Найман
зууны тэртээгээс "цагаан”-ы баяр тэмдэглэсэн монголчууд 90 гаруй
жилийн өмнөөс гацуур чимэж эхэлжээ. Энэхүү өрнийн соёл төв Азийн
нүүдэлчдэд хэрхэнийм хурдан түгэв гэдэг сонин. 1930-аад онд Их зохиолч
Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэх баримт бий.
Ухаандаа, баруунд боловсрол эзэмшээд ирсэн Монгол залуус эх нутагтаа
соёлын үрийг тарьж байсан хэрэг. Гэхдээ энэ жижиг "party”
их зохиолчийг хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь харамсалтай. Харин
төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947
онд байлаа. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны
арванхоёрдугаар сарын 31-нд шинэ он гарган их найр хийжээ.
Ингэхдээ
Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Зоог
гүнцгийн уламжлалыг дагаж "хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу хийж,
номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд "торт” гэх этгээд
зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул "бялуу” гэвэл зохилтой гэжээ.
Ингэж хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ
жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын
тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Мөн
Оросын соёл, боловсролын довтолгоо ч хүч өгчээ. Ингэж Монголчууд
бялуу, ёолктой давхар танилцжээ.
Тэгвэл европчууд хэрхэн шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн талаар товч өгүүлсү. Шинэ
жилийн баяр бол гэр бүлийн халуун дулаан илчийг мэдрэх, найз нөхөд,
хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг баяр билээ. Гэр бүл, хамт олноо
сэтгэл хангалуун баяр хөөрөөр дүүрэн баярлуулах нь ч өөрөө аз
жаргалтай явдал. Иймээс ч гэрийнхнээ, хамт олноо сэтгэл хангалуун
баярлуулж, хэзээ ч үл мартагдах шинэ жилийн үдшийг бэлэглэе хэмээн бүх
хүмүүс л дор бүрнээ хичээцгээж байгаа. Харин шинэ жилийн баярыг анх
хэзээ тэмдэгдэж ирсэн талаар хүмүүс тэр болгон мэддэггүй. Иймд уншигч
та бүхний мэдлэгийн санд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
Шинэ
жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Эртний
Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэж иржээ. Ромчууд шинэ
жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг
байжээ. Гэхдээ олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг
эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-ний шинэ оны эхний өдөр
хэмээн НТӨ 153 онд тунхагласан аж.
Шинэ жилийн баярын ширээг улс үндэстэн бүр өөр өөрөөр засдаг. Тухайлбал, Румын,
Австрали, Болгарчууд дотор нь зоос, халуун ногоо хийсэн жигнэмэгээр,
Францчууд шарсан цацагт галуугаар баярынхаа ширээг чимдэг. Манай
улсын хувьд 1920-оод оны сүүлээс анх шинэ жил тэмдэглэж эхэлсэн
цагаасаа л буузыг баярын ширээнийхээ хүндэт зоогоор сонгож, өдгөө ч
таашаан хэрэглэж байгаа. Мөн төрөл бүрийн загас, нугасыг шарж, жигнэн
зоог барих нь ч цөөнгүй болжээ.
Шинэ жилийн гацуур
Европын
орнуудад зул сарын гацуурыг арванхоёрдугаар сарын 25-нд засдаг.
Гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн
гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ
жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж
үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал
бэлэг тэмдгээ болгодог гэнэ.
Санта-Клаус гээч улаан дээлтэй өвгөн...
Хаанаас
хэзээ яаж "мэндэлсэн” нь хамаагүй, хүүхэд төдийгүй насанд хүрэгсдийн ч
хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн
мөч нь өвлийн өвгөн, Санта-Клаус ирж хүүхэд багачуудад бэлгээ тараах л
байдаг билээ. Санта-Клаус буюу өвлийн өвгөнийг бид улаан дээл малгай,
цагаан сахалтайгаар төсөөлдөг болоод удаж байна. Гэвч Өвлийн өвгөн
хаана, хэзээ мэндэлсэн талаар тэр болгон хүмүүс мэддэггүй.
1823
оныг хүртэл Санта-Клаус ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй байж. Гэтэл
тэр жилийн арванхоёрдугаар сарын 24-нд нэгэн багш болох Кларк Мур
эхнэр хүүхдүүддээ зориулан "Шинэ жил ба Санта-Клаусыг угтах нь” гэсэн
шүлэг, зохион бичлэг бичиж өгчээ. Энд Санта найман буга хөлөглөн давхиж
ирээд яндангаар орж ирдэг тухай бичсэн байна. Мур эхлээд үүнийгээ
хэвлүүлэхийг төвдсөнгүй гэр бүлийнхээ хүрээнд л уншицгааж. Харин нэг
найз нь энэ зохион бичлэгийг нь "Sentinel"хэмээх сонинд өгсөн нь хүн
болгон тэрхүү Сантаг харахыг хүсэх болсныг 1862 онд зураач Томас Наст
биелүүлж Сантагийн анхны төрхийг гарган 24 жилийн турш "Harper"s
Weekly” сэтгүүлийн хавтсанд зориулж зурсан байна. Зураач Сантагаа
хойд туйлд байдаг гэж дүрсэлсэн нь их алдаршжээ.
Америкийн
иргэний дайны үед ерөнхийлөгч Линкольн бүр Настаас Сантаг
умардынхантай хамт зурж өгөхийг гуйж байжээ. Гэхдээ Настын Санта хар
цагаан байсан гэдэг. Өвлийн өвгөнд улаан дээл, малгайг нь 1885 онд
хэвлэлийн ажилтан Луис Пранг "өмсүүлжээ”. Тэр Америкт анх удаа
христийн баярын ил захидал гаргахдаа өвлийн өвгөнийг улаан дээл
малгайтай болгон хэвлүүлсэн байна. Ингэж л Санта-Клаус анх өтгөн үстэй
захтай улаан дээл, малгайтай, цагаан сахалтай болсон гэдэг.
MNB.MN
Сэтгэгдэл бичих