КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Малайзын иргэний агаарын тээврийн "Malaysia Airlines” компанийн онгоц агаарын тээврийг хянагчидтай холбоо тасарсныхаа дараа хэвийн бус, тодруулбал, хэт өндөрт эсвэл доогуур нисч байжээ.
Энэ сарын 8-нд Бээжингийн чиглэлд хөөрсөн "Боинг-777” онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байгаад сураггүй болсноос хойш 10 хоног өнгөрлөө. Тус онгонд 239 хүн сууж явсан юм.
Малайзын цэргийн радарын бичлэгээс үзвэл, онгоц холбоо тасарснаасаа хойш ойролцоогоор 13700 метр өндөрт хүрч ниссэн байна. Энэ зөвшөөрөгдсөн өндрөөс хамаагүй өндөр гэсэн үг юм. Дараа нь эрс доошилж, 7000 орчим метр өндөрт нисч байжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхад нь харилцаа холбооны системүүдийг нь зориуд унтрааснаас хойш энэ онгоц 45 минут хэвийн бус өндөрт ниссээр байсныг дүн шинжилгээ илтгэж байна.
Онгоц яагаад хэвийн бус өндөрт ниссэн, цаашлаад нисгэгчийн бүхээгт ямар нэг асуудал үүссэн эсэхийг тогтоохын тулд энэ мэдээлэлд Малайзын Засгийн газар үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийх аж.
Агаарын тээврийг хянагчидтай энэ онгоц хамгийн сүүлд холбогдохоос өмнө харилцаа холбооны системүүдийг хэсэгчлэн салгасанд хөлгийн дарга холбоотой эсэхийг тус улсын Засгийн газар мөн шалгаж байна.
Г.Доржханд
монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих