Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, "Тэгш оролцоо хөгжлийн төв” хамтран "Mongolia try 2019” зүүн бүсийн аяллыг 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү аяллыг Дорнод аймагт 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нөлөөллийн аялалд оролцохоор Улаанбаатар хот, 13 аймгийн төлөөлөл тэргэнцэртэй иргэд, сайн дурын ажилтнууд зэрэг нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй баг Чойбалсан хотод хүрэлцэн иржээ.
Тусгаар тогтнолын талбайд нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аяллын багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Аяны хүрээнд 6 дугаар сарын 17-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хууль, Бие даан амьдрах төвүүдийн хөгжил” сэдэвт 2 дугаар симпозиумыг зохион байгуулж, аяллын багийн бүрэлдэхүүн, Дорнод аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд, Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл, Сайн дурын оюутан залуучууд, иргэд хамрагдлаа.
Тус нөлөөллийн аяллаар төрийн болон үйлчилгээний байгууллагуудад "Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрахад саадгүй хүртээмжтэй орчин бүрдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэргэнцэртэй иргэн зорчих стандартын шаардлага хангасан налуу замтай болох, дохионы хэлний хэлмэрчтэй болох” зэрэг асуудлуудыг дэвшүүлэн байгууллагуудад уриалж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31332
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих