Монгол Улсын хэмжээнд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа энэ үед сайн
гэхээсээ илүү саар явдалууд газар авах боллоо. Газрын тосны хайгуулын
гэрээт талбайн талаар "Бүтээгдхүүн хуваах гэрээ”-ний дагуу онцгой эрхийг
ихэнхдээ гадаадын компаниудад олгодог. Гэрээ байгуулахдаа манайхан
алдаж асгасан зүйл заалт зөндөө л байдаг нь ард иргэдийн уур унтууг
хүргэж, хөдөлгөөн тэмцэл, жагсаал цуглааны хэлбэрт хүргэдэг. Гэтэл
гэрээний үүргээ умартсан хуулийн дагуу татвар түрээсээ төлдөггүй, төлөх
талаархи албаны шаардлагын хариуд, хууль шүүхийн байгууллагад гомдол
гарган, цаг хожиж мөнгөө эргэлдүүлэн өсгөдөг гадны зарим компанийхан
Монгол төрөөр тоглож байна. Тэдний нэг "Эн Пи Ай” ХХК.
1."Эн Пи Ай” ХХК гэж хэн бэ?
БНХАУ-д
бүртгэлтэй "Эн Пи Ай” ХХК /NPI/ 2009 оны 7 сарын 7-ны өдөр Газрын
тосны хайгуулын Хөх нуур–XVIII талбай дээр газрын тостой холбогдох үйл
ажиллагаа явуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Газрын Тосны газартай "Бүтээгдхүүн хуваах гэрээ”-г таван жилийн
хугацаатайгаар байгуулжээ. Харин түүний гэрээт талбай дээр үйл ажиллагаа
явуулах тусгай зөвшөөрөл бүхий Британийн Виржини арлуудын улсын
"Kenham Holding Limeted" компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эн
Пи Ай” ХХК-ийн ерөнхий захирал нь Жанг Ван Жунг Zhang Wan Zhong гэдэг
БНХАУ –д амьдардаг хүн байдаг аж.
Саяхан Монголд гэнэтхэн ирээд буцахдаа
бөөн асуудалтай байгаа татварын албаны ойрхон ч гарсангүй. Гэрээний
дагуу Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн, Гурванзагал сумдын нутагт
орших үзэсгэлэнт Хөхнуурын Хөхнуур – XVIII газрын тосны хайгуулын
талбайд газрын тостой холбогдох үйл ажиллагаа явуулж, 2012 оноос хойш
гомдол зарга тасрахгүй байсаар тун удахгүй гэрээний хугацаа дуусах гэж
байна. Хатуухан хэлэхэд хусмаа чамалсан хүүхэд шиг хөлөө жийж суучихаад
тал тал тийшээ гомдол мэдүүлж байгаа компани бол "Эн Пи Ай” ХХК.
Яагаад "Эн Пи Ай” ХХК...Яагаад татвар-Шүүх
Учир
юун гэвэл 2011 онд гэрээт талбай дээр "Эн Пи Ай” ХХК , БНХАУ-д
бүртгэлтэй "DQE international” компаниар 2 хэмжээст чичирхийллийн
ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, А тал буюу Монгол Улсад
бүртгэлтэй "Эн Пи Ай” ХХК-аас "DQE international” компанид төлөх
төлбөрөө Bank of China /Hong Kong/ хийж барагдуулахаар заасан байна..
Мөн гэрээнд гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай
холбогдсон татвар хураамж төлбөр нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр
мөрдөгдөж буй хууль эрх зүйн акт болон цаашид батлагдан гарах хууль эрх
зүйн дагуу зохицуулагдана гэж тодорхой заалт байх юм энэхүү гэрээний
дагуу монгол улсад орлого олсон гадаадын компани нэмэгдсэн өртгийн албан
татвараа төлөх ёстой юм. Түүнийг төсөвт төлөх үүрэг "Эн Пи Ай” ХХК-д
хуулиар ногддог ажээ. "Эн Пи Ай” ХХК нь туслан гүйцэтгэгч компани болох
БНХАУ-д бүртгэлтэй "DQE international” компаниар гүйцэтгүүлсэн ажил
үйлчилгээний орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан авч
манай улсын төсөвт төлөөгүй нь татварын байцаагчдын шалгалтаар илэрсэнд,
Татварын ерөнхий хуулийн хариуцлагын заалт үндэслэн нийт 327 сая
төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн
акт гаргажээ. Одоог хүртэл заргалдаж яваа түүх ердөө л эндээс эхлэлтэй.
Үүнээс
өмнө 2010 оны үр дүнд хийсэн шалгалтаар зөрчил илэрч 30 гаруй сая
төгрөгийг актын дагуу улсын төсөвт барагдуулсан байна. 2011 оны
татварын татварын шалгалтаар дээрх зөрчлөө давтан гаргаж , хууль шүүхдээ
тулсаар өнөөдрийг хүрсэн байна. 2012 оны татварыг ч бас л энэ аргаараа
төлөөгүй л байна, одоог хүртэл. Татварын Ерөнхий газрын Маргаан таслах
зөвлөлөөс давж, шат шатны шүүхийг давж заалдсаар одоо Дээд шүүхийн өмнө
ирчихсэн зогсож байна. Ерөөсөө төлөхгүй, чадахгүй, танай улсын татварын
байцаагчдын акт хууль бус гээд заль мэх хэрэглэж байгаа энэ компани
эрхээ арай хэтрүүлээд байгаа юм биш биз
Там болсон Тамсагийн араас хөхнуур хөндлөн тасдуулах вий дээ
Хэдэн
жилийн өмнө нэгэн сэтгүүлч Тамсагийн зам шиг там алга гэж байсан нь
одоо ч гол гогдоод болохгүй байна. "Петро Чайна Дачин Тамсаг” гэж
компани Тамсагийн газрын тосны нөөцөөс нэлээд хувийг өвөртлөөд
мордчихсон газар. Үүнийг нь манайхан тэр бүр мэдэхгүй. Жинхэнэ утгаар нь
ажиллахаар жинхэнээсээ манайх хөгжинө гэж итгэчихсэн дуу аялаад сууж
байгаа хэнэггүй ард түмэн. Тамсагийн газрын тосны байгалийн нөөц нь
119,2 сая тн, үүнээс олборловол зохих нь 13,2 сая тн гээд Ашигт
малтмалын нөөцийн комисс тогтоочихсон юм шүү дээ. Гэтэл Тамсагаас
зөөгөөд гаргачихсан газрын тос нь 2 сая тн, үлдсэн нь 11,2 сая тн байх
жишээтэй.
Монгол Улсын
Үндсэн хуулийн 6 зүйлийн 1-д "Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус,
амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл,
төрийн хамгаалтанд байна” гэж заасан байдаг. Тамсагаа там болгуулсан
Дорнодчуудаа, энэ янзаараа байвал хуулийг үл ойшоогч, Хөхнуурыг чинь
хөндлөн хувааж мэдэх ч энэ компани үйл ажиллагаагаа эхлээд таван жил
болж байна. Хөхнуурт тосны илэрц гарсан одоохондоо бүрэн тогтоогүй
байгаа ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа хүртэл
дээгүүр албаны хүмүүсийн дунд хийсч явсан үе бий. Ядаж улсад татвараа
төлдөг компанид Хөхнуураа өгч, төлсөн мөнгөөр нь та бид хүүхдийн
цэцэрлэг, сургууль, хүн эмнэлэг баримаар байх юм. Тамсагаа там
болгуулсан дорнодчууд, Хөхнуураа хөрстөөс арчуулах, арчаагүй алхам
хийхгүй гэдэгт итгэе.
Сануулахад...
Газрын
тостой холбогдох үйл ажиллагаа явуулдагг өөр нэг Хятад компани говь
нутгийн эмзэг системийн дэргэд /Говийн бага дархан цаазат газар, хилийн
зурвас бүс/ шингэн нефтийн нөөц илэрүүлээд байгаа. Бас гэрээ болоод
хуулийн дагуу татвар төлөлгүй Шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн, Ерөнхий сайдад хүртэл хандаж үзсэн захидал бичсэн. Хойноос
ирээд хот манайх, хотонд ороод хуц минийх гэдэг зарчим баримталсан
компани ямар ч амжилт олоогүй бөгөөд татвараа төлөх графикаа гарган
төлөхөөр болоод байгаа юм байна. Юунд найдаж Татварын Ерөнхий Газрын
маргаан таслах зөвлөлийн тогтоол, Захиргааны хэргийн анхан болон давж
заалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг үл ойшоож Монгол Улсын хууль,
Бүтээгдхүүн хуваах гэрээ болон бусад гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй
байгаа нь сонирхол татаж байна. "Эн Пи Ай” ХХК Газрын тосны хайгуулын
Хөхнуур-XVIII талбай дээр 5 жилийн хугацаанд хайгуулын ажил хийхдээ
оруулах ёстой хөрөнгө оруулалтын ажлаа бүрэн гүйцэд хийсэн юм уу.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ дээр тухайн жилд хийх ёстой хөрөнгө
оруулалтыг бүрэн хийж гүйцэтгээгүй бол, тухайн хийх ёстой хөрөнгө
оруулалтаас үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газарт төлнө гэсэн
заалт байдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Газрын
тосны хайгуулын 21 талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа
явуулахаар 16 компани гэрээ хийсэн байдаг. ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэн тус
гэрээлэгч компаниудад Монгол Улсын хууль, Татварын тухай хуулийн дагуу
НӨАТ-ын тухай хуулийг дагаж мөрдөх тухай албан бичиг мэдүүлсэн байна.
Гэвч манай төрийн байгууллагуудыг үл тоон, улсын байцаагчдын актыг хууль
бус, зүйл заалтаа андуурсан байна гэж даапаалан давж заалдахаар Улсын
Дээд Шүүхэд хандаад байна. Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д "Эх
орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал,
нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасан байдаг даа.
Миний Монголын төр хэзээ бяр сууж, харийн ноёд Монголын хуулийг мөрддөг
болох бол...
Гадаадын
хуулийн этгээдийн Монгол Улсад олсон ажил үйлчилгээний үнэ дээр
нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож төсөвт төлж, тайлагнаж байгаа олон
мянган татвар төлөгчдийг төлөөлүүлж ганцхан жишээ дурдахад
"Оюутолгой” компани 30-иад оронд бүртгэлтэй 500-гаад туслан
гүйцэтгэгч- гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт
олсон 560 тэрбум төгрөгийн орлогод 56 тэрбум төгрөгийн нэмэгдсэн
өртгийн албан татвар ногдуулан төлж тайлагнасан байна. Үүний дотор
БНХАУ-д бүртгэлтэй 97 туслан гүйцэтгэгч- гадаадын хуулийн этгээдийн Оюу
толгой компанид ажил үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт
олсон 330 гаруй тэрбум төгрөгийн орлогод 33 тэрбум төгрөгийн нэмэгдсэн
өртгийн албан татвар багтаж байх юм.
Мянга
мянган татвар төлөгчдөөс түүний дотор Монгол Улсад бүртгэлтэй энэ
гадаадын хөрөнгө оруулалт бүхий "Оюутолгой” компаниас, "Эн Пи Ай”
компани давуу эрх эдлэх хууль эрх зүйн ямар ч орчин байхгүй эрхэм
захирал Zhang Wan Zhong уул нь мэдэх л ёстой сон
"Эн
Пи Ай” ХХК-ийн ГТГ-тай хийсэн "Бүтээгдхүүн хуваах гэрээ” энэ оны 7
сарын 5-нд дуусах юм байна. Ямар ч хэрэггүй, үр өгөөжгүй, хөгжил дэвшил,
ажил албанд саад болсон, Монголын төр засгийг үл хүндэтгэсэн энэ
компаний гэрээг дахин үргэлжлүүлэхгүй цуцалвал яасан юм бэ? Түүний наана
энэ сарын 20 гаргаад Дээд шүүх дээр хянан шийдвэрлэх эцсийн шүүх хурал
болно. Түрүүнд нь олон удаа шүүхдээд заргаа алдсан "Эн Пи Ай” ХХК
Дээд шүүхэд хандсан нь бас л сонин санагдаад байх юм.
Сануулахад
Гонг Конг улсад бүртгэлтэй нэгэн компани яг ингэж заргалдаад Татварын
Ерөнхий Газрын улсын байцаагчдын актыг өөрчлүүлж чадаагүй. Дээд шүүхийн
шийдвэр нь өөр бусад ижил хэргийн шийдвэрт тайлбар болно гэсэн утга
бүхий тайлбар байдаг юм шүү. Газрын тостой холбогдох үйл ажиллагаа
явуулдаг бусад компаниуд болоод энэхүү даварсан "Эн Пи Ай” ХХК-ийн
талаар дахин сурвалжлах болно.
Ч.Дорж