"Гарьд магнай” уран сайхны киноны Далайцэрэнгийн дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн бол аймгийн арслан Д.Батдорж. Тэрбээр "Гарьд магнай”-гын Далайцэрэнгээс гадна "Ард аюуш” киноны Довчингийн дүрийг зон олныг сэтгэлээсээ арчиж чадахгүй болтол нь мөнхөлж чадсан юм.
- "Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрд яаж яваад тоглосон юм бэ?
-Ах нь 1982 онд "Алдар” спорт хороонд шинэ цэрэг, жудо бөхийн тамирчнаар очсон. Энэ үер найруулагч Ж.Бунтар, Б.Чимэддорж гуай нар "Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрд тоглох хүн хайж яваад манай хороон дээр ирж, хөдөө, хотын улсын цолтойгоос эхлээд цолгүй 60 гаруй бөхчүүдээс шалгаруулсан. Гэтэл тэднээс одоогийн Дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, улсын харцага Д.Дармаабазар, талийгаач аймгийн заан Эрдэнэбат бид дөрвийг авч кино үйлдвэр дээр авчран пробонд оруулсан. Нэг том танхимд оруулаад тал талаас нь гэрэл тусгаж бид дөрвийг зодог шуудаг өмсгөөд инээлгэж уурлуулах гэх мэт олон янзаар шалгаж эхэлсэн. Тухайн үед кино үйлдвэрийн ажилтан хүүхнүүд хараад зогсчихсон, бид хэдийн ичиж байгаа гэж жигтэйхэн. Тэгээд тэр үеийн Батлан хамгаалах яамны хурандаа генерал Ёндон "За нөхөр минь кинонд сайн тоглоно шүү” гээд "Алдар” спорт хорооноос хэдэн сар чөлөөлөх тушаал гаргаж байсан.
-Анхны зураг авалт хаана авч байсан бэ?
-Анхны зураг авалтыг Төв аймгийн Бүрэн суманд авсан. Хамгийн эхлээд тэмээн жин тээдэг хэсгийн зургийг авах боллоо. Бүрэн сумынхан машин тэрэг, морь явган нүцгэн ер нь л наадам үзэх гэж байгаа юм шиг бөөн л хөл хөөрцөг болчихсон. Таван километр орчмоор л жингийн цуваа хөвөрдөг. "Нэхий нударгатай зайдан морьтой хүн авсан байна гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” хэмээн Очир ахаасаа асуудаг хэсэг миний анхны жүжиглэлт байлаа. Энэ хэсэг дээр үнэхээр зовсон. Анхных болоод ч тэр үү, зөвхөн энэ өгүүлбэрийг хэлж чадахгүй бүтэн дөрөв хонож билээ. Тэгээд би чадахгүй юм байна гэж хэлтэл тэд авч хэлэлцээгүй. Зураг авалтанд явж байсан хүмүүс гурван гэрт байрлаж байсан юм. Дөрөв дэх өдрийн өглөө хажуу дахь гэрийнхээ хаяанд үгээ давтаад зогсож байтал найруулагч, бас бус хүмүүс "Энэ Батдорж тэнэг хүн юм, өвлийн хүйтэнд ёстой тамлах байх аа” гэж байна. Би ч яваад орлоо. Гэтэл Бунтар гуай "Чи авъяастай хүүхэд, харин үгээ л сайн цээжлээрэй” гээд хөөргөж байна. Тэгэхлээр "Та нар чинь сая л намайг тэнэг мангараар нь дуудаад, тоглож чадахгүй тамлана гээд байсан биз дээ, би болилоо” гэтэл тэгвэл чамайг улсын ажил алдагдуулсан гээд шоронд хийнэ болоод явчихсан. Ингэхлээр нь сүрдээд арга буюу тоглохоор болсон доо. Миний мундагаас биш сайн жүжигчдийн дэмээр л энэ дүр амилсан. Тухайн үед их хэцүү санагдаж байсан. Кино байтугай тайзан дээр гарч үзээгүй учраас их будилдаг байлаа /инээв/. Надаас болж кино олон хоногоор хойшлож байсан. Дараа нь миний хайртай бүсгүйн дүрд тоглуулах хүнийг олох гэж байсхийгээд л "Эхнэр чинь ирлээ босоорой” гээд дуудна, гараад очихоор баахан хүүхнүүд шавчихсан нэг их ичдэг байж билээ. Тэгж тэгж 30-40 охидуудаас АУИС-ийн оюутан Уранчимэгийг сонгосон. Бид хоёрын анхны зураг авалт гол дээр мөс мөргөлдүүлдэг хэсэг байлаа. Уранчимэгийн дэргэд би чинь урьд нь ганц нэг зураг авалтанд орчихсон бас ч дөр суучихсан зарим нэг юмыг нь заана. /инээв/
-Бөх хүний дүр бүтээж байгаа болохоор бөхчүүдийн амьдралыг судлах хэрэгтэй болсон байх?
-Өвлийн зураг авалтын дараа нутагтаа очиж хэд хоног амарсан. Гэхдээ аавынхаа яриаг их сонсоно. Аав маань аймгийн арслан Даваа гэж хүн байсан. Мөн авга ах улсын заан Д.Содномоороо бас бус зүйл яриулж тухайн үеийн ном зохиолоос ч уншиж танилцаж байлаа. Ер нь нилээд судалсан гэж хэлж болно шүү. Киноны эхэнд даваа өөд хоёр тэн ачаа үүрээд алхдаг хэсэгт ямар ч жүжиглэлт байгаагүй. Тэр хоёр ачаанд тус бүрд нь 80 кг нийлээд 160 кг элс хийчихсэн байсан болохоор үүрээд 150 метр орчим алхахад яггүй хүч гарсан шүү. Харин хамгийн хүнд зураг авалт нь бяр ордог хэсэг. Очир ах намайг морин дээрээс хөтөлж давхидаг болон халгайн дээр бэлтгэл хийдэг хэсгүүд байсан. Хэрвээ би уначихвал зураг авалт зогсчихно биз дээ тиймээс хичээх хэрэгтэй болсон. Мөн хуруугаараа газар малтдаг хэсэг дээр Далайцэрэнгийн сэтгэлийн тэнхээг харуулахыг хичээсэн.
-Зураг авалт хийсэн ч кинондоо үлдээгүй хэсэг байдаг уу?
-Нэлээд байдаг. Тухайлбал би Жигмэдийг мөрөөр нь хөөгөөд очихдоо их ядарч өлссөн маягтай уулздаг юм. Харин Жигмэд түүнийг маань мэдчихээд чанаж буй махнаасаа хутганы үзүүрт хатгаж өгөхдөө тэр чигээр нь дүрж аминд маань халдах гэдэг. Тэгэхэд би хутагтай махыг нь шүдээрээ зуучихаад Жигмэд хутгаа суглаж дийлэхгүй ишийг нь мулт татчихдаг тийм хэсэг байсан. Нэг ёсондоо бөх хүний шүдний чадлыг харуулах гэсэн юм л даа. Тэгээд хэзээ Монголчууд үзүүрээр хатгасан махыг хүнд өгч байсан юм гээд хасчихсан. Мөн бөхчүүд сорилт хийх үедээ булчин махнуудыг шүдээрээ зулгааж иддэг хэсэг гэх мэт нэлээд хэдэн зургийг хассан. Бас кино зураг авалтын үед хөгтэй явдлууд бишгүй тохиолдож байсан.
-Тухайлбал?
-Инээдэмтэй юм их болно. Жигмэдийг жинхэнээсээ цохьсон. Үүнээс болоод цаадахын чинь бөөр нь доргичихоод эмнэлэгт арваад хоног хэвтсэн. Уг нь би Жигмэдийг ганц цохиод мажийлгачихдаг юм. Тэгсэн чинь Даншигийн заан хүн ганц удаа мунаар цохиход үхэх ёсгүй. Хоёр удаа цохь гэдэг юм байна. Тэгээд л нэг хий цохиод угсруулаад хоёр дахиа цохих гэтэл нөгөө муу Жигмэд чинь өмнөөс босон харайгаад нуруун дундуураа үнэнээсээ хусуулчихлаа. Тэгээд бөөн юм болж би 10 хоног зураг тасласан хэрэгт орж, ашгүй Жигмэд маань түргэн эмчилгээ авч эдгэсэн болохоор гайгүй өнгөрсөн. Бас нэг хөгийн юм боллоо. Зайдан морь унаад том муна бариад л сүйх тэрэг хөөдөг хэсэг дээр миний урд жижиг москвич дээр зураглаач зураг аваад л би тэр өмнө яваа сүйх тэрэг рүү байдаг анхаарлаа хандуулаад дээгүүр харчихсан давхиж явсан. Москвич нь эргээд би ойрхон явсан болохоор морьтойгоо нөгөө машин дээгүүр чинь харайж очоод мунаараа нөгөө машиныг нь сайн цохиж аваад л онхолдоод өгсөн дөө. /инээв/
-Киногоо эргээд үзэхэд ямар санагддаг вэ. Бас энд нь тэгдэг байж гэж бодох үе байх уу?
-Залуу байхад нэг их догдлоод байдаггүй байсан ч одоо үзэхэд залуу насандаа эргээд оччихсон юм шиг санагддаг. Ер нь намайг энэ кинонд тоглуулсан хүмүүст их баярлаж явдаг юм. Жирийн үзэгчийн суудлаас киногоо үзээд энэ хэсэгт нь ингэчихдэг байж гэсэн санаа төрөлгүй яах вэ. Юм болгон төгс байдаггүй шүү дээ. Жишээ нь Гомбо аваргын зодог шуудгийг авдаг тэр хэсэг дээр жаахан тонгойж хүндэтгэл үзүүлдэг байж гэж бодогддог. "Ард аюуш” киноны Довчингийн дүрийг харьцангуй бага будилж бүтээсэн гэж хэлж болно. Тийм болохоор ч тэрүү хүмүүс намайг Далайцэрэнгээр нь илүү мэддэг.
-Та киноныхонтойгоо одоо хэр холбоотой байдаг вэ?
-"Гарьд магнай” киноны хамт олноос Удвал, Равсал панз, Жигмэд бид дөрөв л амьд сэрүүн байна. Энэ хэдтэйгээ холбоотой байдаг. Бусад маань бурхан болсон. Уг нь энэ онд "Гарьд магнай” киноны 30 жилийн ой тохиож байгаа. Киноныхоо 30 жилийн ойг хийх юмсан гэж боддог. Гэхдээ надаас өөр зохион байгуулах хүн байхгүй байх.
-Кино дэлгэцнээ гарсаны дараа Удвал, Далайцэрэн хоёрыг амьдрал дээр нэг гэрт орохыг ард түмэн их хүлээдэг байсан гэж сонссон.
-Хүмүүс тэгж ярьдаг л юм /инээв/. Монголчууд маань хайр сэтгэлтэй бүх киног хараад гол дүрийн хоёрыг суулгах гээд байдаг тал бий шүү. Тухайн үед би гэргийтэйгээ танилцсан байсан.
-"Молиг” Очир хүмүүсийн сэтгэлд хоногшсон дүр байдаг. Түүнийг киногоо үзэж чадаагүй тэнгэрийн оронд заларсан гэж сонссон. Тэр хүний талаар дурсахгүй юу?
-Тиймээ. Кино дэлгэцэнд гарахын хэдхэн хоногийн өмнө нас барсан. Очир ах маань тухайн үед нэгдүгээр баазад жолооч, театрын жүжигчин бас сайхан дуулдаг хүн байсан. Кино дууссаны дараа баазаас нь цоо шинэ "Зил-130” маркийн машин өгсөн юм билээ. Тухайн үед "Гарьд магнай” киноны дуу оруулалт, шуумын ажил хийгдэж байхад авто осолд ороод бурхан болсон доо.
-"Гарьд магнай”, "Ард аюуш” кинонуудад тоглосны дараа өөр уран бүтээлд тоглох саналууд ирж байв уу.
-Ирж байсан. Гэхдээ би хүлээж аваагүй. Түүхэн сайхан кинонуудад тоглолоо. Тэгээд ч мундаг жүжигчид байхад би илүү биз гэж бодсон /инээв/.
-Кинонд тоглохоос өмнө аймгийн арслан болсон байсан уу?
-Цолны хувьд "Гарьд магнай” кинонд тоглосны дараахан 1985 онд Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон түүхтэй. Харин кинонд тоглохоос өмнө чөлөөт бөхөөр спортын мастер болсон байсан.
-Одоо яагаад барилдахаа больсон юм бэ?
- Ид барилдах үедээ хүнд аваарт орж нуруундаа бэртэл авч дараа нь залгуулаад шарласан. Тэгээд 1993 оноос хойш барилдаж бэлтгэл хийхээ бүр больсон доо.
-Та их сайхан амьдардаг юм байна. Өнгөрсөн жилүүдэд хаагуур юу хийв?
Ах нь Булган аймгийн Сайхан сумын хүн. Цэргийн албаа хаагаад Эрдэнэт рүүгээ явсан. Тэндээ ажиллаж байгаад 2000 онд Улаанбаатарт орж ирсэн. Зах зээлийн эхэнд бусдын адил урагшаа, хойшоо их явсан даа. Одоо хувиараа турбаны бизнес хийж байна. Улиралын чанартай учраас өвөлдөө гэртээ сайхан амардаг юм.
Манайх гэдэг айл бусдаас ялгарах юмгүй "Москва” хороололд дундаж жишгээр ёстой нөгөө хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л байж байна. Хөдөө гадаа гээд ер нь хаа ч явсан хүмүүс Далайцэрэн гээд их сайхнаар хүлээж авдаг болохоор "Гарьд магнай” кинонд тоглосноо их аз завшаан гэж боддог. Ялангуяа, 30-аас дээш насныхан таниад байдаг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэр маань Сонгинохайрхан дүүргийн эхоны эмч хийдэг. Ах нь хүү, охин хоёртой. Хүүхдүүд маань хоёулаа гэр бүл зохиогоод тусдаа амьдардаг. Манай охиныг ээжтэйгээ, хүүг аавтайгаа адилхан гэдэг юм.
-Зарим хүн таны зургийг хараад Далайцэрэн маань их жин нэмжээ гэж бодох байх. Хэзээнээс жин нэмж эхэлсэн бэ?
-Харин тиймээ. Далайцэрэнгээс үлдсэн юм маань нүүр царай, дүр төрх л байх шив дээ. Хүн хөдөлгөөнтэй байж байгаад гэнэт болихоор жин нэмдэг юм байна. Бэлтгэл сургуулилт хийхгүй учраас сүүлийн хэдэн жил 175 кг болтолоо нэмсэн. Зүрхэнд ачаалал өгөхөөс бусдаар бие гайгүй л байна.
Б.ОДОН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих