Өнгөрсөн сард инфляцын түвшин 12.3 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ бол Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд барина гэсэн "мөрөөдөл”-өөс дөрвөн хувиар давсан үзүүлэлт юм. Инфляцын түвшин ийн "хурдалж” (өнгөрсөн дөрвөн жилд инфляц нийт 50 хувиар өсчээ) байх зуур монголчуудын цалин, тэтгэвэр адилхан өссөн үү гэвэл үгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт "өндөрт цойлж”, иргэдийн хэтэвчийг хоосолж байгааг болдог л зүйл, болох ёстой юм болдгоороо л болж байгаа юм шиг үл анзаарч байна, Засгийн газар. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ШӨХТГ гэж байгууллага нь ч таг чиг. Зүй нь ам.долларын ханш төдөн хувиар өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ төчнөөн төгрөгөөр л өснө, үүнээс илүү нэмэгдэх ёсгүй хэмээн бидний төлөө дуугарч, үнийг зохиомлоор хөөрөгдөж буй хүмүүст хариуцлага тооцдог газар байлтай.
Одоогоос дөрвөн сарын өмнө "Найман шарга” төвд нэг ам.доллар 1717 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар нэг "ногоон” 1825 төгрөгтэй дүйх болсон нь өдрөөс өдөрт үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ унаж буйг илтгэж байна. Энэ эрчээрээ явбал долларын ханш 2000 төгрөгт хүрч болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. ОХУ-ын "Роснефть” компани манайд нийлүүлэх газрын тосныхоо үнийг ирэх сараас бууруулахаар боллоо. Гэсэн ч тэр нь дотоодын жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй. "Ногоон”-ы ханш 1800-г даваагүй байсан бол шатахууны үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр буурах байлаа, уг нь. "Супермаркетаас 70.000 төгрөгөөр нэг удаад тор дүүрэн хүнс авахгүй байна” хэмээн нэг хүн твитертээ бичжээ. Тэгэхээр сард 207.300 төгрөг авдаг хөгшчүүл бол гурван тор хүнс аваад гар хоосон болчихно гэсэн үг юм уу даа. (Мэдээж тэд 70.000 байтугай 30.000 төгрөгөөр ч тороо дүүргэхийг л хичээх биз)
Монгол Улсын Засгийн газар, Төвбанк хамтран Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зэрэг хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээрх хоёр хөтөлбөрийн сүүлийнхэд зориулж Монголбанк болон арилжааны банкнаас махны нөөц бүрдүүлэхэд зориулж, компаниудад нийт 77 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Инфляцад голлох нөлөөтэй бензин шатахуун, махны үнэд чиглэсэн арга хэмжээ авсан ч төдийлэн үр дүн гарахг үй л байна. Хоёр сарын өмнө "Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг хонины ястай мах 6500 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 8500, үхрийн цул мах 10.000-д хүрлээ. Энэ бол ердөө л ганц жишээ. Уг нь гурван сая хүрэхгүй монголчууд 45 сая толгой малтайсан. Үндэсний статистикийн хороо 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд суурилан инфляцыг тооцон гаргадаг ганц газар. Гэвч тэд хэдэн хийсвэр тоо гаргахаас бус, иргэдийн амьжиргааны түвшинтэй хэрхэн уялдаж буйг үзүүлэлтүүдээ хараад тайлбарлахаас цааргалдаг нь харамсалтай. Ухаж төнхөөд дүн шинжилгээ хийлгэхийг шаардаагүй ч урдаа байгаа тооныхоо мөн чанарыг нь зөвөөр тайлбарладагсан бол иргэдийн орлого, инфляцын хамаарал ямар байгаа бодит мэдээллийг мэдэж болмоорсон.
Инфляц тооцож буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь импортынх вэ, мах, махан бүтээгдэхүүний үнэ болоод долларын ханшийн өсөлтийн хэдэн хувь нь инфляц бүрдүүлж байгаа вэ, цалингийн нэмэгдэл инфляцын өсөлтөө яагаад гүйцэхгүй байгаа вэ гээд тэднээс асуух зүйл олон байсан ч тэд хариулсангүй. Ханшийн зөрүүнээс болж манай хувийн компаниуд 775 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Өнгөрсөн пүрэв гаригт "Изинис Эйрвейз” компани үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон бол уурхай нь бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох үед Монголын ДНБ-ийг 35 хувиар өсгөх таамагтай "Оюутолгой” компанийнхан 300 гаруй ажилтнаа цомхтголоо. Монголын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн байна. Энэ өсөлт иргэдэд наалдахг үй, инфляц 12 хувьтай байхад монголчуудын амьжиргаа дээшилнэ гэж итгэсээр суух уу?
"Өнөөдөр сонин"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих