Цас эрт орвол тэр жилдээ хүйтэн байхын шинж гэж ярьдаг билээ. Өвөл
цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны газрын Урьдчилан мэдээлэх
секторын эрхлэгч Ж.Цогттой ярилцлаа.
-Энэ жил цас эрт орлоо. Их хүйтэн өвөл болно гэж ярьж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Их
цастай өвөл хүйтрэх тал бий. Гэхдээ цас ихтэй жил бүр хүйтэн байх
албагүй л дээ. Өвлийн эхэн сар буюу арав, арваннэгдүгээр сард дулаан
байна. Ерөнхийдөө энэ жилийн өвлийн төлөвийг олон жилийн дундажтай
харьцуулахад харьцангуй дулаан өвөл болно. Айхтар хүйтрэхгүй. Цаг агаар
дулаахан байх хэдий ч цас их орно. Арав, арван нэг, арван хоёр,
нэгдүгээр саруудад ихэнх нутгаар цас их орно. Хавар ч гэсэн нэлээд цас
орох төлөв байгаа.
-Цас ихтэй ч дулаан өвөлжих нь ээ ?
-Дулаахан
байх нь сайхан ч, цас ороод дулаарах нь тийм ч сайн зүйл биш. Учир нь,
орсон цас хайлна, доошоо сууж нягтарч мөстөнө. Мал тэр зузаан мөстсөн
цасан доороос өвс олж идэхээргүй болно. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн
асуудал хүндэрнэ. Бэлчээрийн даац багтаамжийн тал дээр нийт нутгийн 60
гаруй хувь нь боломжийн байгаа. Гэхдээ Өмнөговь, Дундговь, Архангай,
Ховд, Завханы нутгаар бэлчээрийн даац, багтаамж хүрэлцээ муу байгаа. Ер
нь нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хангалтгүй байна. Энэ тал
дээр холбогдох газар нь зохицуулалт хийж байгаа байх. Хот суурин газар ч
яахав цас их орлоо ч цэвэрлэчихнэ. Харин малчид анхаарал сэрэмжтэй
байхаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажлаа гүйцэд сайн бэлдэх хэрэгтэй.
Дулаан өвөл болно гэж тайвширч болохгүй. Дээр хэлсэнчлэн цас их ороод
дулаарах нь цас хайлж мөстөхөд хүргэнэ. Ингэснээр мал бэлчээргүй болно.
Түүнчлэн малын хэвтэр норж, хөлдөнө гэх мэт нэлээд асуудал гарна.
-Олон
жилийн дундажтай харьцуулахад харьцангуй дулаан өвөл болно гэж ярьлаа.
Олон жилийн дундаж гэдгийг та тайлбарлаач. Яг хэдэн хэм байх юм бол оо?
-Монгол
орны хамгийн хүйтэн сар арванхоёр, нэгдүгээр сар байдаг. Манайхан ес
эхэлнэ гэж ярьдаг. Тухайлбал, гурван есөд "гунан" үхрийн эвэр хуга
хөлдөнө гэдэг. Цаг уурт ийм ойлголт байдаггүй юм. Цаг уураар Монголын
хамгийн хүйтэн үе нь арванхоёр, нэгдүгээр сар гэж хэлсэн. Энэ хугацааг л
хэлээд байгаа юм. Өмнөх жилүүдэд яг энэ хүйтний хугацаандаа хамгийн
хүйтэн нь 30-40 хэм хүрч байсан бол энэ өвөл арай гайгүй. Гэхдээ
хүйтэрдэг цаг, хугацаа юм чинь хүйтэн л байна. Дулаахан байна гэж
тайвширч болохгүй.
-Бусад нутагтай харьцуулахад аль нутгаар цас их орох вэ?
-Аравдугаар
сарын дундуур Архангай, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Дорнод, Завханы
зүүн хойд Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы өмнөд Дундговийн хойд болон
зүүн хэсгээр нэлээд их цас орно. Арваннэгдүгээр сард, Булган, Дорнод,
Төв, Сүхбаатарын ихэнх нутгаар, Ховд болон Өвөрхангайн хойд хэсгээр
Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр их цастай. Арванхоёрдугаар сард, Увс,
Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр, Төв, Хэнтийн
өмнө хэсгээр, Сүхбаатар, Дорнод аймгуудаар олон жилийн дунджаас ахуй
цастай. Нэгдүгээр сард, Хөвсгөл,Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Говь-Алтай
аймгуудаар мөн л их цас орно. Хоёрдугаар сард Баян-Өлгий, Ховд,
Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс, Хөвсгөлийн
өмнө хэсгээр мөн Булган, Дундговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зүүн
хойд хэсгээр Дорнодын хойд хэсгийн нутгаар цастай. Гуравдугаар сард
Баян-Өлгий, Увс, Булган, Төв, Дундговь, Дорнодын хойд хэсэг, Гов-Алтайн
баруун хойд хэсэг, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай
аймгуудад их цастай байх төлөвтэй байгаа.
-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?
-Энэ
сарын 10,11-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-21 хэм хүрч ширүүсч
шороон болон цасан шуурга шуурна. Харин 8,9-нд харьцангуй дулаахан
байна. 10,11-ны өдрүүдэд өмнөх өдрүүдээс хүйтэрнэ. Өнгөрсөн өдрүүдэд
говийн нутгаар 20 хэм давж дулаарсан байгаа. Алтай, Хангай , Хөвсгөлийн
уулархаг газраар 10 гаруй хэм дулаан байсан. Агаарын хэм 10 хэмээр
буурахаар өдөртөө 2-3 хэм дулаан болно гэсэн үг. Нийт нутгаар цасан
бүрхүүл тогтох хугацаа хаяанд ирчихлээ. Иргэд цаг агаарын сарын
урьдчилсан мэдээг сайн харж, уншиж байх хэрэгтэй байна. Ингэж байж л
бэлтгэл ажлаа сайн базааж чадна шүү дээ.
-Цасан шуурга болох эсэхийг урьдчилан мэдэх боломж хэр байдаг вэ?
-Цаг
агаарын нэг сарын урьдчилсан мэдээгээр үүнийг мэдэх боломжтой. Үүнийг
хэдний өдөр салхи хэд хүрч салхилах нь вэ гэх мэтээр хэлж болно. Нэг
хоногийн өмнө тэр аймагт салхи хэдэн метр хүрч цасан болон шороон шуурга
шуурна гэдгийг тодорхой мэдэх боломжтой.
-Манай улсын хувьд цаг агаарын урьдчилсан мэдээний баталгаа хэдэн хувьтай байдаг вэ?
-Манай
улсад аюултай үзэгдлийг урьдчилан илрүүлэх боломж 70-80 хувьтай байдаг.
Гэхдээ зөвхөн том машстабтай аюултай үзэгдлийг шүү дээ. Харин жижиг
машстабтай аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд хүндрэлтэй. Энэ нь
манай байгууллагад тоног төхөөрөмж тааруу байдагтай холбоотой.
Ж.ЧУЛУУН /ҮНДЭСНИЙ шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих