Хятад улсын Ухань мужаас үүсэлтэй Коронавирус буюу уушгины хатгалгаат шинэ төрлийн өвчний улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр бүх улс орон даяар онц байдал зарлаад байгаа юм.

Одоогийн байдлаар халдвар авсан 10.000 орчим тохиолдол бүртгэгдэж, 213 нь амиа алдсан байна. Мөн Хятадаас гадна Орос, Тайланд, Сингапур, Америк, Герман, Австрали, Индонез, Өмнөд Солонгос, Араб, Япон, Макао, Вьетнам, Филиппин, Итали, Франц гэх мэт 18 оронд уг халдвараар өвчилсөн 98 иргэн байгаа нь шинжилгээгээр тогтоогдон, тусгаарлагдан эмчлүүлж байна гэжээ.
Түүнчлэн вирусын халдварын тархалтыг зогсоохын тулд улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний нэг нь уг вирусын хамгийн гол тархаан тээвэрлэгч гэгдэж байгаа олон улсын нислэгүүд бөгөөд Канад, Франц, Энэтхэг, Сөүл, Танзани, Америк, Их британи, Хонконг, Египет, Етопи, Финланд, Индонез, Герман, Шанхай, Сингапур, Турк, Монгол зэрэг орны агаарын тээврийн компаниуд эх газрын Хятадтай хийх шууд нислэгээ түр хугацаанд зогсоон мөн халдварын голомтын дээгүүр нисэн өнгөрөх нислэгээ өөр зам сонгохыг зөвлөжээ. Хятад иргэдийг тээвэрлэж байгаа эсвэл тэр зүг хавиас нисэн ирж буй онгоцнуудын ариутгалыг дээд зэрэгт хийж, мөн иргэдэд зөвхөн нэг удаагийн хэрэглэлээр үйлчлэх болоод байна.

Нисэх онгоц гэлтгүй усан онгоцоор зорчсон иргэнээс ч мөн вирусын халдвар илэрсэн болохыг Италийн Эрүүл мэндийн газраас мэдэгджээ.
Хятадын засгийн газраас иргэдийг махан хоолноос илүү хүнсний ногоо идэхийг зөвлөөд байгаа ба энэ чиглэлээр ажилладаг аж ахуй нэгж, хувь хүмүүсийг түлхүү дэмжиж ажиллахаа мэдэгджээ. Харин чанарын шаардлага хангахгүй болон вирусын халдвар үүсгэж болох сэжигтэй гэж үзэж байгаа махан бүтээгдэхүүн борлуулдаг зах, дэлгүүрүүдийг хааж байгаа юм.

Мөн Хятадад салбартай "Google, Ikea, Starbucks, Tesla” гэхчлэн дэлхийн томоохон компаниуд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож буйгаа ч зарлалаа.
Орос, Казакстан, Хойд Солонгос Хятадтай хиллэдэг хилээ хаагаад байна.
Эцэст нь дэлхийн томоохон гүрнүүд коронавирусын судалгааны ажил дээр хамтарч байгаа бөгөөд вирусыг анагаах эм тариа, вакциныг гарган авах, мөн илүү нарийн судлахаар ажиллаж байна. Австрали лабораториуддаа ургуулж шинжлэн, Хятад, Орос вакцин дээр ажиллан, Америк, Япон зэрэг орны эмч, эрдэмтэд ч мөн хувь нэмрээ оруулж байгаа ажээ.
Иймд та бүхэн өөрийн эрүүл мэндийг хамгаалан амны хаалт хэрэглэж , ДЭМБ-ын урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагана уу.
Erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих