МОСКВА. /ru.journal-neo.org /. ОХУ болон БНХАУ-тай сайн
хөршийн, үр бүтээлтэй харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад
бодлогын тэргүүлэх чиглэл болохыг хүлээн зөвшөөрсөн Гадаад бодлогын үзэл
баримтлалыг тус улсын эрх барих дээд байгууллага-Улсын их хурал 1994
онд баталсан билээ.
Үүнээс өмнө Монгол-Орос, Монгол-Хятадын харилцаа уналтаас хөгжил хүртэл хөгжлийн хэд хэдэн үе шатыг дамжжээ.
БНХАУ байгуулагдсаны дараах эхний арван жилд Бээжин, ялангуяа Москва
Монголд томоохон тусламж үзүүлж байв. Хятадууд Улаанбаатар хотод орон
сууцны хороолол барьж, Туул голын төмөр бетонон өргөн гүүрийг тавьж,
"Улаанбаатар” зочид буудал, Улсын их дэлгүүр зэрэг байгууламжийг барьж
өгсөн бол оросууд Дархан хот болоод түүний эргэн тойронд аж үйлдвэрийн
цогцолборыг байгуулж, уул уурхайн боловсруулах "Эрдэнэт” үйлдвэр, Шарын
голын нүүрсний уурхай, нийслэл хотод ТЭЦ3 болон ТЭЦ4 цахилгаан станцыг
ашиглалтад оруулжээ.
Энэ үед хоёр талаас үзүүлж байсан өгөөмөр тусламж нь Монголд зонхилох
нөлөөгөө тогтоохын төлөөх ЗХУ болон БНХАУ-ын далд тэмцлийг харуулж
байлаа гэж Өрнөдийн шинжээчид үзэж байна.
Энэ бүхэн ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд үүссэн сөргөлдөөнөөс болж
Монгол-Хятадын харилцаа нурсан 1960-аад оны хоёрдугаар хагас хүртэл
үргэлжлэв. Тэр цагаас хойш тухайлбал, Мао Зэдун болон түүний хүрээнийхэн
БНМАУ-ыг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг илэрхий санаархаж байсны
уршгаар энэ харилцаа 20 жилийн турш үнэндээ бүрэн тасарсан байв. Ийм үед
ЗХУ энэ бүх хугацаанд "Монгол нутагт социализм байгуулахын гол
зоригжуулагч, ивээн тэтгэгч нь” хэвээр байлаа.
1986 онд БНМАУ болон БНХАУ-ын хооронд таван жилийн хугацаатай
худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан нь хоёр
орны улс төрийн харилцааг хэвийн болгож, сайжруулах эхлэлийг тавьсан
бөгөөд улмаар 1990-1993 онд худалдаа,эдийн засгийн харилцаанд жинхэнэ
өрнөлт гарсан билээ.
Энэ нь, эцсийн дүндээ Хятадын Ерөнхий сайд Ли Пэнийг Улаанбаатарт
айлчилж, улмаар айлчлалын үр дүнд 1994 оны дөрөвдүгээр сарын 29-нд
найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чухал гэрээнд гарын үсэг зурахад
хүргэжээ.
Дээрх үйл явц объектив болон субъектив цогц шалтгааны улмаас
Монгол-Оросын харилцаа 1990-1992 онд эрс уналтад орсон үед болсон бөгөөд
1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай суурь гэрээ
байгуулснаар зогссон билээ. Хятадууд энэ уналтыг Монголын зах зээлд
байр сууриа бэхжүүлэхэд чадварлагаар ашигласныг тэмдэглэх хэрэгтэй.
1993-1994 оноос 2000 он хүртэлх үед Орос, Монголын харилцаа бүрэн
тогтворжих шинжтэй болж, БНХАУ нь Монголын худалдаа-эдийн засгийн гол
түншийн хувиар дэвшин гарч ирэв.
21 дүгээр зууны эхэн үе нь Монгол Улсын ОХУ болон БНХАУ-тай хийж буй
харилцаа орчин үеийн шатандаа орох эхлэл болов. Энэ шатны гол шинж чанар
нь хоёр талын улам бүр өсөн нэмэгдэж буй хамтын ажиллагаа нь стратегийн
харилцаа болон хувирч, гурван талын хамтын ажиллагааг зохион байгуулж,
хөгжүүлэх нь цаг үеийн зорилт болон дэвшигдэж байгаад оршино.
Энэ чиглэл дэх эхний алхам нь Орос-Монгол-Хятад гэсэн гурвалжинд ийм
хамтын ажиллагааны үндсэн зарчмын асуудлаар зөвшилцөлд хүрэх ёстой гэдэг
ойлголт юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар
Тажикистаны нийслэл Душанбе хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны
байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 2014 оны есдүгээр сарын 12-нд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй
хийсэн түүний хосгүй уулзалт нь ийм л зорилготой байсан билээ.
Нэн шинэ түүхэнд Монгол, Орос болон Хятадын удирдагч нар анх удаа нэг
дор цугларч, харилцан ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Зүүн-Хойд
Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх зорилгоор гурван талын дээд
хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай Ц.Элбэгдоржийн саналын талаар
санал бодлоо солилцохын тулд нэг ширээний ард суусан юм.
"Улаанбаатарын яриа хэлцээ” явуулах санааг Ц.Элбэгдорж эртнээс тээж
явсан бөгөөд энэ оны наймдугаар сарын 21-22-нд Монгол Улсад хийсэн
төрийн айлчлалынх нь үеэр Си Зиньпинтэй, түүнчлэн энэ оны есдүгээр сарын
3-нд В.В.Путины хийсэн ажлын айлчлалын үеэр түүнтэй хийсэн хэлэлцээний
үеэр энэ тухай мэдэгдсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхэд энэ саналыг
ойлгон хүлээн авсан бол Душанбед эдгээр удирдагч мэдэгдэл хийхдээ,
саналыг бүрэн сайшаасан нь Душанбегийн уулзалт ач холбогдолтой болсныг
гэрчилж байна.
Гурван талын уулзалтыг дээд хэмжээнд зохион байгуулах ёстой гурван
зарчмыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгожээ. Нэгдүгээрт, уулзалтыг
гурван жилд нэг удаа явуулах хэрэгтэй бол үүнд бэлтгэхийн тулд гурван
улсын Гадаад хэргийн сайд нарын орлогч нар Улаанбаатар хотод жил бүр
уулзалт зохион байгуулах, хоёрдугаарт, "Улаанбаатарын яриа хэлцээ”-г
олон нийтэд ил тод бөгөөд гурван талын хамтын ажиллагааны ерөнхий
зарчимд нийцэж байх ёстой. Гуравдугаарт, дээд хэмжээний уулзалтын үеэр
зам тээвэр, дэд бүтэц, мөн бүс нутгийн асуудлууд зэрэг гурван талын эрх
ашигт нийцсэн асуудлуудыг хэлэлцвэл зохино гэдэг зарчим юм.
Төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх, Оросоос Хятад руу
Монголын баруун нутгийг дайруулан хий дамжуулах хоолой тавихыг Монгол
Улс ихээхэн сонирхож байгааг илэрхийлэн эдгээр асуудлыг шийдвэл дамжин
өнгөрөх тээврээс тус оронд багагүй орлого орж болохыг онцлон
тэмдэглэжээ.
Энэ бүх байдлыг харгалзан эдгээр асуудлыг хэлэлцэн, шийдэхийн тулд
гурван талын ажлын уулзалтыг Улаанбаатарт энэ онд явуулахыг Ц.Элбэгдорж
санал болгосон нь зөвхөн "гурван орны төдийгүй нийт бүс нутгийн хамтын
ажиллагааг идэвхжүүлж байна”.
Гурван талын яриа хэлцээнд голлох биш боловч их идэвхтэй үүрэг
гүйцэтгэж, гурван талын хэлэлцээний цөм болохыг Монгол Улс эрмэлзэж
байгаа нь Ц.Элбэгдоржийн хэлсэн үг болон саналаас харагдаж байна.
Орос, Хятад хоёр гурван талын дээд хэмжээний уулзалт хийх тухай
Монголын санаачилгад хэрхэн хандаж байгаагаа Душанбед өөрсдийн
удирдагчдын хэлсэн үгээр тодорхойлж, ийм дээд хэмжээний уулзалт зохион
байгуулах санааг сайшаав. В.В.Путин "байнгын яриа хэлцээ хийж байх нь
чухал, чиглэсэн зорилготой бөгөөд ашигтай хэмээн бид үзэж байна" гэсэн
бол гурван талын уулзалт нь "гурван талын хооронд илүү нягт харилцаа
тогтоох бат бэх үндэс суурийг тавина" гэж итгэж буйгаа Си Зиньпин
илэрхийлсэн билээ.
Энэ оны 11 дүгээр сард Хятадын нийслэл Бээжин хотод болох "Ази-Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний
уулзалтын үеэр Монгол Улсыг тус байгууллагад гишүүнээр элсэхэд дэмжлэг
үзүүлэхэд бэлэн байгаагаа Орос болон Хятадын удирдагчид харуулсан билээ.
Гэвч гурван талын дээд хэмжээний уулзалтыг явуулах газар болон цаг
хугацааны асуудалд санал зөрөлдөөн ажиглагдав. Гурван талын яриа хэлцээг
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын жил тутмын дээд хэмжээний
уулзалтын үеэр хийж байж болох юм гэж Путин үзжээ.
Ээлжит ийм уулзалт 2015 оны долдугаар сард Башкортостан улсын нийслэл
Уфа хотод болно. Харин Си Зиньпин ийм уулзалт зохион байгуулах нь чухал
ач холбогдолтойг ярьсан боловч эхний тийм уулзалт чухам хэдийд, хаана
болох ёстойг, түүний дараа ийм уулзалтууд хийх эсэх талаар дуугүй
өнгөрчээ.
Хоёр удирдагч хэлсэн үгэндээ мөн гурван талын хамтын ажиллагааг
өргөжүүлэх талаар өөр өөрийн хэд хэдэн санаачилгыг санал болгосон бөгөөд
эдгээрийг санал болгож буй дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудал
болгож болох юм гэж үзэж байна.
Тухайлбал, В.В.Путины үзэж байгаагаар, энэ нь Орос, Монгол, Хятадын
нутгаар дайруулан төмөр зам тавих, "Торгоны зам", "Талын зам" төслийг
Оросын тодорхой төслүүдтэй холбох боломж, Монголын нутгаар дайруулан
цахилгаан дамжуулах шугам тавих асуудлыг хэлэлцэж болох юм.
Гурван орны хөгжлийн стратеги дийлэнх тохиолдолд нийлж байгааг Си
Зиньпин тэмдэглэв. "Торгоны замын" дагуу эдийн засгийн бүс байгуулах
Хятадын санаачилгыг Орос, Монгол хоёр сайшаасан, Евразийг дамнасан төмөр
зам тавих тухай Оросын санаачилга, "Талын зам", Хятад-Орос-Монголын
эдийн засгийн зурвас байгуулах тухай Монголын санаачилгыг нэгтгэх боломж
байна. Тэрбээр бас хил дамнасан гурван талын цахилгааны дамжуулах
сүлжээ байгуулах боломжийг судлахыг санал болгов.
Дээр дурдсанаас үзвэл, дэлхийн хэд хэдэн бүс нутагт сөргөлдөөн,
зөрчилдөөн гарч байгаа өнөөгийн нөхцөлд Монгол, Орос, Хятад тус гурван
улсын бүгдийнх нь эрх ашгийн үүднээс өөр хоорондын харилцааны үр ашгийг
дээшлүүлэх тодорхой чиг шугам баримтлах болсон нь янз бүрийн салбарт
гурван талын хамтын ажиллагааг урьд өмнө байгаагүй өндөрлөгт гаргах
боломжийг олгож байна гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, түүхийн ухааны
доктор, "New Eastern Outlook” цахим сэтгүүлийн тоймч Марк Гольман
бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих