Хэд
хоногийн өмнө нэлээд оройтож ажлаа тараад харьж явлаа. Оройны 22 цаг
өнгөрч байсан байх. Автобусанд ортол дотор нь байгаа бараг бүх хүмүүс ам
уралдуулан ярих хоёр хүүхдэд хамаг анхаарлаа хандуулжээ. Өндөр намаараа
бараг ойролцоо, зүс царай нь ч тун ижил нөгөө хоёр хүү тун хэвлүүхэн
ярих бөгөөд тэнд суусан хүмүүс хоёр хүүг цаашлуулан янз бүрийн юм асуух
аж. Эхлээд ямар хөөрхөн ярьдаг хүүхдүүд бэ ухааны юм бодож явтал нөгөө
хоёр маань харин нүүр түлж эхлэв. Өөрсдийгөө 8,10 настай гэж хэлсэн хоёр
хүү хөлбөмбөг тоглоод харих гэж яваа гэнэ. Томчуудтай ам уралдан ярьж
явсан хоёр хүүгийн ам халж ярих ярихгүй юм ярих нь тэр.
Хоёр хүү хоёулаа
найз охинтой юм гэнэ. Тэгээд бас болоогүй найз охины маань дугаар гэж
нэг дугаар хэлж байна. Тэгээд нэгнийгээ " чи найз охинтойгоо хамт голын
зах дээр майхан бариад хамт хононо гэдэг биздээ” гэхэд нөгөөх нь хариуд
нь "харин чи найз охиндоо бөгж авсан биздээ” гэж гэж хоёр биенийхээ
"булхайг” дэлгэж эхлэв. Хоёр хүүхдийн яриаг өхөөрдөн сонсож байсан
хүмүүс эхнээсээ дургүйцэж, зэмлэх янзтай болж ирэв. Тэднийг тоож байгаа ч
юм алга. Чанга чанга ярьж, том том дуугах аж. Ямар ч л байсан намайг
автобусанд суугаад буун буутал ам хуурай яваагүй. Тэрнээс цааш юу юу
ярисан бол. Хэн ч харахад хайр хүрэм өхөөрдөм үр хүүхэд чинь автобусанд
"ийм” юм яриад явж байхад харин эцэг эхчүүд нь юу бодож гэртээ суугаа
бол.
Хүүхэд нас гэдэг хиргүй цагаан цаас гэдэг. Хэнд ч юу ч
боддоггүй эрхлэн тоглож явдаг дэндүү цагаахан цаг үе байдаг. Аав,
ээжийнхээ ширүүхэн харцнаас айж, танихгүй хүмүүсээс бишүүрхэж бэргэдэг
тийм л үе. Хүүхэд насанд сэргэлэн цовоо, хөөрүү дэврүүн үе, буруу зөвийг
нь ч мэдэхгүй чалчих үе байлгүй яах вэ. Гэхдээ энэ бүхний цаана
хүүхдийн гэнэн томоогүй зан нуугдаж л байдаг. Харин сүүлийн үед
хүүхдүүдийн ярьж хэлэх, санаж бодох, үйл хөдлөл нэг л өөр болчихсон мэт
санагдах юм. Бүр заримдаа томчууд бид ч хажууд нь нүүр улайна гээч.
Энэ
бүхэн юутай холбоотой бэ. Мэдээж олон зүйлийн тухай хэлж ярьж болно.
Бидний амьдарч, өсч торниж байгаа орчин нөгцөл өөр, нийгэм нь ийм байна
гэх мэтээр хэн хэнрүүгээ чихэж нялзаасан олон шалтгааныг бид дурьдаж
чадна. Гэхдээ бид өөрсдөө хэнийг харж, хэний гараар хүмүүжиж өдий зэрэгт
хүрсэн билээ. Түүнийгээ эргэн нэг саная.
Хүүхдүүдийн зөв хүн
болж төлөвших, хүмүүжилтэй хүн болох хамгийн эхний эх үүсвэр мэдээж
эцэг эх. Үүнээс үүдэн гэр бүлийн орчин, ах дүү, цаашлаад багш, анги хамт
олон, сургуулийн орчин юм. Анхнаас нь үр хүүхдээ хэлж зөвлөж, магтах
үедээ магтаж, зэмлэх үедээ зэмлэж, сургаж байж л хүүхдүүд үнэхээр тэгж
болохгүй юм байна гэж ойлгодог болно. Бүр болохгүй үед аав ээжийн алганы
амт ч хүүхдэд том ухаарал өгдөг. Ингэлээ гээд буруудах зүйл байхгүй.
Зодуулахгүй өслөө ч гэсэн хүүхэд муу хүн болохгүй. Хамгийн гол нь зөв
үлгэр дуурайлал юм. Гэр бүлдээ зөв хүмүүжиж, зөв төлөвшил суусан хүүхэд
тэр л хүмүүжлээрээ бусадтай харьцаж, бусдаас суралцдаг.
Харин анхнаас
нь зөнд нь хаясан хүүхэд сургуульд өрсөн ч анги хамт олон дундаа тэр л
зан авираа гаргаж, нэгнийгээ уруу татдаг. Монголчууд эртнээс үр хүүхдийг
өсгөж, хүмүүжүүлэхэд их ухаанаа зарж ирсэн уламжлалтай түмэн. "Буруу
эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс том” , "Хүн болох багаасаа” гэх мэтээр
хэлж хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарч ирсэн. Харин сүүлийн үед эцэг
эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарал дэндүү сул болжээ. Хааяа нэг
хичээлийг нь асуусан бол, нэхсэн ганц хоёр төгрөгийг нь өгөөд л хэл ам
татлаад, хэрэг төвөгт орооцолдчихгүй бол дүүрсэн хэрэг мэтээр ханддаг
болсон ажиглагддаг. Зарим нэг нь хэтэрхий хүүхдээ эрхлүүлдэг. Мэдээж үр
хүүхдээ хайрлаж, эрхүүлэлгүй яах вэ. Харин зөв эрхлүүлж, зөв
хүмүүжүүлдэг байх нь чухал. Мэдээж ямар ч эцэг эх өөрийнхөө үр хүүхдийг
муу муухай явж, бусдын нүдэнд үзүүрлэгдээсэй хэмээн хүсэхгүй. Одоо цагт
хүмүүс хаа нэгтээ тамхи татаад зогсож байгаа, эсвэл жаахан халамцуухан
явж байгаа хүүхдүүдийг хараад цочихоо больж. Харин "одооны хүүхдүүдийг”
гэж муухай харахаасаа өмнө миний хүү хаа нэгтээ ингэж яваа юм биш биз,
эсвэл ингэж яввал яах вэ гэж нэг тунгаан бодож үзээрэй.
АМЭА,
Дэлхийн зөн Монгол байгууллага хамтран 12-17-настай хүүхдүүдийн дунд
архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар судалгаа явуулсан байдаг.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 70 хувь нь архи хэрэглэж үзсэн үүнээс 6
хувь нь архи хэтрүүлэн хэрэглэж байсан гэсэн байдаг. Энэ судалгаагаар
хүүхдүүд 11 настайгаасаа эхлэн архи хэрэглэж байна гэсэн дүгнэлт
гарсан. 11-хэн настай балчир үрс чинь архи уугаад тасарч үзсэн байхад
автобусанд охин ярих ч бага хэрэг шиг санагдаж болох юм.
Мөн бага
насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх явдал жилээс жилд өсөн нэмэгдсээр
байна. Зөвхөн Нийслэийн хэмжээнд энэ оны эхний 3-р сарын байдлаар 115
хүүхэд хэрэгт холбогджээ. Цагаан цаас шиг хүүхэд насандаа хар толбо
суулгаж, алдаж эндэж яваа балчир хүүхдүүдээ алдахаас нь өмнө хэлж,
засаж, түшиж, тулах аав ээжүүд минь хаана байв.
Одоо цагт
интернэт, мэдээ мэдээлэл хөгжсөн цаг үе. Хоолны газар шал согтуу орж
ирээд агсан тавьж байгаа хүүхдүүдийг, гудамжинд ил задгай олны нүдэн
дээр секс хийж байгаа залуусын бичлэгийг үзсэн байх. Хувь хүний
ухамсараас шалтгаалах хүний санаанд оромгүй эдгээр үйлдлүүдийг хараад
хүмүүс зөвхөн тэр хүмүүсийг л жигшин зэвүүцэж байна. Харин ийм байдалд
үр хүүхэд чинь хүрэх вий гэдгийг хэдэн ээж, аав бодсон бол.
Таны хүүхэд хэн болж төлөвших бол?
Таны
хүүхэд цэвэрхэн хувцастай, хөөрхөн харагдаж болно. Таны хүүхэд англи
хэлтэй, үнэтэй сургуульд сурдаг байж болно. Таны хүүхэд юугаар ч
дутагдаж гачигдалгүй элбэг хангалуун өсч байж болно. Гэхдээ энэ бүхнээс
илүү хүмүүжил хүүхдэд чинь дутагдаж байна. Бусдыг хүндэлж хайрлах, олны
дунд биеээ зөв авч явж сурах ёс суртахуун төлөвшил ус агаар, нар, хур
шиг үгүйлэгдэж байна. Тэр бүгдийг ус агаар шиг хэрэгтэй үед асгаруулж,
үр хүүхдээ ухаанаар залж, тэтгэж цэцэг шиг тордож ургуулахыг аав ээжүүд
минь та бүхэн хийж чадна.