Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
эрэгтэйчүүдийн ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, "Мончесс”
клубын тамирчин Гижирийн Мөнхбат түрүүлж дэлхийн аваргаа боллоо. Энэхүү
ДАШТ дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 3-нд Сингапур улсад
болсон бөгөөд Монгол Улсаас 15 тамирчин оролцжээ. Энэ удаагийн ДАШТ-д 39
орны эрэгтэй 184, эмэгтэй 23 шатарчин оролцож швейцарь системээр
өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм. Эрэгтэйчүүдийг Г.Мөнхбат найман
оноогоор тэргүүлж Дэлхийн аварга болсноор олон улсын шатрын холбооны
мастер цолны болзол хангалаа. Мөн найман оноогоор "Хан Алтай” клубын
тамирчин, дэд мастер Ү.Агьбилэг мөнгөн медаль хүртэж, олон улсын шатрын
холбооны дэд мастер цолны болзол биелүүлжээ. Энэ ангилалд "Төгс нүүдэл”
клубын тамирчин Ц.Бат-Эрдэнэ долоон оноогоор шагналт тавдугаар байр,
Багануур дүүргийн тамирчин спортын мастер Б.Нямдаваа 6,5 оноогоор 18
дугаар байр эзэллээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд "Хан Алтай” клубын тамирчин, дэд мастер
Ү.Үүрийнтуяа 6,5 оноогоор хүрэл медаль хүртэж, олон улсын Шатрын
холбооны дэд мастер цолны болзол биелүүллээ. Мөн ангилалд ЧД-ийн "Цэцэн
нүүдэл” клубын тамирчин Б.Ганчимэг, Хөвсгөл аймгийн "Ихэр бэрс” клубын
тамирчин, спортын мастер Ө.Нямтуяа нар шагналт долоо, наймдугаар байр
эзэллээ. ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид ням гарагт эх орондоо
иржээ.
Эх сурвалж: http://sport.time.mn/content/44886.shtml -д 2014 оны 5-р сарын 5-ны 13 цан 26 минутад нийтлэгджээ.
Иймэрхүү мэдээлэл өмнөх онуудад ч бас нийтлэгдэж байсан юм байна.
Тухайлбал дараах мэдээ 2011 оны 10-р сарын 12нд Шуурхай.mn-нд нийтлэгдэж
байж.
С.Билгүүн шатрын сонирхогчдын дэлхийн аварга болов
Туркийн Анталия хотноо есдүгээр сарын 30-нд эхэлсэн Шатрын
сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
2000-аас доош чансаатай шатарчдын оролцдог тус тэмцээний эрэгтэйчүүдийн
ангилалд Монголын залуу шатарчин, дэд мастер С.Билгүүн тэргүүлснээр ФИДЕ
Мастер цол, 2200 рейтинг авсан бол эмэгтэйчүүдийн ангилалд мөн Монголын
залуу шатарчин Б.Ану түрүүлж, эмэгтэйчүүдийн ФИДЕ Мастер цол, 2050
рейтинг авч, чансаагаа ахиулжээ.
Тэмцээнд
16 орны 70 орчим шатарчин оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэйчүүдийн
ангилалд 14 настай С.Билгүүн насанд хүрэгчдийн хамт өрсөлдөж, 7,5
оноогоор түрүүлсэн байна. Тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос долоон
өрөгт хожиж, нэг тэнцэж, нэг тоглолтод хожигдсон байна. Мөн
эмэгтэйчүүдээс Б.Ану дөрөв хожиж, хоёр тэнцэж, гурван өрөгт хожигдсоноор
5,0 оноотой тэргүүлжээ.
Эх сурвалж: http://www.shuurhai.mn/?p=1475
Дээрх хоёр мэдээлэлтэй танилцсан хүмүүст дараах нийтлэл ч бас сонин баймаар тул энд нэмж байрлууллаа.
Үнэлэгдээгүй үнэнчүүд
- Нийтлэгдсэн 2013 оны 7 сарын 31, Лхагва гариг, 21:40
- Бичсэн Тэнүүн
Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж ардын цэцэн үг байдаг. Бид
торгон ирэн дээрээ яваа, амжилт бүтээл нь буцалж буй нэгэндээ тухайн
цагт нь л жаахан ч болов урам өгч баймаарсан.
Бидний Монголчууд "Чингисийн Монгол”, "ухаант ард түмэн”
гээд л баахан сүржигнэдэг. Яг мөн чанартаа оюун ухаант хүмүүсээ, оюун
ухаанаараа улсынхаа нэрийг мандуулж яваа нэгнийгээ үнэлж, хүндэлж,
бахархаж чаддагсан билүү.
Оюуны спортын хаан оргил болсон "ШАТАР”-ын спортоор
бөмбөрцөгт амьдарч буй 6 тэрбум гаруй хүний 4 тэрбум нь мэддэг, 1 тэрбум
орчим нь хичээллэдэг гэсэн тооцоо бий. Үүнийг уншсан суугаа та ч бас
шатрын нүүдэл мэддэг болов уу.
Шатрын дээд цол болох Их мастер цолыг ОУ-ын Шатрын холбоо
1950 оноос албан ёсоор олгож эхэлсэн түүхтэй. Өнөөг хүртэл 1900-аад
шатарчин дээрх оргилд хүрчээ. Манай улс 6 их мастертай. Бид ч жишээ
татах их дуртай улс даа. Ойлгомжтой болгох үүднээс цөөн жишээ татъя. 120
сая гаруй хүн ам БНСУ 1 их мастер, Япон улс нэг ч байхгүй, урд хөрш
БНХАУ маань 1,3 тэрбум хүн амтай хэрнээ 50-аад л их мастертай шүү дээ.
Ингээд бодохоор уг оргилд хүрнэ гэдэг шатар тоглодог хэн бүхний хийх
зүйл биш.
Аливаа хүн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, цаашдын ажил
үйлсдээ урам зоригтойгоор ханцуй шамлан уухайлдаг. Шатрын их мастер цол
хүртсэн тамирчин Засгийн газрын шинэчилсэн журмаар Зүүн Азийн наадмын
алтан медальтай тэнцэх мөнгөн шагнал буюу 10 сая төгрөг гардана.
Чамлалттай биш гэж үү. Эгнээндээ 170 гаруй орныг нэгтгэсэн,
гишүүнчлэлээрээ хөнгөн атлетик, хөлбөмбөгийн холбооны дараа орох ийм том
холбоо, төрөлд үнэлэмж нь хэтэрхий доогуур мэт. Их спорт, оюуны спорт
хоёрын үнэлэмжийг салгаж, өөрөөр үнэлмээр санагддагаа нуух юун.
Их мастер цол хүртсэн 6 хүний нэг нь л Монгол улсын
гавъяат тамирчин цолтой. Тэр хүн нь Базарын Хатанбаатар. Бусад тамирчид
нь яагаад гавъяат болохгүй байна вэ? Олимпийн төрөлд багтдаг спортоор
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэхэд л Гавъяат өгөөд
байдаг биш билүү. Батхуягийн Мөнгөнтуул эмэгтэй шатарчдаа түүчээлж
томоохон амжилтуудыг бүгдийг нь гаргалаа, Дашзэгвийн Шаравдорж 1999 онд
Монголчуудын мөрөөдөл байсан Их мастер цолыг ихэрлүүлж эх орондоо
авчирлаа, Түвшинтөгсийн Батчимэг, Цэгмэдийн Батчулуун, Баярсайханы
Гүндаваа нар өнөө цагийн Монголын шатрын нүүр царай болсоор байна. Нэр
дурдсан дээрх тамирчдын зарим нь дөнгөж 2011 онд Биеийн тамир, спортын
тэргүүний ажилтан болсон гээд бодохоор тухайн цаг мөчид нь үнэлж байна
уу гэж бодогдохоор.
Хуучнаар ЗХУ-д шатрын дасгалжуулагчийн мэргэжлийн ангийг
дүүргэсэн гурван хүн Монголд байдаг. Тэдний нэг нь Жамбалдоогийн Лхагва.
Түүнийг ясны шатарчин гэдгээр мэддэг хүн нь арай олон байх. Гэвч тэрээр
шатрын мундаг сурган хүмүүжүүлэгч юм. ОУМЭ Баянмөнхийн Анхчимэгээс
эхлээд зуу, зуун хүүхдэд шатрын спортын гайхамшгийг таниулсан ачтан
билээ. Гавъяат дасгалжуулагч болмоор л хүн. Гавъяатаас доош бүхий л
одон, медалийг нь авлаа даа.
Олон улсын шүүгч Аюушжавын Пүрэвжав, Гэндэнгийн Алтан-Оч,
Улсын шүүгч Лувсанцэрэнгийн Төгстэнүүн. Эдгээр нэрийг сонсоод тэмцээн
уралдаан, шатарчдын рейтинг гэсэн хоёр ажил шатарчин бүхний нүдэнд
бууна. Бас л тэднийг хангалттай сайн үнэлсэн билүү.
Миний эцэг Цэрэндэжидийн Батболд 1996 оноос шатрын багш,
дасгалжуулагчийн ажлыг эрхэлж Монголын шатарчдаас Дэлхийн гэсэн
тодотголтой тэмцээнээс Анхлан алтан медалийг эх орондоо авчирсан. Өдгөө ч
шавь нар нь улс, олон улс, тив, дэлхийн тавцнаас медалийн хүртсээр л
байна. Түүнд салбарын тэргүүн ч байдаггүй.
Чойжамцын Баттүвшин. Түүний нэрийг сонсоод Монголоос
төрсөн Өсвөрийн шатарчдын анхны Дэлхийн аварга Даваадэмбэрэлийн
Номин-Эрдэний нэр санаанд бууна. Бас л хангалттай үнэлэгдээгүй.
Эх орныхоо нэрийг олон улс, тив, дэлхийн чихнээ
сонордуулсаар ирсэн, сонордуулж байгаа ахмад, дунд, залуу шатарчид ч тэр
дээрх бичсэнтэй адил. Сонирхогчдын Дэлхийн аварга болсон Сумъяагийн
Билгүүн, Баярын Ану, Баярсайханы Янжинлхам гээд л.
Дээр дурдсан хүмүүс өдгөө амьд сэрүүн, ажил хөдөлмөрөө
эрхэлсээр байна. Тэнгэрийн орноо одсон Монгол гайхамшиг Түдэвийн
Үйтүмэн, Монголын шатрын бодлого зохиомжийн үндэслэгч Сономын
Чимэдцэрэн, Говь-Алтай аймгийн шатрын сургуулийг үндэслэгч Цэнджавын
Довдон, Монголын Хүүхдийн Ордны мянга мянган сурагчдадаа шатар хэмээх
гайхамшгийн охиос түгээгч Нямаагийн Төрбат, Өвөрхангай аймгийн шатрын
суурийг тавилцагч Хандсүрэнгийн Сүрэндорж гээд л үнэлэгдээгүй
үнэнчүүдийн цуваа нэлээд хөвөрнө. Хэдий болтол сайхан хүмүүс минь
явчихлаа даа гэж гасалж суух вэ?
Шатарчдынхаа эрх ашгийг хамгаалдаг тэдний төлөө үг
дуугардаг байгууллагатай санагдана. Тэр маань таг. Усанд шидсэн чулуу
шиг. Тамирчдынхаа амжилт бүтээлийг үнэлүүлэх, төр засгийн байгууллагатай
гүүр болмоор байх юм.
Энэ бүхнийг хэн нэгний захиасаар үг дайж бичсэнгүй. Бичихгүй бол гар загатнаад, хэлэхгүй бол татаад боломгүй байлаа.
Та бүхэн өөр өөрийн гэгээн оюундаа тунгааж шүүмжлэлдэн өгүүлэлдмүү.
Шатрын үнэнч боол:
Дархинт Нарсар бичив.
/Б.Нямдаваагийн хүсэлтээр байрлуулав/
http://www.mongolchess.com/8-mycca/main-info/105-unelegdeegui-unenchuud