- Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлсөн гэдгээ нотлох цахим төлбөрийн баримт буюу И-баримт заавал байх ёстой
Энэ оны эхний өдрөөс Монголын нийгмийн амьдралд шинээр хэрэгжиж эхэлсэн хууль, шийдвэр хэд хэд бий. Нэг хэсэг нь он дамжин хэрэгжиж байгаа бол зарим нь шинээр үйлчилж эхэлсэн зохицуулалт юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг боллоо
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хоёр жилийн өмнө хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 болон 2020 онд үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байсан бол энэ онд 420 мянган төгрөг буюу нэг цагийн хөдөлмөрийн хөлс 2500 төгрөг болж нэмэгдсэн юм. Энэ хэмжээгээр цалинжиж байгаа иргэдийн хөдөлмөрийн хөлс 30 гаруй хувиар нэмэгдэж байгаа аж. Одоогоор нийт ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон. "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан бөгөөд энэ дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ иргэд харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.
ХОМ-ээ өгөх хуулийн хугацаа эхэллээ
Авилгын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгөх ёстой. Өнгөрсөн онд АТГ-т нийт 283 албан тушаалтан ХОМ-ээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлж, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
13 спорт клубээр эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой
Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж болох магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудын сонгон шалгаруулалтын дүн гарч, улмаар 13 спорт клуб тэнцсэн байна. Улаанбаатар хотод "Голден Жим”-ийн нэг, дөрөв, тавдугаар салбар,"Соёл”, Zaya’s, "Эмпайр”, Gold’s gym, Adrena-lin, зэрэг фитнесс клубууд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт-тэй үйлчлэх аж. Харин хөдөө орон нутагт "Макс спиннинг клуб”, "Титан”, Wise gym, "Максимус”, "Ханан Жим” зэрэг фитнесс клуб иргэдэд үйлчилнэ. Эдгээр спорт клубт Эрүүл мэндийн даатгалын сангаас эхний удаад 60 мянган төгрөг олгох бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа, нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэх боломжтой.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлнө
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжинэ. Уг хуулийн дагуу 1995-2019 оныг дуустал мал малласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасарсан тохиолдолд нэг удаа нөхөн төлөх боломжтой. Тухайн иргэд хууль хэрэгжих үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс сард 10 хувиар буюу сарын 42 мянган төгрөгөөр тооцож тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлнө.
Татварын буцаан олголтын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл авна
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд анх удаа орон сууц худалдан авсан, байшин барьсан, сургалтын төлбөр төлсөн хүмүүс хамрагд даг. Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлсөн гэдгээ нотлох цахим төлбөрийн баримт буюу и-баримт заавал байх ёстойг албаныхан хэлэв. Буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн баримт материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны хооронд дүүргүүдийн Татварын албанд хүлээн авах аж.
1-5 ангийн сурагчид үдийн хоолтой боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын "Үдийн цай” хөтөлбөр ирэх намраас "Үдийн хоол” болно. Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгасан бөгөөд жилд дунджаар 65 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцож буй.
Өнгөрсөн оны И-баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй
Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сард багтаан олгоно гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ буцаан олголтод хамрагдах хугацаа энэ сарын 8-наар тасалбар болгох бөгөөд уншуулж амжаагүй баримтуудаа энэ хугацаанд багтаан уншуулахыг албаныхан сануулж буй юм. Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 900 мянга орчим иргэн 139 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих