Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808
жил, Ардын хувьсгалын 93 жил, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр
наадам өргөн дэлгэр боллоо. Дорнодчууд бид "Дорнод талын хурд-2014" Зүүн
бүсийн хурдан морины уралдааныг аймгийнхаа баяр наадамтай хамтатган
амжилттай зохион байгуулав. Монгол улсын Тод манлай уяач Г.Сандуйжав,
Д.Онон, Г.Батхүү, С.Ганхуяг, Манлай уяач Ч.Упаан, Ч.Гансүх, хэдхэн
хоногийн өмнө Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан
Монгол улсын Алдарт уяач, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат
А.Дондов, Ц.Чойжинжав нарын улс, аймаг, сумын цолтой ахмад болон залуу
уяачид хүрэлцэн ирж, энэ наадамд шандаст хурдан хүлгээ сойж, уралдаанч
хүүхдүүдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтсан нижгэр наадам боллоо.
Өмнө нь энэхүү Зүүн бүсийн хурд манай аймагт 2005, 2009 онд болж байсан
бол гутгаар удаагийн Зүүн бүсийн хурдан морины уралдааныг чимж Монголын
Морин спорт, Уяачдын холбоог анхлан үүсгэн байгуулалцаж, тулгын чулууг
тавьж асан, Төрийн наадамд 4 үеэрээ хурдан морь айрагдуулсан МУ-ын
Манлай уяач Галын Баттөмөр тэргүүтэй ММСУХ-хон морилон саатав.
Сэцэн
ханы цэлгэр тал, Сан бэйсийн баруун дэнж газар газрын ажнай хурдан
хүлгүүдийн алтан тоосонд мялаалгаж, наадамчин олон сэтгэл тэнэгэр дараа
жилийн наадмаа ярилцсаар буцлаа.
Дорнын их хурдан
хүлгүүд ч өөрийн дэнжээ эзэгнэн уралдав. МУ-ын тод манлай уяач
Дамбадаржаагийн Ононгийн уясан азарга, шүдлэн нь түрүүлж, тал нутгийн
өвсний шим зохисон гэдгээ харуулаад авав. Дорнодчууд ч дутсангүй. Их
нас, хязаалан, хурдан соёолонгийнхоо түрүүг авч, хурд хувааж наадлаа.
Тэр дундаа аймгийн Засаг дарга С.Ганбатын шарга хязаалан айрагдаж,
ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарын нэр дээр уралдуулсан хул соёолон түрүүлж,
торгон жолоогоо өргүүлсэн нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал байв.
Морин уралдаан зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байсан хэдий ч морь
дагасан машинууд дэндүү олширсон нь наадамчин олныг бухимдахад
хүргэсэн. Морин уралдааныг эмх цэгцтэй байлгах үүднээс аймгийн
Цагдаагийн газар, Хилийн 0132-р анги, Онцгой байдлын хэлтсийн алба
хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж, хэрдээ л машин тэрэг, морьтонгуудын
хөдөлгөөний хязгаарлаж байсан ч уралдааны хоёр дахь өдөр азарганы
уралдаанаар эхлэхэд комиссын 11 машинаас гадна дарга даамлуудын арав
гаруй машин тоос манаруулан цувцгаасан. Тэдний дунд манай аймгийн
удирдлагаас гадна хөрш аймгуудын дарга нар, Улаан гишүүн, Онон манлай
гээд томцуул харагдана лээ. Морин уралдааныг зохион байгуулах комиссын
шаардлагыг хүлээж авсангүй гэж манай дарга нар өөр хоорондоо дуугаа
өндөрсгөөд
авсан ч дараагийн уралдаалгуудад байдал нэг их дээрдээгүй дэг. Харин
уралдаанч хүүхдийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхтэй
ажилласныг энд онцлоё. Уралдааны эхний үед өвдөг тохойвч, түрийтэй
гуталгүй зэрэг шалтгаанаар хасагдах тохиблдол мэр сэр гарсан ч
гурван өдрийн турш үргэлжилсэн "Дорнод талын хурд-2014" Зүүн бүсийн
хурдан морины уралдааны явцад ямар нэгэн ноцтой осол эндэгдэл гараагүй
тайван өнгөрсөн.
Морин уралдааны газрын зүүн талд холгүйхэн хоолны
гэрүүдийг ярайтал нь эгнүүлжээ. Наадмын хуушуур, шорлог гээд хоол ундны
эрүүл ахуйн байдалд Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж байв.
Хоолны гэрүүдийн ойр орчимд худалдаа наймааны лангуунууд ч зайгаа
эзэлсэн харагдана. Эндээс зүүн тийш нэлээд зайтай орших дэнж дээр улаан
эрээн гэрүүд дүнхийж, угалз хээгээр чимэглэсэн майхнууд эрхгүй нүдэнд
тусах нь уяачдын гал төвхнөөд буйг илтгэнэ. Хамгийн сүрлэг сайхан орд
өргөөг Х.Болорчулуун гишүүний гал босгожээ. АПУ компанийн гэр гаднаа
ногоон сүүдрэвч хослуулан барьж, соёолонгийн түрүү магнайд өөрийн
байгууллагын хүрэл цомыг гардуулахаар энд төвхнөсөн байхтай таарсан юм.
Зургаан жилийн өмнөөс улс бүсийн болон даншиг наадмуудын соёолонгийн
түрүү хурдан хүлгүүд хүртэж ирсэн уг цомыг энэ удаад АПУ компанийн
Борлуулалтын албаны дарга, манай нутгийн залуу Батдорж түрүү соёолонгийн
эздэд гардуулахаар иржээ.
Морины галаар түр саатаад өнгөрсөн хэнд ч
ёстой нэг монгол ахуй мэдрэгдэхээр орчин энэ өдрүүдэд бүрдсэн байлаа.
Морин уралдааны сүүлийн өдөр өглөө эртлэн уяачдын галаар тойроход Улаан
гишүүн уяан дээрээ морио хөлсөлж зогсоо харагдсан. Батхүү гишүүн морьдоо
буцаахаар ачаалж байхтай нь таарав. Сүхбаатар аймгийн Халзан сумын
харьяат, Улсын алдарт уяач Эрдэнэбилэгээр ахлуулсан Халзан сумынхан энэ
наадамд аргагүй одтой байлаа. Түүнчлэн Халхгол сумын харьяат, Аймгийн
алдарт уяач Занданбал гуайн унаган хүлгүүд хурд шандсаа гайхуулж, хэд хэдэн айраг түрүү хүртсэн юм.
Баяр
наадмын нээлтийн үйл ажиллагааг олон түмэн ихэд сайхан болохыг хүлээсэн
хэдий ч хэдэн морьтой залуус үзүүлбэр үзүүлснийг эс тооцвол урд өмнөх
наадмуудаас ялгарах содон зүйл байсангүй. Өмнө өдөр нь болсон баярын
хурлын индэр дээрээс үг хэлэхдээ ИТХ-ын дарга маань "МУ-ын Төрийн
дууллын үгийг зохиосон Манлай ван Цэндийн Дамдинсүрэн" гээд аваад хаясан
нь зочид төлөөлөгчдийн заримынх нь инээдийг барж, дуун алдуулахад
хүргэнэ лээ.
Аймгийн баяр наадмын хүчит бөхийн
барилдаанд Улсын начин М.Чимэддорж, Ж.Гансүх, Д.Цогзолдорж, аймгийн
арслан Д.Отгонбаатар, Б.Хатанбүүвэй, Б.Батхуяг, П.Мөнхбат, Н.Түмэнжаргал
нараар магнайлуулсан хүчит 128 бөх зодоглож наадамчин олноо баясгасан
юм. Барилдааны тавын даваа эхлэхэд Улсын хоёр начнаас бусад аймгийн
арслан цолтнууд өвдөг шороодож таван сумын цолтон үлдээдэхэв. Ингээд
Сэргэлэн сумын харьяат Сумын заан Л.Чадраабал, Баяндун сумын харьяат
Сумын заан Г.Төрмөнх, Халхгол сумын харьяат Сумын заан Нн.Батдорж нар
тав давж аймгийн начин цолны болзол хангасан юм. Наадмын зургаагийн
даваанд Улсын начин Д.Цогзолдорж шинэхэн начин Л.Чадраабалыг, аймгийн
заан Х.Алтансүх Г.Төрмөнхийг амлаж давсан бол Аймгийн начин Д.Ариунмөрөн
улсын начин Ж.Гансүхийг давж Харцага цолтон боллоо. Мөн энэ даваанд
аймгийн начин Д.Анар, шинэхэн начин Н.Батдорж нарыг хэн ч амлалгүй тунаж
үлдсэн бөгөөд Д.Анар давж Харцага цол нэмсэн. Их шөвөгт Улсын начин
Д.Цогзолдорж Цагаан-Овоо сумын харъяат шинэхэн харцага Д.Ариунмөрөнг
амлаж, аймгийн заан Х.Алтансүх, шинэ харцага Д.Анар нар тунаж үлдсэн.
Энэ даваанд шинэхэн хоёр харцага маань цолоо ахиулж заан цолны болзол
хангав. Ингээд наадмын үзүүр түрүүнд Дорнод аймгийн Дашбалбар сумын
харьяат, Кураш бөхийн
дэлхийн аварга, аймгийн заан цолны болзол
хангасан Доржийн Анар түрүүлж арслан цол хүртэж, Дорнод аймгийн
Цагаан-Овоо сумын харьяат аймгийн заан цолны болзол хангасан Дашнямын
Ариунмөрөн үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.
Энэ
жилийн баяр наадмын бөхийн комисс гаднын бөх барилдуулахгүй байхаар
шийдвэрлэсэн ч наадмын өдөр цуцалсан. Энэ нь ирж барилдах бөхчүүдийн
нэлээд хувийг ирүүлээгуй байх. МУ-ын баяр наадмын тухай хуулинд
байдаггүй энэ заалтыг сүүлийн үед аль ч аймгийнхан "хэрэгжүүлэх" болсон
нь нөгөө л бөхийн найраатай холбоотой.
Аймгийн
баяр наадмаар Дорнодын зон олон хийсэн бүтээсэн ажлаа үнэлүүлж
дүгнүүлэн төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
таван хүн шагнагдсан нь нутгийн минь хөдөлмөрч ард түмний төлөөлөл
байлаа.
Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон"-гоор:
Баян-Уул
сумын ахмад настан Ш.Тасрандорж, Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр
настан Ц.Лхагва, Аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар, Соёл, спорт,
аялал жуулчлалын газрын ахлах Г.Хүрэлбаатар, Чөлөөт уран бүтээлч, Фото
зурагчин Б.Батцэрэн
Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор:
Баянтүмэн
сумын ИТХ-ын ахмад ажилтан Б.Баасанжав. Хэрлэн сумын 12 дугаар
сургуулийн ахмад багш З.Шагдарсүрэн, Хэрлэн сумын Бөмбөөлэй цэцэрлэгийн
ахмад ажилтан З.Өлзийхутаг, 8-р багийн өндөр настан Ш.Моонон, Баянтүмэн
сумын өндөр настан Ц.Чойжинжав, А.Дондов, Чойбалсан сумын өндөр настан
Ш.Үржинбадам, Халхгол сумын иргэн Б.Пүрэвсүрэн, Радио телевизийн станцын
Цахилгааны инженер Р.Лхагвасүрэн
Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар:
Баяндун
сумын "Хөрөөн дов" ХХК-ийн жолооч Л .Батболд, "Дорнод авто зам" ХХК-ийн
Замын ерөнхий инженер Т.Үнэнбат, Хэрлэн сумын 14-р цэцэрлэгийн багш
Л.Туяа, Төрийн банкны Дашбалбар дахь тооцооны төвийн захирал Ц.Энхбат
Монгол Улсын Үндэсний Аудитын газрын шагнал "Төрийн хяналтын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Аймгийн Аудитын газрын Аудитын менежер Б.Дэлгэрмаа,
Үндэсний аудитын газрын Хүндэт жуух бичгээр:
Аймгийн Аудитын газрын ахлах аудитор В.Цэнгэлмаа, аймгийн Аудитын газрын Шинжээч Ц.Гансүх,
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дээд шагнал "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхээ, аймгийн Засаг
даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
Д.Жаргал, Булган сумын Засаг даргын Тамгын газрын МЭҮ-ийн тасгийн
мэргэжилтэн Н.Мөнхцэцэг,
Монгол улсын Засгийн газрын шагнал БШУЯ-ны шагнал:"Боловсролын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Хэрлэн
сумын 7 дугаар багийн ахмад настан, ахмад багш Н.Дарьсүрэн, Хэрлэн
сумын 1 дүгээр сургуулийн Бага ангийн менежер Д.Энхчимэг, Хэрлэн сумын 1
дүгээр сургуулийн Бага ангийн багш Ч.Ариунаа,
Монгол улсын Засгийн газрын шагнал Байгаль орчин ногоон хөгжлийн Яамны шагнал "Байгаль орчны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Дорнод
Монголын Нутгийн Иргэдийн Байгаль хамгаалах холбооны менежер
Г.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын дарга
Ц.Даваацэрэн
Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны Жуух бичгээр:
Аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Нансалмаа
Монгол улсын Засгийн газрын шагнал Сангийн Яамны шагнал "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Аймгийн Шуудан үйлчилгээний газрын нягтлан бодогч Д.Бямбаа, Аудитын газрын Ахлах аудитор Д.Нармандах
Монгол улсын Засгийн газрын шагнал "Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
"Мандах тулга" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг
Монгол улсын Зам, тээврийн Яамны шагнал "Онц тээвэрчин" цол, тэмдгээр:
Хэрлэн
сумын 6 дугаар багийн ахмад настан О.Дамдинсүрэн, Статистикийн хэлтсийн
жолооч Т.Батнасан, аймгийн Тээвэр, авто замын газрын ахмад настан
Ч.Авирмэд, Хэрлэн сумын 2 дугаар багийн ахмад настан Б.Сэргэлэн, Хэрлэн
сумын 2 дугаар багийн харьяат, Газрын тосны жолооч Ц.Гантөмөр
Монгол Улсын Архивын Ерөнхий газрын шагнал "Тэргүүний архивч цол, тэмдгээр:
Аймгийн
Мэргэжлийн хяналтын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Насанболор,
Онцгой байдлын хэлтсийн Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Наранцацрал,
Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч
Б.Бадамцэцэг
Монгол Улсын Уул уурхайн Яамны шагнал -"Тэргүүний уурхайчин" цол, тэмдгээр:
"Адуунчулуун" ХХК-ийн Белазын жолооч Д.Нямдаваа
"Аймгийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр:
Аймгийн
Хөгжимт драмын театрын жүжигчин Ц.Одсүрэн, аймгийн ХДТ-ын жижүүр
Д.Баярсайхан "Цог-Октаэдр" ХХК-ийн талбайн инженер Х.Мөнхбат нарын 66,
аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр 35 хүн шагнагдлаа.
Аймгийнхаа
наадмыг Дорнодын телевизүүд анх удаа шууд дамжуулан үзүүлсэн нь хэвлэл
мэдээллийн салбарынхны яах аргагүй нэгэн амжилт байсан. Уг нь орон даяар
дамжуулах санаа байсан ч 30 гаруй сая төгрөг шаардагдсан учир чадаагүй
хэрэг. Цаашид баяр наадмынхаа төсөвт суулгаж энэ тал дээр анхаарууштай
санагдсан. Уг нь бүхэл бүтэн Зүүн бүсийн Их хурдаа улс даяар цацсансан
бол сайхан л байлаа. Бусад аймаг сумын ой л гэхэд хэдэн цаг цэнхэр
дэлгэц эзэгнэж, тэр ч байтугай нэг айлын овгийн баярыг ТВ-9 телевиз
хэдэн цагаар гаргасныг бодохоор цагаан атаархал төрөх шиг. Гэхдээ яахав.
Чамлахаас чанга атга гэж үг бий.
Наадмын
хуушуураа идэж байж л санаа амардаг нь Монгол зан хойно хуушуур ховор
байх болов уу гэж бодсон болов ч харин ч элбэг байв. Баярын эхний өдөр
1000 төгрөгийн үнэтэй байсан хуушуур хоёр дахь өдрөөс 800 болж буусан.
Аймгийн төвийн бараг бүхий л хоолны газрууд наадмын талбайд гарч үйл
ажиллагаа явуулсан болохоор хүссэн хоолоо идэх боломжоор наадамчдыг
бүрэн хангасан.
Наадам бүрээр тулгамддаг төвөгтөй
асуудлын нэг бол Нийтийн бие засах газар. Баярлаж наадамлаж явсан хүмүүс
айраг, хуушуур гэхчлэн төрөл бүрийн хурц хоол хүнс зооглодог тул ходоод
гэдэс өвдөж, хямрах нь элбэг. Чухам ийм л үед барааддаг цорын ганц "00"
нь ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байлаа. Дараалал үүсэж,
дээр нь үнэр танар гэж гэж хамар сэтлэм байсныг нуух юун. Цэнгэлдэх
хүрээлэнгийн баруун урд талд байрлах нийтийн бие засах газар нь ялаа
батгана шавсан, ямар ч хаалт халхавчгүй тул иргэдийг ихээр бухимдуулсан.
Бусад аймаг, хотуудад баяр наадмын үеэр байгальд ээлтэй явуулын
боловсон жорлон ажиллуулдаг туршлага бий. Манай аймгийн удирдлагууд ирэх
жилийн наадмаас иргэдийнхээ ая тухыг бодолцон, 00-ын асуудлыг хөрөнгө
гарган шийдвэрлээсэй. Нөгөө 300 саяар Цэнгэлдэх хүрээлэнг зассан
компаниуд ганц 00 нэмчихгүй дээ гэж халаглан байсан.
Баяр
наадмын үеийн дэг журмын зохион байгуулалт хангалттай болсон. Оюутан
цагдаа, Эко эргүүлүүд гарч ажилласан нь нэмэр өгсөн байх. Гэлээ ч манай
"шар хантаазтан"-ууд буюу "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын үйлчилгээний
ажилтнууд сайн ажиллаж байлаа.
Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн
байгууллагад ирж байгаа дуудлага мэдээлэл ердийн өдрөөс 2 дахин,
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал 5 дахин нэмэгдэж, хөдөлгөөний
эрчимжилт их болсон хэдий ч ноцтой осол гарч хүний амь нас эрсэдсэн
тохиолдол гараагүй нь олзуурхууштай. Хүн амын бөөгнөрөл наадмын талбай
орчимд ихэссэнээс бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх явдал цөөнгүй
гарсан хэдий ч цагдаагийн албан хаагчид төөрсөн хүүхдүүдийг узелиэр
зарлаж, эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгч ажиллана лээ. Наадмын талбайн
гадуур янз бүрийн тоглоом наадгай олон байсан хэдий ч дүүжин савлуураас
өөр онцгой наадгай харагдсангүй. Шаар хагалах, бай буудах, цагираг
шидэх, шоо хаях гэхчлэн тоотой тоглоомууд байлаа.
Ийнхүү
Дорнод хурд-2014 наадам хуртай хурдтай, айрагтай найрагтай, дуутай
хууртай болж өнгөрлөө. Дараа жилийн наадам ч хол байна даа.
Уншигч танд зургаан насны хурдан хүлгүүдийн айргийн таван морьдыг танилцуулъя.
Азарга - 147
1.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн Хул азарга /2014
оны Улсын наадмын 6-д хурдалсан/ уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
2.
Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг"
МСУХ-ны дэд тэргүүн, ААУ Г.Баярцогтын Хүрэн халзан азарга уралдаанч
хүүхэд Мөнхбатын Сэдэнбат
3. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, САУ
Сүхбаатарын Эрдэнэчулууны Хүрэн азарга /2013 онд Хан Хэнтий аймгийн 90
жил, Зүүн бүсийн уралдаанд соёолон азарга айргийн 4, мөн 2014 оны Наран
сум, Сүхбаатар аймгийн наадмуудын түрүү хавчиг хүрэн азарга / уралдаанч
хүүхэд Эрдэнэчулууны Цэгмид
4. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, ААУ Дугарын Цогбаярын Хүрэн азарга, уралдаанч хүүхэд Гөлгөөгийн Өсөхбаяр
5.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн
сартай Хүрэн .азарга /2014 оны Улсын наадмын айргийн 4/ Уралдаанч хүүхэд
Батжаргалын Эрхчөлөө
Их нас - 169
1. Дорнод аймгийн Хөлөнбуйр
сумын харьяат, САУ Түвдэнгийн Энхцогтын хар Саарал морь /2014 онд
Баян-Уул сумын 90 жил түрүү/ Уралдаанч хүүхэд Зоригтын Бямбашаарийбуу/
2.
Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Баяндүүрэнгийн Мөнх-Одын ембүү Хул
морь /2014 онд аймгийн МСУХ-ны наадмын түрүү/ Уралдаанч хүүхэд Баттөрийн
Батбаян
3. Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гантөмөрийн Хээр морь, уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
4.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, ААУ Галсантавхайн
Чулуунбаатарын хавчиг Хүрэн морь. Уралдаанч хүүхэд Батсайханы Лувсандорж
5.
Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, ААУ Жамбын Мөнхсүрэнгийн хавчиг
Хээр морь / 2013 он СБ аймаг Жавхлант шарга МСУХ-ны соёолонгийн айргийн
5/ уралдаанч хүүхэд Осгонбаатарын Хүслэнбаатар
Соёолон - 123
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Рэнцэнхүүгийн Зоригтбаатарын Хул соёолон, уралдаанч хүүхэд Баяржаргалын Энхбаяр
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ч.Доржцэрэнгийн Хүрэн соёолон, уралдаанч хүүхэд Г.Тэмүүлэн
3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Бадрахын Батцагааны Хээр буудан соёолон, уралдаанч хүүхэд Атарсайханы Ганболд
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатарын Зээрд соёолон, уралдаанч хүүхэд Мөнхбатын Сэдэнбат
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цогтэрдэнийн Мөнхболдын Хээр соёолон, уралдаанч хүүхэд Цогтсайханы Элбэгсайхан
Хязаалан - 195
1.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, ААУ Түвдэнжаажидын
Батзоригийн сартай Хээр хязаалан /2014 онд Улсын наадмын түрүү/
Уралдаанч хүүхэд Бат-Очирын Дэмбэрэлдодов
2. Дорнод аймгийн
Халхгол сумын харьяат Занданбалын Хилийнхүүгийн Загалт хул хязаалан
/2013 онд Дорнод аймгийн шүдлэнгийн түрүү /Уралдаанч хүүхэд Ганбатын
Мөнхзул/
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Халзангийн Буджавын Хүрэн хязаалан, уралдаанч хүүхэд Гөлгөөгийн Өсөхбаяр
4.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн Зээрд
хязаалан /2013 онд Төвийн бүсийн уралдаанд айргийн 3, 2014 онд Улсын
наадамд айргийн 3/ уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
5. Дорнод
аймгийн Хэрлэн сумын харьяат Сосорбарамын Ганбатын Шарга хязаалан
/бусад уралдаанд 2 түрүү/ уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
Шүдлэн-155
1.
УБ хот СХДүүргийн харьяат Л.Пүрэвбаатарын Бор үрээ /2014 он Улсын
наадмын аман хүзүү/ уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав
2. УБ хот Налайх Дүүргийн харьяат, МУТМУ Г.Сандуйжавын Зээрд халзан үрээ, уралдаанч хүүхэд Батбаярын Мөнхжин
3.
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батболдын Оч бор үрээ /2013
он Төвийн бүс, 2014 он Улсын наадамд тус бүр айргийн 5/ уралдаанч
хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
4. Дорнод аймгийн Халхгол сумын
харьяат Занданбалын Хилийнхүүгийн хонгор үрээ /2013 онд Халхгол сум
наадмын түрүү/ уралдаанч хүүхэд Ганбатын Мөнхзул
5. Дорнод
аймгийн Хэрлэн сумын харьяат, ААУ Цэрэнжавын Эрдэнэцогтын Хүрэн үрээ
/2013 онд Дорнод аймгийн наадмын түрүү/ Уралдаанч хүүхэд Магсарын
Рэнцэндорж
Даага - 101
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр
сумын харьяат, ААУ Цэндсүрэнгийн Цогтбаатарын Хонгор даага уралдаанч
хүүхэд Энхбаатарын Ган-Эрдэнэ
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын
харьяат Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн Хул даага /2014 онд Улсын наадмын
айргийн 4/ уралдаанч хүүхэд Хүдэрчулууны Ариунболд
3. Говь-Алтай
аймгийн Баян-Уул сумын уугуул, МУТМУ Дагвадоржийн Ганбаатар Хар бор
даага /2014 онд Улсын наадмын айргийн 3/ уралдаанч хүүхэд Чогдонгийн
Бямбажав
4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы Хээр даага, уралдаанч хүүхэд Батбаярын Мөнх-Оргил
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн Халиун даага, уралдаанч хүүхэд Цэдэндоржийн Сэнгэсүрэн
Баянходоодны
даага: Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Буджавын Батсайханы Бор
даага /Баянтүмэн сумын наадамд аман хүзүү, Төв аймаг Сэргэлэн сум 8,
Булган сум Норовлин уулын тахилга түрүү/
Нэг. Дорнод аймгийн уяачид нийт 4 түрүү, 6 айраг хүртсэнээс:
Хэрлэн сум 1 түрүү, 3 айраг
Цагаан-Овоо сум 1 түрүү,
Баянтүмэн сум 1 түрүү, 1 айраг
Хөлөнбуйр сум 1 түрүү
Халхгол сум 2 айраг Хоёр. Сүхбаатар аймгийн уяачид 1 түрүү, 9 айраг хүртсэнээс:
Баяндэлгэр сум 1 түрүү, 1 айраг
Халзан сум 5 айраг
Асгат сум 2 айраг
Наран
сум 1 айраг Гурав. Улаанбаатар хотын уяачид 1 түрүү, 1 айраг хүртсэн
байна. Төв аймгийн уяачид 2 айраг хүртсэн бол Хэнтий, Дундговь,
Архангай, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн уяачид тус бүр 1 айраг хүртэж
хурд хуваан урамтай наадацгаалаа.
Эрлийз дээд нас - 15
1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Сумьяасүрэнгийн Ганбаатарын сартай Зээрд, уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан
2.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, ААУ Түвдэнжаажидийн
Батзоригийн Халтар, уралдаанч хүүхэд Бат-Очирын Дэмбэрэлдодов
3. Төв аймгийн Лүн сумын уугуул, МУМУ Банзрагчийн Билэгдэмбэрэлийн Хул, уралдаанч хүүхэд Болортолийн Эрхэмшагай
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэвээндоржийн Галбадрахын сартай Зээрд, уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа
5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, ААУ Түвдэнжаажидийн Батзоригийн Хээр, уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
Эрлийз дунд нас - 22
1. Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул Бадамсүрэнгийн Батжаргалын Хээр үрээ, уралдаанч хүүхэд Батсайханы Рагчаа
2. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Маамуугийн Сосорбарамын Хүрэн халзан үрээ, уралдаанч хүүхэд Тунгалагийн Хатанзориг
3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатарын Хүрэн үрээ, уралдаанч хүүхэд Мөнхболдын Сэдэнболд
4. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ААУ Жамцын Энхболдын шар Хээр үрээ, уралдаанч хүүхэд Батбаярын Жавхлан
5.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрахын
сартай Хүрэн үрээ, уралдаанч хүүхэд Дарьрагчаагийн Нацагдорж
Эрлийз бага нас - 21
1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, САУ Гүнсэнгийн Ганчулууны Халтар даага,^ралдаанч хүүхэд Чулуунбаатарын Өнөрхүү
2.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, ААУ Цэндсүрэнгийн
Цогтбаатарын сартай Хүрэн даага, уралдаанч хүүхэд Энхбаатарын Ган-Эрдэнэ
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Гүнчингийн Доржалтангэрэлийн Бор даага, уралдаанч хүүхэд Батбилэгийн Буяндэлгэр
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Доржпаламын Ядамын Хүрэн халзан даага, уралдаанч хүүхэд Мөнхзулын Сүхболд
5.
Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, Нийслэлийн АУ Сэр-Одын
Нэргүйбаатарын Хээр даага, уралдаанч хүүхэд Насантогтохын Мэндбаяр
Дорнод
аймгийн ЗДТГазар, Монголын Морин спорт, Уяачдын холбоо, тус аймгийн
салбар холбоотой хамтран байгуулсан гурвалсан гэрээний дагуу хурдан
морины уралдаанч хүүхэд Матад сумын Ууганбаярын Эрдэнэцогт, Базаргүр,
Хэрлэн сум Бат-Эрдэнийн Баасандаваа, Чойбалсан сумын Мөнхтамгын Баялаг
нарт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга С.Ганбат нар Зүүн
бүсийн наадмын хишиг болгож "Өргөө цагаан гэр" бэлэглэсэн юм.
Дорнын шижир алтан талд унага болгон босоо өрж
Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах болтугай Хурай, хурай хурай....
Н.МӨНХСАЙХАН Д.ДЭЛГЭРМАА /ДОРНОД/