтэй хүмүүс нь юу ч хийхгүй. Ямар бичигдээгүй хууль үйлчилж байна гэхээр юм хийснээс хийгээгүй нь дээр гэдэг. Хэл ам гарахгүй санаа амар. Эрх баригчдын хувийн ашиг сонирхолд барьцаалагдаад Монголд хөгжил хөдөлгөөн гацаанд орсон.
-Гэхдээ та нар хэлэхгүй, би асуухгүй, бичихгүй хаячхаж болохгүй байх?
-Тэгвэл бидний ярилцлага үнэн л байгаасай, би нэг их мундаг зүйл ярьсан болж өнгөрөөд яах вэ дээ. Тэр хэнд ч хэрэггүй. Үр дүнтэй болох асуудлыг эхлээд ярьж, болохгүй байгаа зүйлийг өөрчлөх жаахан ч гэсэн хүчийг өгвөл үр дүн тэр. Бүх хүн сайн сайхныг хүсч боддог. Тийм ч учраас бүх юмыг сайн сайхнаар хийнэ гэж эхлүүлдэг. Эцсийн үр дүн нь харин эсрэгээр болж хувирсан байдаг нь гасалмаар. Танай дээр гарсан нийтлэл дээр Кембриджийн хөтөлбөрийн уг санаа нь зөв гэж бичсэн байсан. Ингэхээр буруу болчхож байгаа юм. Бүх юм угаасаа сайн сайхан л гэж эхэлдэг. Энэ ажлыг унагачихья гэж эхлүүлдэг нэг ч жишээ байхгүй. Бидний аливаа асуудалд хандах хандлага маш гэнэн хонгор. Бид юмны наана цаадхыг бодож сураагүй байна гэсэн үг. Шүүмжлэлийг шууд муулах гээд ойлгочихсон. Гэтэл шүүмжлэнэ гэдэг муулах биш үнэнийг илчлэх явдал шүү дээ. Гэтэл сайхан юм эхлүүлж, буянтай хүн юм гэсэн тэнэг яриа яваад эхэлдэг. Гэтэл замын дунд будлианд ороод зайлуул нөгөө ажил нь болохоо байчхаж түүний буруу гэж юу байхав гэсэн эцэс төгсгөлгүй тэнэг яриа хэвлэл мэдээллээр дамжин саад тээг болохоор, бүтээлч уур амьсгалыг нураасан, цаагуураа улс орноо баллах хүчин зүйл болсоор байгаа.
Энэ хэлбэр чинь төр засгийнхныг хайрлан хамгаалж, тэднийг даврах бололцоог нь олгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр улс төрийнхөнтэй хариуцлага тооцох ямар ч механизм алга. Улс төрч хэдэн ч тэрбум төгрөгөөр тоглосон яах ч үгүй өнгөрнө. Би уул уурхай яриагүй, боловсрол гэж бидний үнэхээр тоглож болохгүй салбарыг ярьж байна. Ийм салбараар тоглоод, тоглоом нь өөрийг нь шагнаж Их хурлын гишүүн болгоод, мөнгө төгрөгтэй болж өөртөө амжилт олоод, дээр нь олон хүний дэмжлэгийг авч чадаад байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хаа ч байдаггүй нийгэмд бид амьдарцгааж байна.
-Кембриджийн хөтөлбөрийг эхлүүлсэн сайдыг яриад байна уу? Л.Гантөмөр сайд бурууг нь засч залруулах ёстой биз дээ?
-Эхлүүлсэн хүнийг нь ярьж байна. Өмнөх сайдыг ярьж байна. Л.Гантөмөр бол Кембриждийн хөтөлбөр юу болоод байгааг ерөөсөө ярих хүсэлгүй хүн. Яагаад гэвэл муулах ч хэцүү, сайлах ч хэцүү. Сайлах гэхээр өмнөх сайдаа магтчих гээд болдоггүй, муулах гэхээр цаана нь эргэлдэх мөнгө хэцүү. Тэгэхээр энэ хүний амнаас сайн ч үг гарахгүй, муу ч үг гарахгүй. Хоёрын хооронд үг л гарна.
-Тэгэхээр дараа дараагийн сайд нар ч бас засч залруулж чадахгүй гэсэн үг үү?
-Манайд бичигдээгүй хууль нь байна шүү дээ. Л.Гантөмөрийн дараагийн сайд Гантөмөрийг муу хэлэхгүй. Гантөмөр Отгонбаярын "но”-г цуглуулахаас биш муу үг хэлэхгүй. Сайд сайддаа хайртай. Яагаад гэвэл өөрийгөө бодно. Өнөөдөр бодит байдал ийм байна гээд өөрийн байр сууриа гаргаж ирээд эрс шулуун энэ асуудлыг яриад өөд нь татах эрмэлзэл хэнд ч алга. Зөвхөн Боловсролын сайд ч биш бусад нь ч яг адилхан байж таараа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хүртэл. Улс орны хөгжил, төрийн бодлого гэж үгүй ш дээ, ердөө л хувийн эрх ашиг харсан харилцаа л явагдаж байна.
-Юм хийх боломж уг нь байгаа?
-Маш
их байна. Маш гоё боломж байна. Тийм их мөнгө ч хэрэггүй. Жишээлбэл,
Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролд хандах хандлагыг өөрчилж, өөд нь
татахад юу хийж болох вэ. Энэ хүн долоо хоногт хоёр удаа телевизээр
боловсролын салбарын тухай ярихад л болно. Хүмүүсийг нэг зүгт чиглүүлж,
нэг юманд тэмүүлэхэд тэр хүн амаараа гаргаж байгаа хийгээрээ тус болж
чадна. Гэтэл тэгэхгүй байна. Яагаад энэ хүмүүс эх орныхоо төлөө юм
хийдэггүй болчихов. Өнөөдөр ямар ч сайхан санаа, ирээдүйтэй төсөл ярихад
улс төрийнхөн надад ямар ашигтай юм бэ гэсэн бодлоор л хандана. Хэрэв
өөрт нь ашиггүй бол саад тээг хийж зогсооно.
-Мөнгөний төлөө энэ хандлага доод төвшиндөө ч адилхан байх шиг. Би л болж байвал, мөнгө л олж байвал гэсэн хандлага. Хүүхдийн номыг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгож байна. Манай сонин энэ талаар бичиж байна. Та энд олон хүн цалинжуулаад ажиллаж байна. Гэтэл тэнд нэг хүн гэртээ суучхаад интернэтээс хүссэн зүйлээ хуулж тавьж хэвлээд л зарчхаж байна. Номын салбарынхны нэр хүндийг унагаад байна шүү дээ. Тиймээс энэ тал дээр таны бодлыг сонсох зайлшгүй шаардлага байлаа?
-Чи нэг зүйлийг тодруулж ойлго. Компани болгон өөрийн гэсэн бодлого, стратегтэй байх ёстой. Манай компани ном хийхийн тулд ном хийдэггүй. Бид агуулга хийдэг. Энэ нийгэмд ямар агуулга хэрэгтэй вэ гэдэг нь манай компанийн үндсэн бодлого. Өнөөдөр Монголын нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа ном, Японд эрэлттэй байгаа ном хоёр өөр. Манайд ямар ном хэрэгтэй байгааг манай хэвлэлийн газар өөрсдийн хэмжээнд олж тогтоодог. Бидний хийж байгаа номын нэр төрөл бодлогын хүрээнд л явдаг. Түүнээс биш энд тэнд олж харсныгаа энэ ямар хөөрхөн юм бэ, үүгээр хэдэн төгрөг олоод цохьчихъё гэж ном хийдэггүй. Нийтлэлийн бодлоготой байж л хэвлэлийн газар гэдэг нэрэндээ тохирч байгаа юм.
Гэтэл өнөөдөр амьдрахын тулд, жижиг сажиг ашиг хонжоо олохын тулд маш олон хүн ном хийж байна. Тэднийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд юу олдоно тэрүүгээрээ хоол унд хийхийг эрмэлзэнэ шүү дээ. Хүн хамгийн эхлээд өөрсдийгөө тэжээх ёстой. Тэгж байж дараа нь сайн сайхан хүнлэг юм руу зүтгэх учиртай. Амьтныхаа хэрэгцээг хангахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа хэрэг. Ер нь хэвлэлийн газрын бодлого, төрийн зөв зүйтэй бодлоготой нэг чигт явах ёстой. Гэтэл манай төрд тодорхой бодлого байхгүй болохоор бидэнд ажил хэрэг явуулахад хүндрэлтэй.
Өөрөөр хэлбэл, төр өнөөдөр Монголын хүүдүүдэд ийм агуулга хэрэгтэй байна, Монголын хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлнэ гэсэн бодлогоо гаргах ёстой. Тэр нь Боловсролын салбарт байхгүй. Боловсролын салбарт ямар бодлого хэрэгжиж байна гэхээр хэдэн цэцэрлэг, тэдэн сургууль, тийм дулаан, тийм ширээ авна гэсэн тендер болгоод, тэр тендерээ өөрсдөө шалгаруулаад, дундаас нь идэж уудаг бодлого. Монголын боловсролын салбарын бүх анхаарал тендер дээр л төвлөрч байна. Түүнээс биш тэр сургууль, цэцэрлэг ямар агуулга үзэж байна. Хэнд ч падлийгүй. Уг боловсролын төрийн бодлого агуулга байх учиртай болохоос ширээ сандал биш. Ямар хичээл үзэж байна. Агуулга нь юугаараа сайн, муу байна. Түүнийг нь нийгэм шүүмжилж, өөр хоорондоо бүтээлч ярилцлага өрнүүлж байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ талаар хэн ч дуугарахгүй нам гүм.
-Та түрүүнд идэж, уух хэрэгцээ гэлээ. Мэдээж энэ хэрэгцээг хангахын тулд мөнгө олох аргыг хэрэглэж болно. Гэхдээ үүнийг хүүхдүүдийн оюун ухаанд зориулагдаж байгаа зүйлд, тодруулж хэлбэл номонд хутгахыг зөвшөөрч болохгүй байх?
-Өнөөдөр бид зүгээр л амьд байх хэрэгцээгээ хангахын тулд өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэтэл олон улс оронд энэ хэрэгцээгээ хэдийнэ хангачихсан, хүмүүс оюун санааны эрэлт хэрэгцээгээ чухалчлах болсон. Хүн гэдэг утгаараа амьдарна гэдэг амьтанлаг амьдралаас дээгүүр ойлголт шүү дээ. Боловсрол бол нэг ёсондоо амьтны төрлөөс хүний төрөл рүү оруулах оруулга. Байгаллаг чанараас нь дээд төвшинд хүргэх боловсрол явагдахгүй болохоор хүн нөгөө л хэвээр байсаар байна. Тэр байранд нь юу байх вэ гэхээр оюунлаг юманд итгэдэггүй нүдэнд харагдаж, гарт баригддаг хүчин зүйлүүдэд итгэх итгэл байдаг. Гэтэл хүнийг урагшлуулдаг, хүн шиг болгодог гол хүчин зүйл бол нүдэнд харагдахгүй, гарт баригддаггүй тэр зүйл. Боловсролыг чи харж чадахгүй. Хүн чамайг гаднаас хараад мэдэхгүй шүү дээ.
-Төр засаг нь боловсролын салбарт бодлогогүй юм байж. Тэгвэл бид ядаж өөрсдийнхөө хэмжээнд үр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй биз дээ. Хэн ч гэсэн хүүхдэдээ хайртай. Гэхдээ зөвхөн гадна талаас нь таны хэлдгээр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хайрыг л ойлгоод байх шиг. Тэдний оюун санааг хэрхэн хайрлах вэ?
-Би чамд ойлгомжгүй юм яримааргүй байна. Би хэтрүүлээд байвал чи асуугаарай. Бодох, ярих, хийх энэ гурав авцалдаж байж л хөгжил явагдана. Хэрэв өөр юм бодоод, өөр зүйл яриад, өөр зүйл хийгээд байвал хөгжил явагдаж чадахгүй. Их сайхан юм боджээ. Хийхгүй бол яах вэ. Зав алга гээд суугаад байвал яах вэ. Хүн бол нийгмийн амьтан. Нэг талаараа байгалийн, нөгөө талаараа нийгмийн бүтээгдэхүүн. Чи хэчнээн хүсэвч чамд бололцоо нь олдохгүй бол яах вэ. Тэгэхээр олон талын нөлөөллөөр бидний асуудал шийдэгдэж байгаа биз. Ялангуяа боловсролын асуудал нэг хүний хэрэг огт биш. Дандаа олон тоон дээр яригдах ёстой. Чи өнөөдөр хүүхдээ яаж ч сайн сайхан хүмүүжүүлээд ганцаараа амьдрахгүй юм чинь хүүхэд чинь нийгмийн амьдралд орно, бусадтай хамт ажиллаж л таарна тэгээд л юу болохыг үзнэ. Ганцаараа боловсрол олоод хол явахгүй, улс орон хөгжихгүй.
-Нийгэм хэзээ сайхан болохыг хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй биз дээ?
-Хүлээхгүй байя. Хэлж байна, ярьж байна тэгээд нэмэргүй бол яах вэ.
-Та бүр цөхөрсөн хүн шиг л ярих юм?
-Би өөрийнхөө байр суурийг яриагүй шүү дээ. Нийтээрээ ийм байна гэж л ярьсан. Миний яриаг нийтийн бодол гэж ойлгоорой. Яагаад гэхээр боловсрол, хүмүүжил нэг хоёр хүний хувийн асуудал биш тухайн нэг хүн дээр яригдах болмжгүй асуудал юм. Тиймээс бүгдээрээ хүсч байж л энэ зүйл өөрчлөгдөнө.
-Тэр хүслийг хүмүүст яаж бий болгох вэ?
-Хүмүүс тэсэхийн аргагүй байдалд ороогүй л байна. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал хүндрээд байж чадахгүй, тэсэхийн аргагүй хэмжээндээ хүрч байж өөрчлөгдөх юм шиг байна. Өнөөдрийнх шиг бие биеэ харцгаасан гиеүрцгээсэн хүмүүс байгаад байвал энэ байдал эцэс төгсгөлгүй үргэлжлэх байх. Бас хүчээр тэсэхийн аргагүй болгоно гэж байхгүй л дээ. Бүгдээрээ үнэн зүйл л хөгжил авчирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайн муугаар худлаа яриад байвал юу ч бүтэхгүй.
-Одоо үзэл бодлоо илэрхийлэх суваг нь харьцангуй чөлөөтэй болчихсон юм биш үү?
-Телевизийн нэвтрүүлэгт орохоор бас ингэж асууна. Ийм яриа чинь энэ хүмүүсийг алаад байна.
-Яаж?
-Бүх сонингууд ардаа эзэнтэй, гарч ирсэн Засгийн газар болгон тэдэнтэй найрамдлын гэрээ байгуулдаг болсон. Бүх сайтуудыг хянаж байна. Энэ тэгээд эрх чөлөө юу. Чи үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг юм байж, энэ ярилцлага гардаг юм байж, хэн тоох юм. Хэвлэл мэдээллээр дамжсан ойлголт бүхий масс тэр чигээрээ нөгөө талд ажиллаж байна шүү дээ.
-Хэрэв миний бичсэн зүйлийг хэн ч тоохгүй, нэг ч хүнд үнэн болж хүрэхгүй гэвэл нададбичих ямар хэрэг байна. Урам зориг, итгэл үнэмшил минь яах болж байна?
-Одоо хоёулаа хувь хүн талаасаа энэ асуудлыг харж буйгаа ярья. Би багахан ч гэсэн орон зайд гэрэл асаая гэж энэ ажлыг хийгээд явж байгаа. Харанхуйд тэр жаахан гэрлийг хүмүүс олж хараасай. Нөхцөл байдал муудах тусам тэр гэрлийг улам их хүсэх болов уу. Ийм зарчмаар ажиллая л гэж боддог.
-Та бид хоёр адилхан бодолтой байх шиг. Тэр гэрэл, итгэл үнэмшлээ л алдаж болохгүй биз дээ?
-Гэхдээ тийм гэрэл бариад зогсож байгаа нэгэнд маш хүнд. Гэр орноо тэжээнэ, амьдралаа авч явна. Тэгсэн хэрнээ өөрөөсөө илүү гарсан зүйл хүсээд зогсох амаргүй. Тиймээс олон гэрэл асаасай, тэр гэрлүүд нийлээсэй гэсэн хүсэл надад байна. Даанч ийм гэрэл цөөрч байна. Гэхдээ надад чиний урам зориг, итгэл үнэмшлийг хугалах хүсэл алга. Харин ч эсрэгээрээ чи хийж байгаа ажилдаа итгэж, хурцлагдаасай гэж итгэсэндээ үүнийг ярьж байгаа юм шүү. Яг чам шиг олон хүн тэгээсэй. Хийх тусам улам их эсэргүүцэл учирна гэдгийг тооцоорой. Юм хийх тусам олон дайсантай болдгийг би өөрийнхөө жишээн дээр ярьсан ч болно. Зүгээр суугаад байвал харин чамд ямар ч дайсан байхгүй.
-Гэхдээ хүмүүс дуугарахгүй л байгаа болохоос бүгд л хүсч байгаа байх, адилхан бодож байгаа байх?
-Мэдээж
хүсч байгаа. Хүн дандаа сайн сайхныг хүсдэг. Гэхдээ чухам юу хүсээд
байгаагаа тодорхой хараач. Хүүхдээ үнсэх, эрхлүүлэх гэх мэт ээж, аавын
хайрыг бид өдөр тутам хардаг. Гэтэл хүүхдэд ийм хайр, дээр нь идэж уух,
өмсөх хэрэгцээнээс гадна өөр хайр хэрэгтэй. Бид наад талын хэрэгцээг нь
бодчихоод цаашаа юу хэрэгтэйг мэдэхгүй байна. Оюун санаанд нь юу
хэрэгтэйг мэдэхгүй, мэдэхийг хичээдэггүй. Орчлонгийн хамгийн үнэ цэнэтэй
энэ амьдралыг эдлэхэд нь санаа тавибал хүүхдэд зориулж хийх юм зөндөө.
Энэ бол явсаар бас л нөгөө төрийн бодлоготой холбогдоно.
Өнөөдөр
зургаан настай хүүхэд 20-30 жилийн дараа Монголыг авч явна. Тэр
хүүхдүүдийг юуны төлөө амьдардаг, юу боддог байхыг бид өнөөдөр сургалтын
агуулга хөтөлбөртөө тусгасан байх ёстой. Гэтэл ихэнх нь хүүхдээ гадна,
дотно сургаад болчихно гэсэн бодолтой. Бид хүссэн хүсээгүй монгол хүн
гэдэг категори дор л амьдарна. Тэхээр ямар монгол хүнийг бид ирээдүйд
бэлдэх вэ. Энэ асуултад бүрэн сайн хариулах сургалтын агуулга бидэнд
хэрэгтэй болохоос, хаа хамаагүй Кембридж бидэнд ер падгүй. Өөрөөр хэлбэл
эцэг, эх болгон үүнийг ухамсарлан ойлгож тийм шаардлага тавьдаг болсон
цагт юм өөрчлөгдөнө. Манай хүүхдийн хичээлийн агуулга болохгүй байна гэж
гомдол гаргасан аав, ээж байна уу. Бүгдийг төрд даатгачихаад сүүлд нь
гоншигоноод байж болохгүй.
Бид ямар төртэй билээ, тэдэнд төрсөн
хүүхдийнхээ боловсролыг даатгаад байж болох уу, өнөө цагт. Тэгсэн
мөртлөө багш нь зодсон уу? гэж цэцэрлэгийн хүүхдээсээ асуудаг. Нөгөө
хүүхдэдээ хайртай нь яасан бэ. Амаараа л хайрладаг байж болохгүй, жаахан
ч гэсэн хүүхдийнхээ төлөө хөдөлмөр хийхгүй бол болохгүй. Бид
Кембриджийг авчраад түүнд хамаг юмаа даатгаад, горьдоод сууж болохгүй.
Өөрсдөө гар биеэрээ оролцож байж л боловсрол хөгжинө. Хаа нэгэн газраас
бас ид шидтэн гараад ирэхгүй.
- Монгол хүүхдийн онцлогт тохирсон хөтөлбөрийг бид гаднаас эрэх нь зөв үү?
-Сургалтын аргазүйтэй хөтөлбөр хэрэгтэй байна. Энэ цаг агаар, түүх, ёс заншил, хэл соёл бүгд энэ нутаг дэвсгэрт байгаа. Өөрсдийн хөрснөөс л үр ашигтай зүйл ургуулж цааш сайн сайхан амьдрах бололцоотой. Английн хөрсөнд бэлтгэгдсэн, Англид зориулагдсан хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөр монгол хүүхдүүдийг англи руу явуулах бэлтгэл ажил гэж ойлговол болно. Үүнийг ойлгооч. Кембридж гэдэг үг ядарсан хүмүүст гоё санагдана, хэн ч цаашаа гэхгүй. Сайд нь ч өөрөө ойлгоогүй баахан пиардчихаад сүүлдээ байдал бишдээд ирэхээр хүмүүсээс нууцалж ярьдаг сэдэв болсон шүү дээ.
Маш олон удаа бид асууж сурагласан боловч олигтой хариу авдаггүй юм. Чи ч энэ талаар дорвитой зүйл олж сонсохгүй. Анх их л сайхнаар төсөөлсөн юм шиг байгаа юм. Гэтэл тэр нь болохоо байгаад өнөөдөр зөвхөн байгалийн ухааны хичээл дээр л тунаж үлдлээ. Математик, физик, хими. Нөгөө монгол хүнийг бэлдэх, хэл, түүх, соёл, уран зохиол чимээгүй. Тэгж яривал Кембриджээс хямдхан байгалийн ухааны сургалтын хөтөлбөр хаанаас ч олдоно. Заавал тэр нэр хэрэггүй. Хажууд нь боломжийн өмд байсаар байтал зүтгэсээр байгаад Louis Vuitton өмд аваад өмсчихсөн гэсэн үг.
-Сурах бичгийг хүртэл мөнгө гэж хардаг болчихлоо?
-Сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хийгддэг. Бусад оронд хэвлэлийн газрууд нь тийм сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичиг хийдэг. Төрөөс батлагдсан агуулгын дагуу хэн чадах нь сурах бичиг хийнэ гэсэн үг. Тэрийг нь сургуулиуд үзэж байгаад таалагдсанаа сонгож хэрэглээд явдаг. Олон улсын жишиг энэ. Өөрөөр хэлбэл, сургалтын агуулга хөтөлбөрт тохирсон хамгийн сайн сурах бичгийг хэн хийх вэ гэсэн уралдаанд байгууллага хүмүүс оролцох зөв зүйтэй арга зам.
Харин манайд хэнээр бичүүлэхээ яам шийдэж, юу ч бичсэнийг нь сургуулиуд үг дуугуй хэрэглэх зарчимтай. Ингэж сурах бичгээ бичүүлж байгаа хүмүүс Кембридж ярихаар би гайхдаг. Тэнд яам нь сургалтын хөтөлбөр батлахаас биш манайх шиг тендер зарлаж байхын тулд сурах бичгийн хэвлэлийг бүхэлд нь тэврээд суудаггүй. Энэ бүхэн зах зээлийнхээ харилцаагаар л зохицуулагддаг. Зөвхөн сурах бичиг гаргахад гурван янзын тендер зарлаж байна. Агуулгадаа биш тендертээ хамаг учир байгаа юм.
Хэзээ ч Их Британийн боловсролын системд яаман дээрээ хүмүүс авчраад ном бичүүлэх хуваарь гаргаад бичсэнийг нь тендер зарлаад шалгаруулах гээд сууж байдаггүй.
Эх сурвалж:
"Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих