МАТТЕО РЕНЗИ
2014 оны хоёрдугаар сарын 22.
Засгийн газрын өр нь дааж давшгүй болж, ДНБ-ий өсөлт нь сүүлийн арван
жилийн доод түвшиндээ хүрснээр үл барам давхар Европын эдийн засгийг
хөлдөө чирсэн тун хэцүү цагт Итали 39 настай Маттео Рензид итгэл
хүлээлгэн, Ерөнхий сайдаараа сонгов. Тэр улсынхаа түүхэн дэх хамгийн
залуу Ерөнхий сайд болсныг сөрөг хүчнийхэн болоод хэвлэлүүд "ээжийнхээ
өврөөс гараагүй хүүд төрийн жолоо атгууллаа" хэмээн шоолж байсан.
Тэгэхэд
Италийн улс төр ч бөөн бужигнаантай байв. Маттео Рензиг засгийн
толгойдоо залсныг Италийн түүхэнд бичигдэхүйц үйл явдалтай дүйцүүлэн
үздэг нэг шалтгаан нь нам гэж талцалгүй, улс төрийн тавцанд нэн шинэ
үеийг гаргаж, цус сэлбэсний бэлгэдэл болсонтой холбоотой. Маттео сенатыг
татаж буулгаж, сонгуулийн хуулийг шинэчилж, залуу үед итгэл хүлээлгэсэн
нь ойворгон явдал байгаагүйг өнгөрсөн хоногууд баталсан.
Ч.САЙХАНБИЛЭГ
2014
оны арваннэгдүгээр сарын 21. Намуудын талцал, ялангуяа Засгийн эрхийг
гартаа авсан Ардчилсан намын доторх хагарал хурцдаж, улмаар хэдхэн
жилийн өмнө дэлхийд өсөлтөөрөө тэргүүлж байсан Монголын эдийн засаг
хөмөрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарч, ам.долларын ханш түүхэн
дээд түвшиндээ хүрч өссөн хэцүү цагт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар
сонгов. Ардчилсан нам фракцийн зөрчилгүй шийдвэр гаргаж болохын бэлэгдэл
болсон тэрбээр шинэ мянган гарснаас хойших Монголын хамгийн залуу
Ерөнхий сайд болсон. Азаар тэр Маттео шиг "нялх" хоч зүүгээгүй.
Шинэчлэлийн
Засгийн газар унаж, түүх нь хуучирсан даруйд төрөөгүй хүүхдэд "төмөр
өлгий зэхэн, Авралын Засгийн газар байгуулна хэмээн ярьж эхэлсэн. Олон
нийтийн хүлээж буй нь энэ байсан болов уу. Харин Ч.Сайханбилэг өөрөө
"Шийдлийн Засгийн газар" гэж тодорхойлсон.
МАТТЕО РЕНЗИ ЮУ ХИЙСЭН БЭ?
Сильвио
Берлусконигийн үрэлгэн байдлын хар мөрөөр шалдаа буусан эдийн засгийг
Маттео Рензи аж үйлдвэрийн хувьсгал эхлүүлж, төрийн өмчит компаниудтай
байлдаж, төрийн үргүй зардлыг бууруулж, төсвөө танаснаар хэдхэн сарын
дотор өөд татаж, бүгдийн амыг хаасан. Санхүүгийн сахилга бат, төсвийн
ариг гамыг сайтар сахиж буйгаар нь түүнийг эрэгтэй, залуухан Тетчер
хэмээж байсан удаа ч бий. Жишээ нь, засгийн үйлчилгээнд явдаг тансаг
зэрэглэлийн 1500 машиныг дуудлагаар худалдаж, төрийн өмчиттаван
компанийн захирлыг сольж, түүхэндээ анх удаагаа эмэгтэй гүйцэтгэх
захирлууд тавьсан. Бүрэлдэхүүндээ залуу хүмүүсийг олноор оруулснаар
Маттеогийн Засгийн газрын сайд нарын дундаж нас 47 болж, бас л Италийн
түүхэн дэх хамгийн залуу парламент болсон. Улмаар зун гэхэд Италийн
ДНБ-ий өсөлтийн муруй сүүлийн хэдэн жия анх удаагаа өөдөө чиглэсэн
билээ. Маттео Рензигийн "ээжийнхээ өврөөс гараагүй хүү" гэсэн
тодорхойлолт нь өдгөө "Италийн хожлын хөзөр" болж солигдсон.
Гэвч
гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ий 137.5 хувьтай дүйж буй улсын Ерөнхий
сайдын хувьд Маттео Рензи саяхнаас эрсдэлтэй тоглоомоор тоглож эхэлсэн.
Тэр татварыг багасгаж, төсвийн зардлыг эргүүлэн өсгөх замаар гадаад өр,
ДНБ-ий харьцааг бууруулна хэмээн найдаж буй. Хэрэв Италийн Засгийн
газрын бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид түүний үйл ажиллагаанд
итгэл алдарч, өгөөжийг өсгөхийг шаардвал энэ гүрэн өрийн сүлжээнд
туйлдан унаж болзошгүй байгаа. 2011 онд Сильвио Берлусконигийн Засгийн
газар яг үүнээс болж алдсан. Үүнээс бусдаар Маттео Рензид өөлөх юм
одоогоор үгүй байна.
Ч.САЙХАНБИЛЭГ ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Н.Алтанхуягийн
Засгийн газар гадаад өрийн таазанд тултал мөнгө босгож, түүгээрээ үр
ашиг нь богино хугацаанд нөхөгдөж чадахгүй төслүүдэд хөрөнгө оруулж, улс
төрийн талцал, утгагүй популизмаас болж хөрөнгө оруулагчдыг үргээн,
валютын орох урсгалыг хааж, улмаар ам.долларын ханш, инфляц хоёрыг
хяналтаас алдсан. Энэ бүхний дараа Ч.Сайханбилэг гарч ирээд "Засгийн
газар гурван зүйлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Нэгд, эдийн засаг,
хоёрт, эдийн засаг, гуравт эдийн засаг" хэмээн хэлсэн. Одоо түүнд Маттео
Рензигийн хийснийг хийхээс өөр сонголт бараг үлдээгүй. Төрийн үргүй
зардлыг бууруулж, төсвийн сахилга батыг сахих. Мэдээж их тэмцэл дагуулж
мэдэх ч, энэ бол түүний туулах ёстой эхний бартаа байх болно.
Сайд
нараа танхимын гаднаас сонгож, шинэ цус сэлбэвэл бас л гоё харагдана.
Үүнээс зугтаж, урьдын түүхийг давтвал "Сайханхуяг л болно" гэж УИХ-ын
гишүүн Ё.Отгонбаяр яг онож хэлсэн. "Чингис", "Самурай" бонд гарган,
гадаад зах зээлээс их хэмжээний мөнгө босгосноор ул барам, ахиад өөрийг
судалж эхэлсэн нь Шинэ Засгийн газрыг томоохон алдаанд хөтөлсөн.
Ч.Сайханбилэгт ахиад ийм шидийн санаа төрөхгүй гэж олон хүн найдаж буй.
Гадаад зах зээлд уул уурхайн түүхий эдүүдийн ханш унаж байгаа нь үнэн
боловч, манай экспортын хэмжээнд шальтай нөлөөлөхгүй болов уу. Гол нь
хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх, улмаар валютын орох урсгалыг
идэвхжүүлэх нь түүний хамгийн том "шийдэл" байх болно.
Бүх юм
аажмаар муудан муудсаар, ард түмэн итгэл алдаж байх үед гарч ирсэн
болохоор олон нийт яагаад ч юм түүнээс тэс өөрийг хүлээгээд эхэлсэн.
Засгийн үйл ажиллагааг бүдэгрүүлсэн олон асуудлын зөв шийдлийг олохоос
гадна тэр цоо шинэ жишиг, үлгэр жишээ үзүүлэх үүрэгтэй шахуу болчихлоо.
Манай Ч.Сайханбилэгээс зургаа дүү Маттео Рензи ижил нөхцөл байдлаас эргэлт хийн Италийг ахин сэргээж байна.
"Шинэ
байх болно" гэж хэлсэндээ ч хүрч яваа. Монголын улс төр, эдийн засгийн
хямралын заагт зогсож буй Ч.Сайханбилэгийн Засгийн газар зөв шийдэж,
шинэ байж чадвал тэр "Монголын хожлын хөзөр" болох болно. Амаргүй, гэвч
аавын хүүгийн давсан л даваа шүү дээ.