УИХ-ын
гишүүн Х.Баттулгын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албанаас чөлөөлөгдөх
хүсэлтийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанд оролцогч 26 гишүүний 14 нь түүний хүсэлтийг хүлээж авснаар
Х.Баттулга сайдын сэнтийгээс чөлөөлөгдөх хүсэлт нь эхний даваагаа
давав. Дэмжиж санал өгөгчдийн дунд Д.Эрдэнэбат, Д.Ганбат, М.Зоригт,
Г.Баярсайхан нарын намынхан нь багтсан байлаа. Түүний хүсэлтийг өнөөдөр
УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийднэ. Хуралдааныг тоймлон хүргэе.
Ж.Энхбаяр:
-Х.Баттулга та улс төрийн хувьд намаасаа дэмжлэг авч чадахгүй байгаа юм уу. Учир шалтгаанаа тодорхой хэлээч.
Х.Баттулга:
-Учир
шалтгаан бол тодорхой. Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн Засгийн газрын
гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьсан.
Энэ хуулийн төслийг Засгийн газрын гишүүний зүгээс дэмжсэн ч
харамсалтай нь УИХ-д унасан. Би өнөөдөр энэ хоёр албан тушаал давхар
байж болохгүй гэсэн санал өгчихөөд Засгийн газартаа суугаад байж
таарахгүй. Ийм л учраас сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэхдээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эхлүүлсэн бодлогын ажлуудыг хэрэгжих
талаас нь шахаж шаардаад явна.
Ж.Энхбаяр:
-Та
хоёр Засгийн газар дамжиж ажиллалаа. Монголын ард иргэдэд олон зүйл
ярьж билээ. Аж үйлдвэрийн паркийн асуудал байна. Төмөр замын асуудал
бас байна. УИХ-д Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл унасан. Монголын ард
түмэнд амалсан зүйлээ хэрэгжүүлж дуусгах ёстой. Ялангуяа, АН-ын нэлээд
том фракцийг тэргүүлдэг хүний хувьд амалсанаа санах ёстой. Зөвхөн
"давхар дээл” тайлаагүй гэдэг шалтгаанаар улс төрийн хариуцлагаас
зугтаж ажил өгч таарахгүй. Үгүй бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцор. Нэг бол нэгдмэл байдлаа хангаад ажилла.
Х.Баттулга:
-Төмөр
зам Монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Зарим гишүүн төмөр зам барих
гээд зургаан жил болж байна гэж ярих боллоо. Тэгвэл зургаан жил биш
шүү. 2010 оны зургадугаар сард Төмөр замын бодлого гээчийг батлагдсан.
Хамгийн анхны хөрөнгө оруулалт нь 2013 оны есдүгээр сард 55 сая доллар
өгснөөр эхэлсэн. Мөнгө байхгүй бол шүдэнзний үйлдвэр ч босохгүй.
С.Батболдын Засгийн газар нэг ч төгрөг өгөөгүй гэдгийг давтан хэлье.
Мөнгө өгөөгүй тохиолдолд төмөр замын ажил явахгүй. Төмөр замын бодлого
бол хамгийн том бодлого байх ёстой. Зүүн талын бодлогод чиглэж байсан ч
тухайн үед Ц.Нямдорж сайд нууц гэж задалж гаргасан. Хөрөнгө
оруулагчдын толгой нь эргэсэн. Хариуцлагын талаар ярьж байна.
Хариуцлагыг би өөрөө үүрээд явна.
С.Бямбацогт:
-Өнгөрсөн
хоёр жилийн хугацаанд Монголын мал, малчин хоёр үнсэнд хаягдсан шалз
шиг хаягдлаа. Малаа малчид маллаад, цаг агаар таатай байснаар мал
сүрэг өссөн. Тийм байтал, "Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил”
гээд хэлснийг баахан улстөржүүлсэн. Н.Алтанхуяг, Х.Баттулга нар мал
хээлтүүлээд, хариулаад явж байсан юм шиг, өөрсдөө хийсэн юм шиг баахан
дайрсан. Үнэндээ бол малчид руу чиглэсэн олон төсөл хөтөлбөр зогсчихсон
байна. Та сул гишүүн болчихоод Малчдын талаар МАН ихээхэн
санаачлагатай ажиллаж байгаа, Малчдыг нийгмийн даатгалд хамруулах,
шимтгэлийн хувьд хэмжээг нь уян хатан болгох, мөн зогсчихсон "Монгол
мал” хөтөлбөрийг эрчимжүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ. Энэ бүхнийг
Х.Баттулга сайд та дэмжиж ажиллах уу.
Х.Баттулга:
-Хөдөө
аж ахуйн сайд байсан хүмүүс малчдын бодлогыг дэмжиж ажиллах нь
тодорхой. С.Бямбацогт та өөрөө ч хэллээ. Хамтарч ажиллаж байсан гээд. Би
бага ярьж ихийг хийхийг боддог хүн. Малчдын талаар хамгийн их бодлого
ярьсан үе бол өнгөрсөн хоёр жил шүү. Хөдөө аж ахуйн бирж ажилладаг
болсноор хоёр тэрбум төгрөгийн экспорт хийх боломж бүрдсэн. Энэ бол
ердөө ганц жишээ. Малчдын асуудлыг шийдүүлэхийн төлөө дэмжиж ажиллах нь
тодорхой. Гэхдээ оруулж ирсэн бодлогуудыг чинь судалж таарна.
Н.Батцэрэг:
-Ажил
хийнэ гэж амалсан атлаа хоёр жил явчихаад замын дундаас ажлаа өглөө.
Өнөөдөр манайд кокс, төмрийн хүдрийн аль аль нь байна. Энэ хоёрыг
нийлүүлж байгаад ширэм хайлуулах үйлдвэр байгуулж яагаад чадаагүй юм
бэ. Та бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсан, том бүтээн байгуулдаг
хийдэг Монгол эр хүн. Яагаад ширмэн үйлдвэр хийж чадсангүй юу. Та бол
чадна шүү дээ. Мөнгө дутагдав уу. Эрх мэдэл дутагдав уу. Эсвэл улс
төрийн зөрчил байв уу. Хоёрдугаарт, таны эрхлэх асуудлын хүрээнд Төрийн
өмчийн хороо бий. Энэ агентлагийн ажил хэр сайн байна. Та том улс төрч.
Улс төрийн тогтолцоо болж байна гэж бодож байна уу. Дотоод сэтгэлээ
жаахан нээгээч. Хөмсөгөө зангидаад суугаад байгаа таныг нэвт уншиж
чадахгүй байна.
Х.Баттулга:
-Өнөөгийн
улс төрийн тогтолцоог шүүмжилдэг. Шүүмжилдэг учраас ажлаа өгч байна.
Төрийн өмчийн хорооны тал дээр үнэхээр асуудалтай байсан. Ашигтай,
ашиггүй, хувьчлах ёстой гэсэн гурван хэсэг бий. Төрийн өмчийн компанид
улс төрийн намууд өөрсдөө мэргэжлийн бус хүнээ тавьдаг. Үүнээс болж
компаниуд дампуурлын ирмэгт очдог байсан шүү дээ. Одоо энэ нөхцөл
байдал арай өөрчлөгдсөн болов уу. Сайншандын хувьд манайд байх боломжит
хувилбар. Цаашдаа Сайншандын парк шинэчлэлийг хувийн хэвшлийнхэн авч
явна. 66 хувьд хувийн хэвшил, 34 хувь нь төрд байх учраас хувийн
хэвшлийг урьж ажиллуулах ёстой.
Ц.Нямдорж:
-Х.Баттулгатай
би гурван жил, зургаан сарын хугацаанд нэг Засгийн газарт хамт
ажилласан. Төмөр замын ажлын гэрээг нууж байсан гэж Х.Баттулга сая
үнэнээ хэллээ. Би тэр гэрээг 2012 оны нэгдүгээр сарын 20-нд Ардчилсан
нам Засгаас гарсны дараа олж авсан. Х.Баттулга "Таван толгой”-г гартаа
оруулах гэж оролдоод Орос, Хятад, Солонгос зэрэг оронтой олон хэлэлцээр
хийгээд бүтэлгүйтэж, гэрээ ч байхгүй, улс хоорондын харилцаа ч үгүй
болсон. Х.Баттулгыг зүгээр ч нэг давхар дээл тайлах гэж Засгийн газраас
гарч байна гэж би бодохгүй байна. Төмөр замын ажлыг Засгаас нэг ч
төгрөг авалгүй хувийн компаниуд 2008 оноос эхлүүлчих байсан. Харин
Х.Баттулга сайд болонгуутаа уг ажлыг зогсоосон. Гэтэл одоо зөвхөн төмөр
замын ажилд 400 сая ам долларыг улсаас гаргана гэж байна. Ардчилсан
намын гишүүд Х.Баттулгыг хэн бэ гэдгийг таньж эхлээд байна. Удахгүй ард
түмэн чиний үнэн төрхийг олж мэднэ. Ийм увайгүй этгээд сайдын ажлаа
өгч байгаа нь зөв. Хамгаалаад байх зүйл алга. Манай улс 2011 онд төмс,
хүнсний ногоо, гурилаар дотоодоо хангачих бүрэн боломжтой болсон. Гэтэл
хоёр жилийн дотор улаан буудайгүй болгож, 100 мянган тонн буудай
гаднаас авлаа.Чи татвараас чөлөөлөх асуудал болон сайд огцруулах
болохоор л хуралд суудаг биз дээ. Мөнгө нэхэх болохоор Засгийн газрын
хуралдаанд суудаг. Бусад үед нь Баянголд байж байдаг нь үнэн шүү дээ.
Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Хамгаалаад байх зүйл
алга. Энэ Засгийн газар Х.Баттулгын тарьсан олон балгийг ард
түмэнтэйгээ хамт үүрнэ. Х.Баттулга бол үргэлж далдуур муу зүйл хийдэг.
Энэ Засгаас зайлж байгаад чинь баяр хүргэж байна. Энэ засгийнханд
хандаж хэлэхэд Х.Баттулгаас салж байгаад нь бас баяр хүргэе. Ер нь,
Х.Баттулгыг ажлаас нь чөлөөлөх биш төмөр замын асуудалд хариуцлага
алдсан гэж үзээд огцруулах ёстой. Энэ хүний хийсэн бузар, булай зүйлийг
олонд таниулж зайлуулах ёстой.
Х.Баттулга:
-Та
намайг бодвол Хууль зүйн сайд байсан хүний хувьд намайг шалгуулах бүрэн
боломжтой. Намайг муулах асуудал биш. Та харин шүүхэд хэлсэн үгэндээ
эзэн болох хэрэгтэй шүү. Би таныг Зайсанд үнэтэй байранд түрээсээр
амьдардаг гэж хэлснээс хойш хонзон санаж намайг үзэхээ больсон шүү дээ.
Д.Сумъяабазар:
-Өнөөдөр
зөвхөн Х.Баттулга сайдтай холбоотой асуудал яригдаад байна гэж бодож
болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль болон, хариуцлагагүй сайд
нарыг хариуцлагатай болгох гэж ийм үйлдэл хийж байгаа гэж ойлгож байна.
Долларын монгол төгрөгтэй харилцах ханш 1818-д хүрлээ. Гэтэл
ам.долларыг төсөвт 1384 гэж тусгасан сайд нарт хариуцлага тооцохгүй юм
уу. Үүнийг л хариуцлагатай болгоё гэж байгаа юм биш үү. Энэ засаг төр
ард түмний амьдралыг самарч дууслаа. Энэ улс орон сүйрлээ.
Д.Ганбат:
-Х.Баттулга
бид хоёр нэг фракцийнх. Гишүүдийн ярьж хэлж байгааг нь сонсоход арай
хэтрүүлж байна. Хараар будна, будна гэхэд ингэж будаж болохгүй. Сайд
Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Монгол
төрийг ухаалаг болгох үзэл бодолтой нь холбоотой. Өнөөдрийг хүртэл
Монголын төрд түүн шиг сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдье гэж
хүсэлтээ гаргасан хэн байна. Хэн ч байхгүй шүү дээ. Харин хөгжилтэй
оронд тийм зүйл байсан. Тэгвэл үүнийг өнөөдөр Х.Баттулга бидэнд харуулж
байна.
М.Зоригт:
-Х.Баттулгын
хариуцсан салбар сайн явна шүү дээ. Хөдөөнөөс сонгогдсон гишүүний
хувьд хөдөөгийн ард түмний амьдралд ямар өөрчлөлт орж байгаа нь нүдэнд
илхэн байна. Салбараас нь болж ажлаа өгч байгаа гэсэн ойлголт лав
байхгүй. Байнгын хорооны дүгнэлтэд Х.Баттулга онц сайн ажилласан
гэдгийг оруулж өгөөрэй. Салбар хариуцсан хугацаандаа хийсэн бодитой
ажлууд бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ мэдүүлсэн нь УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүний алба давхар хашиж болохгүй гэсэн өөрийнх нь итгэл
үнэмшилтэй холбоотой. Үүнийгээ ч өөрөө хангалттай тайлбарласан. Тиймээс
хийсэн ажлыг нь үнэлэх ёстой
С.Дэмбэрэл:
-Тоо
харж ярих ёстой. Х.Баттулга сайдын мэдээллийг харахад их олон зүйл
хийсэн гэдэг нь харагдаж байна. Үүнийг улс төржүүлэх шаардлагагүй.
Бодитой хандах ёстой.
Г.Баярсайхан:
-Х.Баттулгын
ажлыг бид мэднэ. Байнгын хорооны хуралдаа суудаггүй гишүүд тэс хөндлөн
юм ярьж байна. Монголын төрд өндөр дээд албан тушаалаа сайн дураараа
өгч байсан сайд байсангүй. Ардын намын журамт цэргүүд ээ, бүх зүйлийг
битгий үгүйсгэ” гэсэн юм.
Д.БОЛОРМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/