"Зураг бүхэн түүхийн гэрч”
Монголын ард түмний "хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан маршал Х.Чойбалсангийн өргөмөл хүү Нэргүйн зургийг онцолж байна. 1995 онд Нэргүй аавыхаа 100 жилийн ойгоор Дорнод аймагт очих үедээ авахуулсан зураг юм байна. Тэрээр Х.Чойбалсангийн дээл, хувцсыг өмссөн байгаа аж.
Түүнийг Х.Чойбалсангийн өргөмөл хүү гэдгийг монгол түмэн мэдэх ч угтаа төрсөн хүү нь байсан гэдгийг цөөхөн хүн мэддэг байжээ. Хэдхэн сарын өмнө "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, Гадаад явдлын яамны сайд асан П. Шагдарсүрэн гуай оролцохдоо Нэргүйг Х.Чойбалсангийн төрсөн хүү нь байсан гэдгийг хэлсэн юм. Харин яагаад өргөмөл хүү гэх болсныг ч тэрээр тайлбарласан билээ. Х.Чойбалсан Дорнод аймагт ажиллаж байх үедээ нэгэн бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэр нь Дотоод явдлын яамны хэлтэсийн даргын эхнэр байсан гэдэг. Харин дараа нь тэр бүсгүйгээс өөрийнх нь хүүхэд гарсныг дуулаад тэрээр өргөж авсан байна. Ийм учраас өргөмөл хүү нь хэмээн хүмүүс ойлгодог байжээ. Тухайн үедээ Х.Чойбалсантай усны дусал шиг адилхан Нэргүйг хараад төрсөн хүүхэд нь байх хэмээн харддаг хүмүүс ч байсан гэдэг.
X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байжээ. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ Бортолгой "Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Харин Гүндэгмаа нь Х.Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан аж. Маршал Нэргүйгээс гадна Сувдаа хэмээх охинтой байжээ. Түүний анхны эхнэр болон сүүлд суусан эхнэрээс нь хүүхэд гараагүй бөгөөд түүний төрсөн хүү бол Нэргүй байсан аж. Х.Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр Москвагийн тусгай эмнэлэгт 57 насандаа таалал төгссөн билээ.
Ж.МАРА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих