БНМАУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайханы 80 насны ойд зориулсан "ДЭЛХИЙД ТАНИГДСАН ДУУЧИН – Д.ЖАРГАЛСАЙХАН - 80”
эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Зохион байгуулагч: Д.Жаргалсайхан сан, Монголын буриадын төв холбоо, Буриад судлалын академи
Дэмжигч байгууллага: БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн Газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монгол Улсын Консерватори, Соёл, урлагийн их сургууль, Дорнод аймгийн Дашбалбар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Буриадын өв соёлыг хөгжүүлэх сан
Хурлын мэдээлэл
БНМАУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайханы 80 насны ойд зориулсан "Дэлхийд танигдсан дуучин-Д.Жаргалсайхан – 80” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж уулзалтыг 2019 оны 3-р сарын 21-ний өдөр Монгол улсын Консерватурын хичээлийн А байрны 201 тоотод зохион байгуулахаар зарлаж байна.
Монголын бахархалт хөвгүүн, нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайхан нь 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрж, бага сургууль, дунд сургуулийг дүүргэж, Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссбэ. Уран бүтээл, ажил хөдөлмөрийн гараагаа 1956-1959 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт, 1959-1961 онд Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, 1966-1990 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт дуучин, 1987-1990 онд Монголын урлагийн ажилтны холбооны даргаар тус тус ажиллаж байв. Мөн Хөгжим бүжгийн коллежийн багшаар ажиллаж, олон арван шавь нар төрүүлсэн профессор цолтой хүн байв. Тэрбээр 1969 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1976 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолоор цэл залуухан насандаа шагнуулж байсан манай дуурийн урлагийн том төлөөлөгч, уран бүтээлч хүн байсныг хүн бүхэн мэдэх буй за.
Зорилго
Энэхүү алдарт хүний 80 насны ойд зориулан амьдрал, уран бүтээлийг нь хойч үедээ өвлүүлэх, алдаршуулах, санан дурсах, урлагт бий болгосон дуурийн дуулаачийн дэг сургууль, уран бүтээлийг нь задлан шинжилж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, бүтээл туурвилыг нь судлан тодорхойлж, үнэ цэнийг нь товойлгох үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар зарлаж байна.
Илтгэлийн ерөнхий сэдэв, чиглэл:
- Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайханы удам судар, түүх намтар, уг гарвал,
- Түүний амьдралын замнал, уран бүтээлийн туршлага, сургамж
- Монголын дуурийн урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийн үнэ цэн
- Монголын урлагийн ажилтны холбоог бэхжүүлэх, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр,
- Дуулаачийг бэлтгэх ажилд зүтгэсэн он жилүүд, багшлах ажлын тухай
- Буриадын ардын дууг олонд түгээн дэлгэрүүлсэн үйлс, түүний ач холбогдол
- Буриадын өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, буриадын нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн болох нь
Тавих шаардлага:
Ерөнхий шаардлага:
Хуралд ирүүлэх илтгэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, Д.Жаргалсайханы амьдрал, уран бүтээлийг түүхийн баримт, эх хэрэглэгдэхүүн, архивын баримтад тулгуурлан тал бүрээс нь задлан шинжилсэн, судалгааны ажлын цаашдын төлөв, хандлагыг тодорхойлсон, судалгааны зохих аргазүйн үүднээс өндөр түвшинд боловсруулсан байна. Илтгэлийн төгсгөлд резюм буюу товчлолыг илтгэлээс өөр аль нэг гадаад хэлээр 200 үгэнд багтааж бичсэн байх. Илтгэлд өөр стандарт бус фонт болон галиг үсэг хэрэглэсэн бол үсгийн фонтыг нь заавал файлаар давхар өгнө. Өгөөгүйгээс гарах алдааг бид хүлээхгүй. Галиг үсэгтэй бичвэрийг MS Word-ын файлаар болон PDF файл болгож хувиргаж явуулна.
Илтгэгч нь илтгэлээ үзүүлэх хэлбэр, стандартад нийцүүлэн бэлтгэж, прецентаци тавихад бэлэн болгож, цахимаар болон флаш дискээр авчирна. Хурал зохион байгуулагчид шаардагдах тоног төхөөрөмжийг бэлтгэсэн байна.
Илтгэлийн техникийн шаардлага нь:
А4 цаасан дээр Arial, Тimes New Poman фонтоор, Size 12, мөр хоорондын зай Singl, хуудасны бүх талаас нь 2,5 см байх.
Үндсэн илтгэл нь 10 хуудаснаас хэтрэхгүй байна. Илтгэл нь эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан, хэл найруулгын хувьд зохих төвшинд бичигдсэн байх ёстой.
Илтгэлийг и-мэйл хаягаар илгээхээс гадна Флаш дискээр болон цаасаар зохион байгуулах хороонд авчирч өгнө. Хурлын илтгэлүүдийг эмхэтгэл болон хэвлүүлэх, интернэтэд байршуулж олон түмэнд сурталчилах учраас цахим хэлбэрээр заавал өгнө. Илтгэл өгөх хугацаа: 2019 оны 02-р сарын 1-нээс 02-р сарын 25-ны 18.00 цагаас өмнө.
Илтгэл авах газар: МУБИС-ийн хичээлийн А байр, 314 тоот.
Харилцах хүн:
М.Одмандах – Монголын буриадын төв холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Буриад Судлалын Академийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/, дэд профессор, 88026572
Л.Оюунцэцэг – Буриад судлалын академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор /Ph.D/, 99175257
Б.Чинзориг – Буриад судлалын академийн Гүйцэтгэх захирал, докторант, 99127013
Хурлын үйл ажиллагааны хэл: Монгол, Орос, Англи хэл болон буриад хэл-аялгуу
Харилцах утас: 88026572, 99866572, 99175257, 99127013
Хаана: Монгол Улсын Улаанбаатар хот, Монгол улсын Консерваторийн хичээлийн төв байрны А хурлын танхимд.
Хэзээ: 2019 оны 03-р сарын 21-ны өдөр.
Э-шуудан: odmandakh@msue.edu.mn, hohchono@yahoo.com , hoowor@mail.ru
МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО
БУРИАД СУДЛАЛЫН АКАДЕМИ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29578
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих