Газрын тосны олон улсын хөрөнгө оруулагчид Монголд анх удаа чууллаа. Өчигдөр болсон уг чуулганд дэлхийн нефтийн магнатууд болох "Роснефть”, "Петрочайна”, "Бритиш газ”, "Снопес”, "Стейт ойл” зэрэг корпорациас гадна энэ салбарын 300 гаруй төлөөлөл оролцлоо. Тэд Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт, Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа, хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин зэрэг сэдвээр саналаа солилцсон юм.
ГАЗРЫН ТОСНООС ГАДНАХ БУСАД БОЛОМЖ
Манай улсад одоогоор газрын тосны хайгуулын 30 талбай байгаагаас зөвхөн гурван талбайд нөөц тогтоогоод байна. Монголын газар доорх энэ баялгийн 332.6 сая тонныг илрүүлснээс 43.3 сая тонныг нь ашиглахаар баталжээ. Газрын тосноос гадна шатахуун гаргаж авах бусад эх үүсвэрээр эрдэмтэн судлаачид шатдаг занар, нүүрсний давхаргын метан хийг онцлоод байгаа юм. Монголын хөрсөн доорх нүүрсний давхрагын метан хийний таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарынх 788 тэрбум тонн. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогдож байгааг судлаачид тогтоосныг хөрөнгө оруулагчид өчигдөр чуулга уулзалтаар онцлов. Мөн тэд энэ салбарт шатдаг занар, нүүрсний давхаргын метан хийг Монголд төдийгүй дэлхийд "залуу” шинэ салбар гэдгийг хэлж байсан юм.
МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСОНД "ГАРАА СУНГАНА”
Тус салбар улсын төсөвт энэ онд 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь нөлөөлжээ. Энэ тоо ирэх онд нэмэгдэнэ гэдгийг салбарын яамны удирдлагууд онцолсон. Учир нь ойрын хугацаанд газрын тосноос гадна занар, нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг хөрөнгө оруулагчидтай байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн хуулийг шинээр баталж, хөрсийг нь бэлдэж байгаа нь гадныхан Монголын газрын тосны салбарт "гараа сунгах” гол шалтгаан гэдгийг чуулганд ирсэн зарим хөрөнгө оруулагчид хэллээ. БНХАУ-ын газрын тосны хайгуулын "Zong heng” компанийн захирал Yu Jianlang "Монголд газрын тосны хайгуул хийхээр манай компани ажлаа төлөвлөөд байна. Биднийг энэ ажлыг эхлүүлэхэд Монголын газрын тосны нөөц, энэ салбарт хийсэн эрх зүйн орчны шинэчлэл итгэл найдвар төрүүлж байгаа. Гэхдээ Монголын хууль уул уурхайн салбар хөгжсөн Канад, АНУ-ын хуулийг гүйцэхээр сайн болоогүй. Улам сайжрах байх” хэмээсэн юм.
Э.ӨНӨР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих