Намууд итгэл даасангүй. Улстөрчид урам хугалав. Сонгох нам, сонгох улстөрч байна уу? Буруу гараар баяжигчид сул олзонд донтоод эцэстээ шунал нь сэтгэцийн эмгэг үүсгэн өвчилдөг жамтай. Сул олзонд амташсан хэрээнүүд улстөрд эргэлдэж бяд суугаад торнихын хэрээр хэд гурваар нэгдэж бүлэглэл үүсгэн мега төслүүдийг талцан булаалдаж эх орны өөдлөх алхааг дэгээдэв. Төрөөс төрсөн тэрбумтнуудын уралцаан Төр Засгийн бодлогыг сарниулаад, ардчиллын үнэт зүйлсийг гутааж, хөлд нь эдийн засаг хямарч ядуурал гаарав. Эв түнжингүйг дөрөөлсөн харийн тоглолт хэрэгжсээр. Монголын эрдэс баялгийн экспортыг саатуулах далд санаатай гадны өрсөлдөгч нарт нялуурдаг бүлэг эх орондоо чиглэсэн олз омгийг хэдэн жил хааж хар санаалав. Шилэх нам, шилэх улстөрч алга. Бүгд ижилхэн луйварчид учраас сонголт утгагүй. Сонгууль ил далд асар их хөрөнгө үрдэг. Энэ их зарлагыг бага ч атугай хэмнэвэл сонгуулиас наалдах ганц өгөөж нь тэр. Мөнгөөр байлдсан сонгуулиас юу үлдэх вэ гэвэл олонх буюу олуулаа болсон луйварчид цадаж, цөөнх болсон луйварчид сөрөг хүчин нэрээр дөрвөн жил хонзогнож, хорлон сүйтгэнэ. Хөлд нь маниус улам ядуурна. Монгол сонгуулийн үр дүн энэ. Өөр юу ч заяахгүй. Тиймээс сонгууль хүсэх баяр биш болжээ.
Мань татвар төлөгч бөгөөд сонгогч. Сонгууль татвар төлөгчдийн мөнгөөр явдаг. Тиймээс хэн нэгэн мэхлээч сонгогдоход мань мөнгө төлдөг байх нь. Сонгууль ач тусаа хэнд өгдөг вэ? Ялсан намын дээдсүүдэд л сонгуулийн өгөөж очдог. Тэд сонгуульд хязгааргүй ач холбогдол өгч нойр алддаг. Харин маньд бол ямар хулгайч нь гишүүн болж, нам гэгч аль хуйвалдаан нь ялах, ямар ч ялгаагүй. Төр Засгийг З.Энхболд М.Энхболд хоёрын хэн нь ч толгойлсон өмнөх шигээ өөрийн хүчирхэг бүлэглэлд зүтгэхийн хамт татвараар цугларсан мөнгөө булаалдаж хэрэлдээд урагш алхахгүй. Чанарын өчүүхэн ч ялгаагүй ижилдээ таарсан хоёр илжигний нэгийг шилэх гэж Насреддин мөнгө зараагүй онигойг сана. Фракц бүлэглэлийн толгойлогч хэмээх даварсан олигархиудыг сонгуулиар Төрөөс шахан зайлуулах ухамсар хоёр сая шахам сонгогчдод алга.
Намуудын хэрэгжихгүй мөрийн хөтөлбөрийг уншаад ч хэрэггүй. Тайлагнаж хариуцлага тооцдоггүй мөрийн хөтөлбөрийг судлаад цагийн гарз. Тэрийг, энийг сонго гээд утгагүй. Бүгд бүдүүлэг үгээр бөөлжихөөс өөр юу ч сэтгэдэггүй хэрүүлчид. Цөм дүнхүү. Хорь гаруй жил УИХ-д чуулчихаад асуулт асуух, санал хэлэх хоёроо ялгахгүй зарим нь зөнөв. УИХ-ын гишүүд ард түмэндээ асар их хайртай хэмээн мөөрөх авч "Эдийн засаг хямарлаа. Бүсээ бүгдээрээ чангалъя” гэх уриалгад орлогынхоо өчүүхэн хувийг хандивлах жудаггүйдээ хүн амынхаа адагт жагсаж шившиг болов. Ард олноо боддог гэх гуа үг нь худлаа л байхгүй юу. Мань хаширвал хашрахаар боллоо. Даанч хашрахгүй итгэмтгий тэнэгүүд юм даа.
8 жилийн тэртээгээс Таван толгойд нүүрс угаах үйлдвэр үнэхээр барья гэсэн бол, 8 жилийн тэртээгээс төмөр замаа үнэхээр тавья гэсэн бол боломж бүрэн байсан. Заяасан боломжийг улсдаа ашиглая гэж манай эрх баригчид чармайлгүй хувьдаа авах гэж булаацалдсан. Хэн хэнээ дийлэхгүй болохоор яаж ийгээд гацааж, асар их орлогын үүдийг хааж, өр тавихад түлэхсэн.
Сонгуулийн ямар ч гоё хууль гарч, саналын хуудсыг юугаар ч тоолсон нүгэлтнүүд дахиад л гараад ирнэ. Сонгуулийн хууль маньд падгүй. Нэр дэвшигч нэг тэрэгний хоёр дугуйны нэг нь нөгөөгөө хулхидахгүйн тулд сонгуулийн хууль тэдэнд үйлчлэхээс бус маньд хүртээлгүй хууль. Энэ хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах гээд гишүүд мөнгө ууталж байгаа. Сонгуулийн дараа мэдээж шүүхдэлцэнэ. Эцэс төгсгөлгүй зарганд төсвийн мөнгө урсана. Үрэгдсэн зардлыг мань үүрч, үр шимийг шүүхдээд ялсан хулгайч хүртэнэ. Тэр бээр тангаргаа өргөж, халдашгүй байдлын дархан эрхээр хуяглаад, хулгайгаа санаа амар цэцэглүүлнэ.
Асар их үрлэг зарлага учруулж, нойр хоолоо хасдаг ажил Монголд ганцхан бий. Тэр нь авилгач луйварчдыг уралдуулдаг сонгууль. Сонгох лидер байвал сонгууль өгөөжөө өгнө. Байгаа нь ганзгын наймаачны тархитай шинэ цагийн цээж баячууд. Сонгох эх оронч нам, шилэх шударга улстөрч байхгүй Монголд сонгууль хэлбэр төдий үрлэг болдог. Эх орноо өөд татах улстөрч, намгүй улс сонгууль явуулаад яах юм. Гэвч явуулсан болохоос өөр яалт ч үгүй, тусгаар улс санаатай юм чинь.
Сонгуульд бүгд саналаа өгөхийг уриалъя. Сонгууль дахивал маний хомсдол нэмэгдэнэ. Хоёр хулгайчийн нэгийн нэрийг нүдээ аниад л дугуйл. Үүгээр маний ардчилсан эрхээ эдлэх сонгуулийн хуулийн үйлчилгээ дуусна. Хоёул адилхан хулгайч юм чинь шилж сонгох гэж ядаргаадах илүү зан. Нэр дэвшигч сонгуульд ялах гэж хорхойссондоо хуримтлалаа гүвэхээс гадна зөндөөн өр тавина. Ялбал аль нь ч адил шархаа нөхөх гэж төсвийн мөнгө хусаж гарна. Ялагдсан нь хөрөнгөө шавхаж өрөнд унасандаа хорсож, ялсан намын дөрвөн жил сэдсэн ажил бүхнийг нураана. Ингэснээр төсвийн алдагдал ихсэж, гор нь бас л маний нуруун дээр бууна. Хулгайч нь хулгайчаа ялахад үрэгддэг сонгуулийн зардал гэх хөрөнгийг бүтэн ухаантай хүмүүс бол хямгадна. Хэнийг ч сонгосон маньд юу ч наалдахгүй гэх үгэнд итгэ. Хэн гэгч луйварчныг шилж сонгох тухай нервээ бүү зар. Харин өгөөж өгдөггүй сонгуулийн зардлыг хэмнэх тухай л бод. Сонгуулийн асар их үрлэгээс хэмнэлт гарвал ашиг өгөх төсөлд зар.
Шинэ хүн сонгоё. Түүний түрийвч хоосон. Хоосон түрийвчит ховдоглох нигуртай. Олон жил сонгогдсон архаг хулгайчдын хэтэвч дүүрэн байгаа. Дүүрэн хэтэвчит цатгалдаад арай бага идэх бол уу гэх ядарсан гаргалгаа төрнөм. Гэтэл шуналд хязгааргүй гэдэг. Өнгөрөгч сонгуулиар тодорсон шинэ гишүүдийн тар ч танигдав. Ганбаатар, Уянга, Болорчулуун, Цог гээд ард түмэнд үр өгөөж хүртээсэн ширхэг ч ажил амжуулаагүй. Хэрүүл тарьж, парламент бужигнуулахдаа гаарсан чарлава, зэтгэрүүд болохоо хаа очиж ичихээ мэдэхгүй нүүрэмгий таниулсан. Хөрөнгө оруулагчдыг үргээхдээ гаажтай тийрэнгүүд. Тэдний ааш араншин маньд шинэ гишүүдэд хашир хандахыг анхааруулав. УИХ-д суудалгүй намынхны жагсаж орилолдож, саналын автомат хайрцаг шатааж буйг хар. Шинэ гишүүн болгон сайнгүй, хүн нь монгол хүн юм чинь, сонгоход асуудалтайг сонгогчид ойлгосон буй зэ.
Сонгуулийн дүн гарах шөнө унтахгүй догдлох, ялсан хуйвалдагчдын хувьд баяр, ялагдсан хуйвалдагчдын хувьд эмгэнэл авчирдаг. Маньд бол унтаж хэвтэх нь ононо. Яагаад гэвэл хэн нь ч сонгогдсон амьдралд ахиц гарахгүй. Сонгуулийн дараа баялаг бүтээгчдийн эрх зүйн орчин сайжрахгүй. Бие дааж өндийх гэсэн овсгоотой иргэний бизнесийг чөдөрлөдөг Төр Засаг дахиад л тогтоно. Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татаж унагадаг бодлого засрахгүй. Улам дордуулдаг сонгуульд хамаг байдгаа үрэхээс илүү тэнэглэл ертөнцөд байх уу. Тэгэхээр сонгуулийн хэмнэлтэд гол ач холбогдлоо өгөөд нам, хүн сонгохдоо нүдээ аниад л дугуйл.
Сонгуульд өөрөө ялах гэж, намаа ялуулах гэж зовохоос илүү шаналал улстөрчдөд үгүй болжээ. Хамаг хүч анхаарлаа дайчилдаг ажил сонгуулиас өөр алга. Нойроо хасдаг мөрөөдөл сонгуулиас ондоо байхгүй. Монгол нь монголоо ялах гэж улсын хамаг хөрөнгийг сэгсэрдэг. Ялбал ялна л биз, ялагдвал өрсөлдөгч монголчууд нь төр, засгаа барина л биз. Үүнд чинь хувхай хоосортлоо уралцахын ашиг юу билээ. Манай сонгуульд бурхан чөтгөр хоёр өрсөлдөөгүй. Адилхан монгол ах дүүс өрсөлддөг. Олонхи, цөөнх л болно биз. Олонхи цөөнх гэдэг хүйтэн дайны үеийн социалист капиталист лагерийн дайснууд биш. Сөрөг хүчин бол хамтрагч бус эвлэршгүй дайсан мөн гэх өнгөрсөн нийгмийн үгширмэл хоцрогдлоос салж, нэг нь хийгээд нөгөө нь залаад явдаг, улсаа хөгжүүлэх нэгдсэн зорилготой олонх цөөнхөд суралцвал сонгогч маниусын хүсэл ханах сан.
Өнөөгийн манай эрх баригчдад нэг аюултай өвчин тусчээ. Тэр өвчин нь дахин дахин сонгогдох өвчин. Төр засгийн эрх дахин дахин барих гэж намаараа тэмцэхдээ юугаа ч хайрлахгүй. Эрх баригчид дахин сонгогдохын тулд эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнаж байсангүй. Хараал зүхлийн бай болдог УИХ-ын гишүүн болох гэж ухаангүй тэмүүлэх юм. Их л ашигтай хэрэг дээ. Эдийн засгийн хямралын шалтгааныг оношлоё гэвэл ердөө дахин сонгогдох өвчин. Улсын өр, ядуурлыг үүсгэгч вирус нь дахин сонгогдох дон. Өөр ямар ч шалтаг байхгүй.
Хөгжих гарц байна уу? Байна! Газрын баялаг мал сүрэг бол зөвхөн боломж. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг ухаантай ард түмэн цөөдөхгүй хүчтэй. Хөгжих хүч бол ард түмний оюун. Гурван сая монголчууд нэгэн үзүүрт зорилгод бат нэгдээд "галт тэрэг” хөдөлбөл дотоод гадаадын ямар ч башир заль мэхэнд торохгүй азийн "бар” болох ирээдүй ойрхон байна. Гэхдээ Итгэлт хамбад юу байдгаа барьж мөргөдөг мухар сүсэгтний хэмжээнд нийт сонгогч нь залбирч, УИХ-ын хэдэн хэмжээгүй эрхт гишүүддээ мэхлэгдэн дахин дахин сонгоод явбал балчигт улам гүн шигдэх нигуртай. Үхсэн хүний хүүрэнд мөргөгч мухар сүсэгтнийг ХХI зууны шинжлэх ухаан технологийн хэмжээнд сэтгэгч хүн төрөлхтөний араас тэмүүлээч хэмээн өвгөн би бичиж суудгаа хэлье. Хүчирхэг ард олны сор болсон оюунлаг улстөрчид сонгогдох цаг наашлаасай.
2015-12-13