Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах гэж бүхий л
боломжтой замыг хайж эхэлсэн. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн
албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүний
нэг нь хөрөнгийн албан татвар юм. Уг татварын тухай хуулийн төсөлд
дөрвөн төрлийн албан татвар багтсан байна. үүнд, малийн хөлийн, авто
машин, орон сууц, буу гэх албан татварууд багтчихаад байгаа. Үүнд,
Нэгдүгээрт нь бууны татварыг манай улсад 1997 онд тогтоосноос хойш
өөрчлөөгүй байгаа юм. Энэ хуулийн төсөл 4000-6000 төгрөг байсан татварыг
50.000-100.000 байлгахаар тусгажээ. Гэхдээ 6 мм-ээс доош үрлэн сумтай
бууны татвар 50 мянга, 6 мм-ээс дээш хэмжээтэй бол нэг удаа 100.000
төгрөгийг төлөх заалт гарсан юм.
Хоёрдугаарт тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан уул,
Орхон аймгийн төвүүдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлэхээр төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, авто машины
татвар дээр тансаг хэрэглээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг цилиндрийн
багтаамж, харьяалагдах газраас нь хамааруулж ногдуулах татвар харилцан
адилгүй байх юм байна. Тухайлбал, манай ард иргэдийн нийтлэг унадаг,
суудлын "Приус” автомашинтай хүн одоогийн үйлчилж байгаа хуулиар жилдээ
36 мянган төгрөг төлдөг бол хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 108 мянган
төгрөг төлнө гэнэ.
Энэ талаар иргэд Засгийн газраас байгаль экологид ээлтэй, цахилгаан
хөдөлгүүртэй авто машиныг дэмжих байтал ийнхүү татварыг нь өндөр болгох
гэж байгааг шүүмжилсээр байгаа. Дээрх автомашиныг сайд дарга нар
унадаггүй, орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол тээврийн
хэрэгсэл болсон гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, "Приус” машины
татварыг нь гурав дахин өсгөхөөр шийдсэн нь эдийн засаг хямралтай үед
ард иргэдийнхээ "хоолны мөнгө”-нөөс хумслах хатуухан гэсгээлт гэж хэлж
болохоор байгаа юм.
Гуравдугаарт нь малын хөлийн татвар юм. Малын хөлийн татварыг тооцохдоо
нэг үхэр, адууг таван хониор тооцож бодно. Өрхийн гишүүн бүрт ногдох
хонины тоо толгой 50 байх юм. Товчхондоо бол зургаан ам бүлтэй, 300
хоньтой айл татвар төлөхгүй гэсэн үг. Малчид дунджаар 2-4 хүүхэдтэй
байгаа. Дээрх байдлаар шилжүүлэн тооцоход 40 үхэртэй айл татвараас
чөлөөлөгдөнө. Малын хөлийн татварыг малчдын 40 хувь нь төлөхөөр байгаа
юм. Энэ нь малынхаа ашиг шимээр амьжиргаагаа дөнгөж залгуулж буй
өрхүүдэд хамаагүй татвар аж. Харин 1000, 2000 зэрэг олон малтай иргэдийг
мал аж ахуйгаас илүү их ашиг олох бололцоотой гэж үзэж буй учраас тэр
хөрөнгөнд ногдуулж буй татвар. 1000 болон 200 толгой малтай өрхийг
харьцуулахад 1000 малтай нь байгалийн ашиг шимийг илүү их хүртэж буй
учраас дээрх татварыг авах аж. Нэг хонин толгойд ногдох малын хөлийн
албан татварыг тогтоогоогүй байгаа бөгөөд 0-1000 төгрөг байгаа гэж
төсөлд тусгажээ. Энэ заалтыг УИХ-ын зарим гишүүн дэмжиж байгаа ч нөгөө
хэсэг нь эсэргүүцээд байгаа. Манай улсад 209 мянган малчин өрх 52 сая
толгой мал хариулж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тэгвэл Сангийн
яамнаас 52 сая толгой малыг ойролцоогоор зургаан их наяд төгрөгийн
хөрөнгө хэмээн үнэлжээ.
Дөрөвдүгээрт нь орон сууцны татварын тухайд иргэдийн гурав дахь орон
сууцнаас татвар авна хэмээн тусгасан. Харин 80 сая төгрөгийн үнэ бүхий
хоёр орон сууцтай хүн татвар төлөхгүй аж. Энэ мэтээр татвар ногдуулж
байгаа нь эдийн засгаа аврах нэг гарц нь байлаа ч хямралтай үед татвар
нэмдэг жишиг дэлхийд байхгүй гэх юм билээ.
Яг үнэндээ ард түмний амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд
нэрвэгдсэн, ажилгүй иргэдийн тоо өссөн үед энэ байдлыг засах уу, үгүй юу
гэдгийг шийддэг хүмүүс нь эрх баригчид. Тиймээс ард түмний амьдрал хүнд
үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч
улсад байхгүй гэдгийг олон улстөрчид төдийгүй эдийн засагчид ч хэлж буй
юм. Угтаа бол татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн
халааснаас авна л гэсэн үг. Гэтэл ард түмний нуруун дээрх татварыг хоёр
дахин нэмнэ гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь ард түмэнд таалагдахгүй л
болов уу. Юутай ч дээрх хуулийн төслүүдийг эргэж харах шаардлага зүй
ёсоор тулгарч байгаа юм.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих