Угаа мартhан хүниие
Ухан дээрэhээ гал идэхэ.
Сэцэн үгэ
Эл гарчигийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д. Эрдэнэбаатартай хамт аялалаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гун хайрханы өвөр бэлээр руни хэмээгдэх бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төврүу машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй. Үзвэл машины бие ялихгүй "чилээрхэн" ажгуу. Иймд бас шалихгүй "засал хийлгэх"-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах "Их голомт" сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин Явгаан найз маань ярьж байна. "Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?" гэж байна. "Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна" гэлээ. "Сайхан юм аа" гэж байна. "Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа" гэлээ. "Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч
байна, Буриад явъя" гэх нь тэр. "Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ" гэвэл " "За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя" гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ. Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэррүү минь алт мэт урсаад орж явчихлаа! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү!
* * *
... Бид өгсөж явнам. Бид гэдэг маань Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах "Их голомт" сангийн тэргүүн Г. Явгаан, цанид хамба Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Түнхэний дацангийн хамба Шоглохойн Даш ламтан бид гурав. Тийм ээ, бид гурвуул алдарт Нүхэн даваа өөд мацажявна. Зүйрлэж ярих дуртай Явгаан маань "Чандмани гурвын баг" гэж өөрсдийгөө дөвийлгөнө. Үүнийгээ үнэн зүрхнээсээ хэлнэ. Морин жим тахирлана. Бид гурав алхана. Урдхан талд Бүрэн хаан уул мөнгөрнө. Урьжигдарын унасан цас хөвчин биеийг нь мөнгөөр өвч бүрсэн нь тэр.
Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой
Баян хангай уул минь гэж Хатагины их яруу найрагч Ц. Дамдинсүрэн абугайн шүлэглэсэн нь Бүрэн хаанд дэндүү таарч байна даа гэж цээжнээ зурсхийж байх аж.Тэгж явтал Нүхэн даваа нэг домог над шивнэвэй. Өгүүлсү.
Эрт урьдын цагт юм гэнэ билээ. Газар дэлхий дээр гайхалтай жигтэй амьтад оршиж, хүн зон агуй ангалд сууж байсан цаг юмсанжээ. Нэгэн залуу анчин шархдуулсан араатныхаа мөрийг хөөсөөр нэгэн гайхамшигтай газар хүрч иржээ. Анчины өгссөн уулын оройд том хад байжээ. Тэр хаданд том нүх байлаа. Шархдсан араатны цустай мөр тэр нүхрүү орсон байвай. Залуу эр үүнййг өөрийнхөө бэлгээройлгожээ. Амьд үлдэхийн төлөөх агуу тэмцэл даль алдаж онохыг хэлж барах вэ. Энэ нь аятай сайхны бэлгэ биш биз. Тэр араатныг мөнх тэнгэр түүнрүү явуулсан юм биш биз? Сумыг зайлуулаад, араатныг шархдуулуулсан, тэгээд түүний мөрөөр түүнийг явуулсан юм биш биз? Залуу анчин хадны нүхээр зоригтой орж явчихав. Тэр гайхалтай ертөнцөд оржээ. Тэрвээр модгүй халзан даваан дээр гарваас өмнө их уулсын хормой эмжсэн моддын дунд дуниартсан шар тал цэлийж байжээ. Тэр талын зүүн захыг эмжин нэгэн их мөрөн хад урсган алдан алсласнаа уулын хөндийгөөр мурилзан зүүн хойш далд оржээ. Эргээр нь үргэхийг мэдэхгүй номхон сарлагийн сүрэг бэлчиж байв гэнэ. Сарлагийн саваг нь энэ дагшин газрыг ариусган арчих мэт газар шүргэж байв гэнэ. Залуу анчин сэтгэлээ барьж чадахгүй "тогоо нэрж" орхив. Одоо овог аймгийнхан нь дайнч догшин хөршөөсөө бэргэхгүй, гэдэс хонхолзон өлсөж зовохоос айхгүй болох нь. Залуу эр нутагтаа буцаж ирээд, энэ бүх үзснээ овгийнхондоо ярьж, бүгд тэндээс нүүн мөнөөхөн нууцлаг даваанд хүрч, хадны нүхээр орон, уужим сайхан хөндийд очиж, цаа буга, сарлагыг гаршуулан, амар жаргалтай аж төрөн сууж гэнэ ээ.
Энэ соёд домог байх аа. Энэ бол Нүхэн даваагаар Сэнсийн талд хүн анх очсон тухай домог юм. Гэхдээ тэр хүмүүс хэн байв? Ниндерталууд уу (Neanderthals)? Хомо сапиенсууд уу (Ноmo sapiens)? Эсвэл бүр наашлуулбал Нукуз, Хиян нар уу? Тэд хөндийдөө багтахгүй өсч олшроод, хэнээс ч айхааргүй хүчирхэгжин дэвжээд энэ Нүхэн даваагаар хэрхэн гарав? Сэнсийн тал нь анчны овог аймгаа авч очсон тал мөн гэж домогт өгүүлсэн байнам. Харин монгол хоёр өрхийн /хоёрхон өрх байж таарахгүй, хоёр өрх гэдэг нь албат иргэдээ дагуулж явсан язгууртан өрх байх. -Г. А./ амийг аварсан тэр уйтан хөндий мөн үү? Нүхэн давааны нүх гэдэг монголчуудын хайлуулсан хясаа мөн үү? Гэвч энэ тухайтад ялихгүй хожим өгүүлсү.
...Бид "тэр анчны гаргасан хөвдөт тоом"-оор өгссөөр. Өмнө талд Бүрэн хаан сүмбэрлэнэ. Би тал зүрхтэй таваргаж яваа. Явгаан маань бэртэнгэ хөлтэй бүдчиж яваа. Далыг дарсан, далыг шүүрсэн хоёр өвгөн халх Нүхэн даваа өөд даан ч зүрхтэй мацаж явна. Бид Нүхэн давааны оргил хүрч чадах уу? Хүрсэн ч буцаж чадах уу? Хөлгүй хавцгайн ирмэг даган морин жим тахирлан мухирлан дээш одно. Өчигдөр Ахад байхад биднийг дайлж цайлсан айлын өвгөн урьд нь Нүхэн даваагаар морьтой давж байж. "Аав маань над доош харж болдоггүй юм шүү" гэж захиж байсан гэж ярьсан. Нээрээ доош харвал толгой эргэн хийсмээр. Ганц хальт гишгэвэл хөлгүй ангалруу, доор хүрхрэн урхиран байх Эрхүү цагаан голруу нисэхээ ядахгүй. Гэвч бид зорьсондоо хүрэх ёстой. "Нүхэн давааг хараад үхчих юмсан" гэсэн хачин бодол төрнө. Гэвч амны бэлгээс ашдын бэлгэ гэж монголчууд цэцэлдэг. Муу бодлыг хөөх гэж оролдолтгүй, шар ногооны солбицол, цэнхэр цагааны тунарал, хүрэн борын хослол гээд байгалийн өнгө гэрлийн гилбэлгээнийг харахдаа муухай бодол аяндаа сарниж, сэтгэл уужраад, хийморь сэргэх мэт. Тийм ээ, Монголын ууланд монгол хүнийхээ хийморийг сэргээх агуу увьдас оршдог юм аа.
Даш ламтан "сартваахи"-ийн үүрэг гүйцэтгэнэ. Даш маань урьд энд ирж байсан. Замыг таван хуруу шигээ мэднэ. Өмнө түүчээлнэ. Биднийгхүлээнэ...
Соёд гэснээс Соёны уул гэдэг нь соёдын нэрээс үүссэн гэнэ. Явгаан үүнийг байн байн ярина. Юманд учир, суманд гичир. Үүнийгээ учирлахдаа Явгаан нэгэн сонин домог хүүрнэсэн.
Нэгэн хөгшин том заан Эрхүү голыг өгсөөд явж байжээ. Тэгтэл Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын бэлчир дээр ирээд хоёр соёогоо булгачихаж. Тэгээд дээшихнээ яваад том уул болоод хувирчихаж. Тэгээд хоёр соёогоо унагасандаа харамсан хаяа хаяа нүднээсээ нулимс дуслуулдаг гэнэ. Хоёр соёо нь Цагаан Эрхүүгийн цутгалан дээр бас бас хос цагаан чулуу болон хувирчээ.
Ер монголчуудын уран сэтгэмжид хязгаар гэж үгүй хэмээн би мөн ч олон уулга алджээ. Явгааны цааш ярих нь, соёд гэдэг нь энэ соёо гэдэг үгээс үүссэн юм. Соёд хүн соёотой байдаг гэнэ. Явгаан бараг л нэгэн соёд бүсгүйн уруулыг нь татан, шүдийг гаргаж байгаад заан өгүүлсэн. Энэ хууч яриаг Самайн Данзан багшаасаа сонссон гэнэ. Үнэндээ тэр уулыг харахад үнэхээр баруун тийшээ хараад хүглийн хэвтэж байгаа зааны байдалтай. "Алтан дэлхийн өлзийт газар үзэх судар"-т заан шинжтэй уулыг "Их заан дээшид хэвтэхэд адил тэр газар эрхэм хан хүнийг барих газар буй" гэжээ. Тэгвэл "Газрын шинжийн монгол сударт" "Их заан ба өлзий адил бол хүний долоон үе хүртэл сайн" гэжээ. Хан хүнийг төрүүлэх шинжит энэ газар үнэхээрийн өлзийт газар мөн, монголчууддаа долоогоор тогтохгүй түмэн үедээ ч сайн юм билүү, хэн мэдлээ. Ахиулан харваас зааны нүднээс нь нээрээ нулимс бөмбөрч байна гээч! Эл заан, хөөрхий, соёогоо алдсандаа харамсаад уйлж байна уу, эсвэл өнгөрсөн зууны гучаад онд энд болсон эмэгнэлт явдлыг "санахдаа" уйлж байна уу? Нүд гэдэг нь том агуй юм. Хүн хүрэхийн аргагүй гэмээр өндөрт буй учир нүд шиг л үзэгдэх аж. Гэвч хүн түүнд хүрсэн гэнэ. Өнгөрсөн зууны гучаад оны аюумшигийн үед нэгэн лам шижир алтан бурхнаа тэр агуйд улааныхнаас нуухаар олсоор тийш буужээ. Тэгээд нөхөддөө агуй дотроос олсоо татаж авахыг хүсээд өөрөө бурхантайгаа тэндээ үлдэхээ хэлсэн гэнэ. Энэ нь үнэн үү, домог уу би мэдэхгүй. Даш маань ярьсан. Ер заан уулын ард их өндөрт долоон агуй байгаа нь харагдаж байсан. Тэнд улаан оросуудын хядлагаас лам нар нуугдаж байсан гэнэ. Тэр эгц өндөр өөд яаж гарч чадав аа гэж гайхмаар. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Хүн аминдаа тулахаар хаана ч хүрэхийг хэн байг гэлээ. Бид ч гэсэн өндөр өөд өгсөж явнам биш үү?
...Бид мацсаар. Өмнө талд Бүрэн хаан зүмбэрлэнэ. Морины баас хааяа таарах аж. Үүгээр морьтой хүмүүс явж. Яаж морьтой явж чаддаг байна аа! Явган бид ясаа тавьчих гээд байхад! Уулын хүмүүс, уулын морьд болохоор тэр байх даа. Морь ганц бүдрэх юм уу, хөл алдахад хийснэ! Гэвч тийм юм хэзээ ч дуулдаагүй ажээ. Тэгэхлээр бид хүрнэ. Хүний алхаа гэж хорон юм. Дээш ахихын хэрээр Бүрэн хааны орой намсана. Оройд нь өнчин хурган үүл өлгөгджээ. "Хоёр цаг өгсөнө" гэж Даш бидэнд хэлсэн. Цаг өгсөж байна. Тийм ээ, бид Явгаан, Даш хоёрынхоо цогцлоосон суварганы дэргэдээс нааш хөдөлсөн. Явгаан маань үнэхээрийн үндэсний үзэлтэй нэгэн. Үндэсний үзэлтэй гэдэг маань эх оронч гэсэн үг. Үндэснийхээ түүх, соёл, урлагт амиа тавина. Тэр л үзлээр буриад зондоо мартасныг нь сануулж, санаж буйг нь лавшруулах гэж өчнөөн жил зүтгэж явна. Тэр л үзлээр Петербург дэх Доржийн Агвааны сүмд багш Самай, Даш ламхай хоёртойгоо бурхан бүтээж, чухамхүү мөнөөхөн "зааны соёон"-ы хажууханд "Номун хүрдэн" суварга цогцлоосон. Энэ суваргаа Наймдугаар Богд Жавзандамба хутагт, Буриадын шарын шашныг үндэслэгч Заяа хамба, Цанид хамба Доржийн Агваан, Хайвзун Самайн Данзан нарын гэгээн дурсгалд зориулжээ. Цагаан Эрхүү баруун урьдаас, Бүрэн хааны зүгээс хөөс сахруулан урхирсаар бууж, Хар Эрхүү баруун хойноос, Ахын нуурын наанаас хуй мэт хүрхрэн ирж нийлээд Эрхүү мөрөн болж, хангал эмнэг шиг цовчхсоор одох бэлчир дээр "Номун хүрдэн"-г босгосон аж. Тэр хоёр газрыг үнэхээр олжээ. Ёстой нүдийг нь олно гэж энэ байх. Нүхэн давааныхаа бэлд л суврагаа босгосон байна шүү дээ. Гэвч Явгаан маань Нүхэн даваагаа энд гэж мэдээгүй, Даш маань Нүхэн давааг Монголын түүхийн нэгэн эхтэй холбоотойг санаагүй гэнэ. Гэвч зөн совингийн бэлгэ гэж айхтар юм буй. Цаанаас нь Эцэг Мөнх тэнгэр, Эх Этүгэн дэлхий, Эргүнэ гунгийн даваа нь суврагаа энд цогцлоо гэж онч дохио өгөөд байсныг хэн байг гэлээ гэж бодогдож явав. Суврагыг босгож байхад нэгэн сонин явдал болжээ. Сувраганы бумбыг тавих гээд өргөгч цамхагаар өргөж байлаа. Түүнийг хоёр тонн том чулуугаар бүтээжээ. Сувраган дээр яг тавих гэж байтал ган аргамжаа тас бууж, тасран алдав. Чанх дор нь Даш ламтан зогсож байжээ. Бүгдийнх нь зүрх зогсчих шиг болов.
Гэвч бумба унасангүй, дэнжигнэсхийгээд тогтжээ. Чингээд бумбыг байрлуултал шивэрч байсан бороо зогсов. Чимээ алдарсан байсан хөхөө шувуу донгодов. Үнэхээр бэлгэ зохирчээ. Монгол-Оросын мөнхийн найрамдлыг бэлгэдсэн энэ суврагыг хуучин Монгол, Оросын хил байсан газарт босгосноо Явгаан маань над бахархалтайгаар хэлсэн юм. Монголын хил энэ хавиар гарч байсныг би мэднэ. Гэвч яг үүгээр үү? Юмыг баталгаажуулах гэж "муу санаалж" явдаг нь миний гэм биш зан. Иймд хорин зургаан онд Шар Дамдинсүрэн / Симуков/, Жамсрангийн Цэвээн нарын хийсэн Монголын газрын зураг үзэв. Улсын маань хил Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын нийлэх уулзвараар гарч байжээ. Өөрөөр хэлбэл Цагаан Эрхүү Монголын хил дотор байсан байна. Нүхэн даваа ч Монголын хил дээр байсан байна. Аяа, миний нөхөр Явгаан!...Аяа, Монголынхоо газрыг харьд өгөхгүй гэж тэмцсээр амиа өгсөн агуу эх оронч Аварзэд минь...Дайнд бус, тайван цагт газар шорооныхоо төлөө алтан амиа өгсөн ховорхон хүний нэг Та мөн! Танд минь
хөшөө босгодоггүй юм байх даа. Улаанбаатарын зүрхэнд Марко Поло гэж Халх Монголд ирээгүй хаа холын хар элгийн харь италын алцгар хөшөөрөхүү юм шовойлгож байхаар Аварзэд гэдэг агуу их эх орончийнхоо гайхалтай хөшөөглсүндэрлүүлэхсэн. Бүр хориннэгдүгээр зууны уран барималын гайхамшиг гэж түмэн үедээ магтагдахаар! Гэвч бид гайхамшигт эх орончдоо мартаад л байна уу даа!
Явгааны ямагт өгүүлэх нь, зааны энэ "соёо" бол соёдуудын шүтээн мөн. Соёны уул гэдэг чинь энэ "соёо" гэдэг үгнээс гаралтай гэж нэг үгээ дуусгалгүй давтана. Үүнийг Самайн Данзан багш нь дандаа хэлдэг байсан гэнэ. Явгааны дандаа яриад байгаагийн учир нь энэ. Чингээд Явгаан маань энэ хоёр "соёо"-ны оройд эвт дөрвөн амьтны баримал, цагаан дар эхийн хөргийг чулуугаар сийлж залах тухай Даш ламд санал болгоно. Ахад очоод Данзан ламтаны дүү Самайн Зояа Сергеевнад бас л санал болгосон. Санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг гэдэг үг бий. Энэ сайхан санаа нь бүтээсэй билээ гэж молхи би залбиран мацаж явсан даа.
...Бид "анчны гаргасан тоом"-оор өгссөөр. Өмнө талд Бүрэн хаан наран бурханы гэрэлд гялалзсаар. Аха нутагт намар болжээ. Нарны сацраг ээжийн дулаахан алга шиг илбэнэ. Энд бол намрын эмгэн шар нар гэж хэлэхээр болсон байнам, Эмгэн шар нарны гэрэлд Бүрэн хааны их уулс, Бүрэн хааны Нүхэн даваа гэгддэг энэ салбар уулс умбан байна. Бүрэн хааны нүхэн даваа...Буриад нөхөд маань ингэж хэлсэн. Хоёр хоногийн өмнө Түнхэнээс Аха орж явахад бороо шиврэхдээ шивэрч, цас хялмалахдаа хялмаалж, эргэн тойрны уул даваа нэвсийн мөлхөх үүл мананд дарагдаад, "үүлс сүвлэн уулс сурвалжлах"-аар явж байна даа гэж молхи миний мохоо ухаанд орж байж билээ.
Будан татсан сарьдаг байна аа, хөө
Бусдын нутгийн хангай юу даа, хөө.
Үгүй ээ, манай нутгийн бараа...
Одоо бид нар даган уул сурвалжлахаар явнам биш үү. Гэхдээ одоог үл өгүүлэн, хоёр хоногийн өмнөхийг өгүүлсү. Орлик суурин дөхөх тусам үүл сийрч, манан сарниж, уулсын бараа тодрон байсансан. Бид Ахын голыг уруудан, хар замаар бус засмал замаар дэржигнүүлсэн. Гэвч зам манайхтай харьцуулашгүй сайн юм билээ. Ахын гол нэг бол тэртээ дор хөөсрөн шуугиж, үгүй бол хажуугаар бидэнтэй уралдан оволзоно. Ахын нуурын даваан дээрээс, бараг ганцхан том чулууны дороос Ахын гол хойшоо, Хар Эрхүү зүүн урагш гээд хоёр тийш нижигнэж бууна. Соёдууд ардын дуундаа
Ара хойшоо урдаhан
Аха баян мүрэмнай
Арга бишээр hанагдаха
Аба эжы хоёрнай
Эрьелдэжэ урдаhан
Эрхүү hайхан мүрэмнай
Эрх бишээр hанагдаха
Эжы аба хоёрнай гэж энэ хоёр мөрнөө мөнхрүүлжээ.
Ахын голын хүчирхэгийг гайхахын ялдар уулсын түмэн өнгийг бахдаж явсан даа. Оюу ногоон хуш, алтан шар хус, шүрэн улаан улиангар, ундрам хүрэн хад, дундуур нь мана саарал манан, утаат болор мэт хөхөлзий үүлэн цоорхойгоор гэрэлтэх номин цэнхэр тэнгэр. Хэдэн жилийн өмнө Бурхан буудай уулыг хараад бурхан багш уулынхаа өнгөнд будаг хайрласангүй гэж бичиж байж билээ. Ахын уулсад ч бурхан багш бас будаг үл хайрлажээ. Уулын энгэрт шар, ногоон модос, хүрэн хадны дунд гэв гэнэт ув улаан төгөл байх нь шүрэн шигтгээ мэт. Ямар мод ингэтлээ шатчих гэж байгаа юм шиг улайрдаг байна аа? Орликт очоод Зоя Сергеевна гэдэг соёлын зүтгэлтэн соёд эмэгтэйгээс асуувал түүнийг "улиангар" гэж хэлж өгсөн. Улиасны нэг төрөл л дөө. Ингэж их улайрдаг болохоор нь монголчууд "улаангар" гэж нэрлээд тэр нь сунжирч "улиангар" болсон ч байж магадгүй. Гэвч энэ бол миний таамаг. Уулын энгэр өөд алаг сарлаг ассан нь үзэгдэнэ. Энэ бүх зураг нүднээ унахад Бат сүзэгт Бандид хамба Жамъянгаравын
Урьж дуудаагүй байтал жаргалын төхемийн үхэр сарлаг нүх завсарт нь ассан
Урлаж хийгээгүй байтал эмт ойн цэцэрлэгийн эрихсээр сайтар чимэглэсэн
Улмаар давхарласан нь үгүй атал сүмбэр уулын цогоор илт өндөр
Урьдаас хийсэн нь үгүй атал аглагийн сайхан энэ газар баясан хурахын цог
Уснаа үзэгдэгч огторгуйн төвд усан үүрэгт үүлэн хүндрэн хүндрэн хөдлөхүй
Зуны их хэнгэрэгийн дуун нүрэглэн нүрэглэн өндөрт дуурсаад
Зуурхан зуурхан усны үсэрвэр уул тал бүхнийг дэвтээнэ гэсэн гайхамшигт зураглал цээжнээ буух ажаам. Тийм ээ, Аха нутаг үнэхээрийн "сүмбэр уулын цогоор илт өндөр", "баясан хурахын цог" бүхий нутаг ажээ.
...Бид "анчны гаргасан тоом"-оор өгссөөр. Өмнө Бүрэн хаан уул оргилдоо байгаа өнчин цагаан үүлийн өехий цөмлөн өөдөө цоройсоор. "Газрын шинжийн монгол судар"-т хаан уулын шинжийг тодорхойлохдоо "Хаан уулын үзүүр нь огторгуйд цоройсон, сүр жавхлантай, энхэл тонхолгүй, гол хэсэгтээ асга, цас, ой бүрхмэл. Өмнүүрээ хавцал ус хүрээлсэн, оройд нь шувууны хаан их гарьд ниссэн, олон буга, чихдэй бээр тоглон гүйлдсэн, арын эгц уул өмнө тийш намссан, хормой уртсаад, газрын захтай нийлсэн, зүг бүрийн уулсыг нааш хураасан, нуур болон жижиг голуудаар хүрээлсэн, жимст мод, ой шугуй үр жимсээр сайтар боловсорсон, дуут шувууд жиргэн наадсан эдгээр шинж болно" гэжээ. Энд өгүүлсэн бүх шинж Бүрэн хаанд бүрэлдсэн ажгуу. Оросууд Бүрэн хааны нэрийг Мөнх сарьдаг болгон сольсон гэж Явгаан маань бухимдана. Гэвч бухимдалтгүй мэт. Молхи миний мунхаг ухаанаар эрэгцүүлбэл Мөнх сарьдаг Бүрэн хааны эртний нэр байж магадгүй. Монголд Бүрэн хаан нэртэй уул хэд хэд бий. Бүрэн хаан гэдэг манай хутагт хувилгаадын өгсөн нэр байж магадгүй гэж хардмуй. Харин энэ бол Мөнх тэнгэртэйгээ тэврэлдсэн Мөнх сарьдаг яахын аргагүй мөн байна. Оросууд монгол нэрийг сольвол оросжуулж юм уу, авиаг нь ялихгүй өөрчлөх маягаар л сольдог нь харагдсан. Тухайлбал, Соёныг Саян гэх, Аха гэдгийг Ока болгох жишээтэй. Гэтэл Мунк Сардык гээд монголоороо, орос дуудлагатай л болсон байна. Монголын газрын зурагт ч Бүрэн хаан Мөнх сарьдаг нэрээр орсон байна. Шар Дамдинсүрэн, Уулын өвгөн Цэвээн нарын хийсэн газрын зурагт Бүрэн буюу Мөнх Сарьдаг гэж бичсэн байна шүү. Чингэвэл Ахын арван гурван сарюун улаан хаадуудта буюу Ахыг ивээгч арван гурван тахилгат оргилд ахынхан залбирдаг аж. Мөнх сардигийн эзэн нь Бүрэн хаан гэнэм.
Ахын арбан гурбан улаан хада
Арбан гурван сагаан эхитэй
Аха баян дайда!
Мүнх саhан hуудалтай
Бүрэн хан хайрхан бэлэй...гэж ахынхан дууддаг ажээ. Манайхны Алтайн арван гурван оргил гэдэг шиг. Арван гурван тооны бэлэгдэл энд ч явж байдаг байна. Арван гурав нь аргагүй л нийт монголчуудын бэлгэдлийн тоо юм даа. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Буриад нөхөд маань Бүрэн хаан уулыг умар талаас нь жил болгон тахьдаг ажээ. Харин манайхан өмнө талаас нь тахьдаггүй юм байна. Эрт тавдугаар богд тахьж байсан гэх. Наймдугаар богд ч тахиж байсан гэх. Ханхын уугуул 85 сүүдэрлэсэн бичээч Содовын Бадарч гуай Бүрэн хаан уулаа бид өмнө талынх нь Баясгалан уулан дээрээс тахьдаг байсан юм аа. Аав намайг Баясгалан уулан дээр дагуулж гарч байсан юм. Тахилганаас буугаад Хөх мөсний голд идээ будаагаа хүртдэг байсан гэж хуучилсан юм. Мөн Бадарч гуай өгүүлэхдээ, манай Ханхынхан
Өндөр Бүрэн хаан минь
Өргөн Далай ээж минь
Өлгий болсон нутаг минь
Өршөөж манийгаа хайрлагты гэж цай идээнийхээ дээжийг Бүрэн хаандаа өглөө бүр өргөдөг юм" гэсээн. Одоо Монголынхоо хойморын энэ шүтээн уулыг төрийн тахилгатай болгосон ч болохгүй гэх газаргүй. Монголынхоо нутгийг дахиад харьд алдахгүйн ч баталгаа болох талтай.
...Бид "анчны гаргасан тоом"-оор гэлдэрсээр. Бүрэн хаан уул биднийг хазайвал түшихэд, хальтарвал тосч авахад бэлэн сүмбэрлэсээр. Монголын уул ийм л ээлтэй дээ. Бид өчигдөр Сэнсийн тал орсон. Сэнсийн тал... Зоя Сергеевна таван хуруугаа дээш гозойлгон дүрслэж байгаад өгүүлсэн нь, "Манай нутаг бол миний энэ хуруу шиг тал талаас нь өндөр уулаар хүрээлэгдсэн, бид яг энэ алганы хонхорхой шиг газарт байгаа юм" гэсэн. Тэр үнэн юм аа. Сэнсийн тал мөнгөн цөгцөнд байгаа хайлсан шар тос шиг мэлмэлзэн, тэхий дунд нь байгаа хунгийн өндөр хөшөө зулын гол болон бадамлахад ойрхон байлаа. Энэ бол мөнөөхөн анчны даваан дээрээс олж хараад, очиж нутагласан тал. Үнэхээр савгаараа газар арчсан сарлаг энд идээшлэн байна. Умар талд нь Хаан нэртэй уул ханхайн байна. Энэ уулын өмнө тал нь луугийн шинжтэй аж. Дорно талаасаа бол урагшаа хараад байж байгаа луу тодхон дүрслэгдэнэ. "Газрын шинжийн судар"-т "... хойд луу нь цогийг дэгжээх ус мөн" гэжээ. Гайхалтай! Аянга цахилгааныг буулгаж, хур бороо авчирдаг луугийн шинжийг Хаан уул бүрнээ хадгалсан байна шүү. Энэ нутгийн зундаа ган гачиггүй, өвөлдөө зуд турхангүй байхыг Хаан уул нь дааж байдаг юм биш үү? Хаан уулын оройд Гэсэр хааны арвангурван тохой илд байдаг гэж соёдууд домоглон биширнэ. Сэнсийн тал нэг түүх хүүрнэвэй.
"...Өөр аймгууд монгол аймгуудыг дийлж, бүгдийг нь хядахад хоёр эр, хоёр эмээс илүүгүй хүн амь гарсан ажгуу. Энэ хоёр айл дайснаасаа буруулан дутааж, уул, ой модоор хүрээлэгдсэн [нэвтэрхүйеэ] бэрх газарт очиж, тэр нь аль ч талаас нь орохын аргагүй, ер хад чулуутай ганцхан жимээр л хүрч болох тийм газар байжухуй. Энэ уулсын дотор Эргүнэ гун гэдэг өвстэй цээл хөндий байж. (Гун гэдэг нь уулын хэжүү, эргүнэ гэдэг нь хэрэм, чингэхлээр Эргүнэ гун гэдэг нь хэрэм мэт халил гэсэн утгатай.) Тэр хоёрыг Нохос, Хиан гэдэг байсан ажаам. Он цаг улиравч тэд хийгээд тэдний үр сад тэндээ байсаар, өвөр хоорондоо гэрлэсээр үржин өсчүхүй. Төрөл бүр нь өөрийн өвөрмөц нэр, цол бүхий омог болсон авай. Эдгээр омог бас цааш салбарлаж, өдгөө монгол аймгууд хэнийгээ ямар салбараас үүссэнийг, тэр нь нэг нэгэнтэйгээ ямар ойрын хамаатайг тогтоон чадсан ажаам. Тэд бол дүрлүгин монголчууд юм. Монгол гэдэг үг нь moyg ol "ард үл үлдсэн", "гэнэн хүн" гэсэн утгатай. Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй. Хиад гэдэг нь хианы олон тоо юм. Уг гарлаараа түүнд ойрхонуудыг нь эрт дээр цагт хиад гэдэг байсан ажгуу."
Сэнсийн талд жигүүрээ дэлгээд дүүлэн нисэх гэж байгаа хун бүхий хөшөө зулын гол мэт бадамлан буйг дээр өгүүлсэн.
Буриад зон маань
Хун шувуун гарвальтай
Хус модон цэрэгтэй гэж шүлэглэн хэлэлцэх. Буриадын арваннэгэн омог хун шувуунаас үүссэн гэсэн домог буй. Энд энэ бүхнийг бэлгэдэсэн байх аа. Сэнсийн тал энэ тухайтад нэгэн үлгэр хэлэвэй.
...Хорь түмэд гэдэг нэгэн сайхан эр Байгал нуурын эргээр явж байта есөн цагаан хун шувуу зүүн хойт зүгээс нисэн ирээд, Байгалийн эрэг дээр суухдаа хун хувцасаа тайлахдаа есөн хүүхэн болоод нуурын усанд ордог байгаа. Хорь түмэд нэг хунгийн хувцасыг хулууж аваад, биеэ харуулалгүй хэвтэв. Усанд орж дуусаад найман хун нь хувцасаа өмсөөд зүүн хойшоо нисэн оджээ. Хувцасгүй ганц нь үлдсэнд Хорь түмэд гэргийгээ болгон авчээ. Тэр хоёр айл гэр болоод жаргалтай сайхан амьдарч, арван нэгэн хөвүүнтэй болжээ. Эхнэр нь гуйдаг байжээ. "Би нутагтаа буцъя. Чи олон үртэй оллоо, чамд ядрах ядрал, зүдрэх зүдрэл үгүй болов биш үү! гэхэд Хорь түмэд хувцасыг нь ер өгдеггүй байжээ. Нэг өдөр эхнэр нь' хойморынхоо орон дээр оёдол хийгээд сууж, Хорь түмэд тогооны хоёр бариулаа бариад хоол унд хийж байв гэнэ. Тэгтэл эхнэр нь "Хун хувцасыг минь гаргаад өг л дөө. Би зөвхөн өмсөж үзъе л дээ. Би үүдээр гарна шүү дээ. Чи бариад л авна биз дээ. Чи намайг дийлж ядах юу байх вэ дээ" Өмсөөд үзъе л дээ, өгчих л дөө" гээд шалаад байж. Хорь тумэнд гуйгаад байхад нь уяраад, "Үгүй нээрээ, өмсөж үзэхэд юу л болов" гэж бодоод хун хувцасыг авдарнаасаа гаргаад өгчихөж. Эхнэр нь хун хувцасаа өмсөөд, хун шувуу болоод хойморын орон дээр далавчаа засаад сууж байв гэнэ. Хорь түмэд хаалгаар гарвал бариад авах юм гэж бодоод хаалгаруу дөхөсхийж байтал дүрд хийгээд тооноор гараад явчихдаг байгаа. "Хүүе, болиоч!" гэж Хорь түмэд хашгараад тогооны бариулд хөөдсөн гараараа хөлнөөс нь шүүрээд авсан ч алдаж орхижээ. Хорь түмэд араас нь "Чи арван нэгэн хөвүүндээ нэр өгөөд яв л даа" гэж хэлбэл Хөвдүүд, Галзуут, Хуацай, Халбин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж хэлжээ. Чингэж буриадын арваннэгэн омог үүссэн гэнэ ээ.
Буриад бөө бөөлөхдөө
Хун шувуун гарваль минь
Хус модон цэрэг минь
Хусан хүрээт Худар минь
Усан хүрээн Ойхон минь гэж бөөлдөгийн учир тэр ажээ.
Хус модон цэрэг гэдэг нь хун ээж хус модон уяатай байсан гэнэ. Худар гэдэг нуур уулын оройд хус модон дунд байдаг гэнэ. Ойхон арал гэдэг Байгалийн дунд буй. Одоогийн Ольхон гээд байгаа арал. Гэтэл Явгаан хуурч бүх монгол овогтон хун шувуунаас гаралтай гэж тас гүрийнэ. Гэвч Монголын олон овогтон өөрсдийн гарвалийн тухай уран домог зохиосон байдаг юм аа гэж, монгол уран домог монголчуудын уран сэтгэмжийн гайхамшгийг илтгэдэг юм аа гэж, тухайлбал Эхирэд буриадууд
Эргийн гав эхтэй
Эрээн гутаар эцэгтэй
Эхирэд буриад гэж хэлдэг юм аа гэх мэтээр Явгаантайгаа үл маргана. Соёдууд харин буриадын арван нэгэн омогт үл багтана. Эд бол биеэ даасан монгол овогтон юм. Харин Явгаан маань өөрийн үзэлтийг над батлах гэж нэг гоё домгийг ярьж өгсөн дөө. Энэ нь сайхан! Сийрүүлсү.
Хөвсгөл далайн дэргэд дэл хад хагарч, дотроос нь ногоон пийсүү чулуу цухуйж, тэр чулуун дотроос нэгэн сайхан эр гарч ирж гэнэ ээ. Тэр эр хуур гайхалтай сайхан татдаг юмсанж. Нэгэн өглөө хуур татаж суутал нь Далай ээжид хөвж явсан хун хуурын аялгууг сонсоод, залууд дурлаж, дороо үзэсгэлэнт бүсгүй болон хувилж, тэр хоёр ханилан сууж гэнэ ээ. Тэр хоёр ханилаад хүүхэдтэй ч болж, хүүхдээ гурван ой хүрч байхад нь бүсгүй нэг өглөө цай үйх гэж байсан тогоотой усаа харахдаа далай ээжээ санагалзан, толгойноосоо эхлээд хун төрхөнд орсоор, тооноор нисээд гарахад нь нөхөр нь тулганд гал түлж байсан хөөтэй гараар хөлнөөс нь хальт атгаад алджээ. Тэгээд хунгийн хөл хар болсон гэнэ Тэр үед хуур толгойгүй байжээ. Хөвүүн хун гэргийгээ санахдаа хуурандаа хун толгой хийж, тэр үеээс хуур хун толгойтой болсон гэнэ.
Өөрийнхөө үзэлд дэндүү үнэнч Явгаан үүний бэлгэдэл болгож хун хуур биенээсээ үл салгана. Бидний дээшээ өгсөхөд ч суварганыхаа дэргэд хуураа дарж, туулиа хайлсан. Чингэхэд "хуурын эгшгээр тэмээ уйлуулж болно гэж монголчуудын ярьдаг нь талаар бус" хэмээн Оросын их яруу найрагч Сергей Есениний дуун алдсан нь тархинд харваж байвай. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд Хун шувууны орд гэж бидний орой дээр буй. Дэлхийд хамгийн ойрхон орд. 11 мянган гэрлийн жилийн зайтай ойрхон. Үүнийг хаанаас уншснаа санахгүй байв. Улаанбаатартаа ирээд "хавхаа эргэхээр" Номин Их дэлгүүрийн номын тасгаар ороод, хүүхдэд зориулсан гараг эрхсийн тухай нэгэн ном сөхтөл эл мэдээ нүднээ торов. Нэг сөхтөл шүү! Үүнийг юуны тул өгүүлнэ вэ? Хун шувуун гарвалъ дор өгүүлэх зүйлтэй холбоотой юм биш байгаа? Хун шувуу тэнгэрийн амьтан!..
Сэнсийн тал...Сэнсийн талд сэнсрэн буй салхин шиг хэлбэртэй хиргисүүр байсан байна. Нэгийг нь тоноод хажууд нь ийм хэлбэртэй хиргисүүр байсан юм аа гэж мэдүүлэх гэж хуйлрасан дүрс зурсан самбар босгочихож. Явгаан маань арваад жилийн өмнө ирэхэд чулууг яг ийм хэлбэртэйгээр өрсөн бас нэг газар байсан, тэр хаана байна гэж бидэнд замчилж яваа Зоя Сергеевнагаас нэхэж байв. Цаадах нь "тэнд очино, очино" гэж тайвшуурлсаар үнэхээр тийш аваад очлоо. Тэгтэл тэр өрсөн чулуу нь алга байв. Оросууд алтны уурхайруу зам тавих гээд уг чулууг зайлуулаад нэлээн зайтай овоолчихсон аж. Явгаан шогширно. Үглэнэ. "Ийм юм байх гэж" хэмээн гайхна. Энэ нь Явгааны түмэн зөв. Монголын түүхийн нэгэн тайлагдаагүй нууц устаж байгаа нь энэ. Түрүүний удаа ирэхдээ америкийн эрдэмтэдтэй, Самайн Данзан багштайгаа хамт явж байж. Америкчууд тэр өрсөн чулууг үзүүт шуугилдан, дор нь сансрын холбоо залгаж, Америкруу яриад, уул өөд өгсөж, уг өрсөн чулууны зургийг авцгаасан гэнэ. Чингэхлээр нь Явгаан "энэ их л чухал юм байх нь" гэж ойлгосон байна. Яг тэр өрсөн чулууны чанх баруун талд бас сум мэт хэлбэртэй өрсөн чулуу байж. Харин тэр чулуу нь байна аа. Энэ сум 13 метр урт юм. Хачин аа, арвангурав гэдэг монголчуудын эрхэм бэлгэт тоо! Мэдээж, энэ сумыг эртний хүмүүс (? ) өрж байхад метрийн хэмжээ байгаагүй л дээ. Гэхдээ л... Эсвэл би юм бүхнийг бэлгэ дэмбэррүү аваачиж хийх гээд байна уу? Сумны үзүүр уулын хормойд тулсан байх юм. Тэр сум юуг зааж байна вэ? Энэ юу вэ? гэж Даш, Явгаан, Зоя гурав надаас асууж байна. "Энэ сансар огторгуйтай холбоотой байж магадгүй" гэж би мэдэмхийрэв.
Мэдэмхийрсний учир гэвэл тэнгэрийн дуран авайгаар авсан мөнх тэнгэрийн хуйлралын зургийг би "Хөрстөд гагц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал" номдоо оруулж байсан болохоор хэлбэрээр нь таасан хэрэг. "Энэ сум юу зааж байна вэ?" гэж нөхөд маань надаас асууж байна. "Аа, энэ уулан дотор харь гарагийнхан сансрын хөлгөө нуусан байх аа" гэж би хошигнов. Нөгөөдүүл маань бас "Нээрээ, юмыг яаж мэдэх вэ" гэсэн царайтай байна. Нээрээ, юмыг яаж мэдэх вэ! Наашаа ирэхийн өмнөхөн Ховдын Мөнххайрхан суманд явж байхдаа нэгэн буган чулуун хөшөөн дээр яг ийм дүрс сийлсэн байхыг үзэж зургийг нь авсан. Эрдэнэбаатар бид хоёр үүнийг сансартай л холбон ярилцаж байсан. Тэгтэл...Бид тэндээс Монголжин уулруу давхив. Монголжин уулын элгэн хадан дээр пуужингийн зураг бий гэж биднийг Орлигт очиход тосолцсон Орликийн дунд сургуулийн түүхийн багш залуугийн хэлсэн нь бас давхар бодогдож байвай. Гэвч Гэнэн хутагтын тамга нэрт уг зургийг олсонгүй. Ердөө будаг нь хатаагүй гэмээр бурханы мэлмий, маанийн үсэг л харагдав. Замд трактортай явсан халамцуу буриад нөхрөөс асууж, тэр мэднэ хэмээн эрэлцсэн боловч тэр бас олсонгүй. Гэвч уг пуужингийн зураг "Окинский район. Туристическая карта в фотографиях"-д нийтлэгджээ. Мөн "Горная Ока" /"Уулын Аха7 номд бас тэр зураг орсон байна. Уг зургийг үзээд бас л гайхав. Энэ тухай уул номд бичснийг товчхон танилцуулсу. Дорнод Соёны хаданд (Монголжингийн эгц хясаан дээр) Шивирийн өөр газарт тааралддаггүй цорын ганц хадны зураг бий. Энэ хачирхалтай тэмдгийг анх 1858 онд Шивирийг судлагч П. А. Кропоткин анх олжээ. Зосоор зурсан энэ тэмдэг нь 20 метрийн өндөрт бие биеэсээ 25 метрийн зайтай байдаг байна. 20 метрийн өндөрт шүү! Бид дэндүү доогуур эрээд байж. "Эдгээр нь пуужин хэлбэртэй /сансрын хөлөг/ . Тус бүрдээ дээд үзүүртээ хөндлөн зураастай, зураасныхаа дор цэг бүхий. Баруун гар тал нь босоо тасархай тасархай зураастай" гэжээ.
Миний харваас ерөнхий хэлбэр нь зууван. Нисдэг бөмбөрцөг гэмээр ч юм уу. Доод шувтан үзүүрийн доохонтой бас нэг цэг байна. Ер Холливудын зарим кинонд гардаг харь гарагийныхны хөлөг лүгээ төстэй аж. Энэ тухайтад эрдэмтэд ихээхэн маргалддаг байна. Монголын хан нар эрт үед Байгаль орчимд Бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд Гэнэн хутагт гэдэг ламыг Ахын нутагт илрэсэн гэнэ. Тэрвээр Сэлэнгээр дамжин, Байгаль хүрч, Ольхон аралд мөсөөр хүрч тэндээсээ Бага тэнгэсээр дайраад, Ангарын Балаганы тал орж, Ахад иржээ. Гэнэн хутагт Ахын голоор Монголруу буцах замдаа "айлгасан, сургасан" янз бүрийн бичиг /тарни, маанийн үсэг хэлж байгаа бололтой./-Г. А./ зурж үлдээсэн. Эдгээрийг буриадууд Тэнэн хутагтын тамга" гэж нэрлэдэг гэж М. Н. Хангалов XIX зууны сүүлээр бичсэн аж. Эдгээрийн нэг нь Монголжин уулын бичээс юм гэж уул домогт өгүүлдэг байна. Түүнээс арай хожуухан Г. Ц. Цыбиков уул зургийн утгыг "Зэндмэни тамга"/чандмани тамга/ гэж тайлсан юм байна. Уул номыг зохиогчид Гэнэн хутагтын домгийг үнэнд хамгийн ойрхон гэж бичжээ. Молхи миний үзлээр бол энэ нь Хангалов эрдэмтний дурдсан Гэнэн хутагтын зурсан тарни, маанийн үсэг харваас огт биш байна. Мөн Цыбиков эрдэмтний дурдсан чандмани ч биш байна. Монголчууд чандманий оройг хэзээ ч уруу нь харуулж зурахгүй. Чингэвэл нүгэл болно. Энэ нь зосон зураг байна. Европын эрдэмтэд агуйн зосон зургийг 40 000-аас 4000 жилийн өмнөх үеийнх гэж үздэг. Манай эрдэмтэд Монгол дахь хадны зосон зургийг 8000-аас 7000 жилийн өмнөх гэж тоолдог доо. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, миний бодлоор Кропоткиний саналыг эргэж үзүүштэй мэт. Ингэж хэлж байгаа минь их л бүдүүн зүрх юм даа.
Над яагаад сонин юм тохиолдоод байгааг би мэдэхгүй. Түнхэнд Аршаан дээр ирсэн орой Явгаан бид хоёрыг Самайн Андрей гэж орос нэртэй гэж буриад эр биднийг гэртээ урьж цайлав. Сандал дээр нь сонины тасархай хэвтэж байсныг санаандгүй авч үзэв. Тэгтэл тэнд юу байсан гээ! Энэ сонинд "Шары-загадки" /"Бөмблөгө-оньсого"/ гэсэн гарчигтай өгүүлэл байх юм. "Тэнгэрсийн гольф тоглодог газар", "Харь гарагийныхны илгээмж" гэсэн жижиг гарчиг нүдэнд тусав. Оросын алдарт жуулчин Обручев Байгалийн орчимд хүний гараар бүтсэн юм шиг чулуун бөмбөлөгөтэй таараад "Тэнгэрсийн гольф тоглодог газар" энд байна гэж хэлсэн гэдэг. Зарим нь хорин см-ын голчтой, зарим нь хоёр метрийн голчтой бөмбөлөг Уст-Илимээс бас олдсон тухай тэнд өгүүлжээ. Түүнийг Сергей Волков гэдэг эрдэмтэн очиж судлаад, харь гарагийнхны илгээмж гэж үзсэн тухай өгүүлсэн байна. Яг ийм бөмбөлгийг Коста-Рикад тариаланчид олсон гэсэн мэдээ буй. Эдгээртэй ив ижил аж. Тэгвэл хүний дайтай бус ч гэсэн тэврээд явж болох яг тийм бөмбөлөгийг Сэнсийн талд би үзэж, сонихон болохоор нь зургийг нь авсан. Гэтэл энэ тухайтад айлын хаях гэж байсан сониноос олж уншиж байдаг. Жигтэй биз? Тэгтэл "Чингис хааны узуур Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртө Чоно ажгуу" гэсэн "Монголын нууц товчоон"-ы эхний өгүүлбэр чихэнд хангинаад болдоггүй. Хий юм дуулдаг болж байгаа юм байх даа! Сүүлийн үес дэлхийн эрдэмтэд /Америк, Орос, Германы/ Гэрэг домгийн Зэвс тэнгэрийг харь гарагийн хүн гэж тайлбарлах болж. Мисир газрын цацыг босгоход харь гаргийнхан аргыг нь зааж өгсөн гэх болж. Бас харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг ажиглаж, хазайх болоход нь засвар хийж байсан хэмээн тэд айлдах болж. Хачин шүү! Тэгвэл Алун гоогийн хэвлийд шингэсэн тэнгэрийн тэр гэрэл юу вэ?
Одтой тэнгэр
Орчиж бүлгээ.
Олон улс булха бүлгээ.
Орондоо үл орон
Гөрлөлдөн бүлгээ
Хөрстэй этүгэн
Хөрвөж бүлгээ.
Гүр улс булха бүлгээ.
Хөнжилдөөн үл хэвтэн
Хөрвөлдөн бүлгээ... тэр үед харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг сайжруулах гэсэн юм биш байгаа... Нөгөө Аким чинь солиорчихож...гэж хэлэх хүн гарах л байх. Миний солиорох яах вэ, монголчууд маань саруул байвал! Би бол би л шүү дээ. Оюун сэтгэлэг маань цойлоод огт оргүйд тэнэж явна уу? Хүний сэтгэл гэдэг хөх тэнгэр шиг хязгааргүй билээ л. Гэвч бусдын өөлөх нь падгүй юм даа, над. Хүний хэлэх хамаагүй юм даа, над. Үзэж харснаа, сонсож дуулснаа, уншиж барьснаа л эрэгцүүлэн эвлүүллээ, яадаг юм! Сэнсийн тал...Нэрийн утга нь сэнс мэт тэдгээр эргүүлгэн оршуулганд байгаа юм биш биз? Эргүүлгэ...Эргүнэ...
Сэнсын сондой талада
Соло, магтаал дуудахан
Согто, Хайдаб үбгэдүүд
Хаанабта? гэж Цэрэнгийн Борис/Борис Сыренов/ гэдэг нэгэн буриад яруу найрагч халаглан бичжээ. Үгүй нээрээ, тэр өвгөд хаачив аа? Уулзаж сайхан хуучлахсан!
...Бид "анчны гаргасан тоом"-оор мухиралдан мацсаар. Бүрэн хаан мөнгөн очис харвуулан, "энэ гурав маань яаж шуухан явна даа" гэж халиасаар. Өмнө явсан Даш ламтан гэнэт "хүрээд ирлээ" гэж зарлав. Нэгэн үзүүр тойртол нээрээ элгэн улаан хад моддын дунд цухуйж байвай. Цагаа харвал яг хоёр цаг явжээ. Алдарт нүхэн даваа...Мөнөөхөн анчны өөр ертөнцөд орж омог аймгаа аварсан нүхт хад... Харин Бөртө Чоно нарын далан адуу, үхрийн ширээр хийсэн хөөргөөр хайлуулан гарч ирсэн хад мөн үү? Хадны нүхний байдлыг дороос нь буюу зүүн өмнө талаас нь үзвэл ханан хаднаа дөрөв таван метрийн өндөрт байх ажээ. Тэр нүхээр тэнгэр цэнхэрлэн харагдана. Түүгээр орвол бид тэнгэрт гараад явчих юм биш биз! Гэвч бидний аз дутжээ. Мөлхөхийн заяатай бидэнд нисэхийн хувь дутвай. Бид өгссөөр сэнжит хадны ёроолд очин, мацсаар баруун талынх нь цавчим халилын өмнөх дэвсэг дээр гарав. Анчны гаргасан тоом тэр ханан хад, нүхт хясаа хоёрын хоорондуур мушгиралдан огцом дээш оджээ. Үүгээр гарах өөр зам үгүй. Явгаан маань хясааныхаа оёорт үлдэн, цуураа татаж, Бүрэн хааны магтаалыг цуурдав. Цуурын аялгууг хажууд байгаа Нүхэн даваа бүү хэл өмнө байгаа Бүрэн хаан, тэртээ хойно буй Сэнсийн тал бүгд сонсон байгаа. Даш ламтан бид хоёр Нүхэн давааны оройн овоонд мөргөхөөр дахиад өөдөө авирав. Энд харин тун огцом ажээ. Овоонд нь хүрч, би Улаанбаатараас авч гарсан утлагаа гаргаж, Даш ламтан арц уугиулан, ном уншив. Молхи би тэр хооронд сөгдөж, монгол ёсоор зүрхээ даран, мөнх тэнгэрийн хөвүүн-наран зүг есөнтөө мөргөлөө. Тэнгэрийн Нүхэн даваанаас Мөнх тэнгэртээ мөргөж байгаа минь энэ. Чингэтэл Нүхэн даваа над ийм нэг түүх хүүрнэлээ.
"Эргүнэ гунд орсон энэ бөлөг иргэн тэр уулсын дунд, ой модны дотор олшроод, газар нь давчдах болж, энэ хавчиг шоронгоос гарах арга сүвэгчлэхээр хоорондоо зөвлөлдөжүхүй. Тэд уулнаас [боломж]ийн газар олсон нь, өөрсдийнх нь дандаа төмөр хайлуулдаг байсан төмрийн уурхай байвай. Тэд цуглаж, ойгоос гиш