-АН-ЫН ДАРГЫН ТӨЛӨӨХ "АЛААН”-ААС БОЛООД ҮЗХ ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-
АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр болох товтой байсан ч дахин хойшиллоо. Харин энэ намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд үүний шалтгааныг намын даргын төлөөх сунгаа, фракц хоорондын зөрчилтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон учраас АН-ыг үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийжээ. Зөвлөгөөнд оролцогчид АН-ын эв нэгдэл алдагдсан учраас фракцгүй нам болох ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард болох Онц их хуралд бэлтгэх ажлын хэсэгт үүсгэн байгуулагчдын холбооноос 3-5 хүнийг оролцуулахаас гадна намын Их хурлаар ҮЗХ-ны гишүүдийн 30 хувьд үүсгэн байгуулагчдын холбооны төлөөллийг оруулах заалтыг намын дүрэмд оруулж баталгаажуулж өгөх болон үүсгэн байгуулагчдын холбоог дүрмийн байгууллага болгож өгөх хүсэлтийг намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад хүргүүлжээ. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ж.Намсрайтай ярилцлаа.
-АН-ын ҮЗХ-ны хуралдаан удаа дараа хойшилж байна. Нөхцөл бүрэлдэхгүй байна уу?
-Намын доторх олигархижсан бүлэглэлийг огцруулж болох юм гэж бид ярилцаад байгаа. Ер нь манай нам удирдлагагүй болсон. Их хурлаа хийж чадалгүй арваад жил болж байна. Сүүлийн хэдэн жил Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадахаа больсон. Уг нь Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах бүрэн бололцоотой. Улс эх оронд байгалийн гамшиг ч юмуу давагдашгүй хүчин зүйл бий болсон биш олонх гишүүн нь нийслэл хотод байна. Хуучнаа бодвол бүгд зав чөлөөтэй болсон байна. Тиймээс Үндэсний зөвлөлдөх хороог цаг хугацаанд хуралдуулах бүрэн бололцоотой.
-Ингэж олон удаа хойшлуулаад байгаа нь ямар учиртай юм бэ?
-Ерөөсөө л албан тушаал, эрх мэдлээ булаацалддаг. Фракц, олигархи хоорондын тэмцлээс болоод удаа дараа хуралдаж чадахгүй хойшлуулж байгаа шүү дээ. Хэн нь намын дарга болох вэ гэдэг тохироогоо л хийж чадахгүй байна. Анхдагчдын зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн олонх нь намын даргын төлөөх "алаан”-аас болоод Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж чадахгүй байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. хийсэн.
-Хэнийг намын дарга болгохоо шийдэж чадахгүй байгаа нам анхдагчдаа дүрмийн байгууллага болгох магадлал бий юү?
-Үнэнийг хэлэхэд бидний тавьсан шаардлагуудыг хүлээж авна гэдэгт итгэлгүй байгаа. Яагаад гэхээр бид намын удирдлагад хууль бусаар гарч ирсэн нөхдөд амаар болон бичгээр шаардлагаа удаа дараа хүргүүлж байсан. Харамсалтай нь, бидний үгийг үл тоож явсныхаа хар гайгаар өнөөдөр АН-ыг дампууруулчихаад байна. Өнөөдрийн байдлаар манай намын шат шатны байгууллагууд буюу аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороод бүгд хоёр салчихсан. Өөрөөр хэлбэл, одоогийн хууль бус олигархиудыг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг. Зөвшөөрдөг буюу тэдний гар хөл болсон бэртэгчингүүд гэсэн хоёр хэсэг бий болсон. Энэ дампуу байдалд бид харамсч байгаа учраас үүсгэн байгуулагчид сэтгэлийн дуудлагаараа нэгдэж, намаа шинэчлэх хөдөлгөөнд оролцож байгаа юм. Үнэндээ манай намын удирдлага гэх нэртэй олигархижсан бүлэглэлүүд намынхаа гишүүийн дуу хоолойг ерөөсөө сонсохоо больчихсон. Зөвхөн өөр хоорондоо л эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран зүтгэдэг учраас хүлээж авахгүй байна л даа. Ер нь АН-ын удирдлагууд гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй удаж байгааг та бүхэн ч мэдэж байгаа шүү дээ. Уг нь манайх хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эвлэлдэн нэгдсэн нам шүү дээ. Сүүлийн жилүүдэд л хэдэн нөхрийн гарт орчихоод байгаа болохоос.
-Энэ удаад ч бас сандал суудлын төлөөх тэмцлээ дарж чадаагүй учраас ҮЗХ-г хойшлуулчихав уу?
-ҮЗХ-ны хуралдаан хэдэнтээ хойшиллоо. Ерөөсөө л намын даргын суудлаа булаацалдсаар байгаад л тардаг шүү дээ. Намын дарга болохын төлөхөөс фракци хоорондын тэмцлээс болдог. Бүр сүүлдээ бид хоорондоо тохиролцож чадахгүй байна гээд байгаа шүү дээ. Үүний цаана намын байдал хэцүүдэж байгааг тоож байгаа ч хүн алга. Ер нь намын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн энийг, тэрийг гэхийн аргагүй байна. Учир юу гэвэл энэ хүмүүсийн дунд намын дарга болбол намаа ингэж шинэчилнэ, ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, цаашдаа намаа, улсаа ингэж хөгжүүлнэ гэсэн эрүүл өрсөлдөөн байхгүй байна. Бүх зүйл хөшигний ард, далдуур хуйвалдааны шинжтэй өрнөөд байна л даа. ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахгүй, бодит байдлыг ярьж байгаа жирийн гишүүдээсээ зугтсаар өнөөдрийг хүрч байгаа улс шүү дээ.
-Фракц бүрээс л нэг хүнийг намын даргад зүтгүүлж байх шиг байна. Танай үүсгэн байгуулагчдын холбоо ч бас нэгнийгээ зүтгүүлэх юм биш биз дээ?
-Манай байгуулагчдын зүгээс дарга болох хэнээтэй хүн байхгүй. Хэн нэгнийг ч зүтгүүлэхгүй. Хамгийн гол нь намын даргад хэн ч нэрээ дэвшүүлж болно. Ж.Батзандан, П.Цагаан нар шиг ажлаа өгөөд намын гишүүдтэйгээ уулзаад намын даргад өрсөлдөнө гэдгээ ил тод зарлаад яваач гэж байгаа юм. Далдуур хуйвалдаад л фракцын толгойлогчид гэсэн хэдэн хүний дунд яриад яваа нь утгагүй байгаа юм. Эрх зүйн чадамжгүй болчихсон Үндэсний зөвлөлдөх хороо хэнийг дарга болгох вэ гэсэн хуйвалдаан зохион байгуулж байхын оронд намын гишүүдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлээд, зарлаад явах ёстой юм. Харамсалтай нь, өнөөдөр ч ийм ажиллагаа өрнөөгүй байна.
-Өнгөрсөн хугацаанд АН засгийн эрх барьж байхад та бүхэн удирдлагын төвшинд орролцоотой байж чадсан уу
-Бид 1990 оноос хойш АН-ыг үүсгэн байгуулалцсан. Анхнаасаа сэтгэл зүрхээрээ нэгдсэн жирийн гишүүд. Өнгөрсөн хугацаанд бид намын дарга эсвэл сайд болно гэж амбийцлаж зүтгээгүй. Ерөөсөө Монгол оронд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийн төлөө явж ирсэн жирийн гишүүд шүү дээ.
-Өнөөдрийн хувьд АН уналтын байдалтай байна. Сонгуулиар навс ялагдсан. Дээрээс нь шинэчлэлийн хороо гэх мэт байгууллагаас байнга л боорлож байгаа. Гэтэл та нар ч бас намаа дэвслэх ажиллагаанд оролцоод байгаа мэт харагдаад байна л даа?
-Бид хүн бүхний санаанд нийцүүлж ажиллана гэж байхгүй. Зарим нь шүүмжилж байгааг үгүйсгэхгүй. Энэ удаагийн акцийг бид дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж зохион байгуулж байгаа учраас эмзэглэх зүйл байхгүй. Сүүлийн хэдэн жил АН-ын удирдлагад ажилласан хэдэн нөхөр эрх мэдэлдээ бялуурчихаад бидний үгийг сонсдоггүй байсан. Харин одоо ялагдал хүлээсэн энэ цаг үедээ ойлгож магадгүй гэдэг үүднээс намаа шинэчлэх акцийг хүчтэй өрнүүлж байгаа юм. Энэ удаад бидний тавьж байгаа асуудлыг ойлгож, хүлээж авч чадахгүй бол энэ нөхдийг намаас зайлуулах ёстой гэж үзэж байгаа.
-Цаашдаа АН "амьд”, оршин тогтнох нөхцөл хэр байна вэ. Бүрмөсөн уналтад орох магадлалтай гэдэг шуум хүчтэй өрнөж байна л даа?
-Өнгөрсөн хугацаанд АН үндэсний хэмжээний том бааз суурьтай нам болж чадсан. Анх байгуулсныхаа дараа ард түмний итгэлийг хүлээсэн нам болж чадсан юм шүү дээ. Харамсалтай нь, цөөн хэдэн олигархи эрх мэдэлдээ бялуурч, буруу харалган үйлдэл их гаргаснаас болж нам дампуурлын ирмэгт ирчихээд байна шүү дээ. Цаашид энэ бүхнээ засч янзлаад явахгүй бол оршин тогтноход хэцүү болно гэж харж байгаа.
-Таны ярианаас сонсоход үүсгэн байгуулагчдын холбоог дүрмийн байгууллага болгоод, ҮЗХ-д зарим хүнийг багтаана гэдэг үлгэр шиг сонсогдоод байна. Тэртэй тэргүй танай нам хувийн компанийн зарчмаар яваад удаж байгаа. Дээрээс нь энэ намыг үүсгэн байгуулсан гэсэн атлаа юунд нь ч оролцож ирээгүй, гэнэт гарч ирээд хүчтэй шаардлага тавьж байгаа хүмүүст найр тавих хүн олдох болов уу?
-Эрүүл саруул ухаанаар бидний шаардлагыг хүлээж авах хүн байгаа гэж найдаж байна. Намынхаа дүрмийг хэрвээ мөрдвөл бидний тавьж буй шаардлагад гажсан зүйл огт байхгүй л дээ. АН-ыг анх газар бүрт үүсгэн байгуулж байсан 300 гаруй хүн хатуу шаардлага тавьж байгааг сэхэх хүн олдох байлгүй дээ. Ер нь бид бүтцийн байгууллага болж байж л энэ намыг шинэчлэхгүй бол гаднаас нь шаардаад олигархиуд хүлээж авахгүй гэдэг нь сүүлийн хэдэн жилд харагдлаа шүү дээ.
-Өнөөдрийн АН гэж хэн бэ гэвэл та ямар хариулт өгөх вэ?
-Үнэт зүйл гэх юмгүй, гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсдоггүй нам болсон. Тэр бүү хэл, бусад нам эвслээс хол хоцорчихсон. Өмнө нь эдгээр намын түүчээ болж явсан бол өнөөдөр сүүл мушгиж явна. Байдал энэ чигээрээ удаан үргэлжилбэл нам дампуурна гэдгийг л бид сануулж байгаа юм. ҮЗХ гэх байгууллагыг татан буулгах үндэслэл бүрдчихсэн. Яагаад гэвэл сүүлийн 5-6 жил ротаци хийж шинэчлээгүй, дүрмийн бус ҮЗХ шүү дээ. Тиймээс энэ хүмүүс хуралдаад ҮЗХ-ны гишүүнээс сайн дураараа татгалзаад тарчих ёстой байгаа юм.
-Эрүүлээр сэтгэж, анхдагчдынхаа үгийг сонсох, хүлээж авах хүн олдохгүй бол яах вэ. Та бүхний үг цуурай болоод замхрах юм биш биз дээ?
-Хэрвээ бидний үгийг сонсч, хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг хурал хийж хэвлэлээр зарлаад өнгөрөхгүй. Тэмцлийн олон арга байгаа гэдгийг энд тухайлан хэлмээр байна.
-Нэгдэж нийлээд намынхаа удирдлагууд руу том хүчээр хандаж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Бидний хувьд үүсгэн байгуулагчид гэдгээрээ залуучуудаас тусдаа явдаг л даа. Манай залуучууд бол шинэлэг зүйлийг ярьж байгаа. Ер нь манай намын дэмжигчид шат шатандаа л үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Энэ намын төлөө гэсэн олон эвсэл холбоо гарч ирэх тусмаа энэ нам шинэчлэгдэнэ гэж бид хардаг. Түүнээс дахиад л хоорондоо үгсээд нэг хүний компани шиг яваад байх нь учир дутагдалтай. Үнэндээ АНыг хувийн компани шиг болгож үнэт зүйлээс нь салгасан хэдэн нөхөр сонгуулиар ард түмнээс дүнгээ авсан гэдгээ сайн ухаарах ёстой.
М.Өнөржаргал