Дорнод аймагт үүсээд буй засаглалын хямрал, сандал суудлын төлөөх тэмцэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Зорилго нэгт журмын нөхрөө түлхэн унагах гэж улайран зүтгэх болчимгүй үйлдлийг нь эсэргүүцэж, бухимдсан МАН-ын ахмад, залуу гишүүд, дэмжигчид, ард иргэдийн төлөөлөл өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байна.
М.Мөнхбаатар: Сайн байцгаана уу. Дорнод аймагт засаглалын хямрал нилээд хүндэрлээ. Дээдэс нь хөлөө олохгүй бол доодчуул нь гүйдлээ олохгүй гэдэг шиг дээр байгаа удирдлагууд хөлөө олохгүйгээс жирийн ард иргэд, сонгогчид, намын гишүүд, дэмжигчид учир байдлыг ойлгохгүй болж Дорнод аймагт үүсээд байгаа улс төрийн гүнзгий хямралаас болж ард иргэдийн дунд янз бүрийн ойлголт яваад байна.
Иймээс жирийн ард иргэдийн төлөөлөл болон намын дэмжигч, гишүүдтэйгээ нийлж хийж буй энэхүү хэвлэлийн хурлаараа иргэд маань ямар дуу хоолойтой байгаа талаар ойлголт өгье гэсэн юм. Та бүхэн өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ биз дээ.
Баянжаргал: Дорнод аймагт үүсээд байгаа энэ хямрал 2012 оноос эхэлсэн. Одоо үнэхээр онцгой анхааралд байна.
Учир нь 2012 оны сонгуулиас эхлээд л энэ сандал суудлын төлөө тамга тэмдэг эрх тушаал булаалдсан дарга болох гэж зүтгэсэн цөөхөн тооны хүний шоу тоглолт одоог хүртэл үргэлжилж байна. Энэ байдал нь өнөөдөр эцэстээ хүрээд дараагийн сонгууль болох ганцхан жил дутуу байхад ард түмнийг бухимдуулсан, уурлуулсан, сэтгэл санаагаар нь тоглосон, сонгогчдоор тоглосон ийм л тоглолтыг тэдгээр хүмүүс хийгээд байна.
Энэ талаар би 2013 онд иргэнийхээ хувиар "Дорнодоор тоглосон улс төрийн шоу хэзээ дуусах бол” гээд 4-н бүлэгт нийтлэлийг Монголын үнэн сонинд нийтлүүлж байлаа. Энийг манай ард түмэн сайн мэдэх байхаа.
Энэ шоуг зохион байгуулаад байгаа цөөхөн хүн байна. Энэ цөөн хүнийг цаанаас нь удирдаад ивээн тэтгээд, тэжээгээд мөнгө, үг хэл хаяад, өдөөгөөд байгаа нэг хүн байна. Энэ хүнийг би шууд манай Дорнод аймгаас нэр дэвшсэн Н.Номтойбаяр гэж хэлнэ. Тэр нөхөр л дээрээс нь далдаас командлаад байна.
Энэ команданд нь аймгийн Засаг дарга нөхөр М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, С.Мөнгөнбат гэсэн улсууд орчихоод шоу хийгээд байна. Энэ бол үнэхээр гутамшиг. Өдий үед 2016 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэж, юу хийснээ ярьж байх ёстой, энэ өвөл ямар болох гэж байгаа билээ, ирэх жил мичин жил гарна аймаг орондоо юу хийх ёстой вэ гэдэг талаараа ярилцаж байх ёстой шүү дээ.
Ийм чухал үеийн хуралдаанаараа эрх мэдэл, албан тушаал булаалдаад байна.
2012 оноос хойш аймгийн ИТХ 15 удаа хуралдсан байна. Энэний 10-аад нь сандал суудлын хэрүүл, дарга болох гэсэн цөөхөн бүлэг хүмүүсийн хэрүүл болоод байна гэж би бодож байгаа юм.
Ийм учраас манай Дорнодын ард түмэн үгээ хэлэх хэрэгтэй байна.
Аймгийн иргэдийн хурлыг тар гэж хэлмээр байна.
Эдгээр хүмүүсийг сонгосон баг, сум, аймгийн сонгогчид энэ нөхдөө эргүүлэн татаж иргэдийн хурлыг тараах ёстой гэсэн бодолтой байна би.
Дорнод аймаг 76 мянган хүн амтай, сонгуулийн насны 40 гаран мянган хүн байдаг байх энэ улсууд үгээ хэлэхгүй бол даварсан хачин юм хийгээд байгаа хүмүүс дийлдэхээ байлаа.
Түрүүний хэлсэн цөөхөн бүлэг хүмүүс дээр нэмэгдээд Ардчилсан холбооны хоёр нөхөр, Шинэбаяр орж байгаа байх "Шүр” захын босс гэсэн энэ хэдэн л хүн байна.
Иргэдийн хурлын 35 төлөөлөгч байгаа биз дээ тэдгээр хүмүүс яагаад дотроосоо дуугардаггүй юм, энэ хэдэн хүнийхээ ажлыг яагаад засаж болдоггүй талаар ард түмэн сонирхож, их бухимдаж байна.
МАН-ын хяналтын зөвлөлийнхөн ч гэсэн энэ талаар юм хийхгүй байна.
Манай аймгийн МАН-ын хяналтынхан ч гэсэн юм хийхгүй байна. Хоёр хүн төвөөс ирээд энэ 4 хүнийг суулгаж байгаад улайстал хэлсэн.
Уулаа, Мөнгөнбатаа, Бадамсүрэн, Зоригтбаатар та 4 эв эеээ хичээгээд өнөөдрөөс эхлээд аймаг, орныхоо ажлыг жигдхэн явуул битгий зогсоогоод бай гэж хэлсэн. Зарим нөхөд нь тэр хурал дээр бид ойлголоо, хичээе гэх юм хэлж байсан. Би энийг өөрөө суугаад сонсож байсан.
Тэр нь худлаа болж байна.
Уржигдар хүртэл бөөн хэрүүлийн хурал болоод л өнгөрлөө шүү дээ. Ийм учраас зохисгүй, болчимгүй сандал суудлын төлөө тэмцэлдсэн, тамга тэмдгээ булаацалдсан энэ хэдэн нөхдийн үйл ажлыг таслан зогсоох хэрэгтэй.
Дорнодын ард түмэн бүгдээрээ энэ талаар дуугарахгүй бол бидний энэ дуугүй байгаа явдал буруу байна. Бид ер нь зоригтой дуугарах хэрэгтэй. Энэ нөхдүүдийн болчимгүй ажиллагаанаас болоод манай Дорнод аймаг улсын анхааралд байна. Зөвхөн Халхголын чөлөөт бүсээр ч биш шүү.
Дорнод аймгаа энэ хэдэн хэсэг бүлэг хүмүүсийн хэрүүлийн бай байлгамааргүй байна шүү дээ. Дорнод аймгийн түүхэнд, Дорнод аймгийн МАН-ын түүхэнд эд нар хар хуудас, хар нэр, хар мөр үлдээлээ.
Энийг таслан зогсоох ёстой гэж би иргэний хувьд хэлж байна. Би Дорнод аймагтаа 55 жил ажиллаж байгаа хүн тийм болохоор үгээ хэлэх эрхтэй, үүрэгтэй. Залуучууд намынхаа ахмадуудын үгийг сонсдог бол ойлгоосой гэж бодож байна. Ард түмэн үгээ хэлэх ёстой гэж санаж байна. Баярлалаа та нарт.
Д.Энхбаяр: Бид өнөөдөр сайхан цаг үед амьдарч, ажиллаж байна гэж бодож явдаг. Гэтэл манай Дорнод аймгийн 76 мянган хүн амыг удирдаж байгаа төрийн захиргааны байгууллагын бүлэг хэдэн улсуудаас болж Дорнод аймгийн иргэд санаа сэтгэлээр унаж байна.
Ялангуяа Засаг дарга Бадамсүрэнгийн талаар хэдэн үг хэлье. 76 мянган хүнийг аятайхан удирдаж явах хүн, айлаар ярих юм бол өрхийн тэргүүн хүн шүү дээ. Ийм хүн нь хэдэн хүний бүлэглэл дунд орчихсон талцуулаад Ардчилсан намын Болдбаатар, Ганцогт гээд тэр намаасаа хөөгдчихсөн намын гишүүн биш ийм улсуудыг иргэдийн хуралд өөгшүүлж, дэвэргээд өөрийнхөө намын хэдэн улсуудыг буруу удирдаад аймаг, орон нутгийнхаа хөгжил бодлогыг ярихгүй зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ингэж явж байгааг ард түмэн маш их эсэргүүцэж байна.
Өөрсдөө зурагтаар ярихдаа их сайхан гэгээлэг цагаанаар л ярих юм.
Ард түмэн М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, С.Мөнгөнбат, Д.Шинэбаяр гэж хэн бэ гэдгийг мэднэ шүү дээ.
Тэгэхэд л худлаа ярьж ард түмний тархийг буруу тийшээ угааж байдагт нь ард иргэд дургүйцэж байна шүү дээ.
Бадамсүрэн аймгийн дарга болох гэж хичнээн хөөцөлдөж байгаад аймгийн дарга боллоо шүү дээ. Тэгээд болгоод өгөхөөр дунд нь ингэж хагалаад л, ийм байж болохгүй гэж хэлэх ёстой хүн байтал өөгшүүлээд, зохион байгуулаад явж байгаад нь Бадамсүрэнд ард, иргэд үнэхээр дургүй байна.
Дарга нар пиавар хар машинд суучихаад л тэрэн дотроо юу ч бодож сууж явдаг юм, иргэдтэйгээ уулзахгүй байна, иргэдтэй санаа бодлоо солилцохгүй байна, аймаг орныхоо ажлыг ярихгүй, ерөөсөө л Зоригтбаатар гэдэг хүнийг л унагаад авчихвал болоо гэсэн ийм л бодолтой байна.
Хүнээс илүү үнэтэй модон тамга гэж байдаг юмуу Монголд ч тэр Дэлхийд ч тэр байхгүй шүү дээ. Гэтэл модон тамганы төлөө л дайн болгоод, аймгийнхаа хөгжлийг мартчихсан, уг нь Халхголын нутгийн зөвлөлийн дарга шүү дээ Бадамсүрэн, тэгэхэд яаж байна Халхгол гээд л тэнд бөөн юм болж байхад тэрний төлөө гүйгээд, энэ 76 мянган хүний төлөө сэтгэл санаа гаргаж ярих ёстой байна шүү дээ.
Тэгэхэд энэ намын бүлэглэлүүдтэй нийлчихсэн л хагалан бутаргаад явж байна.
Аймгийн иргэдийн хурлыг харж байхад 5 хүн л ярьдаг шүү дээ. Манай иргэд зурагтаар бүгдийг харж байгаа. Уулаа, М.Бадамсүрэн, Д.Шинээ, С.Мөнгөнбат, шар Болдоо, Д.Ганцогт нь ярина. Ерөөсөө ийм л хүмүүс аймгийн иргэдийн хурлыг хуралдуулж байна.
Цаанаас нь араас нь дуугарч байгаа хүмүүс байхгүй. Хамгийн өндөр настай Өлзийбаян дарга байна. Тэгэхэд Өлзийбаян дарга дуугардаггүй шүү дээ. Юунаас болж дуугарахгүй байна гэдэг нь ойлгомжтой.
Энэ хэдийн яаж аашилдгаас л болж дуугарахгүй байна.
Ардчилсан намд С.Ганбаа гээд том эмч байна. Тэгэхэд дуугарч болно шүү дээ. Ингэж болохгүй ээ гээд. Тэмцэж болно, гар өргөхгүй байж ч болно. Тэгэхэд цуг дунд нь ороод л өөгшүүлээд явж байгаа нь Дорнодын ард түмэнд маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байна шүү дээ.
Ерөөсөө ганцхан иргэдийн хурлын даргыг л аваад хаячихвал аймаг сайхан болох юм шиг, хөгжөөд явчих юм шиг бодлогоор ярьж байна. Энэ маш буруу.
Дарга нар гадуур явахгүй болохоор мэдэхгүй байна. Гадуур явдаг бол Дорнодын ард түмэн бүгдийг нь ярина. Надад бол их ярьж байна.
Тэгэхэд өөрсдөө бол их сайхан яринаа.
Ард иргэд биднийг хүрээлж байна, бидний ард иргэдийн хурлын төлөөлөгчид байна, бүх улсууд зогсож байна гэж ярьж байна. Өөрсдөөс нь айгаад л чимээгүй байгаа шүү дээ. Хэлэе ч гэсэн хэлж чадахгүй болчихсон айж байна шүү дээ эд нараас. Ийм л байна даа. Дорнодын ард түмэн үгээ хэлэх цаг нь болсон шүү. Ер нь бол гадуур хүмүүс хэлнэ, цуглана, тэмцэнэ гэж их ярьдаг болсон. Энийг заавал дэвэргэж, хүмүүсийн уур бухимдлыг барах ямар хэрэг байна.
М.Мөнхбаатар: Дорнод аймгийн засаглалын хямрал 2012 оноос засаг дарга хэн болох вэ гэдгээс л эхэлсэн. Энэ нь үргэлжилсээр байгаад сүүлдээ иргэдийн хурлын дарга хэн нь болох вэ гэж энэ хүртэл явж ирлээ. Эвт шаазгай буга барихын үлгэрээр Дорнод аймгийн дарга, удирдлагууд эвгүй байснаасаа болж, үйл ажиллагаагаа явуулахгүйгээс болж бусдын өгөөш болж Дорнод аймаг эзэнгүй юм шиг болж сүүлдээ Халхголыг чөлөөт бүс болгох хүртэл шийдвэр гаргаж орж ирж байгаа нь харагдаж байна.
Хэрвээ аймгийн Засаг дарга нь гэрийн эзэн шиг эзэн байгаад ард иргэдээ эвтэй сайхан байлгаад ажил үүргээ гүйцэтгээд явж байвал бидний нутаг руу өнгөлзөх янз бүрийн хүн цөөхөн болно шүү дээ.
Хүүхэд настангуудын даралт өгсөж байна, хямарч байна. Зурагт асаах болгонд л хэрүүл тэмцэл яваад байхаар залхаж гүйцэж байна.
Хөгжлөө ярихын оронд тэр сандлыг авна энэ сандлыг авна гээд 3 жилийн турш үнэхээр залхаалаа шүү дээ.
Тэгэхээр энэ бүхнийг болимоор байна. Намын хувьд ярихад нам бол хувийн эрх ашгийг хамгаалсан, дээдэлсэн л газар болж хувирлаа шүү дээ. Нэг хүний төлөө зүтгэж байна.
Өнөөдөр УИХ-д тал талаасаа хэлэлцдэг, бид хэдий муулдаг ч гэсэн тэд нар хоорондоо үгээ чөлөөтэй хэлж байна. Иргэдийн хуралд өнөөдөр цөөн тооны хүмүүс л ярих юм.
Нөгөө хэд нь бүүр таг дуугүй, ямар санаа оноотой байгаа юм бүү мэд. Хүн л юм чинь өөрсдийн санаа бодол байгаа шүү дээ тэд нарт. Тэр санаа бодлоо хэлээд энэ дээр нь ингэмээр байна тэр дээр нь тэгмээр байна гээд ярих юм байхгүй бүүр амыг нь хаагаад хаячихсан юмуу яасан юм ийм байдалд ортол нь чимээгүй байлгаж байгааг би бол хувийн эрх ашгийг дээдэлсэн нэг хүний хэтэрхий дарангуйлал, нэг хүн харцаараа хөдөлгөдөг ийм байдалд орчихсон гэж хэлмээр байна. Нөгөө хэд нь ч гэсэн дуугүй л дагаж явдаг энэ байдал ингэж явбал цаашдаа манай сонгогч иргэд хүмүүст хүнд шүү дээ. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор чөлөөтэй үгээ хэлэх эрхтэй. Гэхдээ үгээ хэлсэн хүнийг нь намаас шахаж гаргадаг. Тэр нь надаас эхэлсэн.
Намын хороо цөөн хэдэн бүлэг хүнийхээ үгээр намын нийтлэг эрх ашиг нь энэ байна гэж хэлж байгаа. Би зөндөө хэлсэн үнэхээр намын нийтлэг эрх ашиг юм бол намын жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсооч гэж. Тэд нарын үг маш хүчтэй сонсогддог болохоор тэдэнтэйгээ уулзахаас айдаг, бүүр уулзах оролдлого хийхээсээ ч айдаг. Тийм болохоор эдгээр бүлэг хүмүүсийн ярьж байгаа, гаргаад байгаа шийдвэр нь намын жирийн гишүүдийн дуу хоолой биш шүү гэдгийг олон дахин хэлж байгаа энэ удаа ч давтан хэлье.
Нам болохгүй болжээ, энэ намын хороо юм хийхгүй байна, тэргүүлэгчид юм хийхгүй байна гэдгийг ямар ч хүн ойлгож байна.
Өнөөдөр намын байран дээр бүжиг явж байна, хэсэг бүлэг хүмүүс очиж хор найруулж байна, өөр юу ч хийхгүй л байна шүү дээ. За яахав намаа больё гэхэд Засаг дарга маань өөрөө нам гэдэг үүднээсээ биш Засаг ноён гэдэг үүднээсээ эв нэгдлийг сахиад сонгууль болох нэгхэн жилийн хугацаанд төсөв мөнгөө хэлэлцээд дуусахын хооронд ахиад л энэ сандал ширээнийхээ тэмцлийг үргэлжлүүлж байна.
Ё.Төмөрбатаа: Би нам улс төр гэж мэдэхгүй спортын хүн. Би энд Р.Зоригтбаатар гэдэг хүн хэн бэ гэдгийг л хэлэх гэсэн юм. Би энэ хүний удирдлаганд олон жил ажилласан. Энэ хүн бол зохион байгуулах чадвар сайтай, зарчимч, үнэн шударга талыг барьдаг хүн. Би болон миний шавь нар ч батлана. Орой бүр зурагтаар гарч байгаа хэрүүлээс Дорнодчууд залхаж байна. Сандал ширээ, тамга булаацалдсан хүмүүс л байх юм. Ингэж хэрэлдэж, маргалдаж байхын оронд хэнийх нь зөв буруу гэдгийг шүүхээр ялгаад өгсөн байхад шүүхийн шийдвэрээ дагаж болдоггүй юмуу. Би бүүр гайхаад байх юм. Шүүхийн шийдвэрээ дагахгүй юм бол Монголд шүүх гэж байгаад яах юм бэ. Саяхан би ойр ойрхон хот руу хурал цуглаанд автобусаар явлаа л даа. Тэгсэн автобус Цэнхэр мандал дээр нэг л газар зогсоод байна. Тэгээд зорчигчидтой ярьж үзлээ яагаад ингээд байгаа юм гэхээр Уулаа энд зогсох ёстой гэдэг юм шиг байна лээ гэж ярьж байна. Арай ч худлаа байлгүй дээ гэхээр үнэн гэнэ лээ гэцгээж байна. Ингэж болохгүй шүү дээ. Хэдий тэр хүний мэдлийн юм ч гэсэн өөрсдийнхөө хүслээр хаана, хэзээ, юу идэхээ бид нар мэдэх ёстой юм байгаа биз дээ. Тийм байдал харагдахад л би энийг хэлье, ярья би л хэлэхгүй бол энэ цаашаа даварсаар байгаад хачин юм болох юм байна гэсэн үүднээс л би хэлж байгаа юм.
З.Оргил: Аймгийн Засаг дарга бид нар нэг үеийн л залуус. Бид аймаг орноо авч явах ёстой. Гэтэл өнөөдөр хуулийг гууль болгоод явж байгаад нь залуус бид Засаг даргадаа итгэх итгэл алдарчихаад байна.
Өнөөдөр гадуур явахад л хувийн компаний ажилтан ч бай төрийн албан хаагч ч бай бүгд л Засаг юу болоод байгаа юм бэ л гэж хэлнэ.
Цас ороод хальтиргаа, гулгаа эхэлчихлээ. Энэ жил мичин жил, зудтай л гэж байна. Гэтэл Засаг ноён тамга тэмдэгтэй биш, яаж аймаг орон нутгаа цас зуднаас эвтэйхэн аваад явах уу яаж аймаг орон нутгаа хөгжүүлэх вэ, залуучуудыгаа яаж хөгжүүлэх вэ, хэрхэн залуучууддаа үлгэр дуурайлал болж манлайлж явах уу гэж бодож явмаар юм.
Миний бие аймгийн намын хорооны гишүүн сонгуульт ажилтай, аливаад үнэн, хууль гэж байх ёстой. Өнгөрсөн даваа гаригт аймгийн намын хороо хуралдсан. Өнгөрсөн 5 дугаар сард аймгийн МАН-ын 35 дугаар бага хурал хуралдсан. Энэ бага хурлаа хоёрдугаар хуралдаан гэж зарласан.
Би уг нь намын хорооны гишүүн шүү дээ, надад ядаж хурлын тухай сонсогдох ёстой, гэтэл ямар ч мэдээлэл байхгүй байж байгаад л хагас сайн өдөр нь даваа гаригт намын хорооны хуралтай гэсэн мэссэж ирсэн. Тэгээд хурал нь боллоо. Хурал даргалагч, нарийн бичиг, тооллогын комисс гээд бүгд байх ёстой. Гэтэл тийм юм байхгүй, аймгийн намын хорооны дарга нь хурлаа удирдаад өөрөө хүмүүсээ тоолоод сууж байсан. Гэхдээ тэр тооллогыг илээр, нууцаар биш санал ч асуугаагүй. Ямар асуудал дээр санал хураасан гэхээр анх хэлэлцэх асуудал дээрээ Бадамсүрэн дарга өөрөө 5 дугаар сард хуралдсан 35 дугаар бага хурлаас хойших 6 сарын хугацаанд хийсэн ажлын тайлан гэж оруулж ирсэн. Гэхдээ тайлангийн төлөө тэгж яаруу сандруу хоёрдугаар хуралдаан хийнэ гэж байхгүй шүү дээ. Цаана нь ямар нэг өөр асуудал байна гэдгийг би гэлтгүй намын хорооны гишүүд бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэр нь ямар асуудал вэ гэхээр аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүн Зоригтбаатарыг намаас хөөх гэсэн шийдвэр гаргана гэж. Би хэлсэн: Намаас хөөнө гэж дүрэм дээр байдаггүй юмаа. Намаас гаргах гэж байгаа бол намын дүрэм гэж байдаг. Та нар ямар үндэслэлээр энэ хүнийг намаас гаргаж байгаа юм бэ гэхэд яг үндэслэл нь ийм тийм гэсэн тодорхой юм байгаагүй. Яагаад гэхээр Зоригтбаатар даргад хийсэн дүгнэлт байхгүй учраас заалтаа хэлж чадаагүй. Намаас гаргахад хэдхэн үндэслэл байдаг юм. Би өөрөө тэрийг сайн мэднэ. Намын дүрмийн 6.5.1 дүгээр зүйл хүртэл байгаа. Тэр заалтан дээр Зоригтбаатар даргыг намаас хөөх гэсэн ямар ч үндэслэл байгаагүй. Тийм болохоор энэ үндэслэлгүй юм байна. Мөн намын дүрмийн 6.5.5-д намын гишүүн эсрэг намын хүнтэй нийлж өөрийн намын эсрэг юм хийсэн тохиолдолд намаас хөөнө, гаргана гэсэн тийм дүрэм байдаг. Энийг манай намын дарга өөрөө хэрэгжүүлсэн. Юун дээр ийм дүгнэлт хийв гэхээр намын дарга өөрөө Ардчилсан намын Болдбаатар, Ганцогт нартай нийлж иргэдийн хурлын дарга руугаа өөрсдөө хүч түрэн дайрч эрээ цээргүй хууль бусаар хандаж байгаа нь яалт ч байхгүй нөгөө намтайгаа нийлсэн л асуудал шүү дээ. Энийг хүн болгон мэдэж байна шүү дээ. Тийм болохоор та өөрөө энэ хууль бус үйлдлийнхээ төлөө намын ажлаа өгөх ёстой гэсэн миний асуултанд хариулт өгч чадахгүй хурлаа өндөрлүүлсэн. Гэхдээ энэ хурлыг би хууль бус ойлгож байгаа. Намын хяналтын хороо дүгнэлтээ Тэргүүлэгчдэд өгөх ёстой болохоос биш хяналтын хорооны дарга нь өөрөө хурлын дарга намынхаа хүн рүү дайрах эрх байхгүй. Яагаад дайраад байна гэдэг чинь буцаад нөгөө хүмүүсийнхээ эрх ашигт нийцүүлэхийн тулд дайрч байна гэж ямар ч хүн ойлгохоор тийм үйлдэл гаргасан. Зоригтбаатар дарга намын хороон дээрээ байхад нь та тамгаа өгөө гэж гуйж болно гэтэл тэгээгүй шүү дээ хэвлэлийн хурлаар харж л байлаа шүү дээ яаж авирлаж байгааг нь. Төрийн байгууллага, төрийн ажил дээр намын дарга, намын дэд дарга, хяналтын хорооны дарга нь тамгаа өг гэж ИТХ-ын даргын өрөөнд орох үндэслэл нь зохистой юу би лав мэдэхгүй. Ийм засаг даргатай байхад бидний залуус яаж урагшилж, аймаг орон нутгаа хөгжүүлэх вэ дээ л гэж хэлэх гэсэн юм.
Бэгзсүрэн: Манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид намын нөхдүүд албан тушаалын төлөө ямар ч өрсөлдөөн тэмцэл байж болохгүй гэдгийг өөрийнхөө биеэр туулж ядарч зовж байж гарч ирсэн улсууд гэдгээ эргэж санаач. Хичнээн олон дахин дээрээсээ зөвшөөрөхгүй, хэдхэн хүн дэмжээд л, намын нөхөд нь ч жагсаад л хөдөлмөрчид ч аймаг орон нутгаа засаг захиргаатай болгоё гэж зүтгээд гарч ирсэн. Гарснаасаа хойш энэ асуудал дээр бүгд эвлэлдээд, нягтраад ажиллаж чадахгүй. Намын нөхөд нь яаж Засаг даргын суудалд суулгалаа гэдгийг эргэж бодох нь хүнлэг ёсны хэлбэр шүү. Нөгөө талаас манай намын нөхдүүд зурагтаар өгч байгаа ярилцлага, хуралдаандаа ёс зүйн алдаа их гаргаж байна. Эвгүй харагдаж байна. Хүн хүнээ хүндэлж байгаа байдал харагдахгүй байна. Ганцаардуулсан, дайрч довтолсон байдалтай, ийм эвгүй юм гаргаж болохгүй шүү дээ. Тухайн хүн чинь иргэдийн хурлын зарим төлөөлөгчдийн сэтгэл санаанд тохирохгүй зүй бус юм хийлээ гэхэд тэрийг засах талын арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ Зоригтбаатар дарга тэр хэмжээнд намаасаа хөөгдтөл энэ ажлыг хийж чадахгүй болтлоо дутагдал гаргаагүй гэж үзэж байгаа.
Чулуунбаатар: Би намын дотоод ажлыг мэдэхгүй ээ. Иргэний төлөөллийн хувьд оролцож байна.
Зурагт үзэж байхад үнэхээрийн ойлгомжгүй заримдаа харахаас дургүй хүрэх юм.
Бадамсүрэн дарга манай аймгийг удирдаад явж байгаа Засаг дарга шүү дээ. Тэгэхэд энэ асуудлуудаа зохицуулаад энэ хэдэн ажил явуулах гэж байгаа улсуудтайгаа хэрүүл маргаан болгоод ингээд зурагтаар ард түмэндээ эвгүй байдал бий болгож байна шүү дээ. Та аймгийн Засаг дарга шүү. Та Засаг дарга шиг Засаг дарга байгаад энэ асуудлуудаа дотроо зохицуулаад, хууль гэж байдаг бол хуулиа л дээдлэе, хуулиндаа л захирагдаж амьдрая. Бадамсүрэн дарга өөрөө дотор нь ороод л яагаад ч байгаа юм бэ, зурагтаар харж байхад ойлгомжгүй л байна даа. Аймгийн Засаг дарга байхааргүй тийм ёс суртахуунтай асуудал харагдаад байна.
Чулуунбаатар гэж хүн өнөөдөр дуртайдаа зурагтаар үг хэлж байгаа юм бишээ. Энэ олон ахмадууд байна. Эд нар чинь улс эх орондоо хөдөлмөрлөөд хийдгээ хийчихсэн улс шүү дээ. Юуны төлөө эд нар маань өнөөдөр ярьж байна гэхээр эцсийн шатанд Дорнод аймгийн 76 мянган хүний эрх ашгийн төлөө шүү. Үнэхээр ажлаа хийж чаддаг бол Бадамсүрэн дарга та ажлаа хий. Аймагт чинь зөндөө ажил байна. Тийм ажилгүй болчихсон юмуу эсвэл сандал ширээний төлөө тэмцэлээс өөр ажил байхгүй юмуу. Бадамсүрэн даргад л би хэлмээр байна. Энэ бүхнээ та өөрөө зохицуулаад энэ ажил, энэ хэл амаа болиул. Аймаг орон нутгийнхаа ажил 2016 оны төсвөө хэлэлц л дээ. Ер нь нөхдүүдээ дарга гэдэг бол цаг хугацааны юм шүү. Бид нар мөнхөд дарга байхгүй шүү дээ. Тэгэхээр дарга нартаа хэлэе. Ер нь нэг жаахан бодолцоочээ. Иргэнийхээ хувьд хэлж байна. Би аль нэг хүний талд орсонгүй. Ер нь тэгээд хууль гэж байдаг бол хуулиараа л амьдар.
М.Мөнхбаатар: Эцэст нь дүгнэж хэлэхэд болж өнгөрсөн хууль бус хуралдаан дээр бидний хэсэг хүмүүс лоозон барьж суусан юм. Тэгж суусны дараа Энхбаяр дарга бид хоёр луу маш олон Дорнодын ард иргэд утсаар ярьж дэмжиж байгаагаа илэрхийлж энэ ер нь болохгүй бүтэхгүй байгаа шүү гэдгийг байнга утсаар ярьж байсан юм. Тэдгээр иргэдийн хэлснээр хэвлэлийн хурал хийлгэх нь зүйтэй юм гэсний үндсэн дээр бид төлөөлөл болж өнөөдөр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.