Зэрлэг болон тэжээвэр тагтаанд их ялгаа бий. Зэрлэг гэж онцолсон нь өөрсдөө байгалийн зөнгөөрөө амьдрах чадвараа олсон тухайг тодотгох гэсэн л хэрэг. Ийм тагтаанууд ихэвчлэн хаанаас юуг олж идэх, хаашаа хэрхэн нисэх, хүнд хэцүү нөхцөл байдлыг яаж давахаа маш сайн мэддэг. Харин зэрлэг тагтааг бодвол тэжээмэл тагтаа нь газарт буугаад ч зөв хоолоо олж идэх, цаашлаад хол нисэх ч чадваргүй байдаг. Монголд бол хагас тэжээвэр шахуу тагтааны хэсэг сүрэг нь гандан, сүм хийдүүдийг эргэж тойрч амьдардаг. Нүглээ цайруулж, буян үйлдэнэ гэх зон олон тагтаанд будаа цацсаар тэднийг хэдийн хамааралтай болгосон. Байсхийгээд л хаа нэгтэйгээс шар, бор будаа цацаж, тэр бүрт нь бөөн бөөнөөрөө шавааралдана. Идэж л байвал амьтан болохоор айж, ичиж, анзаарч байгаа ч зүйл алга. Энэ дүр зураг өдөр бүхэн давтагдана. Заримдаа огтхон ч хоол үгүй, харин заримдаа газраар дүүрэн шар, бор будаатай.
Харин ард түмнийг улс төрчид яг л ГАНДАНГИЙН ТАГТАА шиг болгожээ. Хэрэг гарахаараа л нүглээ цайруулж шар, бор будаа цацчихна. Үр дагаврыг ухаарч амжаагүй бид түүн дээр нь шавцгаана. Ингээд л тэднээс хамааралтай болох нь тэр. Хамаарал нь нэмэгдэх тусам бид амьдрах чадвараа алдсаар байна.
Энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд нь эцэс төгсгөлгүй, учир утгагүй АМЛАЛТЫН МАРАФОН болж хувирлаа. Та бүхэн ямар бэрд үү? Та бүхний энэ бүх амлалтыг нэгтгэсэн бол АМЛАЛТААР БҮТСЭН МОНГОЛ улс маань ямар байх байсан бол оо. Аль хэдийн өөртэйгөө ижил төстэй Ботсвана, Казахстан, Чили зэрэг улсуудыг 1 хүнд ногдох орлогоороо хол даваад алга болох байлаа. Гэтэл бодит байдал тэс өөр харагдана. Бид сүүл мушгиж явна(Зураг 1). Бид хоцорч явна. Мөрийн хөтөлбөртөө цалинг 2, 3, 5 саяар нь амласан шигээ өсгөхгүй яасан бэ? Та бүхэн чадаагүй. Учир нь орлогыг хэн хүссэн нь зүгээр хэлээд өсгөчихөж болохгүй болохоор л тэр. Цалин, орлогын тухай жаахан сийрүүлье.
Зураг 1. Нэг хүнд ногдох ДНБ
Эх сурвалж: Дэлхийн банк
Хүснэгт 1. Ижил төстэй орнуудын экспортын хамаарал
|
Экспорт түүхий эдээс хамааралтай эсэх |
Голлох экспортын бүтээгдэхүүн |
Түүхий эдээс бусад төрлийн бүтээгдэхүүн |
Монгол |
Тийм |
Зэс, нүүрс- 88 хувь |
Мах, арьс шир, ноолуур |
Чили |
Үгүй |
Зэс – 40 хувь |
Жимс, загас, дарс, модон эдлэл |
Казакстан |
Тийм |
Газрын тос – 80 хувь |
|
Ботсвана |
Тийм |
Алмааз – 90 хувь |
Давс, махан бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн |
ЦАГААН ТОЛГОЙ “А” ҮСГЭЭР ЭХЭЛДЭГ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ Ч “А” ҮСГЭЭР ЭХЭЛДЭГ. Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны томоохон төлөөллийн нэг бол яах аргагүй АДАМ СМИТ. Энэ хүний бичсэн ном нь ҮНДЭСТНИЙ БАЯЛАГ гэх нэртэй. Харин энэхүү номын амин сүнс болсон үндэстний баялаг нь тухайн улсын хүн ам, хөдөлмөрийн хүч байсан юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөр, цаашлаад хөдөлмөрийн хуваарилалт, бүтээмжийн асуудал хөндөгддөг. Улмаар “цалин, хөлс” гэх ойлголт нь хөдөлмөр, хөдөлмөрийн хуваарь, бүтээмжээс зэргээс урган гардаг гэдгийг аль 1776 онд тогтоочихжээ. Адам Смитийн дараа Карл Марк, Маршалл гэх мэтчилэн олон эдийн засагчид хөдөлмөрийн үнэ цэнийг тодорхойлсон онол сургаалууд туурвисан байдаг.
МОНГОЛЫН ЦАЛИН, ХӨЛСНИЙ ТУХАЙ ХЭДХЭН ӨГҮҮЛБЭР
Үнэндээ дундаж цалин 1.2 сая төгрөг боловч хачир дээрээ дундаж гэх үзүүлэлт их өрөөсгөл юм. Ер нь бол бүртгэлтэй ажиллах хүчний 53 хувь нь 700 мянган төгрөг хүртэлх цалингаар амьдарч байна.
Зураг 2. ААНБ-н ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар
Хүн бүхэн л бизнес хийх тухай ярьж байсан үе(зураг 3-г харна уу). 2010-2012 онд улсын болон хувийн салбарын бодит дундаж цалин 33 хувиар нэмэгдэж байв. Энэ бол цэвэр мега төслүүдийн нөлөө байсан. Уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт бий болж, түүнийг дагасан худалдаа, тээвэр, үйлчилгээний салбарууд өсөж эхэлсэн нь ийнхүү цалинд нөлөөлжээ.
Төсвийнх буурч, хувийн салбарынхны цалин өссөн үе. 2013-2018 онд хувийн салбарын бодит цалин дахин 32 хувиар нэмэгдсэн бол төсөвт байгууллагад ажиллагсдын цалин бодитоор 5 хувиар буурсан байна. Энэ бол манай төсвийн нүүр царай, үнэн дүр төрх. Мөн хугацаанд төсвийн орлого нэмэгдэж байсан ч цалин буурч байв.
Бараг 6 жил бараг буурч байсан төсөвт байгууллагад ажиллагсдын цалин 2018 оны сүүлээс 8 хувиар өсөв. Ядаж 2014 оны түвшиндээ эргэн очсон хэрэг. Төсөв мөнгө нь хахаж, цацсандаа ч бус. Өнөөх их өрөө хойшлуулж байгаад амьсгаа авах жаахан агшинд нь өсгөж байгаа нь энэ. Бидний одоогийн байдал иймэрхүү л байна.
Зураг 3. 2010 оноос хойш бодит цалингийн хуримтлагдсан өсөлт.
ЦАЛИНГ ӨСГӨХ ТУХАЙ ЯРЬДАГ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ БИД ЯМАР РОНАЛДУ, МЕССИ БИШ ДЭЭ
Хэрвээ та хөл бөмбөг үздэггүй бол К. Роналду, Месси нь дэлхийн хамгийн өндөр орлоготой хөл бөмбөгчид юм. Роналду л гэхэд Ювентүс клубд авдаг цалин нь(7 хоногийн 663,000 евро) зарим Италийн багуудын цалингийн төсвөөс давсан байдаг. Эдгээр тамирчдийн авьяас, ур чадвар, нэр хүнд нь зах зээлээс гажууд ийм өндөр цалин авахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл тэднийг тоглуулах гэсэн эрэлт маш их, нийлүүлэлт нь ганцхан Роналду л байна гэсэн үг.
Гэтэл та бүхэн маань цалинг 4 жилийн хугацаанд 5 сая төгрөгт хүргэх тухай ярих юм(одоогийнхоос 5 дахин өсгөнө гэсэн үг). Монголын 1.3 сая ажилчид ямар РОНАЛДУ, МЕССИ юу? Бодит байдал руу дөхөцгөөе л дөө. Биднийгээ битгий ингэж тавла л даа, одоог хүртэл ГАНДАНГИЙН ТАГТАА-нууд л гэж бодсоор байна уу?
ЦАЛИН, ХӨЛСИЙГ ӨСГӨХ БОЛОМЖУУД ЮУ БАЙНА?
Та бүхэн минь хөрсөн дээрээ бууцгаа. Яг жинхэнээсээ, сэтгэлээсээ цалинг өсгөх тухай бодоцгоо. Бидний цалин түүхэн ямар үйл явдлаас шалтгаалан өсөж буйг бид дээрх зургуудаас харлаа. Ялангуяа улсын төсвийн орлого нэмэгдсэн ч эсрэгээрээ төсвийн байгууллагын цалин бодитоор буурч буйг харлаа.(инфляц хасаж тооцсон, худалдан авах чадвар буурсан гэсэн үг.) Яахав дээ, өнгөрсөн хугацаанд та бүхэнд сэтгэл, бодлого, хөтөлбөр нь байгаагүй юм байж. Одоо бол ёстой цаг үе, нөхцөл байдал нь бүрэлдсэн учир цалинг өсгөх тухай ярьж байна гэж ойлгоё.
Мега төслүүдийн нөлөөгөөр цалинг өсгөх нь. Бид дахин мега төсөл эхлүүлэх эсвэл одоогийн мега төслүүдээ гацаахгүйгээр төрийн бодлогоор дэмжиж гэмээн гаднаас мөнгө орж ирнэ. Тэрхүү мөнгө нь уул уурхай, улмаар түүнийг дагасан бусад секторуудад шингэснээр яг л 2010-12 он шиг цалин хөлс өсөх боломж бүрдэнэ. Мэдээж гаднаас валют орж ирж байгаа нь валютын ханш буурах нөхцөл бүрдүүлнэ. Гэхдээ одооноос тодорхой бус байгаа төслүүд 4 жилд багтан шийдэгдэх нь юу л бол.
Венесуэл шиг мөнгө хэвлэж, цалинг өсгөх нь. Хамгийн хурдан хугацаанд цалинг өсгөх боломж нь мөнгө хэвлэх юм. Венесуэлийн поп ерөнхийлөгч Мадура нь тасралтгүй мөнгө хэвлэсний уршгаар хэдэн сая боливараар нэг талх авах хэмжээнд хүрсэн. Учир нь инфляц 15000 хувьд хүрсэн. Монголд өнөөдөр 5 хувь байгааг мартах учиргүй. Хэрвээ Мадура шиг мөнгө хэвлэж өсгөхөөр бол бид талхны үнээ 50 мянган төгрөг л гэж бодоход хүрнэ.
Олон улсын туршлагаар цалин хэрхэн өсөж байна вэ? Бусадтайгаа ойролцоо гараанаас эхэлсэн боловч харьцангуй хурдан хөгжсөн өндөр орлоготой орнуудын нууц юу байв? Харвардын их сургуулийн судлаачид эдгээр улсуудын төрийн бодлого нь бүтээмжид суурилсан болохыг тогтоожээ. Тодорхой жишээ болгон, Финланд, БНСУ, Тайвань, Сингапур, Чили зэрэг улсуудыг дурдаж болно.
Түүнчлэн нобелийн шагналт эдийн засагч П. Самуэльсон хөгжиж буй орнуудад дараах чөтгөрийн тойрог үргэлжилдэг гэж үзжээ. Тодруулбал, орлого багатай байх нь хуримтлал хийх боломжийг багасгаж, улмаар хуримтлал нь төвлөрөл өндөртэй байдаг. Улмаар голлох хөрөнгө оруулалт болох зээлийн өртөг өндөр тогтоно. Энэ нь үйлдвэрлэлийн зардалд нөлөөлснөөр хөдөлмөрийн орлого өсөх боломжийг хязгаарладаг байна. Тиймээс л улс орнуудын төрийн оролцох ёстой гол хэсэг нь 1 бус 4 –р хэсэг болох бүтээмжид суурилсан бодлого, хөтөлбөр байдаг байх нь. Ингэж гэмээн цалин, хөлс өсдөг.
Зураг 4. Хөгжиж буй орнуудын чөтгөрийн тойрог.
ИРЭХ 4 ЖИЛД БАГТААН ЦАЛИНГ ӨСГӨХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
Бид түүхэндээ мега төслийн ачаар өөрсдийн орлогоо 6 жилийн дотор 1.5 дахин өсгөж чадсан. Харин бидэнд 2020-24 онд ийм боломж байна уу? Харамсалтай нь бидэнд амьсгал авах ч зай гарахгүй. Шил дараалан хүлээх эдгээр сорилтууд Монголын эдийн засагт давхар цохилтууд байх болно. Бид саарал жагсаалтад багтаж, олон улсад эрсдэлтэй итгэж үл болох нөхдүүд гэж харагдаж байна. Дээр нь хоолоо олж иддэг түүхий эдийн үнэ буурч, төсвийн орлого нь багасчихсан байгаа энэ үед бөөн өр хүлээгдэж байна. Тэгэхээр бид чинь юугаараа цалин нэмэх, юугаараа аж үйлдвэрийг дэмжсэн дэд бүтцэд хөрөнгө оруулах вэ? Тиймээс цалин, байр амлахаа болиод энэ бүх асуудлыг даван туулах хөтөлбөрийг л санал болгож үз.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих