Хорт хавдрын эрсдлийг бууруулах, хүн амын өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлсийг таниулах, эмчийн ачааллыг багасгах зэргээр хэд хэдэн томоохон хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамнаас зарлан хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Шинэчлэлийн
Засгийн газрын "1111” төвд долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн
газрын сайд нар ажиллаж байгаа. Энэ удаад Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус
төвд ажиллаж, нэг цагийн турш иргэдийн сонирхсон асуултад шууд хариулт
өглөө.
Энэ хугацаанд нийт 4500 иргэн холбогдсон бөгөөд дийлэнх нь
эмчийн хариуцлага, эмнэлгийн байгууллагын үйлчилгээ, хүнд өвчний үед
хэрэглэх эмийн хангалтгүй байдлыг шүүмжилж, Эрүүл мэндийн яамнаас энэ
салбарт барьж буй шинэчлэлийн бодлого хэр үр дүнтэй явж байгааг түлхүү
асууж байв.
Харин Эрүүл мэндийн сайд энэ салбарын эрхзүйн орчныг
боловсронгуй болгох, олон талын зохицуулалтыг нарийвчлан тусгах Эрүүл
мэндийн тухай хуулийг санаачлан боловсруулж дуусгасныг онцлоод, энэ
хуульд эмчийн хариуцлагыг нэлээд олон талаар тусгасан гэдгийг хэлж байв.
Тухайлбал иргэнд эрүүл мэндийн хохирол учирвал нөхөн төлүүлж байх,
онцгой тусламж үзүүлдэг кабинетуудаа камержуулж, хянах зэрэг зохицуулалт
хийж эхэлснээр эмчийн хариуцлага эрс дээшилнэ гэж төлөвлөж байгаа юм
байна.
Энэ оны хувьд нийслэлийн 2 дүүрэгт жишиг эмнэлэг байгуулах
аж. Сонгинохайрхан дүүрэгт байгуулах жишиг эмнэлгийг Азийн хөгжлийн банк
25 сая ам.доллараар, Баянзүрх дүүрэгт барих эмнэлгийг Жайка олон улсын
байгууллага санхүүжүүлэх бөгөөд тус эмнэлгүүд долоон төрлийн үйлчилгээ
үзүүлэх юм.
Эрүүл мэндийн яамнаас "Эрүүл мэндийн довтолгоо”
хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо Н.Удвал сайд онцолж байв. Хүн амын
өвчлөлийн 50-60 хувь нь амьдралын буруу хэвшилээс шалтгаалдаг бөгөөд
тодруулбал буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс нөлөөлдөг байна.
Тиймээс эдгээр хүчин зүйлийг бууруулахад тодорхой анхаарал хандуулснаар
зүрх судасны өвчлөл 70 хувь, чихрийн шижин 90 хувь, хорт хавдар 30-50
хувь буурах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Мөн болзошгүй осол гэмтлээс
сэргийлж байх нь маш чухал гэдгийг сайд хэлж байв. Тухайлбал хятад
мотоциклийн осол гэхэд үхлийн гэмтэл учруулдаг, эмнэлгийн үйлчилгээ
үзүүлэх боломжгүйд хүргэдэг аж. Бага насны хүүхдээ түлж гэмтээх
тохиолдол ч их байгааг хэлээд, эдгээрээс сэргийлэх бүрэн бололцоотой,
гагцхүү анхаарал хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай гэдгийг онцолж
байлаа. Дээрх ажлууд хэрэгжсэнээр гэртээ цус харвадаг тохиолдол арилж,
цусны даралтаа иргэн хүн өөрөө хянадаг чадвартай болох, элэгний хорт
хавдрын эцсийн шатанд эмнэлэгт ханддаг бус эрт үед нь эмчид ханддаг
болох мөн осол гэмтлийн онцгой цэгүүдийг тогтоосноор эрүүл мэндийн
салбараас шалтгаалахгүйгээр бий болдог өвчин эмгэгийг тодорхой хувиар
бууруулна хэмээн тооцоолсон байна
Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Эрүүл
мэндийн сайдын нэрэмжит таван төрлийн үзлэгийг аймаг, дүүрэг, сум,
өрхийн эмнэлэгт нэгэн зэрэг явуулах бөгөөд хорт хавдраас ялангуяа
элэгний хорт хавдраас эрт сэргийлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж
байв.
Монгол Улсад эмчлэх боломжгүй нийт 33 өвчний жагсаалтыг Эрүүл
мэндийн яамнаас гаргасан. Энэ хүрээнд дээрх жагсаалтад орсон өвчнөөр
өвчилсөн иргэн гадаадад эмчлүүлэх бол зардлыг нь Эрүүл мэндийн сайдын
багцаас гаргадаг болоод байгаа юм. Нийт 500 сая төгрөг энэ төрлийн
зардалд тусгагддаг бөгөөд өнгөрөгч онд 160 гаруй хүн энэ хөнгөлөлтийг
эдэлсэн байна.
Эмч нарын зүгээс цалин хүрэлцээгүй мөртлөө ачаалал
маш их байгааг шүүмжилж, цалингаа нэмэгдүүлэхийг шаарддаг. Энэ тухайд
"Дотрын эмч нэг өвчтөнг 25 минутад үзэж, оношлох стандарт байдаг. Харин
өнөөдрийн байдлаар нэг өвчтөнд 8 минут зарцуулах шаардлага тулгарч
байгаа. Ачаалал их байгаа нь яалт ч үгүй үнэн. Үүнд хүн амын өвчлөл
нэмэгдсэн нь нөлөөлж байгаа. Мөн эмнэлгийг шүтэх сэтгэлгээг халах
хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 40-60 хувь нь онц чухал
шаардлагагүй хэвтэж байна. Үүнийг багасгах гээд олон ажил хэрэгтэй.
Цалингийн хувьд гэвэл манай улсын хувьд эрүүл мэндийн салбартаа зарцуулж
буй хөрөнгө бүс нутгийн түвшнээс доогуур байгаа юм. Тиймээс эмч нар
цалингаасаа давсан ачаалалтай байгаа. Харин ирэх 2015 оноос энэ салбарын
зардлаа өсгөж, эмч нарынхаа цалинг нэмэхээр төлөвлөж байна” гэж сайд
хариуллаа.
Диалезийн аппарат хүрэлцээгүй, хавдартай хүмүүсийг
эмчлэх туяаны аппарат ганцхан байдгийг иргэд ихээхэн шүүмжилж байв.
Манай улсын хэмжээнд диалезийн аппаратаар эмчлэгдэх хэмжээнд хүрсэн 500
орчим өвчтөн байдаг. Эдгээр өвчнийг бүрэн эмчлэхэд нийт 120 аппараттай
байх шаардлагатай. Өнгөрөгч оны хувьд улсын 2, 3 дугаар нэгдсэн эмнэлэгт
болон бүсийн оношилгооны төвүүдэд нийт 38 аппарат нийлүүлсэн бөгөөд энэ
онд нэмж 20 аппарат нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Харин
үлдсэнийг нь концессын гэрээгээр авч нийлүүлнэ гэж Н.Удвал сайд хэлж
байв.
Мөн ХӨСҮТ-д Австрийн 7 сая еврогийн тусламжаар төсөл
хэрэгжүүлэх гэж буй бөгөөд энэ хүрээнд туяаны аппарат шинээр авч, тоног
төхөөрөмжөө сайжруулах аж. Цаашдаа орон нутагт ч туяаны аппарат
хүргүүлнэ гэдгийг мөн онцолж байв.
Орон нутагт хавдрын шинж тэмдгийг
эрт илрүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат,
дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо,
эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний
оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулагдаж
байгаа. Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх
төрлийн шинжилгээ оношлогоог хийх боломжтой болж байгаа бөгөөд зарим
аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног
төхөөрөмжүүд тавигдаж, тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж
бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлэгт
хандахаар нийслэлд ирдэг чирэгдлийг багасгаж, орон нутагтаа оношлуулах
боломж бүрдэж байгаа юм.
ГССҮТ-ийн даргаар томилогдсон А.Мөнхтайван
албан тушаалаасаа татгалзсан талаар иргэдээс багагүй шүүмжлэл, асуулт
ирүүлсэн юм. Харин үүнд "ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад
оролцож шалгарсан А.Мөнхтайваныг энэ албан тушаалд томилох саналыг
Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн. Энэ дагуу тушаал гаргаж томилоод
байсан. Харин А.Мөнхтайван ар гэрийн гачигдлын улмаас өөрийн хүсэлтээр
ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр надад өглөө. Тийм учраас
ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлах болоод байна. Учир
нь А.Мөнхтайвантай хамт өрсөлдсөн бүх хүмүүс шалгалтанд унасан учир
нөөцөнд хүн бүртгээгүй байсан” гэсэн хариултыг Н.Удвал сайд өгсөн юм.
Н.Гантуяа МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих