Буриад нийслэл Улаан-Үд хотноо Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал болсон талаар “Байкал дейли” мэдээллээ.
Энэ ёслолын жагсаал есдүгээр сарын 15-ны ням гаригт буюу 80 жилийн тэртээ Японы түрэмгийлэгчидтэй хийсэн тулаанд цэг тавьсан өдөр болсон бөгөөд жагсаалд залуу армийнхан, цэргийн сургуулийн сонсогч хүүхдүүд, их дээд сургуулийн оюутнууд нийлсэн гурван мянга гаруй оролцогч Улаан-Үдийн төв талбай дээр жагсчээ.
Жагсаалын үеэр баатарлаг дайчдын дурсгалыг хүндэтгэн Георгийн тууз дэлгэсэн байна. Гал болон утааг билэгдсэн улбар шар, хар өнгийн энэ туузыг 150 метр урттайгаар бэлтгэн, жагсаалын үеэр дэлгэсэн нь онцлог байлаа. Мөн энэ жагсаалд “Эцэг өвгөдийн замаар” автоцувааны төлөөлөгчид, ахмад дайчид оролцжээ.
Түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Буриадын засгийн газрын даргын нэгдүгээр орлогч Игорь Шутенков “Зөвлөлт, Монголын дайчид эрэлхэгээр байлдсан. Манай хоёр ард түмний эр зориг, найрамдалт харилцаа хүчтэй, бэлтгэлтэй дайсныг ялж чадсан юм. Улаан-Үд хот Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудтай нягт ах дүүгийн харилцаатай бөгөөд энэ харилцаа мөнх үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна. Чухамхүү ийм ирээдүйн төлөө бидний эцэг өвгөд тулалдсан юм” хэмээн өгүүлжээ.
Түүнчлэн Буриадын тэргүүн Алексей Цыденов, Ардын хурлын дарга Владимир Павлов, Бүгд Найрамдах Буриад улсыг хариуцсан холбооны ерөнхий байцаагч Сергей Ромахин болон Монголоос очсон зочид баяр хүргэж үг хэлсэн байна.
Г.Бямбасүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих