Эндээс урган гарч буй бас нэгэн чухал асуудал бол хязгаар нутагт суугаа иргэдээ дэмжих, тэднийг ажил, орлоготой, амьдралын баталгаатай болгох бодлого юм. Толгойтой болгон нь хот хуу хошуурч, залуу хүн бүр дээд сургууль мөрөөддөг болсон энэ цаг үед нутагтаа аж төрөхөөр зориг шулуудан очсон цөөн хэд нь ийн эрсдээд байх юм бол зах хязгаар нутаг маань хожуул шиг хэдэн хөгшдөөс өөр хүнгүй эзгүйрэх нь. Талийгаач Болдбуйрын хүүхэд гурван сая дахь иргэний чацуутан болж, Халх голын ойролцоох Ялалт багт байр өгсөн тул талийгаач гэргий, хүүхдээ аваад нутагтаа очсон нь тэр байж. Хөөрхий залуу нутагтаа сайхан амьдрах мөрөөдлөө биелүүлж амжилгүй өөд болсон нь харамсалтай.
Өдгөө Буйрын эрэгт 16 аврагч залуус 20 дахь хоногтоо ажиллаж байна. Тэдний найм нь улсын Аврах тусгай ангийн аврагч нар, үлдсэн найм нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд. Тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, унаа машин, завины шатахуун, хоол хүнс, байраар хангах үүргийг орон нутгийн засаг захиргаа хүлээж буй юм. Одоогоор хоёр сая төгрөгийн зардал гаргаад байгаа ажээ. Харамсалтай нь усанд живсэн хоёр хүний цогцос өнөө хэр олдсонгүй. Саяхан ОБЕГ-ын дарга, Т.Бадрал газар дээр нь очиж, аврах ажиллагаатай танилцжээ. Түүнийг очдог өдөр эндсэн нэг залуугийн цогцос олдсон байна. Тиймээс аврах ажиллагааг дахин долоо хоногоор сунгахаар болжээ. Түүнээс тогтсон жишгээр бол уснаас аврах, эрэн хайх хамгийн дээд хугацаа 14 хоног байдаг гэнэ.
Буйр нуур эх орны зүүн хязгаарын усан хил гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс олдохгүй байгаа цогцос усны урсгалаар хил давсан байх магадлалтай тул БНХАУ-ын Зүүн хошууны холбогдох албаныханд мэдэгджээ. Буйрт урьд нь хүмүүс мэр сэр энддэг ч цогцос нь олдохгүй, ор мөргүй алга болчих тохиолдол гарч байгаагүй гэнэ. Махчин загас, усны амьтад бүртгэгдээгүй болохоор нутгийнхан, тэр дундаа талийгаач нарын ар гэрийнхэн амьд сэрүүн хүрээд ирэх юм биш байгаа гэсэн горьдлого тээж, эндсэн байлаа гэхэд цогцсыг нь ч бол олоод хүний ёсоор оршуулах сан хэмээн цөхрөнгөө барж сууна.
Хайртай, дотнын хүмүүсээ харсаар байгаад алдсан тохиолдол ганц Буйрынх биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө өвлийн эхэн сард хүүгээ тэвэрсэн ижий Сэлэнгэ мөрний мөстэй хамт хил даван урссан харамсам хэрэг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарч байсан. 2012 оны арванэнгдүгээр сарын 4-ний өдөр Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүүтэйгээ зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байдаг. Хөөрхий хань нь тэднийхээ араас ус руу зүтгэсэн ч Саранчимэг "Үлдсэн гурван хүүхдээ бодоод биднийг орхиоч, хүү сэрэх гээд хашгирч болохгүй байна” хэмээн хэлээд урсан одсон сон. Өнчирч хоцорсон нялх үрсийнх нь нулимс эгшиж амжаагүй, ганцаардаж үлдсэн ханийнх нь зүрхний шарх аниагүй байхад дахиад л бид дөрвөн халуун амийг аварч амжилгүй алдлаа. Харамсмаар, халагламаар...
...Бид ердөө харамсаад л өнгөрөх үү. Харуусал хагацлын шархыг эдгээхгүйгээс хойш дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ус голд ойр нутаглаж буй аймаг, сумдыг ослын үед хэрэглэх завь, техник хэрэгсэлтэй болгочих юмсан. Гал усны гашуунд өртөж, өөд болж буй иргэд бүгд амьжиргаагаа залгуулах гэсэн хүмүүс байдаг. Талийгаач Саранчимэг нөхөр болоод айл саахалтынхантайгаа сааль сүүгээ борлуулах гэж аймгийн төв рүү явахдаа зам товчлон мөсөн дээгүүр зорчсоноос эндсэн. Харин Халх голын залуус загас барих гэж завь хөлөглөн гарсан. Халх голынхон, тэр дундаа Ялалт багийнхан Буйрын загасаараа алдартай. Тэд загасаа Сэлэнгэ, Хөвсгөлийнхөн шиг утаж биш шилэнд нөөшилж боловсруулдаг. Амт, чанар импортынхоос дутахгүй ч газрын холоос үүдэн тэрүүхэн тэндээ л брэнд болгохоос хэтрээгүй.
Амьдрах арав, таван төгрөгийн төлөө залуус амиа зольж байна. Алдаж эндэх болов уу гэж болгоомжлоод өлсөж суухгүй нь тодорхой тул амжиргаагаа залгуулах гэсэн хүмүүс дахиад л сүүгээ тээгээд Сэлэнгээ гатална, загасаа барих гэж Буйраа зорино шүү дээ. Тэднийгээ хэрхэн хамгаалах вэ, дарга нар аа. Энхийн цагт хөлс их урсгавал, дайны цагт цус бага урсана гэдэгчлэн урьдчилан сэргийлэхэд зориулсан хөрөнгө олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, ослын дараах зардлаас хамаагүй бага тусах биш үү.
Д.ЦЭЭПИЛ
Гэрэл зургийг Отгон Баасанжав
Эх сурвалж: News.mn