“М-Ти-Эс” группийн агрономи Б.Энхтүвшин:
- “Сэлэнгэ тариа”, “Энх тариа”, “Орхон тариа” хөдөө аж ахуйн чиглэлийн гурван компаниас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус экспог зорин ирлээ. Бидний хувьд эрдэс бордоо буюу нийлмэл бордоо, азотын бордоо, холимог бордоо цацдаг төхөөрөмж сонирхож байна. Манай компаниуд Европын New Holland, John deere, Case-ийн техникүүдийг хэрэглэдэг. Тиймээс тэдгээрийн гэрээт борлуулагч, сэлбэг, тосны ханшийг судалж боломжийг эрэлхийлж явна. Мөн шүүрнүүд зэрэг сэлбэг хэрэгсэл, үрийн судалгааг хийж байна. Бидний сонирхож байгаа бордоо цацагч гэхэд үүрдэг, чирдэг гээд багтаамжаасаа хамаараад төрөл төрлөөр харагдаж байлаа.
Манай компанийн зүгээс Орос, Герман руу үзэсгэлэнд их оролцож байсан. Харин энэ жилийн хувьд Хөххотод анх удаа ирж оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнд их олон төрлийн техник, машин механизм дэлгэгдсэн харагдлаа. Эндээс нэг зүйлийг онцлоход мал аж ахуйн чиглэлийн боодог, пресслэдэг, эрдэнэ шиш нунтаглан багладаг машинууд их хөгжсөн харагдаж байна.
Б.Энхтүвшин багийн гишүүдийн хамт
Монголын Тариаланчдын Холбооны тэргүүлэгч Төв аймгийн Жаргалан сумын тариаланч Б.Баярбат:
- Тус экспо 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Миний хувьд Хөххотод болж байгаа энэхүү экспод анх удаагаа оролцож байна. Монголын Тариаланчдын Холбоог төлөөлөн 17 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Найм хоногийн өмнө бид Турк улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцоод тэндээс машин технологийн сонголтоо хийсэн байгаа. Эндээс бордоог түлхүү сонирхож байгаа. Бордооны хувьд өргөн сонголтой, үнэ ханшийн хувьд ч бусад улс орноос хямд байна. Иймээс бордооны сонголтоо эндээс хийхээр төлөвлөөд байгаа. Өнөөдөр танилцах явцдаа хэд хэдэн компанитай уулзан эргэх холбоотой ажиллахаар эхний ээлжид ярьж тохиролцсон. Маргааш мөн хоёр компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Баярбат
“Хүчү агро” компанийн захирал С.Барцадхүү:
- Одоо Монголд хаврын тариалалт эхлэх гэж байгаа. Монголын зах зээлд хамгийн ойрхон Хөххотод хаврын тариалалтаас өмнө энэ экспо зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд их хэрэгтэй байна. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас ирсэн. Манайх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ экспод оролцож байгаа гол зорилго нь мал аж ахуйтай холбоотой малын тэжээл, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмжүүд байгааг сонирхох мөн газар тариалангийн сүүлийн үед гарч ирж байгаа шинэ машин, техник технологууд ямар байгааг илүү сонирхож байна. Энд маш олон тоног төхөөрөмжүүд байна. Гэхдээ бидний хувьд бордоо, бордоо цацдаг, бордоо хийдэг тоног төхөөрөмжүүдийг сонирхлоо. Үнийн хувьд бусад оронтой харьцуулахад илүү хямд байна. Өмнө нь Хятадын Чанчүн зэрэг хотод зохион байгуулж байсан үзэсгэлэнд оролцож байсан. Хятад орон бол газар тариалангийн хувьд тэргүүлэх, технологи нь хөгжсөн шинжлэх ухаанч шахуу хөгжсөн гэж үзэж байна.
Монголын мал аж ахуй бол экспорт төдийгүй дотоодын хэрэглээг хангах хамгийн чухал салбар болж байна. Эрчимжсэн мал аж ахуй руу сүүлийн үед залуус, том том бизнесмэнүүд мал аж ахуйн чиглэл, ялангуяа махны чиглэлийн аж ахуйд илүү оролцож байгаа. Хятад улс хөдөө аж ахуй газар тариалангийн салбарыг маш сайн дэмжин ажилладаг юм байна лээ. Жишээлэхэд малын тэжээлийн үйлдвэр байгуулахад Хятадын төр засгаас бараг 60, 70 хувийн дэмжлэг үзүүлдэг. Монголын хувьд арай ийм талын дэмжлэгт хүрч чадахгүй ч хөнгөлөлтэй зээл олгох зэргээр төр засгаас бидэнд дэмжлэг үзүүлж байна.
С.Барцадхүү
“Халиун тариа” компанийн менежер: О.Ганбаяр:
- Манай компани Булган аймгийн Орхон суманд газар тариалан эрхэлдэг. Хаврын тариалалтаас өмнө ирж үр бордоо, техникүүдийг үзэж сонирхохоор зорьж ирлээ. 2024 ондоо 1 га талбайгаас авах ургацын гарцыг сайжруулахын тулд Хятадын үндэсний үйлдвэрлэлийн үр бордоог сонирхон анхааралдаа авч судалж байна. Хаврын тариалалтаас өмнө амжиж ирсэндээ бид их баяртай байгаа. Манай компани Булган аймагтаа бас гурил тэжээлийн үйлдвэртэй. Гурилын үйлдвэрүүдийн чанарын тал дээр анхаарах үүднээс энэхүү экспод анхаарлаа хандуулан орлцож байна. Тиймээс гурилын болон тэжээлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, хөрөнгө оруулагчид байж болох талаас эрэлхийлээд явж байгаа. Манайх 2014 оноос хойш Хятадын гурилын үйлдвэрийг оруулж ирсэн. Өдөрт 70 тоннын гурил, 30 тоннын хивэг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2020 оныг хүртэл ажиллуулсан байдаг. Энэ чиглэлээр бид цаашид хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
О.Ганбаяр
Зохиогч: | ХАНЬ ХУНШЯ, Б.ТУЯА |
Найруулагч: | Хань Хуншя |
Эх сурвалж: | Солонго |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих