Монголын ард түмний хайртай хүү, Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Харин ард түмэн нь С.Зориггүй он жилүүдэд ядруухан өдөр хоногийг өнгөрөөж явна. Дахиад хэзээ түүн шиг ард түмнээ гэсэн сэтгэлтэй, жинхэнэ шударга, үнэнийг хэлдэг удидагч гарч ирэхийг хэн ч таашгүй билээ.
Харин С.Зоргийг хөнөөсөн хэргийг өнөөдрийг хүртэл хаагаагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэж ЦЕГ-аас мэдэгдсэн. Мөн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилсан нь энэ хэргийн сэжүүр гарсан байж магадгүй гэж олон нийт таамаглаж байна.
Д.Булганыг өнгөрсөн долоо хонгийн бямба гарагийн шөнө баривчилж, энэ сарын 16-нд хорих хугацааг нь 14 хоногоор сунгасан аж.
Ингээд С.Зориг агсны хэргийн талаар гэрчүүд юу ярьсан тухай хүргэж байна.
С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилсан талаарх дуулиан тархаж, удалгүй албаны эх сурвалжууд энэхүү мэдээллийг үнэн болохыг баталсан. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн шөнө баривчилсан бол өнгөрсөн даваа гаригт хорих хугацааг нь 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан.
Гэрч-1: Манай гуравдугаар давхарт нэг залуу хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байсан. Тэр үед би нэг их тоохгүй өнгөрөөсөн юм. Би үдээс хойш дахин гарахдаа нөгөө залуугийн тухай таг мартчихсан байснаа бас л зогсож байхыг хараад, өглөөний залуу байна даа, айлын охин хүлээж байгаа юмуу эсвэл хүн хүлээж байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Тэгээд "Миний хүү яагаад энд зогсоод байгаа юм бэ” гэсэн чинь "Би хүн харж байн аа” л гэж хэлсэн. Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг тиймэрхүү нүдтэй залуу байсан.
Гурав дахь өдөр 18:00 цаг арай болоогүй байхад би ачтайгаа талийгаачийн байшингийн булангаар гараад гэр рүүгээ ирж явтал нөгөө залуу, аптекийн үүдний тагтанд, бид хоёр руу хараад диагнольдсон байдалтай зогсож байсан. Бид хоёрыг хармагцаа хаалганы араар ухарч далд орсон. Дөрөв дэх, тав дахь өдрүүдэд байр хавиар байсан эсэхийг мэдээгүй, манай орц хавиар лав харагдаагүй. Тэгээд тэр аймшигт хэргийг дэлгүүр орж яваад сониноос Зоригийг алуулсан тухай сонсоод сонин худалдаж авсан юм. Сонин дээр гарсан алуурчны ам зургийг харвал нөгөө залуутай их төстэй санагдсан. Хэрэг гарснаас хойш тэр залуу ер харагдаагүй.
Үсээ зүүн тийшээ налуулсан, царай нүдний хэлбэр нь анхны ам зурагтай төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй нолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктой, догшин, хогийн биш жирийн нэг байдаг л хүн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүүхэд байсан.
Гэрч-2: Тэр хүн миний мэдэхээр даваа, лхагва, пүрэв гарагт өдөржингөө эргэлдсэн. Түүнийг тэгж удаан зогсоод байхаар нь чи хэнийхийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар гэж хэд хэдэн удаа загнахад "Би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна” гэж хэлсэн. Би тэр залууг эргэлдэж байгааг хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогүй. Олон өдөр зогссон. Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг төрөөд байсан. Учир нь хэрэг гарсан орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хүн мөн байна гэж толгойд буусан. Тэр ам зурагтай нөгөө залуу яг адилхан байсан.
Дунд зэргийн нуруутай, махлаг биш, анхны ам зурагтай их төстэй байсан. Бор ноосон цамцтай, чернилэн өнгөтөй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхнаарал татахааргүй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан. Тэр хэрэг явдлын дараа дахиж ер тааралдаагүй.
Гэрч-3: Өглөө 10.30 ийн үед аптекаа дөнгөж нээгээд байж байтал 11:00 цагийн үед харсан чинь тагтан дээр нэг хүн цаашаа хараад зогсож байсан.
Манай тагтан дээр янз бүрийн хүмүүс зогсож байдаг учир нээх анзаараагүй. Өдөр 13:00 цагийн үед харахад нөгөө залуу байж л байсан. Тэр залуу 169-170 орчим өндөртэй, эрэгтэй хүний, задгай энгэртэй, тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ самнасан байсан.
Би Эх нялхасын төвд таалийгаачин гэргий Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгүй, ямар ч байсан аягүй цайлган, хамаагүй инээж хөхөрсөн, угаасаа их темпераментный хүн. Тэрнээс биш муу санаатай юм бол байхгүй дээ. Булганыг хүмүүс халамж нь ихдээд нөхрөөс салдаг, бүр дэндүү, эрэгтэй хүнийг залхтал нь халамжилдаг хүн гэж ярьцгаадаг байсан.
Гэрчүүдийн ярианаас харахад С.Зоригийн аллагийг эртнээс төлөвлөн, олон өдөр мөрдөж, мөшгөсний эцэст үйлдсэн бололтой. Ямартай ч бүх зүйл цаг хугацааны шалгуураар үнэн худал нь мэдэгддэг учир үүнийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Жич: Гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэр, зураг, хаягийг нууцалсан болно.
Г.Төмөр