Сумьяа бээсийн хошуу /Одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн нутаг/-ны
Гэгээтийн дацангийнхан жил бүр бооцоотой морь уралдуулдаг байжээ. Энэ
дацанд жил бүрийн байг авдаг хээр алаг азарга байв. Наадмын үеэр нэгэн
настай буриад хөгшин ирээд, буцахдаа "Дараа жил бооцоо тавьж, морь
уралдуулъя" гэхэд дацангийнхан зөвшөөрч гэнэ. Ингээд хойтон жил хэлсэн
ёсоор өнөөх хөгшин нэгэн хүрэн азарга хөтлөн ирж гэнэ.
Тэр нь англи
үүлдрийнх байв. Гэгээтийнхэн ч хээр алагаа хүн хард үзүүлэх дургүй
байсан бөгөөд дацангийнхны гаргаж өгсөн жүчээнд сойж байв. Нутгийнхан
морь сайн шинждэг нэгэн өвгөнийг мөнөөх хөгшний хүрнийг шинжүүлэхээр
явуулж. Шинжээч өвгөн жүчээнд орж чадсангүй тул гаднаас нь чагнавал
хүрэн азарганы өвс идэх нь ихэд эртэй, зоримог шинжтэй байна гэнэ. Өвгөн
"Аа тэр хүрэн азарга ч гүйцэгдэхгүй хурдан адуу байна. Та нар бооцоогоо
бодоорой" гэхэд Гэгээтийнхэн ойшоож үзсэнгүй. "Өвгөн өөрийн нүдээр
харсан биш. Худал тааж байна.
Манай хээр алагийг гүйцэх нь юу л бол"
гээд хошууныхнаасаа алт мөнгө цуглуулан бооцоогоо нэмжээ. Ингээд наадмын
өдөр ирэхэд өнөөх жижиг биетэй, буриад хөгшин өөрөө хүрэн азаргаа
зайдлан уралдав. Хээр алаг ч гараанаасаа тасархай түрүүлээд давхичихаж.
Харин газрын дунд ороход өвгөн хээр алагийг гүйцэн түрүүлж гэнэ.
Дацангийн өвгөн, том лам "За яах вэ. Наадам танайх болов. Харин танай
хүрэн азаргад 2 гүү гишгүүлж авъя" гэхэд буриад хөгшин тус бүр тавин лан
нэхжээ. Бооцооны өрөнд орсон дацангийнхан өвгөний аманд багтаж арга
буюу зөвшөөрч. Удалгүй 2 гүүнээс хээр алаг, хүрэн халзан унага гарсан нь
Зэлтэрийн хурдны угшил болсон түүхтэй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3095
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих