Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Би эх орондоо хайртай, эх орондоо хайртай болохоор, эх орныхоо төлөө, эх орон минь хэмээн уулга алдагсад уул уурхай, элдэв төсөл хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалт хийх үеэр дуу дуугаа аван орилолдож, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлдэг. Эх орон минь хэмээн тэд цээжээ дэлдэж, эх орноо аминаасаа илүү хайрлагсад мэт. Эх орныхоо төлөө уйлж чаддаг, жагсч чаддаг, тэмцэж бас чаддаг ч юм шиг. Харин эх орон нь шатаж, түймэрт хуйхлагдаж, галд өртөж байхад эх орончдын дуу хоолой сонсогдохгүй.
Гишгэх газар нь, тэнүүн тал нутаг нь, ургаж байгаа модод, модонд үүрлэх шувууд, талд бэлчих зээр, тариан талбай, хүн, малтайгаа шатаж, тэнгэрт утаа суунаглаж, хээр талд гал дүрэлзэж байхад эх орончид хаашаа ч юм бэ бүгд алга болчихож. Тэд зүсээ, сэтгэлээ бас үгээ ч нуучихав. Тэдэнд шатаж буй эх нутгаа аврах чухал бус эх орон хэмээн цээжээ дэлдэхийн цаана этгээд нэгэн сонирхол л их байж. Хуурамч дүр бүхий эх орончдын цуурайтуулсан үг түймрийг улам дэгдээж байна. Тэд эх орон гэж худал орилж, хуурамч дүр эсгэж, эх орон хэмээх эрхэмсэг, тэр болгон хэлээд байж боломгүй"алт” шиг нэрийг улиг болтол орилсны улмаас энэ гүн агуулга бүхий үг үнэ цэнээ алдсан байна. Эх орон минь гэж хэлэхийн цагт омогшиж босдог зүрх сэтгэлүүдийг тэд унтраажээ. Эх орон шатаж байна гэхэд цочих хүн байхгүй болж.
Учир нь өдөр болгон эх орон хэмээн орилсоор байгаад энэ үгийг, энэ үзлийг дээдлэх хүн үгүй болжээ. Хүрз, уутаа бариад"Би тэр түймрийг чинь унтраахад гар бие оролцмоор байна” гээд сайн дураараа цуглах сэтгэлтэн алга. Учир нь эх орон шатахад хэнд ч хүртээлгүй харин эх орон хэмээн цээжээ дэлдэж бусдыг айлгах л жинхэнэ эх орончдын үнэн дүр төрх болсон байна. Удахгүй дэлхийнII дайнд ялсны 70 жилийн ой тохионо.
Зүрх сэтгэлээсээ эх орныхоо төлөө тулалдаж явсан буурлууд цуглана. Тэдний зүрх сэтгэл жинхэнэ эх орныхоо төлөө цохилдог байсан. Гэтэл өнөө үеийн эх орончдын зүрх сэтгэл арай өөр хэмнэлээр цохилоод байх шиг. Эх орон шатаж байхад дуугаа хураагаад, бүгэгсэд маргааш уул уурхайн нэг компанид очоод "эх орон минь” хэмээн орилоход гайхах хэрэггүй цаг үе иржээ.
Д.Лхагва-Очир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих