Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар хэдхэн хормын өмнө "Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.
Осол энэ сарын 10-нд буюу өчигдөр 20.48 цагийн орчимд Дорнод аймгийн "Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны 19 дүгээр ачилтын цэгт зургаа дахь ээлж газрын тос ачих үеэр гарсан. Ослын улмаас "Дачин Тамсаг” компанийн эзэмшлийн экспортын тос тээвэрлэдэг найман машин шатаж, хоёр хүн амиа алдсан байна. Албаныхны хэлж байгаагаар амиа алдсан хоёр хүнийг хэнийх болохыг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн энэхүү ослын улмаас Хятадын "CNPC” компанид жолоочоор ажиллаж байсан 40 орчим насны эрэгтэй 70 хувийн түлэгдэлтийн улмаас Бичигтийн боомтоор дамжин өмнөд хөрш рүү хүргэгджээ.
Шөнийн 02:30 цагийн орчимд галыг унтраасан ч одоогоор бага зэргийн шаталт үргэлжилж байгаа аж. Ослын улмаас Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд байгууламжийн бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, дэд станц, перфораци болон ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол гараагүй гэдгийг албаныхан хэллээ.
Одоогийн байдлаар "Дачин Тамсаг” компанийн ажлыг бүрэн зогсоосон бөгөөд ослын газарт Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга н.Оюунбаатар, Гаалийн газрын дарга н.Винтов болон мэргэжлийн хяналт, онцгой байдал, шүүх, эмнэлэг, түргэн тусламжийнхан ажиллаж байна гэж ОБЕГ-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих