
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа хотуудын нэг болох Белу-Оризонтид бетон, ган давхар зам гэнэт нурж, доогуур нь явж байсан автобус, өөр техник хэрэгсэлийг дарсан байна.
Хөдөлгөөн ихтэй хурдны зам дээгүүр баригдаж байсан энэ давхар зам нурах үеэр хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртсэн мэдээлэл гарч байгаа юм. Минейро цэнгэлдэхээс хэдхэн километрын зайд болсон осолтой холбогдуулж хэлсэн үгэндээ Бразилийн ерөнхийлөгч харуусч байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн энэ давхар замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байсан "Кован” барилгын компани тохиолдсон үйл явдалд эмгэнэж байгаагаа мэдэгдээд ямар шалтгааны улмаас энэ осол болсныг тогтоолгохоор техникийн ажилчдаа илгээд байгааг учирласан байна.
Харин осол болох үед ойролцоо байсан иргэд хараахан баригдаж дуусаагүй байсан зам нурах үед газар хөдлөх мэт хүчтэй чичиргээ мэдрэгдэж, нүсэр дуу чимээ сонсогдсон гэж ярьжээ. Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор Бразилийн томоохон хотуудад дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон ажлыг хийсэн.
Энэ давхар зам бол Белу-Оризонти хотын нийтийн тээврийн системийг сайжруулах ажлын нэг хэсэг байжээ.
Харин тус хотын оршин суугч Диего Сичуейра BBC-д өгсөн мэдээлэлдээ Белу-Оризонтийн иргэд ийм зүйл тохиолдсонд төдийлөн гайхахгүй байна гэжээ.
Учир нь Хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулсан бүтээн байгуулалтын ажлууд өнгөрсөн жилийг хүртэл хойшлогдсны дараа маш хурдан хугацаанд, чанаргүй баригдсан гэжээ.
Г.Уужим

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих