ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОГЦОРЛОО, ДАРААГИЙНХ НЬ ХЭН?
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат огцорлоо. Энэ бол улс төрийн
хүрээндээ сүйдтэй ч асуудал биш юм. Угаасаа л МАН,АН хамтран засаг барих
болсон цагаас ялсан нам засгаа авна гэж тохирч, "дараагийн Засаг дарга
хэн бол” гэсэн таамаг тэр үеэс явж эхэлсэн. Одоо л 17 ны \энэ сарын\
хурлаар авч хаях юм байх гэсэн, авч хаясан. Харин огцруулах үндэслэлээ
гаргаж ирэх гэж нэлээн олон хуулийн зүйл заалт дурдаж, МАН-ын бүлгийн
дарга түүндээ жаахан ороогдсон. Нэгэнт нам гэж ийм байдаг юм гэдгийг
ярсхийтэл гар өргөж яруу тод харуулж чадсан юм чинь 2012 оны сонгуулийн
үр дүнгээр МАН засгаа авч байнаа л гээд хэлчихэд хэн юу гэх вэ дээ, уг
нь.
Яахав, Болдбаатар, Итгэл, Ганцогт гээд нөхдүүд хуулийн үндэслэл энэ
тэрийг нь дурдаад наанаа Ганбатынхаа талд "зогсч” харагдавч МАН-ын
бүлгийн даргад үндэслэлээ сайтар гарга л даа гээд цаагуураа ивээд байх
шиг. Нэгэн үе түүний баруун, зүүн гар болж "зөвлөх” нэртэй явсан тэд
арай ч ийм хурдан нүүр буруулмааргүй, би л хардаж байгаа хэрэг.
Засаг даргыг огцруулах тогтоолын төсөлд олон хуулийн зүйл заалт зөрчсөн
тухай дурдагдсан. Өөрөө болохоор нэгийг нь ч зөрчөөгүй л юм яриад
байгаа. Мордохын хазгай гэгчээр Засаг дарга болмогцоо аймгийн Боловсрол
соёлын газрын даргын томилгоог буруу хийж, сайт-аар балбуулаад л
эхэлсэн шүү дээ. Миний нэг танил ярьж байсан. Тухайн байгууллагыг хүн
удирдахад хамт олны 40 хувийн таалалд нийцэж байвал болж байна гэж үздэг
гэнэ. Гэтэл Боловсрол соёлын газарт шинээр томилогдож очсон эмэгтэйн
тухайд 99 хувьд нь таалагдахгүй байгаа тухай яриа байсан. Энэ
томилгооноос болж Ганбат гэдэг хүний нэр хүнд огцом унаж эхэлсэнийг олон
хүн ярьдаг. Эцэст нь БСГ-ын даргыг гадагш сургуульд явуулах нэрээр
"зайлуулж”, цаад хүний хувьд хожоотой наймаа болсон.
Засаг даргыг огцруулах үндэслэл дотор төрийн мэдлийн газрыг хувийн
компанид шилжүүлсэн тухай захирамжийн заалт бий. Уншигчид санаж байгаа
бол энэ тухай "Дорнод” сонины2015 оны № 2-д "Засаг ноён С.Ганбат төрийн
мэдлийн газрыг дур мэдэн бэлэглэжээ” гарчигтай нийтлэгдсэн. Тэр үед
холбогдох яам, газруудаас зөвшөөрөл авсан эсэхийг нь асууж тодруулж
нягталж байж уг мэдээг бичсэн. Гэтэл Ганбат дарга Төрийн өмчийн хороо,
Барилга хот байгуулалтын Яам гээд бүхий л холбогдох газраас зөвшөөрлийг
нь авсан гээд улайх ч үгүй худлаа яриад сууж байх гэж.
Анх түүнийг Засаг дарга болоход "сайн эмч” гэдэг нийтийн ойлголттой,
сайн эмч сайн л ажиллах байх гэсэн итгэлтэй байсан олон хүний нэг нь би
юм. Сайн хүн худлаа ярихгүй гэж боддог ч сүүлдээ эргэлзсэн. Хэдэн
сарын өмнө телевизээр "Би Ардчилсан намын дарга нь мөн. Энэ үнэмлэх
батлах нь байна” гээд үзүүлж харуулаад нам нам дуугараад яриад байхад
нь намын дарга нь мөн л юм байх гэж бас л итгэсэн. Тэгтэл дараахан нь
биш болох нь батлагдсан.
Улс төрд орсон хүн худлаа л яриад байдаг юм шүү гээд нэг нь "зөвлөчихсөн” юм биш байгаа даа.
Саяын хурал дээр Болдбаатар "Ганбат даргыг сүүлийн 14 жил Дорнодод
хийгээгүй их бүтээн байгуулалтыг ганцхан жилийн дотор хийсэн гэж хүмүүс
үнэлдэг” гэж ярина лээ. Ингэж л тэнгэрт хадтал тэн пангүй дөвийлгөөд
нөхрийг ойрын нь хүмүүс нь "алаад” байгаа. Өмнөх Засаг юу ч хийгээгүй
гараа хумхиад сууж байсан гэвэл хэн үнэмшихэв дээ. Ганцхан жилийн дотор
хийсэн тэр "их бүтээн байгуулалт” нь хаана байна гэхээр харагдахгүй л
байгаа. Энэ тэндхийн зам гээд ярьдаг л юм. Хишгээ даргын үед хийгдэж
эхэлсэн, Бадамсүрэнгийн үед дууссан байж болох. Зам бол тэртээ тэргүй
улс төрчдийн хийх дуртай ажил нь. Гагцхүү насжилт нь хэр вэ гэдгийг цаг
хугацаа л харуулаад өгнө. Хан-Уул сургуулийн шугам хоолойг би л
хөөцөлдөөгүй бол бүтэхгүй байсан мэт ярих. Энэ албан дээр томилогдсон
хэн ч бай хөөцөлдөх нь үүрэг. Харин ч учир мэдэх хүмүүс гүйцэтгэгч
компани нь идэвхийлэн гүйсний хүчинд бүтсэн гэж ярьдаг. Төрийн залгамж
халаа болж ажил авсан хүн цаанаас өгсөн төсөв мөнгөнд нь захируулаад
үргэлжлүүлээд аваад явдаг, явсаар ч ирсэн. Гагцхүү тэр нь ил тод байж
үнэнч шударга ажиллахыг ард олон шаарддаг.
Хийсэн ажлаа онцлоод ярьсан дотор нь "Найрамдал парк” гэж дурдагдана
лээ. Хаалга, орчинд нь дэвссэн чулуу гээд зөвхөн энэ ажилд 350 сая
төгрөг зарцуулсан гээд бодоход энгийн нүдээр харсан хэнд ч чамлахаар.
Ойр тойрны нь хүмүүс тендерт нь ялаад хийсэн ажил л даа. Энэ мэтээр
дэргэдэх хүмүүс нь түүнийг муухай харагдуулаад байгаа юм.
Нөгөө олон хууль зөрчсөн дотор нь байгаль хамгаалах сангийн хөрөнгийг
зориулалт бусаар зарцуулсан гэсэн баримт бий. Тэр мөнгөөр Үндэстэн ястны
хөшөө бариулсан. Уг хөшөөг АСБЭ компани гүйцэтгэсэн, захирал
Д.Зоригтбаатар нь хурлын төлөөлөгч. Ганбат дарга, хурлын төлөөлөгчид
дотроос над дээр орж ирж уулзаагүй, асуудлаа шийдүүлээгүй нэг ч хүн
байхгүй гэж гомдонгуй байсан. Арга ч үгүй, яг энэ тухай ярьж байхад
мөнөөх Зоригтбаатар гэгч дуг нойрондоо дугжирч харагдсан.
Эрчүүдийн нөхөрлөл ашиг сонирхлынх байдаг гэж ярьдаг ч, энэ мэтээр
эхний өдрөөсөө л зарим нь тараа таниулж, царайгаа харуулаад эхлэх шив.
Үг хэлсэн хэдэн хүн бүгд л Ганбат огцорвол ард олон хохирно гээд нэг л
их ард олноо бодсон дүр эсгэцгээх. Яагаад ч юм бэ, ард нь хэн хэний эрх
ашиг зөрчигдөхийг нь мэдээд байгаа болохоор тэр үү эгдүүцэж л суусан.
"Буурал Ганбат юу хийсэн юм бэ”, "тэтгэврийн хөгшин”, "биеэ, гэрээ
засаагүй хүн” ч гэх шиг увайгүй үг яриа их л сонсогдсон. Өөрсдөө
өтлөхгүй, өөрсдөө өвдөхгүй юм шиг аашилж бас болохгүй л дээ. Эхлээд
өөрөөсөө биеэ, гэрээ засч чадсан билүү би гээд асуугаад үзэхэд ч
илүүдэхгүй. Улс төрд орсон хүмүүс улайрахаараа юу хэлж байгаагаа,
өөрийгөө хэн бэ гэдгийг ч мэдэхээ больчихдог юм уу даа. Хөндлөнгөөс
муухай л харагддаг юм билээ. Телевизийн камерын өмнө ухаантай болж
харагдах гэдэг юм уу, бүү мэд ээ.
Энэ хурлыг хүмүүсийн хэлсэн үг, байр байдлаас нь "хэн бэ” гэдгийг харж суулаа. Өөрөө л болж байвал өрөөл хамаагүй гэсэн хүний үнэргүй цаг үед бид амьдраад байна уу даа. Ганц нэг хүний амнаас мөс жудаг гэдэг үг унаж, Ганбат даргыг өмөөрч өөр хүмүүс рүү "чулуудсан”. Харин энэ үгийг захирамж шийдвэр үзэглэдэг бүхэнд хамааруулж хэлсэн бол байгаа илүү онох байлаа. Захирамж шийдвэр болгоны ард хүн, хүний амьдрал байдаг болохоор ар хударгаар нь хулгайч зангаар биш ядаж л нүүрийг нь харж уулзаж асуудлыг шийддэг наад захын увай жудагтай хүн аймгийн Засаг дарга гэсэн энэ хариуцлагатай албанд томилогдох учиртай. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй хойно. Ажлаа өгсний маргаашаас хэний ч нүүрийг бүтэн харж мэндэлж зөрж чадаж л байвал тэр жудаг гэж би ойлгодог. Дараагийн Засаг барих хүнд жудаг гэдэг ганц л үгийг нийтлэлээрээ дайя.
Дорнод сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих