Ардчилсан нам засгийн эрхэнд гарахад хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэлүүдийн нар нь гарлаа хэмээж байтал чихэн дээр цэцэг ургуулсан ардчилагчид үнэн чанартаа коммунистуудаасаа дор шахам байсныг мэдсэнгүй. 2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ төр засаг байгуулагдсан цагаасаа эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халтай шийдвэрүүдийг гаргаж ирсэн.
Түүнээс хамгийн тод жишээ бол төрийн нэрээр, хууль тогтоох эрх эрх мэдлийнхээ хүрээнд сайтууд руу дайн зарласан. Вэбсайтуудын сэтгэгдлийг хянах "Цахим сүлжээг журамлах тухай” хуулийн төсөл гээчийг оруулж ирсэн.
Хэдийгээр өнөөдөр сэтгэгдэл хянах цензурийг багасгасан хэдий ч сэтгэгдэл бичиж буй хаяг тодорхой, бичиж буй эзнийхээ ip хаягтай байхаар шийдвэрлэсэн юм. Хэн юу бичив гэдгийг хянах боломжтой болсон гэсэн үг. Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хумигдаж тэр эрх чөлөөгөө ip хаяг хэмээх гав гинжтэйгээр эдлэж эхэлсэн гэсэн үг. Нөгөөх ад шоо болж байсан Ардын намын үед ч ийм юм монголчууд үзээгүй.
Энэ дайн өнөөдөр үргэлжилсээр, маргааш ч М.Батчимэг нар үргэлжлүүлэх бололтой. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийг сүйрүүлж, боомилж байгаа хууль тогтоомжуудыг дор жагсаая.
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гээчийг ардчиллын нэрээр сонгогдсон эрх баригчид харуулж чөлөөт хэвлэлийг боомилох ээлжит алхмаа удахгүй хийх бололтой. Удахгүй эхлэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийн 10.4.3-т "Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн зүгээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улс төрийн цензур тавих, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно”, 8.2-т "Хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулагч нь... сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж, байгууллагын дотоод дүрэм, журамд тусгах үүрэг хүлээнэ” гэхчлэн цааш нь олон заалтыг тусгасан байгаа.
Үүнээс үндэслээд чөлөөт хэвлэлүүдийн үүсгэн байгуулагчдыг ил тод зарлаж, ингэснээрээ редакцийнх нь нийтлэлийн бодлогын төлөө, бичсэн нийтлэл тоймынх нь төлөө тэднийг элдвээр дарамтлан гол бай болгож, муухайгаар харагдуулах санаархал гэж ойлгож болно. Нийгмийн муу муухай бүхнийг уудлан илчлэх үүргээ биелүүлэхэд нь үүнээс том саад гэж юу байхав. Өнөөх юм болгон дээр л ардчилал гэж хашгирагчдын хийсэн ийм гайгаар чөлөөт хэвлэлд мөхөх замдаа орвол ардчилсан нийгэм ч гэж байхгүй болохыг ойлгох хэрэгтэй юм. Монголын сэтгүүлзүйд л байдаг аймшигтай хуулийн завхрал болсон сэтгүүлч эрүүгийн хуулиар шийтгүүлдэг зүйл заалтыг өөрчлөхийн оронд чөлөөт хэвлэлийг хааж боомилох тухай сэдлийг л хууль санаачлагчид түгээж байгаа нь харамсалтай.
Х.Цахилгаан
http://www.bataar.mn/10033489
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих