УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долдугаар сарын 24-нд Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад "МАНАН бүлэглэлтэй тэмцэх зорилгоор хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг сольсон. Үүнээс хойш ямар ажлууд хийсэн талаар албан бичиг ирүүлнэ үү” гэх утгатай албан тоот явуулсан билээ.Түүний албан тоотын хариунд 114 хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар дурджээ. Мөн 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, 2016 оноос хойшихыг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан. Үндсэндээ хуурамч төсөл өгч, санхүүжилт аваад, өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Зориулалтын бусаар зарцуулсан 38.2 тэрбум төгрөгөөс 3.3 тэрбумыг нь мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмилсэн байна. Үүнээс 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь огт тодорхойгүй, алга болсон гэдгийг ч хариундаа өгчээ.
Зээл авсан аж ахуйн нэгжийн жагсаалтын 34 нь ХЗХ, ББСБ, ломбардтай байсны 11 нь албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд байжээ. Манай УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий байгаа юм. Эндээс өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл тогтоогджээ.
О.Баасанхүү гишүүний хувьд "Албан тушаалтантай холбоотой гэхээр их хурлын гишүүд л гэсэн үг шүү дээ. Манайх чинь 49 ЖДҮ-чинтэй. УИХ-ын гишүүдийг 4 ангилж болж байна. 1. Өөрийнхөө ААН-д зээл авсан. 2. Хүнд зуучилж өгөөд дундаас нь 200 сая төгрөгийн хахуул авсан. 3. 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэйгээр мөнгө угааж, бусдад зээл өгсөн.4. Худлаа төсөл бичиж, зарим нь төсөл бичихгүйгээр шууд мөнгийг нь авсан.” хэмээн задаргаа хийснээ олон нийтэд зарласан.
Одоогоор мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ хуулийн байгууллага албан ёсоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нэрсийг одоо болтол зарлаагүй байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарт прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байсан. Юутай ч зээлсэн мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид оруулсан байх магадлалтай.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих