Н.АЛТАНХУЯГИЙН ДАРААЛСАН МЭДЭГДЭЛ
Ардчилсан намын
чигийг зааж, албан тушаалд гадас шиг зоолттой явсан үе Н.Алтанхуягт
бий. Харин одоо тэр УИХ-ын сул гишүүдийн л нэг болжээ. Ядаж
О.Баасанхүүгийнх шиг Байнгын хорооны даргын суудал, З.Баянсэлэнгэ шиг
бүлгийн дэд дарга гэсэн сэтэр ч түүнд үлдсэнгүй. "Байсан", "асан" гэсэн
үгс л албан тушаалынх нь араас бичигдэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн
гэдэг юу ч үгүй хоосон албан тушаал бол биш ээ. Зарим хүний насаараа
мөрөөдөөд хүрдэггүй энэ суудал Н.Алтанхуяг шиг хэт өндрөөс унасан хүнд л
жижигдэж харагдаад байгаа юм. Түүнээс бус Н.Алтанхуяг УИХ дээр шийдвэр
гаргахад таслах эрхтэй оролцдог 76 хүний нэг хэвээрээ байгаа. Өөрөөр
хэлбэл, Алтанхуягийг Монголын улс төрөөс, Монголын улс төрийг
Алтанхуягаас зааглаж ойлгох цаг нь одоохондоо лав биш. Үүнийг ч өнгөрсөн
хоёр долоо хоногт болсон үйл явдлууд харууллаа.
Ерөнхий сайдаас
огцорсон гээд улс төрөөс яваагүй гэдгээ, намын даргаа өгсөн гээд АН-аас
гараагүй гэдгээ Н.Алтанхуяг дараалсан мэдэгдлүүдээрээ санууллаа. Эхнийх
нь гэвэл эмийн чөлөө нь дуусч ажилдаа орсон бараг эхний өдрөө шахуу
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж хэлсэн үг нь байв. Тэрээр өөрийнх нь
дараагийн Ерөнхий сайдын явуулж буй бодлогын бурууг, хийж буй популизмыг
нь Байнгын хорооны индэр "ашиглан" шүүмжиллээ. Гадна талдаа энгийн мэт
харагдах энэ шүүмжлэл Н.Алтанхуяг шиг улстөрчийн хувьд амнаасаа зүгээр
гаргах хий огт биш нь ойлгомжтой.
Н.Алтанхуягийн хоёр дахь
мэдэгдэл хоёр хүнд хаяглагдсан байсны нэг нь бас л Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг байв. Давхар нэг хувийг нь АН-ын дарга З.Энхболдод өгсөн
энэхүү мэдэгдэл нь одоо ч бүрэн эхээрээ мэдээллийн сайтуудад бий. Тэрээр
шинэ Засгийн газраас төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулж
цомхотгол нэрээр төрийн албан хаагчдыг хохироож буйг зогсоохыг энэхүү
мэдэгдлээрээ шаардсан юм. Түүний энэ мэдэгдэл МАН-ын сайд томилогдсон
яамдаас АН-ын угшилтай албан хаагчид халагдаж буй мэдээлэлтэй бараг
давхацсан даа. Агуулгаас нь харвал АН-ын даргаас гишүүдээ хамгаалахыг,
Ч.Сайханбилэгээс засгаа зангидахыг шаардсан нь энэ байв. Өөрөө намын
дарга байхдаа, хамтарсан засагт сайд байхдаа ч намынхан жирийн гишүүдийг
хамгаалж явснаа тодотгосон байсан нь нэгийг өгүүлнэ.
Өмнө нь
нэг л хүнд байсан албан тушаалыг хоёр болгож хувааж авсан Ч.Сайханбилэг,
З.Энхболд нар одоогоор түүний шаардлагад ямар нэгэн хариу өгсөнгүй.
Харин эдгээр үйл явдлаар хариулт нь бараг тодорхой болчихсон нэг зүйл
бол АН-даа л "засгийн эрх"-ийг барьдаг байсан "Алтан гадас" фракцын
задрал юм.
ЗАМ САЛСАН ШАЛТГААН
Монгол
Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг УИХ-аас томилсон ч
томилуулсан гол хүч нь "Алтан гадас" фракц, тэр дундаа огцордог Ерөнхий
сайд Н.Алтанхуяг байв.
УИХ дахь бүлэг нь Ерөнхий сайдад
Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр тогтоод байхад АН-ын ҮЗХ дээр "Алтан
гадас"-ынхан л мандатын олноор "хүчиндсэн". Энэ үед мөн л Н.Алтанхуяг
намын даргын суудлаа З.Энхболдод найр тавин өгч байж түүнийг хоёр дахь
нэр дэвшигч болгож байв. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
"Сайханбилэг бол том биетэй л болохоос Алтанхуяг" гэж тодорхойлж байхав
дээ. Гэтэл тэд зам салжээ. Зам салаалсан шалтгаан нь байсан, байгаа хоёр
Ерөнхий сайдын аль алинтай нь л холбоотой. Нэгд гэвэл, Н.Алтанхуяг
"Алтан гадас"-аараа дамжуулж Ч.Сайханбилэгээ чиглүүлнэ гэж тооцож
байсан нь буруу байжээ. Ядаж л өөрийнх нь Засгийн газарт Хэрэг эрхлэх
газрын даргаар ажиллаж байсан түүнийг ойр зуурын асуудлыг хуучин хэвэнд
нь үлдээнэ гэж тооцож байсан нь бас л буруудсан бололтой.
Ч.Сайханбилэгийн
зөвлөхүүдээ цөөлсөн шийдвэр дээр нь "популист улстөрч" гэсэн
тодорхойлолт хийсэн нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ энэ бол наад захын л
таамгууд. Харин цаад учир нь Засгийн газрын бодлогын шийдвэрүүд Төрийн
ордонд бус Төрийн ордны өргөтгөлд эхэлж гарч буйгаас болж Ч.Сайханбилэг,
Н.Алтанхуяг хоёрын зам салсан гэх яриа байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж
гишүүний хэлсэнчлэн Ч.Сайханбилэг том биетэй Н.Алтанхуяг болсонгүй.
Гэхдээ бас Сайханбилэг Сайханбилэгээрээ ч үлдсэнгүй. Түүнийг өөр хүнийг
төлөөлдөг болсон гэх яриа ч үүнийг бататгах мэт.
Ямар боловч
өөрийгөө албан бус Ерөнхий сайдаар ажиллана гэж тооцсон нь
Н.Алтанхуягийн хувьд андуурал байлаа. Гэхдээ энэ бол түүний анхны
андуурал байсан гэвэл бас худлаа. Санаж байвал Д.Арвин гишүүн "Манай
фракцын гишүүд бүгд бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа
нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан.
Миний хувьд ч намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь
баримталж байсан. Гэтэл өөрийнх нь "Алтан гадас" фракцын С.Баярцогт,
Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг
даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж,
Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон.
Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100
хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс
нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг
мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн" гэж
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуралдаанд ороогүй шалтгаанаа
тухайн үед тайлбарлаж байв.
Ингээд бодохоор Д.Арвин гишүүний
барин тавин хийсэн, хамгийн гол нь одоо батлагдчихаад байгаа энэ
мэдэгдлээс харахад л Н.Алтанхуяг анхнаасаа андуурч явжээ. Магадгүй тэр
"Алтан гадас" гэсэн нэг завинд явсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыгоо
олон жилийн зузаан түүхтэй нөхөрлөлөө хэдхэн хоногт эвдчихнэ гэдэгт
итгээгүй байх. Өөрөөр бол Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа ч
Ч.Сайханбилэгийн төлөө гүйж байсныг юугаар тайлбарлах билээ.
Ямар
боловч аль ч таамаг нь зөв, эсвэл буруу байсан хамаагүй нэг завин
дээрээс бууснаа, нэг фракцын малгайд багтахгүй болсныг нь Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн үйлдлүүд, гишүүн Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлүүд
ойлгуулав.
"АЛТАН ГАДАС"-ЫН ХУВААГДАЛ
Могой
гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав хуваагдавч гүрний дайтай
гэдэг. "Алтан гадас" ч адилхан. Лидерүүд нь салсан ч бүгд л тус бүртээ
фракц байгуулах хэмжээний дагалдагч цуглуулах улстөрчид. Н.Алтанхуягийн
хувьд мэдээж "Алтан гадас"-аа үргэлжлүүлэн удирдах нь тодорхой.
Хэдийгээр фракцын тэргүүнээр Я.Санжмятавыг сонгоод буй ч "Алтан
гадас"-ыг Н.Алтанхуягаас салгаж ойлгох нь утгагүй. Одоо тус фракцид
УИХ-ын гишүүдээс нь тооцвол бараг хоёулахнаа үлджээ. Я.Санжмятав л сайн
ч, муу ч Н.Алтанхуягтайгаа холбоотой байгаа бололтой. Харин бусад нь
хаа ч үгүй болон С.Баярцогтын байгуулах шинэ фракцынхан гэж хуваагдаж
буй гэх.
Уг нь "Алтан гадас"-ынхан задраагүй бол УИХ-д, УИХ дахь
АН-ын бүлэг дотор хүчтэй төлөөлтэй байлаа. Харин одоо Р.Гончигдорж
төвийг сахиж дундаа, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нь шинэ фракц
байгуулж буй бололтой. Доод, дунд шатнаас "цэрэг" элсүүлж буй энэ
фракцын нэр нь "Соёмбо" байх магадлалтай юм байна. "Соёмбо" нэрэн дор
С.Баярцогтын байгуулж буй фракцынхан уулзалдаад эхэлсэн гэх мэдээлэл ч
бий. Эднийд одоогоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёроос гадна А.Бакей
гишүүн нэгджээ. Гэвч тэдний аль, аль нь намдаа "хөл"-гүй, ардаа
баталгаатай баггүй улстөрчид. Тиймээс ч Г.Батхүүтэй хамтарч байгаа юм
байна. Яагаад гэвэл, Ч.Сайханбилэг хэдий Ерөнхий сайд, С.Баярцогт хэдий
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга боловч тэдэнд өөрсдийн гэсэн
залуус үнэндээ байхгүй. Залуучуудын холбоо хавиас ганц, нэг нэр
сонсогдохоос тэднийг дагаад явах бүтэн баг гэж үгүй. Магадгүй өнөө
маргаашдаа эрх мэдлийг нь дагасан механик нэгдэл үүсч болох ч энэ нь эрх
мэдэлгүй болбол дагаад задрах хэврэг бүтэц байх нь ойлгомжтой. Тиймээс л
Г.Батхүүгийн босгосон "капитал" буюу "Чандмань" клубээр нь хөл хийх
зорилготой байгаа юм байна. З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо ,
"Шонхор" фракц гэдэг шиг Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн хослол
"Соёмбо" фракцаа "Чандмань" гэсэн хөтөлгөө морьтой болгохоор зорьжээ.
Ингээд тооцвол "Алтан гадас" УИХ-ын гишүүдийн төвшиндөө л гэхэд хоёр
хуваагдчихаад байна. ҮЗХ-ны төвшинд бол үүнээс ч олон хуваагдал үүсч
буйг, үүсгэж буйг өгүүлэх баримтууд бий.
"АЛТАН ГАДАС" АН-Д ЗАСАГЛАХ ЭРХЭЭ АЛДСАН УУ
АН-ын
ҮЗХ-ны хурлын үеэр намын даргын тамгыг Н.Алтан-хуягаас гардаж авсныхаа
дараа З.Энхболд "Шонхор" фракцаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр
өөрийнхөө байгуулсан Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчийн суудлаа ч
С.Эрдэнэ гишүүнд хүлээлгэж өгсөн. Харин З.Энхболдыг тойрч байдаг
хүмүүс Н.Алтанхуягийг намын Их хурлаас бус ҮЗХ-ноос сонгогдсон дүрмийн
бус дарга гэдэг байсан ч энэ удаад нөхцөл байдал өөрсдийнх нь талд
эргэсэн учраас дуугүй л өнгөрөв. Өөрөөр хэлбэл, З.Энхболд фракцаасаа
өнгөн дээрээ татгалзсан ч үйл явдал фракцын шугамаараа л АН-д өрнөж
байна. Сая төрийн албанд шилжсэн ҮЗХ-ны 40 гаруй гишүүний нөхөн
сонгуулиар ч З.Энхболд "Шонхор" фракцынхаа ҮЗХ-н дахь суудлыг
нэмэхийн
тулд багагүй зүтгэсэн гэх мэдээлэл бий. Мөн намын генсекийн үүрэг
гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг зүгээр ч нэг авчраад тавьчихсангүй. Өөрийнх
нь, УИХ-ын даргынх нь хувьд зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүх МоАХ
фракцын квотоор энэ албан тушаалд очих нь гэсэн мэдээлэл түгж байсан ч
эсрэгээгээ эргэсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцэх Гүйцэтгэх
зөвлөлийн хурлын урд шөнө л Л.Эрхэмбаярыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр
сонгочихсон байсан нь тохиолдлын томилгоо биш ээ. Л.Эрхэмбаяр уг нь
жинхэнэ "Алтан гадас"-чин. Харин одоо бол Н.Алтанхуягтайгаа хонь, чоно,
эсрэгээрээ Ерөнхийлөгчийн хүн гэгддэг болсон.
Гэхдээ түүнд
хэдэнтээ УИХ-д нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүрэгт нь "Алтан гадас"-ынх
ч, аваад гарахад нь дагаад явах хүмүүс бий. Дүүргийн намын удирдлага
тойрсон хэрүүл Сонгинохайрханд өрнөсөн нь үүний хангалттай баталгаа
болов уу. Нэг ёсондоо энэ бол Л.Эрхэмбаяраар дамжуулж "Алтан гадас"-ын
ҮЗХ дэх хүчийг сулруулах нэг хувилбар байх талтай. Ерөнхийлөгч, УИХ-ын
дарга хоёр ч АН-ын дотоод дахь хөдөлгөөнийг ингэж тооцож хийсэн томилгоо
байх магадлалтай. Нөгөө талдаа "Алтан гадас"-ын удирдлагуудын хуваагдал
нь АН-ын ҮЗХ дотор хүссэн ч, эс хүссэн ч хуваагдал бий болгоно. ҮЗХ-д
80 гаруй суудалтайгаараа засаглаж явсан "Алтан гадас"-ын хувьд хоёр
хуваагдахад л "Шонхор", МҮДН, "Нэг Ардчилал"-аас суудлын тоогоор бага
болчихно, АН-д засаглах эрхээ алдчихна.
Магадгүй тэнгэрийн Алтан гадас байрандаа, АН-ын "Аптан гадас" харваж байгаа нь энэ бололтой юм.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/