Хүний амьдралын түүх гэдэг өөр өөрийн өнгө өнцөгтэй байдаг. Таны хувьд ажлын гараагаа анх хаанаас эхэлж байв?
-Би физик, математикийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ Дорнод аймгийн I II арван жилд багшилж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 1995 онд ирээд ажлын гараагаа МАН-ын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, УИХ-ын намын бүлэгт боловсролын асуудал хариуцсан референт, Нийгмийн Ардчилал эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний орон тооны ажилтан зэрэг ажлуудыг хийж, 2000-2012 он хүртэл Нийслэлийн боловсролын газрын дэд даргын албыг хашиж байсан. 2003 онд Багшийн хөгжил имидж төв төрийн бус байгууллагыг боловсролын салбарт удирдах ажил хийж байсан хүмүүстэй хамтран байгуулсан. БХИТ нь өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 2008 оноос эхлэн ЕБС-ийн болон цэцэрлэгийн багш нарын идэвхи оролцоог нэмэгдүүлэх үүднээс "Багш нарын зуны сургалт”-ыг зохион байгуулж ажиллаад үр дүнд хүрч байна.
Манай төв нь багш нарын мэргэжил боловсрол, мэдлэг ур чадвар, дүр төрх, нэр хүнд, ёс зүйг дээшлүүлж төрөөс багш нарын талаар явуулж буй бодлогод багш нарын санаа бодлыг тусгахад чиглүүлдэг, ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай байгууллагын гол зорилго нь ЕБС болон цэцэрлэгийн удирдах ажилтан багш нарыг хөгжүүлэх тэдэнд зайлшгүй шаардагдах ур чадвар, ёс зүйн харилцааг өндөр төвшинд хүргэх, XXI зуунд ажиллаж амьдрах шинэ зууны чадварлаг дүр төрхтэй багш нарыг хөгжүүлэхэд оршдог. Бид олон ажлууд хийж байгаагийн заримийг нь дурдвал багш нарын ёс зүйн дүрэм, багш нарын дүрэмт хувцаслалт, сурагчдын дүрэмт хувцас гэх мэт ажлуудыг яам нийслэлийн төвшинд яригдаж тогтоол шийдвэр гаргахад нь санаачлагатай ажилласан. Түүнээс гадна нийгэмд зөв төлөвшил хүмүүжилтэй, өөрийн хүсэл мөрөөдөлтэй, эх оронч сэтгэлтэй, зориг тэвчээртэй хөвгүүдийг нийгэмд бэлтгэх зорилготой "Хөвгүүд” бүрэн дунд сургуулийг байгуулаад ажиллаж байна. Сургалтын байгууллагын үр дүн тодорхой цаг хугацаагаар амжилт нь харагддаг.
-Таны хийхээр зорьж буй ажил сайхан ажил байна. Ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед ямар ч ажлыг ажил хэрэг болгохын тулд албан тушаалд очиж мөнгөтэй болно гэж боддог хүмүүс гарч ирж байна. Энэ талаарх таны бодол?
-Аливаа зүйлийг хийхэд мөнгө л нэн тэргүүнд шаардлагатай. Гэхдээ мөнгийг яаж олох вэ? гэдэг нь чухал. Нөгөө талаараа мөнгө нь хүний ажил, амьдралын баталгаа болж байгаа юм шиг харагддаг боловч, амьдрал дээр хичээл зүтгэл, алдаа оноон дээрээ боссон мөнгө л үр дүнд хүрдэг гэж боддог. Миний хувьд боловсролын салбартаа сэтгэлээсээ зүтгээд, хийж байгаа ажлаа чанартай гүйцэтгээд явж байвал амжилтанд хүрнэ гэж боддог. Ямар нэгэн албан тушаалд очоод, төр засгийн өндөрлөгт гарчхаад мөнгийг босгоно гэдэг бол худлаа. Энэ замаар мөнгө олох нь ямар их эрсдэл дагуулдагыг бизнесмен, улс төрчдийн үйл ажиллагаанаас бид харж байна. Харин албан тушаалыг бол хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний туршлага, мэдлэгтэй, хувь хүний хувьд сайн төлөвшсөн, өмнөх алдаанаасаа өөрийгөө засаж, өөртөө дүгнэлт хийж чаддаг байнга хөгждөг хүн л өндөр албан тушаал хашаасай гэж боддог.
-Та 12 жилийн турш Нийслэлийн Боловсролын дэд даргаар ажиллаж байхдаа энэ ажилд оролцдоггүй байсан гэж үү. Нийслэл бол бага байгууллага биш. Улаанбаатар хотын бүхий л сургууль цэцэрлэгийн асуудлыг Нийслэлээс шийддэг шүү дээ?
-Миний бие 12 жил Нийслэлийн боловсролын газрын дэд дарга хийх хугацаанд 11 сайд, 4 даргатай ажилласан.
Боловсролын тогтолцооны шинэчлэл
- 1998 оноос бага, дунд боловсролын агуулгын стандартыг баталсан.
- 2004 онд мэдлэгээс чадварт суурилсан цогц чадамжийн стандартад шилжсэн.
- 2010 онд боловсролын тогтолцоонд Кембриджийн олон улсын хөтөлбөрт баримжаалсан системийн шинэчлэл хийсэн.
- 2012 оноос Зөв монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжиж байна
- Ер нь ямар ч засгийн газар гарсан Монгол улсын боловсролыг хөгжүүлэх, төрөөс баримтлах бодлого, стратеги төлөвлөгөөг баримталдаг, гэхдээ нэр томьёо утгыг өөрчилж улс төржүүлж залгамж холбоог харагдахгүй болгож өмнөх засгийн газрын хийсэн зүйлийг муу, буруу мэт ойлгуулах асуудал гарч байгаа нь харамсалтай. Жишээлбэл Өнөөдөр багш нарын гадаадад мэргэжил дээшлүүлж байгаа багш бүрт компьютер, сургуулиудын хими физик, биологийн кабинетууд Ё.Отгонбаяр сайдын үед яригдаж, эхлэл суурь нь тавигдсан.
- Боловсролын үнэлгээний шинэчлэл
- Боловсролын мэргэжлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
- Олон улсын хөтөлбөрийн сургалттай болох лаборатори сургуулиуд
- Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн гээд хэрэгжиж байгаа ажлууд үе шаттайгаар залгамж холбоотой явж байгаа, цоо шинэ зүйлийг хийгээд байгаа юм биш. Ер нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар эдгээр байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй байгаа нь харагддаг байсан. Миний албан тушаал бол бодлого боловсруулж шийдвэр гаргах албан тушаал биш зөвхөн гүйцэтгэж хэрэгжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч би тухай бүрт саналаа хэлж байсан. Цаашид Монголын боловсролын салбарыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх, Монголын хүүхэд дэлхийд нэр алдар нь байнга дуудагдаж байх тийм боловсролын тогтвортой шинэчлэлийн төлөө ажиллана гэж боддог.
-Та Дорнод аймгаас гаралтай учраас нутгийнхаа төлөө л ажиллах сэтгэл байдаг болов уу. Таныг Дорнод аймагт сонгуульд өрсөлдөнө гэж ажиглаад байгаа. Аймагтаа боловсролын тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Аймагтаа санаа зоволгүй яахав дээ. Цаашдаа Дорнод аймгийн багш нарыг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллана. Намаас шийдвэр гаргана. Миний бие нэр дэвших боломжтой гэж намынхаа удирдлагад саналаа хэлсэн байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдийн коват гэдэг зүйлээр боломж байгаа болохоос биш яг очиж ажиллаагүй байна. Зөвхөн танай улс төрч.мн-ээр л улс төрд хүч үзэх боломжтой хүмүүс гэдгээр гарч ирсэн. Дорнод аймагт байр сууриа эзэлсэн хүмүүс байгаа шүү дээ.
МАН-ын эмэгтэйчүүдийн дунд та нэлээн байр суурьтай. Тиймээс эмэгтэйчүүдийн квотоос таныг хаана ч юм нэр дэвш гэвэл татгалзах зүйл байхгүй гэж ойлгож болох уу?
Манай нам ялалт байгууллахад боловсролын салбараас өөр газарт ажиллахгүй гэж боддог. 1996 оноос хойш Т.Гандигийн менежер, мөн намынхаа нэр дэвшсэн хүмүүсийн сонгуульд, нөхөн сонгуультай нь нийт 6 тойрогт ажилласан. Тухайн үед боловсролын салбараас өөр ажилд ажиллах санал тавихад хүлээж авдаггүй байсан. Цаашдаа энэ салбарын шийдвэр гаргах бодлого боловсруулах төвшинд ажиллана гэж боддог. Нэр дэвших тал дээр намын шийдвэрийг дагана.
-Та МАН-ын бага хурлын гишүүн үү?
-Бага хурлын гишүүн биш
-Тэгвэл нэр дэвших магадлал муу л юм байна. Тийм үү?
-Үгүй ээ. Бага хуралд заалнаас нэр дэвшиж болно.
-2016 оны сонгуулиар Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос ямар хүн нэр дэвших боломжтой гэж бодож байна?
-Одоогоор энэ асуултад хариулах боломжгүй учир нь намын удирдах зөвлөл, намын бага хурлын шийдвэрээр нэр дэвших эмэгтэйчүүд тодорно. Тэгээд ч бид намынхаа шийдвэрийг л дагана шүү дээ. Түүнээс гадна хэн нэр дэвших боломжтой байна түүний судалгаа гарч байгаа гэж бодож байна.
-Тэгэхээр эмэгтэйчүүдийн асуудал хумигдмал байгаа биз?
-Ер нь бол аль ч намын эмэгтэйчүүдийн асуудал хумигдмал байдаг. Манайд тийм байна.
- Эмэгтэйчүүд олон жил ингэж явлаа шүү дээ. Яагаад та нар хүчтэй байж болдоггүй юм бэ?
-Нийгэмд хүн өөрөө хүлээн зөвшөөрөгдөх цаг үе гэж байдаг. Улс төрд эмэгтэй хүн орноо гэх юм бол эхлээд өөрийнхөө гэр бүл, санхүүгийн нөхцөл байдлаа харна, өөрийнхөө нийт массад хүлээн зөвшөөрөгдсөн он цагаа судална гэх мэт асуудал байна. Мөн намын эмэгтэйчүүдийн онцлог нь аливаа зүйл рүү яарч ордоггүй алдаа байдаг. Харин сүүлийн жилүүдийг өмнөх жилүүдтэй харьцуулбал зоригтойгоор нэр дэвшдэг болоод байгаа. Нэмж хэлэхэд манай улсын сонгогчдын боловсрол эмэгтэй хүнийг нэг талаас нь хардаг. Сул талыг нь хэт дөвийлгөж мундаг эмэгтэйчүүдийг дараад байдаг. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ дэмждэггүй хийж бүтээсэн зүйлийг нь үнэлдэггүй, атаач зан нь давамгайлаад хийсэн бүтээснийг үнэлдэггүй нь ажиглагддаг. Хэт нэг талыг бариад байдаг юм болов уу гэж боддог. Манай нийгмийн сэтгэлзүй юм уу ер нь эмэгтэй хүнийг дээш нь гаргах дургүй дээ. Миний бодлоор нийгмийн хандлага үгээрээ, үйлдлээрээ ч эмэгтэйчүүдийн зориг зүрхийг үхүүлээд байгаа. Би өмнө нь хурал зөвлөгөөнд түрүүлж дуугарснаасаа, санаа бодлоо тохиромжгүй үед илэрхийлснээс, ямар нэгэн асуудалд сөрөг талаасаа харагдаж үүнээс болоод хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байсан байх гэж өөрийгөө бодож явдаг. Тэгэхээр эмэгтэй хүн түрүүлж дуугардаг сул чанараа хэзээ, хаана гаргах вэ? гэдгээ сайн бодох ёстой гэж зөвлөмөөр байна.
-Одоо сонгуулийн "халуухан” сар эхэллээ. Үүнтэй холбоотой МАН-аас нэр дэвших эмэгтэйчүүд 30% нь бүрдэж чадсан уу?
-Судалгаанаас харахад эмэгтэйчүүд хангалттай бүрдүүлсэн харагдсан. Хамгийн гол нь нэр дэвшихдээ тухайн процесс нь яаж явагдахыг нь сайн хэлж мэдэхгүй байна.
Ардын нам туршлага муутай байна. Тиймээ сонгуулийн тал дээр яаж илрэх бол.
Ер нь туршлагагүй гэхээс илүүтэй болгоомжилдог, зоригтой байх тал дээр сул талтай гэж хэлж болно.
-Сүүлийн үед залуучууд нийгмийн төлөө, намын төлөө биш, зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаг болсон байна. Та юу гэж хэлмээр байна?
-Тиймээ. Сүүлийн үед залуус нийгэмд танигдах өнцөг, өөрийн боловсрол дүр төрх, байр сууриа олоогүй байж хэтэрхий хэлбэр хөөгөөд дарга болно л гэж бодоод гүйгээд байх шиг байгаа юм.
Дарга болно гэдэг чинь тэр ажлаа хийж туршлагажих, хүн удирдах мэдлэг чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш зүгээр даргын суудалд сууна гэж бодож байгаа бол тэр хүн хаана ч ажиллаад хэрэггүй л байх.
-Саяхан Мүүн гэж том асуудал ард иргэдийн дунд шуугиан тарилаа. Үүнээс улбаалан маш олон боловсролын салбарын асуудлууд яригдсан. Ингэж шуугиан тарьсны үр дүнд Насанбаярыг өөрөөр нь өргөдөл өгүүлж албан тушаалаас буулгаж чадлаа шүү дээ. Энэ талаар ярих хүний нэг та мөн байх?
-Насанбаярын энэ асуудлыг шат шатны байгууллагууд нотлоод гаргаад ирэх ёстой. Үнэхээр энэ нь нотлогдоод Монгол улсын боловсролын салбарын удирдах хүн ийм асуудалтай байвал үнэхээр "аймаар” асуудал болно. Мүүн болон Христийн шашин ямар чиглэл рүү явж байгааг манай төр засгийн шийдвэр гаргах түвшингийн хүмүүс хууль хяналтын байгууллага авч үзэх ёстой. Монгол улс маш бага хүн амтай хоёр том хөршийн дунд байдаг. Манайх шиг газарт олон шашны урсгалтай байх асуудал дээр анхаарч хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Үүний талаар НИХТ дарга байсан Г.Маналжав гуайтай санаа нийлж ажилладаг байсан. Г.Маналжав гуай олон шашны байгууллагуудыг хянадаг, очиж үздэг байсан юм. Ялангуяа хотын захын хорооллуудад олон сүм баригдчихсан, мүүнээс гадна христийн шашинг олон хүүхдүүд шүтдэг байгаа. Энэ нь нэг л өдөр үзэл бодол, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах зүйл болох бий гэхээс санаа зовдог.
Нөгөө талаас эцэг, эх, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй. Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл христийн шашны асуудлыг л хөндөж гаргаж ирмээр байгаа юм. Мүүний хажуугаар христийн шашинг шалгаасай гэж хүсэж байна. Энэ орон байр, үйл ажиллагаа, орж ирж буй санхүүжилтыг нь шалгаасай. Мөн багш нар, сурагчдад өөрсдийн шүтдэг христ, мүүн шашинд сурталчилах нөлөөлөх асуудал гарч ирж байгаад анхаарах хэрэгтэй.
Л.Гантөмөр сайд өөрөө их шоучин хүн шүү дээ. Жишээлбэл Адмон компаниас гаргаж байгаа номон дээр нэг хүний 57 зураг анх удаа гарлаа гэж ярьж байсан шүү дээ.
Адмон ХХК-ын захирал Энхбат нь үе үеийн боловсролын салбарын удирдлага сайдуудад болохгүй алдаатай зүйлийг нь хэлдэг хүн, харин ойлгохгүй хүнд байнга юм ярьж, хэл үг гаргадаг хүн шиг харагддаг байх, гэтэл олон хэвлэлийн компани чимээгүй л чанартай, чанаргүй сурах бичгээ хэвлээд л байна, тэр захирлууд нь бас дуу хоолойгоо гаргаасай. Сурах бичиг арай л дэндүү байна. Цаашид боловсролын мэргэжлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх уялдаа холбоог нь сайжруулахаас гадна тогтвор сууршилтай ажиллаж байгаа сургуулийн захирал, сургалтын менежер, мэргэжилтэн арга зүйч, мэргэшсэн төрийн албан хаагч нарыг халж солихгүй байх нь боловсролын салбарын чухал асуудал болоод байгаа. Ийм явдал газар авч байгаа нь боловсролын салбарын тогтвортой хөгжил чанарт сөрөг үр дагавар авчирч байна.
-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
-Хэлсэн амандаа хүрэхгүй худлаа ярих, худлаа хүнд хоёр нүүр гаргаж харьцах энэ бүхэнд хамгийн дургүй.
-Таны хэлэх дуртай үг юу юм болоо?
-Өөртөө итгэлтэй, олонд тустай, цагаан мөртэй амьдрах шиг сайхан юм хүний амьдралд байхгүй гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Амирдаа