Засгийн газрын 439 дүгээр тогтоолоор тусгай зориулалтаар 2020 онд агнах, барих агнуурын ан амьтны тоо хэмжээг тогтоожээ.
Тодруулбал, Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн 2020 онд угалз 91, тэх 105, халиун буга 38, бор гөрөөс 25, цагаан зээр 100, агнуурын шувуу 365, саарал чоно 15 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 500 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 4600 хүртэл толгойг барихаар тогтоосон байна.
Амьтны тухай хуульд агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг зааж өгсөн байдаг.
9.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:
9.1.1.бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.1.2.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, шар үнэг, хярс үнэг, бараан хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул мий, хотны үен, цагаан үен, чандага туулай, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл;
9.1.3.урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
9.1.4.заарт хархыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;
9.1.5.халздай доргыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл.
9.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:
9.2.1.шивэр хөтүү, дагуур ятуу, эрээнхавирга хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
9.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;
9.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
9.2.6.зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
9.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.2.8.энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.
9.3.Агнуурын шувуудын зүйлийн жагсаалтыг шинжлэх ухааны холбогдох байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.4.Тусгай зориулалтаар агнуурын ховор амьтныг агнах, барихыг хориглох хугацааг энэ хуулийн 9.7,9.8-д заасны дагуу тогтооно.
9.5.Судалгаа, шинжилгээ, халдварт өвчнийг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 9.1, 9.2, 9.4-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.
9.6.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.4, 9.5-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
9.7.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:
9.7.1.угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
9.7.2.тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;
9.7.3.хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;
9.7.4.халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.
9.8.Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:
9.8.1.аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
9.8.2.хар сүүлтийн зээрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;
9.8.3.халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
9.8.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
9.8.5.цармын бүргэдийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;
9.8.6.тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих