Унасан газар, угаасан ус: Хан Хэнтий аймгийн Баянтэрэм сумын Билигт хэмээх газар төрсөн. Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт
Аавын сургаал, амьдралын луужин: "Хүний сайныг ханилан байж таних, Морины сайныг унан байж мэдэх”, "Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэсэн сургаалыг цаг ямагт санаж, эрхэмлэж явдаг.
Сурсан сургууль, Эзэмшсэн мэргэжил: 1943-1947 онд Баянтэрэм сумын бага сургууль, 1949-1955 онд Сүхбаатар аймгийн Баруун-Уртын бүрэн дунд сургууль, 1955-1960 онд Улаанбаатар хотод ХААДС-ийн зоотехникийн ангийг төгсч, дээд мэргэжлийн зоотехникч болсон.
Ажлын гараа, өноөдрийн бариа: Техникумын багшаас Монгол улсын "Гавьяат мал зүйч”
Хорол тооно тулсан хос багана: Гэргий Санжмятавын Доосмаа, бич жилтэй, хоёр хар мэнгэтэй, яс үндэс дарьганга, зоотехникч мэргэжилтэй, Саалийн фермийн эрхлэгч, МАА-н бригадын дарга зэрэг ажлуудыг хийж явсан.
Арга билгийн заяа, алтан аргамж: Дөрвөн хүү, дөрвөн охинтой.
Эр хүний ноён нуруу, намба төрх: Хэлсэн үг сургаал, хийсэн ажил хөдөлмөр, эзэмшсэн мэргэжил мэдлэгтээ эзэн нь байж чаддаг.
Ажилч, бүтээлч байхын нууц: Уншсан ном судраасаа ургуулан бодож, олсон мэргэжил мэдлэгээ ажил болгож чаддагт
Магнай тэнийх сэтгэлийн баясгалан: Дорнодын тал хээр нутгийнхаа соргог бэлчээр, цэнгэг усыг унаган төрхөөр нь байлгаж, сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ хамт олонтойгоо хийж бүтээснийхээ үр дүнг үзэж, бахархаж явах.
Түмэндээ нэртэй, олондоо тустай явахын учир: "Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүгэнэ гэдэг уламжлалаар нөхрийн хэргийг өөрийн ажлаас илүүд үзэн, бүтээж явах сайхан.
Төрийн мялаалга, улсын хишиг: Ардын хувьсгалын 50, 60, 70, 80,90 жилийн ойн медалиуд, 1974 онд "Алтан гадас” одонгоор, 1983 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, 1991 онд "Сүхбаатарын одонгоор, 2006 онд "Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар, 2006 онд МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлст манлай малчин” одонгоор, 2011 онд Монгол Улсын "Гавьяат малзүйч” цолоор тус тус шагнагдсан байна.
Д.ОЮУНГЭРЭЛ
ЗОЛТОЙ ТҮМНИЙ ЗАНГАРАГТАЙ ДАРГА
"1960 оны 3-р сарын 23. Миний амьдралын үнэт торгон эгшин, баярт мөч маань байлаа. Сэрүүн салхин санчиг үсээр минь наадсан хаврын тэр эгэл өдөр ХАА-н дээд сургуулиа дүүргэсэн дипломоо гардан авчихаад, Туулын гүүрээр хойш алхах жаргалт мөчид амьдралын нэгэн хүнд зүтгүүрээс буулга мулталсан мэт, бүр олон жил тэмүүлэн зүтгэж ирсэн том зорилгоо биелүүлчихсэн адил сэтгэл уужран бодол цээлшээд, санаа тавирч, тийм гэхийн тэмдэггүй сайхан байж билээ. Гүүрэн дээрээс хоёр тийш харахад, хархан нүднээ мэлтэгнэх хатан Туул ижий минь яг л миний туулж өнгөрүүлсэн хийгээд тулж золгох амьдрал минь юм шиг санагдсан даа...” хэмээн хуучлах эрхэм буурай бол Дувдайн Алтангэрэл гуай юм.
Тэрээр ийн өгүүлэхийн учир нь, түүний энэ хүртэлх амьдралын зам мөр шулуун дардан байгаагүйд оршино.
"1955 оны намар билээ. Рашаант, Талбулаг өнгөрч хээр хонолоо...
"...Ингээд л "бурхан болчихвол” нэг хонхорт орщуулчихаад, морь, тэмээ хоёроо тавьж орхин, хаашаа ч хамаагүй алга болчихдог байх даа” гэсэн шүү юм бодогдоно. Арга ч үгүй л байсан даа. Миний энэ "аз туршсан тэнэглэл”-ийг буруушааж, тэрэг ч хөллөж өгөөгүй эгч нартаа яаж ч очих билээ.
Шөнийн түнэр харанхуйд чөдөртэй морь үүрсэж, тойрч идээшилнэ. Тушаатай тэмээ салхидан цаашилна. Байсхийгээд л би, мухлаг тэргэн дэх ээжийгээ чагнана, амьсгаатай л байна. Амьсгаатай байна аа гэдэг бол амьд байна гэсэн үг. Амьд байхыг нь мэдрэх бүрт "алтан аяганаас ус уулгачихаж” болмоор санагдан, баярын совин гялсхийж, бас ч горьдлого зурсхийн, бодол сэргэнэ.
Манайх эсгий үүдтэй, тулгын галтай л төдий туйлын ядуу, тарчиг айл тул, саахалтаасаа мухлаг тэрэг тэмээг нь гуйн, "шарлагаа” гэсэн оноштойгоор хоёр, гурван жил мах идэх эрхгүй /тэр үед шар өвчин хүрсэн хүнд мах идэхийг хорьдог байж/, цагаан хоол төдийхнөөр голоо зогоож, хэвтэрт байсан ээжийгээ аймгийн эмнэлэгт үзүүлэхээр Баянтэрэм сумын Боонгийн хоолой хэмээх газраас Баруун-Уртыг зорин яваа минь энэ.
Үхэл амьдралын дэнс мэт түнэр харанхуйг "шуун” үүр цаймагц, ээжийнхээ "мэнд” хоносонд урамшихдаа, олон сар жилээр барьсан дэглэмийг нь зөрчин, авч явсан хониныхоо махаар шөл хийж, хэд балгуулчхаад цааш хөдөллөө.
Баруун-Уртад ирээд, сайн таньдаг айлдаа очтол, ээж минь "айлд орохгүй” гэж байна. "Үхчихэж мэднэ” гэсэн болгоомжлол байсан бололтой.
Ээжийгээ эмчид үзүүлбэл, "Мах идүүл, тэжээлийн тариа хийлгэ, турж үхэх гэж байна” гэв. Миний "замын эмчилгээ” буруутаагүй ажээ. Эмчийн зөвлөсний дагуу долоо хоног шөлөөр тордуулсан ээж минь, "Одоо харья” гэж тун ч зоригтой дуугарсан сан.
Ингэж би дөчин есөн насандаа намайг төрүүлж, есөн жил шимт цагаан сүүгээ хөхүүлж өсгөсөн амин хайртай ээжийгээ сэхээн тэнхрүүлж, олон жилийн нас хайрласандаа ганц хүүгийнх нь хувьд /гурван охинтой айлд отголж төрсөн хүү нь юм баярлаж, бас жаахан омогшдог шүү.
Тэр намар намайг ийн ар гэр, ахуй амьдралаа "болгоож” явах зуур үе тэнгийнхэн маань аль хэдийн сургууль соёлдоо явцгаачихсан, ихэнх нь шалгалт шүүлгээ өгчихсөн байлаа. Хоцорч очсон би химийн хичээлд сайн тул хүний эмчийн ангид шалгалт өгч, маргааш нь дүнгээ сонсоход "дунд, авахгүй” гэж байна. "Эдний онц, миний дунд хоёр адил даа” гээд хэлчихлээ. Энэ үг шалгагчдын сэтгэлд нийцээгүй нь ойлшмжтой, тэд ёозгүй харц шидэж, сонжсон байдлаар:
-Түүхийн хичээлд хэр вэ? гэв.
-Дундаа л гэлээ.
-Математикт ...? гэхэд нь
-Дунд байх аа гэсэнд уурлаж байна.
Ийнхүү би хүчээр зоотехникийн ангид хуваарилагдан, энэ мэргэжлийн "эзэн байх” гараа минь тавигдсан юм даа” хэмээн өгүүлэх түүний уянгатай бөгөөд ухааралтай, унацтай хийгээд нухацтай яриаг сонсон суухад "үнэхээр л төрөх гэж төрсөн, амьдрах гэж арсалдсан, эр хүн шиг эр хүн юм даа” гэж бодогдсоныг нуух юун.
ХААДС-ийн Зоотехникийн ангийг нутгаасаа тэд арваннэгүүлээ төгсөж, ихэнх нь Сүхбаатар аймагтаа хуваарилагджээ. Харин нутагтаа очиж ажиллах, тэр дундаа бүр хөдөө явж хөдөлмөрлөх туйлын хүсэлтэй Алтангэрэл гуайг Дорнод аймгийн ХАА-н техникумд багшаар хуваарилчихад, тэрээр сэтгэл нэлээд гонсойж, гоёлын костюмоо ч зарж амжсан нь санаанд нь зурсхийн буув.
Ингэж л тэрээр ажил амьдралын гараагаа Дорнод аймагтай холбосноос хойш өдгөө 50 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд түүний санаж сэдсэн, хийж бүтээсэн бүхнийг эргэн санахад бахархмаар сайхан.
Төрийн ажлын гарааг анх сумын захиргааны галч /1947-1948/, морин өртөөний улаачаар /1948-1949/ эхэлсэн тэрээр 1960-1962 онд Дорнод аймгийн ХАА-н техникумд багш, 1962-1963 онд Дорнод аймгийн ХАА-г удирдах газрын орлогч дарга, аймгийн ерөнхий зоотехникч, 1963-1978 онд Дорнод аймгийн Булган суманд сум нэгдлийн дарга, 1978-1980 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суман дахь Барга омгийн хонины улсын үржлийн фермийн дарга, 1980-1984 онд Дорнод аймгийн Матад суманд сум нэгдлийн дарга, 1984-1990 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд сум сангийн аж ахуйн даргын албыг хашиж байхад нь орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт улс орон даяар хийгдэн, төр, аж ахуйн ажил тус тусдаа удирдлагатай болсноор 1990-1992 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд Халхын голын сангийн аж ахуйн дарга, 1992-1996 онд Сүмбэр суманд Наран ББХК-д Халхын голын сангийн аж ахуй хувьчлалын хуулиар 3 компани, 16 хоршоо болон задарсан учир захирал, 1996-2000 онд Дорнод аймгийн Булган суманд Засаг даргаар тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан билээ.
Тэрээр 1963 оны 6-р сард Дорнод аймгийн Булган суманд сум нэгдлийн даргаар томилогдохдоо туйлын баяр хөөртэй байсан гэдэг. Учир нь "хөдөө”-дөө ажиллах хүсэл мөрөөдөл нь биелснийх юм.
Тэр үедээ дөнгөж 28-хан настай, Монгол улсдаа хамгийн залуу дарга болсон төдийгүй хоёрхон жилийн дараа сайн ажилласны учир сайшаагдан ХАА-н Яамнаас "ХАА-н тэргүүний ажилтан” хэмээх таван хошуу малын дүрс бүхий тэмдгээр шагнуулсан нь түүнд ажиллах ихээхэн эрч хүч, урам зоригийг хайрласан, машид бэлгэшээн хүндэтгэсэн шагнал нь байлаа.
Алтангэрэл гуай улсад 40 жил хөдөлмөрлөхдөө улс, аймгийн хэмжээндажлаараа доголдож төр засгийн анхаарал татсан сум, нэгдэл, аж ахуйдад удирдал дээд байгууллагын даалгавраар томилогдон очиж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн аж ахуйг эрхлэн хөтлөх үлэмж их дадлагтай хүнтэй ажиллах өвөрмөц арга барилтай, шинийг сэдэж мэдрэх гярхай нүд, гүйлгээ ухаантай, хийж бүтээх, зорьсноо биелүүлэхийн төлөө тууштай зүтгэдэг нь түүний удирдаж байсан Булган, Матад сум, Барга хонины улсын үржлийн ферм , Сүмбэр сум, Халхын голын сангийн аж ахуйг ажил үйлсээр өөдлөн дэвжүүлж, "өргөн”-д таниулсан бахдам амжилтуудаас харж болно.
Түүний ажлын гол арга барил зарчим нь хөдөлмөрийн нягтарсан хамт олныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх аж ахуйн нөхцөлийг сайжруулах, ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр авьяас билиг ур ухаанаа дайчлан ажилладагт байна. Тиймээс ч улс ардын аж ахуйд ач холбогдолтой шинэ бүтээл 1, оновчтой санал 5-ыг гаргаж зохиогчийг эрх авсан билээ.
Тэрээр 1978 онд хонины зохиомол хээлтүүлгийн олон эгнээт хөдөлгөөнт зогсоол бүхий пункт санаачлан СнЗ-ийн /сайд нарын зөвлөл/ дэргэдэх Шинжлэх ухаан техникийн улсын хорооноос 136 номерийн зохиогчийн гэрчилгээ 9000 төгрөгийн шагнал авчээ.
Энэ энгийн хялбар хийцтэй, хөдөлмөр ихээхэн хөнгөвчилсөн, хонины нэг ороонд нь 2 удаа үрлэлт хийх боломжтой, аль ч аж ахуйд нэвтрүүлж болохуйц уг шинэ бүгээлийг Булган сумьн "ТУГ” нэгдлийн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хонины хээл авалт 13 хувиар, ихэрдэлт 4 хувиар нэмэгдэж, жилдээ- 84500 төгрөгийн ашгийг нэгдэлд оруулж байсан төдийгүй мөнөөх өндөр бүтээмжтэй пункттэй болсноор тус сум 1978 онд улсын хэмжээнд 100 эхээс хамгийн олон буюу 92 хурга бойжуулсан амжилтаар хамт олноороо "Мөнгөн хурга” хэмээх хүндтэй шагналын эзэд болсон юм. Энэ бол өнөөгийн өндөрлөгөөс харахад их том "бизнес ухаан” байжээ..
Ер нь л Алтангэрэл гуайн аль эрт "мэдэрсэн” нэгэн санаа бол аливаад буюу цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө гээд бүхий л зүйлд "хэмнэлт” байх хэрэгтэй гэдгийг ухаарсанд байна. Үүний тод жишээнүүд нь түүний гаргасан овчтой санал, бүтээлүүд юм.
Тухайлбал, хонь ноослоход зарцуулагдах хугацааг богиносгож, бэлчээрлэх цагийг тавиу болгон, тарга хүч авахад эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ ноосны чанарыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой, хонь ноослох нэгдсэн байрыг байгуулсан нь, зөвхөн хонь ноослох төдий бус, малд нэг бүрчлэн үзлэг хийж им тэмдэг тавих. ангилалт, заазлалт, тарилга шинжилгээ, туулгалт хийх зэрэг олон төрлийн ажлыг нэг зэрэг амжуулж, үйлдвэрлэлийн цаг ашиглалтыг сайжруулан, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн чухал арга болжээ. Уг хонь ноослох нэгдсэн байранд нэг зэрэг 48 хяргагч /гар ба цахилгаан хайчаар/ ажиллан, өдөрт 2000-2500 хонь ноослох хүчин чадалтай бөгөөд тухайн аж ахуйд жил бүр 285.4 мянган төгрөгийн ашиг оруулдаг байв.
Д.Алтангэрэл гуайн нэвтрүүлсэн, бас нэгэн тэргүүн туршлага, санаачилга бол "Мал нядлах, түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх газар” юм. Энэ нэгдсэн газрыг байгуулснаар аж ахуйн дотоод хэрэгцээний бүх малыг нэгдсэн журмаар нядалгаанд оруулж арьс, шир, өлөн гэдсэнд анхан шатны боловсруулалт хийх, яс, эвэр туурыг тус тусын зориулалтаар ашиглах бүрэн боломж бүрдүүлснээр жил бүр 150- 200 мянган төгрөгийн ашиг оруулдаг болжээ. Уг байрын ашиглалт, үр дүнгийн талаар
улсын хэмжээний үзүүлэх сургууль хоёр удаа зохиогдож, бүх сумдад хэрэгжүүлэхээр сонин хэвлэлд нийтлэгдэн, төр захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын шийдвэр гарч, олон аймаг суманд тус туршлага нэвтэрч үр дүнгээ өгсөн байна.
Үргэлж л шинийг бодож, шинэчлэлийг хайж явдаг тэрээр хөрсний ус, гүн ба богино яндант худгийг ашиглан, дулааны улиралд тасаг фермийн сүүг 24-48 цагийн турш гашилгахгүйгээр хадгалах арга болох байгалийн аргаар сүү хөргөх хөргөгчийг санаачилсан бол усны ундарга багатай газар гаргасан худагт усыг нөөцлөн хуримтлуулах арга буюу "ундаргандаа усан сантай худаг”-ийг бий болгож, ус, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэхэд анхаарч байсан нь цөлжилт, усны хомсдлын гамшиг нүүрлээд байгаа энэ цаг үед ч туйлын чухал санаа юм.
Мөн тэрээр ажиллаж байсан нэгдэл, аж ахуй бүрийнхээ малчид, хөдөлмөрчдийн ахуй амьдрал, нийгмийн асуудалд санаа тавихаа ч мартаагүй явж ирсэн нь Булган, Матад сумдад эрлийз үнээтэй саалийн фермүүд, талх нарийн боовны цех, төмс хүнсний ногооны хэсэг, 8-10 мэгжтэй гахайн хэсгүүдийг шинээр байгуулж, тус сумдын хөдөлмөрчид жилийн дөрвөн улиралд сүү, гурилан бүтээгдэхүүнээр бүрэн хангагдаж, хүнсэндээ гахайн мах, төмс хүнсний ногоог хэрэглэж заншсанаас тодорхой харагдана.
Алтангэрэл гуай 1984 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр жил дараалан алдагдалтай ажиллаж байсан Халхын голын сангийн аж ахуйд ажил сайжруулах даалгавартай томилогдсон байна. Тэр үед тус сангийн аж ахуй нь үйлдвэрлэл явуулсан 12 жилийнхээ турш жил бүр 6-7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, санхүүгийн бэл, төлбөрийн чадвар муудаж, богино хугацаат зээлийн өрийн үлдэгдэл жил дараалан нэмэгдэж, үйлдвэрлэлийн эдийн засгийн үзүүлэлт хангалтгүй байсан нь малчид, тариаланчдын амжиргааны түвшинд ч нөлөөлж, сэтгэлзүйн хувьд таагүй байдалд орсон байлаа.
Шинэ дарга маань үүнд нухацтай дүгнэлт хийж, аж ахуйг алдагдлаас гаргах арга замыг малчид, тариаланчид, мэргэжилтэн нартай санал солилцон, хамтын оюун ухаанаар эрэл хайгуул хийсний дүнд үлэмж хэмжээний үндсэн хөрөнгөтэй болгохын зэрэгцээ анх удаа 1989 онд 9.1 сая төгрөгийн ашигтай ажиллуулж чадсан юм.
Сум. САА-н дарга Д.Алтангэрэл нь хэдийгээр зоотехникч мэргэжилтэй ч ургацын штабын зүгээс гарсан санал хүсэлт, асуудлуудыг маш яаралтай шуурхай шийдэж өгдөг байсны дээр шаардлагатай үед штабт сууж хүртэл ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл бид гар нийлж ажиллаж байсан хэрэг шүү дээ...” хэмээн бахархан хүүрнэсэн байдаг.
Энэ нь түүний цаг үе, нийгмээ мэдэрч, аливаад шуурхай хандан, асуудлыг хүндрэл чирэгдэлгүй шийдвэрлэж, малчид ажилчид, хамт олон дотроо орж ажилладаг болохыг төвөггүй илтгэнэ.
Алтангэрэл гуай тус аж ахуйг алдагдлаас гаргах арга замыг нарийн тооцоолж, шинжлэх ухааны үндэслэлтэй олон хувилбарыг боловсруулан ажилласны заримаас дурдахад машин техник олонтойн улмаас бензин шатахуун "урсгал”-аар зарцуулагдаж байсныг дотоодын тээврийн замын маршрут тогтоох, жолооч нарыг эзэмшиж байгаа машины төрлөөр нь хэсгийн зохион байгуулалтад оруулан, сарын даалгавартай ажиллуулах зэргээр хэмнэсэн, механикжуулагчдыг тохилог орон сууцаар ханган, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, 1988 оноос бүх механикжуулагчдад газар, техннкийг түрээсээр өгч ажиллуулсан зэрэг нь энгийн юм шиг хэрнээ эгэлгүй холыг бодсон бодлого төлөвлөлт байлаа.
Ийнхүү хөдөлмөр зохион байгуулалтын энгийн дэвшилт хэлбэрээс аж ахуйн тооцоот хэлбэр рүү шилжүүлэх замаар тус аж ахуйг үр өгөөжтэй байхаар хөтөлж чадсанд түүний удирдан зохион байгуулах арга барилын олон жилийн туршлага, алс хэтийг хардаг нарийн ухааны ур харагдана.Түүний газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээнүүд амжилттай байж 1984, 1989 онуудад тус сангийн аж ахуй "Улсын ургацын аварга хамт олон” болсноос гадна, 1984-1990 оны хооронд Улсын ургацын хошой аварга бригад 1, механикжуулагч 5 төржээ.
Сүмбэр сум, сангийн аж ахуйн мал аж ахуйн салбарын хөгжил учир дутагдалтай явж ирснийг Д.Алтангэрэл гуай гярхай ажиглан, оношлон тодорхойлж, мал аж ахуйн доголдлын шалтгаан нь өвөлжилт, хаваржилтын буруу байршлаас болж байна гэдэг дүгнэлтэд хүрснээр, малчид мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй зөвлөн, мал өвөлжүүлж, чадваржуулах бүс нутгийг тогтоон, 2 жилийн дотор хашаажуулж чадсан юм. Энэ нь өнөө цагийн хийж хэрэгжүүлэх гээд байгаа нутаг, бэлчээрийн хуваарилалт, зохион байгуулалт, эзэншилт, хамгаалалтын тухай асууцлыг тэр үед ийн төлөвлөн хэрэгжүүлж, үр ашгийг нь хүртэж байлаа.
Түүнийг ажил хүлээн авахад тус сангийн аж ахуй 5700 хоньтой байсан нь үйлдвэрлэлийн үндсэн чиглэл болох махны үхрийн нөхөн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж буйг олж харан, улсад асуудал болгон тавьснаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 6000 үзэмчин хонь авчирч, нутгийн хоньтой өөр дотор нь үржүүлэг явуулсны дүнд хонины дундаж жин 1.5-2.0 кг-аар нэмэгдэн, тоо толгой нь өсч 11.8 мянгад хүрч байсан нь "ашигтай, өгөөжтэй” байхын дээр малыг цус сэлбэж чанаржуулахын тусыг бусдад таниулсан алхам болжээ.
Малчдын залуу халааг бэлтгэхэд ихэд анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлд сайн дураараа гарсан залуучуудад эрэгтэйд нь эр даага, эмэгтэйд нь охин бяруу, сурч соёлжиход зориулж сарын 50 төгрөг, шинээр гал голомтоо бадраасан залуучуудад тугалтай үнээ бэлэглэдэг заншил тогтсон нь тэдэнд урам зориг хайрласан, бэлгэшээлтэй сайхан үйл байлаа.
Мөн Халхын голын олон ястны зан заншил, урлаг соёлын өвийг үр хойчид нь өвлүүлэн хадгалуулахад санаачилгатай ажиллаж, 170 гаруй мянган төгрөг зарцуулан, дуу бүжгийн сайн дурын хүүхдийн чуулгатай болгож байв. Энд нэг зүйлийг онцлон тодруулахад уг бүтээлд дурдагдаж буй тоо баримт, мөнгөн дүн тооцоо, шинэ бүтээл, оновчтой санал санаачилга зэрэг бүгд тухайн цаг үеийн ханш, үнэлэлтээр бичигдсэн болно.
Д.Алтангэрэл гуай эдийн засгийн шинэчлэл хийх асуудлыг хөдөө аж ахуйд чухал ач холбогдолтой зайлшгүй зүйл гэдгийг бүр анхнаасаа дэмжиж 1988 оноос эхлэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд энгийн болон түрээсийн гэрээгээр ажиллуулан зардалд хяналт тавих чекийн системийг нэвтрүүлж үр дүнг тооцох зэрэг олон чухал арга хэмжээг хэрэгжүүлэхэд зүтгэлтэй хандан, сурталчлах, үр өгөөжийг тайлбарлан таниулах, гэрээний нөхцөл боловсруулахад идэвхтэй оролцож, улсын хэмжээнд анх удаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг 100 хувь хамруулан энгийн болон түрээсийн гэрээгээр ажиллуулах зоригтой алхам хийсэн туршлагатай зохион байгуулагчийн нэг юм. Энэ нь улс орон даяар зах зээлийн системд шилжих эхлэл тавигдаж буй тухайн нөхцөлд жинхэнэ үйлдвэрлэгчдийг сэтгэлзүйн хувьд бэлтгэх аятай боломж бүрдүүлсэн чухал арга хэмжээ байлаа.
Тэрээр эдийн засгийн удирдлагын шинэ нөхцөл байдалтай өөрийн ажлын арга барилаа уялдуулан өмч хувьчлах олон хэлбэрийг хөгжүүлэх асуудлыг зохистой шийдвэрлэх талаар санаачилга гарган ажиллаж, сангийн аж ахуйн хөдөлмөрийн хамт олны зөвлөлийн хурлаар өмч хувьчлах анхны хувилбарыг хэлэлцүүлж малчид, тариаланчид, нийт ажилтан албан хаагчдын саналыг авах хугацааг тогтоосноор, олны саналыг өргөн дэлгэр авах боломж олгожээ. Үүний үр дүнд өмч хувьчлах асуудлаар хоёр дахь хувилбарыг урьдчилан тогтоож, түрээсийн хэсэг салаа 62, хоршоолол 13 байгуулагдаж нийтдээ 90 хувийг хамарсан нь энэ аж ахуйн цаашид хэрхэн яаж ажиллах үндсэн чиглэлийг тогтоосон чухал арга хэмжээ болж байжээ.
Ийнхүү Дувдайн Алтангэрэл гуайн тус аймгийн ажлаар доголдож явсан 2 нэгдэл, 1 сангийн аж ахуй, 1 фермид ажиллаж, тэргүүний хамт олон болгосон бахдам амжилтуудыг сөхөн суухад түүний удирдан зохион байгуулах авьяас билиг, бусадтай гар нийлж ажиллах арга ухаан, багаас олж авсан хүмүүжил, ажил хөдөлмөрийн дөр суусан түүх, анхан шатны "сургууль” нь хаана, юунд байв гэдэгт өөрийн эрхгүй сонирхол татагдана.
Тэрээр тарчигхан айлын хүү учир 10-р ангиа төгстлөө ээж, эгчийн хамт айлд зарагдан, бор ходоодоо "болгож”, борог амьдралаа залгуулдаг байж. Багадаа айлын хурга хариулж, ойр зуурт, энд тэнд зарагдсаар явсан бол, аяндаа "эр өсч, эсгий сунан” томорч, нэг айлдаа дагнан хөдөлмөрлөж, улирлын амралтаараа ирэн, адууг нь хариулах, эмнэг догшин сургах, худаг ус гаргах, хашаа хороо барих зэрэг аль л хүнд хүчир ажилд нь зүтгэн, Лувсан гуайн итгэл дааж, хүндлэл хүлээсэн "шавь” нь болов. Үнэхээр л тэр хоёр багш шавийн барилдлагатай хоёр юм.
Дэмчигийн Лувсангийнх гэж малаа дандаа зүсчилж өсгөсөн буюу өөрөөр хэлбэл, дан ухаа адуу, хар үхэр, цагаан тэмээтэй тээвэрт явахдаа улаан хөллөгөөгөөр ижилсүүлнэ, хонь ямаа олонтой, дөрөв таван бор гэр бүхий зарц нартай, нутагтаа нэртэй баяных байж. Лувсан гуай хэдийгээр боловсролгүй ч ихэд сэргэлэн, амьдралын их хар ухаантай, мал маллах айхтар нарийн арга барилтай, жинхэнэ "малч”, ёстой л "Тунгалаг тамир”-ын Итгэлт шиг хүн байлаа. Тэрээр багадаа туйлын ядуу тарчиг амьдралд өссөн хийгээд хэрхэн дэвжсэн тухайгаа зарц нартаа хичээнгүйлэн сайхан ярьдаг төдийгүй, түүнийгээ тун ч сайн асарч тэтгэж явсан нь өөрийнх нь ирээдүйн амьдрал сайн сайхан байх гэгээн зам нээгдсэн байж болох тухай нутгийнхан хэлэлцдэг байв.
Аливаа хүний амьдралын түүх, амсаж эдэлж явсан жаргал зовлон нь хүнд дандаа сургамж хайрлаж, авах гээхийн ухааны алтан дэнс болж байдаг тэр л жамаар Алтангэрэл гуайн Лувсан гуайнд зарагдаж явсан тэртээ он жилүүд түүнд нэгэн насны ажил амьдралаа хүний дайтай үүрч явах "амьдралын их сургууль” нь болжээ. Энэ тухайгаа ярихдаа түүний сэтгэл ер бусын их уярал, хайрлалаар бялхаж, баяр бахархлаар цалгин, "яахын аргагүй миний гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн их ачтан минь юм” гэсэн хүндлэл оршдог болох нь илт анзаарагдана.
Буянаа түгээсэн бурхан буурлынхаа амнаас унасан үг, ажлаас үүдсэн тус бүхнийг алдалгүй анзаарч, "алт” болгон "архивлаж” чадсан хийгээд "өөрөө үлгэрлэж өрөөлийг хөтлөн түүчээлэх”-ийн их арга ухаан, эв дүйг өөртөө шингээж үлдсэн түүний ажигч хярхай зан, асран нигүүлсэх сэтгэлийн их хүчийг би бас биширнэм...
"...1960 оны хавар. Дорнод аймгийн ХАА-н техникумд багшаар ирээд удаагүй байсан цаг. Нэгэн өглөө хичээлийн байр руугаа алхаж явтал аж ахуй эрхэлсэн орлогч захирал маань мөнгөн хазаар, эмээлтэй морь барьчихсан хэдэн хүмүүсийн хамт сууж байна. Ойртон очвол, "Алтангэрэл ээ, чи энэ моринд нэг мордоно уу” гэхэд нь санаанд ч орсонгүй, костюм, ботинктой чигтээ л мордож орхитол сүйд хийтэл булгиж гарав. Ойчих ч хэцүү, байх ч хэцүү болтол удаан булгисан ч би Лувсан гуайнд "дөрвөн хөл нь дээрээ гарч, дөрвөлжин зоо нь доороо гараагүй байхад ойчно гэж үгүй шүү” хэмээн эрдэж, эмнэг сургаж номхруулдаг байсан тул энэ сорилыг төвөггүй даваад гарлаа. Учир нь тэд намайг бяцхан сорьж, жаахан даажигнаж мордуулсан юмсанж. Ингэж би Лувсан гуайнд сурсан "их сургуулийн” анхны шалгалтаа энд, тэр хүмүүст өгсөн юм. Тэр үйл явдал надад үнэхээр том үнэлгээ болж, тэд намайг гайхан биширч, бахархсан сан” хэмээн өгүүлэх түүний яриаг сонсон суухад "сурсан юмыг сураар боож болдоггүй”-н үлгэрээр хэзээд хэрэг болохын ач энэ дээ гэж бодогдож билээ.
Тэрээр анх Булган суманд сум нэгдлийн даргаар очоод, тухайн үеийн нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалтын хэлбэр болох 5-6 орон тоо бүхий шат дамжлага ихтэй бригадын данхгар бүтцийг өөрчилж, бүр татан буулгаад, Мал аж ахуйн хэсгийн зохион байгуулалтад шилжүүлэн, малаа төрөлжүүлж, хэсгийн ахлагчаар нь мэргэжлийн хүмүүсийг томилон ажиллуулсан нь олон талын ач холбогдолтой байлаа. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь МАА-н үйлдвэрлэл дээрээ бүхнээ мэдэж хийдэг, тухайлбал. төрөлжсөн хэсгээ хаана өвөлжүүлж, хаваржуулах, хэдийд төллүүлэх, ноослох, оторлох хэрэгт мэргэжлийн үүднээс төлөвлөн гүйцэтгэдэг, олон шат дамжлагагүй шууд нэгдлийн даргатайгаа холбогддог болов. Алтангэрэл гуайн энэ бүтцийн өөрчлөлт аймгийн хэмжээнд тэргүүн туршлага болж олон суманд нэвтэрсэн юм.
Тухайн үед хэдийгээр социалист нийгэм ноёрхож, чөлөөтэй сэтгэх боломж хязгаарлагдмал, нэг хэлбэрт баригдмал байсан ч, удирдан зохион байгуулж чадаж л байвал зөв үнэлж хардаг болох нь түүний алс ирээдүйг харж хийсэн зохион байгуулалтын шинэ хэлбэр, шинэлэг санаанууд нь сайшаагдан түгэж байснаас харагдана. Тэр үеийн малчдын хэсгийн зохион байгуулалтын хэлбэр одоогийн бэлчээрийн тухай хуульд орсноор малчдын бүлэг юм. Хээр талд 5-7 өрх нэг бүлэг, говьд 3-5 өрх нэг бүлэг болж хуваарьт бэлчээртэй, түүнийгээ хэрхэн яаж хамгаалах тухайд гадаадынхан манайд туслан зөвлөж, хийж байна. Үүнийг тэгвэл аль 1970-80-аад онд Д.Алтангэрэл гуай сэдэж, бүр хэрэгжүүлж байжээ.
Түүний санаачилж хэрэгжүүлсэн өөр нэг ажил бол амины бог малыг зүсгүй болгосон явдал юм. Үүнийг мөн Булганд байхдаа хийжээ. Аливаа асуудал хоёр талтай байдгийн учир ажилчин, малчин, албан хаагчдын амины хэдэн мал янз бүрийн хэл аманд өртөнө. Малчдынх бол амины хэд тарган цатгалан, тоо толгой болоод төл нь бүрэн, айлын тавиул хэд өсөхгүй, үржихгүй, эмчилж тордоход ч "гадуурхагдаж” үлдэх магадлалтай зэрэг бэрхшээл их. Иймээс нэгдлийн гишүүд, ажилчин албан хаагчидтайгаа ярьж тохиролцоод, бог малыг нь зүсгүй болгон, талон өгөөд, дүрэм журам боловсруулан мөрдөж, яг л банкинд хадгалуулсан мөнгө адил нийгмийн мал өсвөл мөн тэр хэмжээгээр л өснө, хорогдвол мөн тэр хэрээр л хорогдоно хэмээн хувилан тооцчихдог системд шилжүүлсэн байна. Энэ нь мөн л шилдэг арга болж, олон сум нэгдэлд хэрэгжжээ.
Тэрээр Матадад очсон жилдээ нэгдлийн гишүүдээсээ 100 тэмээн тэрэг цуглуулан, сумын төвөөс худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эд, ноос зэргийг ачин аймагт ирж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсээ тээвэрлэн буцах ажлаар эхэлсэн ердийн хөсгийн тээвэр нь цаашид 20 гаруй хөсөг бүхий биеэ даасан, байнгын бригад болон, нэгдлийн дотоодын тээвэрт өвс бордоо, хужир шүүгээ тээвэрлэх, албан байгууллагын аргал түлээ татах зэрэг ажлыг гүйцэтгэдэг болов. Үүнээс гадна малаа зүсээр нь суурилж, мал төллүүлэх бүс бааз байгуулсан гээд түүний хийж бүтээсэн бүхнийг дурдахад аргагүй л хөдөлмөрлөхийн төлөө төрсөн хүн юм даа гэж бодогдоно.
Алтангэрэл гуай одоо ч зах зээлийн өнөөгийн нөхцөлд байгаль цаг уурын тааламжгүй өөрчлөлтийн үед нэг нутаг усанд олон жил айл саахалт амьдарч, бие биенийхээ ажил хөдөлмөрт туслалцан, мал маллах арга ухаанаас суралцаж ирсэн уламжлалд шүтэн, малчин 9 өрхийн өөрсдийнх нь санаа бодолд тулгуурлан 2004 онд "Тугийн бүрд” малчдын бүлэг ТББ үүсгэн байгуулж ахлагчаар нь ажиллаж байна.
Бүлгийн малчид махны хэвшлийн Халх гол омгийн мухар үхэр, илүү нугаламтай мах өөхний хэвшлийн үзэмчин үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн Баяндэлгэрийн улаан ямаа зэрэг нутгийн өндөр ашиг шимт малыг үржүүлэхийн зэрэгцээ цэвэр үүлдрийн сүүний чиглэлийн талын улаан 30 үнээтэй ферм Чойбалсан хотын ойролцоо ажиллуулж, хотын хөдөлмөрчдийн хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Ажил үйлсээрээ "тодорч” явсан Алтангэрэл гуай МХЗЭ, МҮЭ, Нэгдэлчдийн их хурал, Улсын чанарын зөвлөгөөн, Монголын шинийг санаачлагчдын анхдугаар зөвлөгөөн зэрэг Монголын ихэнх салбарын их хурал, зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож байсан ч харин Намын хуралд ер оролцоогүй аж. Энэ тухайгаа хошигнон өгүүлэхдээ "Би ер нь Намын их хурал, Эмэгтэйчүүдийн их хурал хоёрт л ороогүй юм даг” хэмээн инээж билээ. Үүний учир нь түүний хурц ширүүхэн үг, эрмэг бардамхан шүүмжлэл нь намд таалагддаггүй байсан бололтой, халчихъя гэвч ажил нь сайн учир чадахгүй. Тэрээр нэг удаа хэрхэн хэлмэгдсэн тухайгаа "Ер нь түрүүлж сэтгэдэг хүн л хохирох гээд байдаг.
Би Булганд 15 жил ажиллахдаа их ч юм хийсэн, ихээхэн ч нэр хундтэй байж. Тэр үед морь их уралдана, нутгийн ард үрээ даага бэлэглэнэ, нэлээд адуутай боллоо. Юндэн эгч маань цөөнгүй малтай ирлээ. Бас нэг "Москвич” худалдаад авчихлаа. Намын гишүүн хүнд тохирохгүй л дээ. Эдгээрээсээ болж би "дөрөөлөгдөн” 1978 оны зун шоронд орж, аймгийнхаа наадмыг цагаан хоолойгоор, зангилаатай гар багтахгүй шоронгийн цонхоор сонсож суусан үе байлаа. Ерөнхийдөө би "арга хэмжээ” авагдаж, Хөлөнбуйрын барга хонины фермид очсон юм шүү дээ” хэмээн өгүүлнэ.
Аатай, гаатай явсан Алтангэрэл даргын маань энэ олон жил, ийн хөдөлмөрлөж амьдрахдаа, бүр улсдаа 40 жил ажиллахдаа 38 жилд нь "дарга”-д тэнцэж, тогтсоны үндэс нь юу байв гэдэг өнөөдрийн удирдах албан тушаалыг хашиж яваа залууст ихээхэн сургамж болох буй заа.
"Дарга” гэдэг олон янз. Хуралдуулна, үүрэг даалгавар өгнө, шалгана, зэмлэнэ, шийтгэнэ, сайшаана гээд... Тэгвэл Алтангэрэл гуай үүрэг даалгавар өгөөд орхих биш, ягл өөрөө дунд нь орж ажиллана, хийх арга барилыг нь заана, цуг хийнэ. Өөрөөр хэлбэл хэлсэн шигээ хийлгэдэг, хүссэн шигээ хүрээлүүлж, хайр хүндлэлийг төрүүлж, бас хүлээж чаддаг аж. Нэгэнт ажлаа сайн мэддэг, хийдэг, зөвлөн тусалдаг, ойлгон дэмждэг тул хүмүүс түүнээс хөндийрч чадахгүй улам дотносож, үнэнч зүтгэдэг, худал хэлж хууран мэхэлнэ гэж үгүй. Түүний энэ арга барил, мэдлэг чадвар, зан чанарт л "дарга” байхын их ухаан, "удирдагч” байхын үнэ цэнэ, үндэс нь оршино.
Тэрээр, "Лувсан гуайнд ажиллаж байхад биднийг чөдөр тушаагаа хаях, уургын цээжээ хугалах, морио муу уях зэрэгт учиргүй уурлаж загнадаг хэрнээ том юманд ер уурладаггүй сэн. Энэ бол асар нарийн ухаан байж. Өөрөөр хэлбэл хүнийхээ хэр жэмжээнд тохируулан, хэнтэй ярьж болох, хэнтэй ярьж болохгүй хариуцлагын тухай асуудал юм. Энэчлэн би тэднийд мөн ч их юм сурсан даа” хэмээн дурсаж буйгаас үзэхэд уг ухаан нь ч түүний удирдах арга барилд нэвт шингэсэн нь ойлгомжтой.
Лувсан гуайнх түүний амьдралын "их сургууль” байсан бол ХАА-н дээд сургууль түүний шинжлэх ухааны "их сургууль” нь юм. Энэ хоёр их сургуулийн эрдэм мэдлэгийг энг тааруулж, тунг тохируулж ашиглаж чадсанаараа тэр бахархан дууриах Гавьяат” үйлстэн болжээ. "Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүй” шиг нийгэм цаг үе нь өөрчлөгдсөн ч нүүдлийн соёл иргэншилт малчин монголчууд байж л байгаа цагт түүний эрт ухаарч санаж сэдэн, хийж бүтээж явсан олон сайхан үйл хэрэг, санаачилга бүтээлүүд нь өнөө хэр улс аймаг, сум баг, бүлэг хоршоод, айл архүүд ч шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшилтэйгээ уялдуулан улам боловсронгуй болгон хөгжүүлээд явах тун чиг үнэтэй үйлс, социалист нийгэм дэх "бизнес ухаан” байжээ гэхэд хилсдэхгүй биз ээ.
Бага байхад, бараа бараагаа харж айл саахалт нутаглан, ижил дасал болсон Юндэн гуайнд маань зундаа "төвөөс” нэгэн машин ирэхэд бид хөөрч, аавынхаа агнасан тарвага зурмыг ганзагалан давхилдаж, чихэр жимс өвөртлөн буцдаг тэр л "ДОРНОД”-ын ахыгаа, "хийж бүтээснийхээ үр дүнг харах шиг сайхан юм байдаггүй” хэмээн хуучлах энэ л эрхэм буурлыгаа үгээр хөрөглөж, үйлсээр нь өргөмжлөхөөр чадан ядан оролдсон минь энэ ажгуу.
Дурсах түүхтэй, бахархах үйлстэй амьдарна аа гэдэг сайхан.
"Дорнодын бүтээлч эрчүүд"- номоос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих