Токио хотод болсон өмнөд монголчуудын чуулганы илтгэгчдийн үгийг товчлон хүргэж байна.
Илтгэгч Т.Энхбат (Өвөр Монголын хүний эрхийн өртөөний тэргүүн) -Манай өртөө нь өвөр монголчуудын хүний эрхийг дэлхийд таниулах, дэлхийн хүмүүс яаж хүний эрхийн төлөө тэмцдэгийг өвөр монголчуудад таниулах зорилгоор 2001 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан. Англи, монгол, япон, хятад хэлээр мэдээлэл түгээж байна, томоохон сонин сэтгүүлүүдэд нийтлүүлж байна. Эмнести Интернэшнл, Хьюмэн Райтс Уоч зэрэг дэлхийн хүний эрхийн байгууллагуудтай, мөн НҮБ-ын хүний эрхийн, дүрвэгчийн, уугуул үндэстний байгууллагуудтай бид хамтран ажилладаг аа.
2002 оноос НҮБ-ын уугуул үндэстний байнгын форумд 2 долоо хоног тутамд, байгуулагдах үеэс нь эхлэн оролцож ирсэн. Өвөр монголчуудын хүний эрхийн талаарх НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн ганц байгууллага бол манайх. Өвөр Монгол дахь өвөр монголчуудыг НҮБ-ын уугуул үндэстний байгууллагын хуралд шууд төлөөлөх 3 хүнийг ирүүлэх ажилд бид 3 удаа хүсэлт тавин, идэвхтэй оролцсон, нэгийг нь ирүүлж чадсан, 2-ыг нь Хятадын ЗГ саатуулсан тул ирж чадаагүй.
АНУ-ын Төрийн департаментын хүний эрхийн дугуй ширээний хуралд би уригдан оролцдог. Тэд Хятадын ГЯЯ-аар дамжуулж ноот бичиг өгөх зэргээр шаардлага тавьдаг. Хятад-Америкийн Куньминьд болсон хүний эрхийн жил тутмын уулзалтад оролцохынхоо өмнө Төрийн департаментын хүмүүс бидэнтэй уулзаж, зөвлөгөө авч байсан. Бидний зөвлөгөөний дагуу тэд Хятадын ЗГ-т Хадаагийн асуудлаар шаардлага тавьж байсан.
Өнөөдөр өвөр монголчуудын төлөөх тэмцлийн эрүүл хөгжилтийн шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Шинэ байгууллагууд, нам бүлгүүд үүсэж байна. Гэхдээ хамтран ажиллах тал дээр эв нэгдэл, арга барилыг олоогүй байсаар. Өвөр Монгол Өмнөд Монгол гэж зөрөлдөж байна. Туг далбаагаараа зөрчилдөж байна. Нэг л ард түмэн харагдах ёстой. Тус тусдаа туг босгон тусгаарлаж байна.
Байгууллага бүр нэг тугтай байхдаа гол нь байх биш, уйгур, түвдүүд шиг нэг тугийн дор нэгдэх талаар зөвшилцөж ярилцах хэрэгтэй, бусдаас суралцах юм их байна.
Илтгэгч Б.Түмэн-Өлзий -Сэхээтнээс малчин илүү тэмцэж байна. Тэмцэлд жил бүр нэг малчин амь насаа алдаж байна. Малчид шууд ярьдаг, сэхээтэн айдаг. Энэ бол манай малчид. Тэд мэдээллийн ажилтан болжээ.
Өвөр Монголоос тасарчихаад, тусгаар тогтнол гэж олон юм ярих хэрэггүй. Далай лам тусгаар тогтнол гэж ярихгүйгээр ихийг бүтээж байна. Тэмцлийн олон арга хэлбэр хэрэгтэй. Заавал тусгаар тогтнол гэж ярихгүйгээр хийж бүтээх тактик ч байж болно.
Монголчууд бүлхэмдэхдээ их муу болсон. Түвд, уйгур тэгэхэд их бүлхэмдэж байна. Урьд бол монголчууд хамгийн их бүлхэмддэг ард түмэн байж, аугаа түүхийг бүтээсэн. Чингис хаан тэр үед ардчиллыг хэрэглэсэн, коммунист дарга үг хэлж байх шиг байгаагүй. Бид Чингис хааныхаа тугийн дор түм түмэн жил бүлхэмдэж явах ёстой. Уйгур Ребиятай, Түвд Далай ламтай, манайд юу ч алга гэдэг. Уучлаарай, манайх Чингис хаантай шүү. Тэд шашинтай, манайх шашингүй гэдэг.
Монголчууд бидний шашин Чингис хаан шүү. Чингис хааны тахилгыг Японд хийж байна. АНУ-д бүр 26 удаа хийсэн. Анх айлд хийж байсан. Одоо танхимд, Америкийн зүүн эргийн монголчуудын идэвхтэй оролцоотойгоор, мөн Америк дахь бусад монголчууд, Америкаас өөр газар байгаа монголчуудын ч идэвхтэй оролцоотойгоор хийж байна.
Чингис хаанаа дээдлэх шашин болгосон цагт монголчууд бид бүлхэмдэж чаднаа.
Илтгэгч Ү.Чулуу -Та бүхэн Өвөр Монголыг сайн мэдэж байгаа, тэнд монгол амьдрал дуусаж байна. Хотод их суурьшиж байна. Хөдөлмөр сайн муу гэж байдаггүй, бүгд л сайн. Гэтэл малаа маллая гэхэд бэлчээр эвдэгдэн амьдралын суурь дуусаж байна.
Түүх соёлоо судлахгүй байна, хайргүй болж байна. Бас хариуцлагагүй болж байна. Яаж хамтран ажиллах вэ? Ажил хөдөлгөөн, хурал цуглааныг тоодоггүй. Зохион байгуулж байгаа хүний төлөө хийж байгаа гэж боддог. Өөртөө хийж байгаа явдал гэж үзэж, дархан эрхээ эдлэх ёстой шүү дээ. "Энэ юмыг хийгээд дэмий. Ямар хэрэгтэй юм" гэж хэлж байгаа хүн зайлшгүй хариуцлагаа түлхэж байна. Зарим нь эхэндээ сүртэй юм хэлэвч, удалгүй чимээгүй болчихдог, бөөн дуу чимээ цацаад, орхичихдог.
Би АНУ-д арваад жил байна. Монгол маягаар гээд хэнэггүй явцгаах юм. Ингэвэл их гологдоно шүү. Түвд, Уйгур шиг толгойлогчгүй байна гэнэ, мууг нь л заавал олж үзнэ.
Толгойлогч байх гэхэд туслах хүнгүй. Чадах хэрээрээ тусалж байж л толгойлогч гарна шүү дээ. Ядаж л хурал цуглаанд ир. Би хувьдаа бодитой явдал хийх сонирхолтой.
Зүгээр яриад тардаг хурал 1000 хийгээд ч нэмэргүй. Наад зах нь малчдын хэцүү бэрхшээлийг сурвалжлаад фейсбүкэд тавь. Жаахан явдал боловч ажил! Юу ч хийхгүй, бүгд хийхгүй байх л хэцүү. Шейр ч болов хийж бай. Удака гуай "Өвөр Монголын дуун" гээд сайхан юм хийсэн чинь 100-хан хүн үзжээ. Ийм байж болохгүй. Хүн бүр их бага боловч хичээ! Дуслаас далай!
Илтгэгч Д.Хотол -Өвөр Монголд орчин ахуй эвдэгдэж, монгол хүн амьдрах орон зай багасаж байна. Уламжлалт соёл, амьдралын хэлбэрээс салгаж байна. Эдийн засаг, улс төр, амьжиргааны олон асуудал үүнээс ургаж байна. Нэг талаар монголчууд хохирч байгаа мэт ч, нөгөө талаар хятад соёлын ялагдал явагдаж байна. Ийм газар нутагт тариа тарихгүй бол бүрэлгэл гэж тэд үзээд, бүх юмыг ийн устгадаг нь эргээд өөрсдөд нь гай болж байна, Бээжин шар шуурганы дайралтад өртөж байна. Хятад соёл бол давамгай биш.
Эрх чөлөө бол улс төрийн ухагдахуун биш, сэтгэлээс, зоригоос ирдэг. Хүн өөрөө өөрийгөө л тэгэхээр эрх чөлөөтэй болгоно. Өөрийгөө та чөлөөлөхгүй бол ямар ч багш, баатар таныг аврахгүй. Хүн бүр өөрийгөө монгол байлган бүтээж, өөрийгөө чөлөөл. Та монгол соёлдоо хайртай гээд болчих юм биш. Өөрийн сэтгэхүйгээ дарлалаас чөлөөлөх хэрэгтэй.
Би уйгур, хасаг, түвд хэл мэднэ. Тэд бол Дундад улс гэдэггүй, Жунго гэдэг, энэ нь зөв. Жунго Халик Жумхурети гэдэг. Тэд илүү чөлөөтэй сэтгэж байна шүү, бид биш.
Хар цагаан дэсийг хуульчилсан байсныг Өмнөд Африкийн хар хүмүүс хичнээн арван жил эсэргүүцэн тэмцэж байж болиулав. Бид цөхөрч болохгүй, тэгж олон жил уйгагүй тэмцэж байж, эрх чөлөөгөө олно.
Өвөө маань, дайнд аймхай хүн хамгийн түрүүнд суманд өртөж үхдэг гэдэг сэн. Айж болохгүй, зоригтой бай, тэгвэл суманд өртөхгүй. Нутгаадаа харих юм чинь тэмцэл хөдөлгөөнд оролцохгүй ээ гэдэг. Тэгж ярьсаар байгаад хүнд яланд орчихсон хүн харин байдаг юм шүү. Харин чөлөөтэй ярьж хийж байгаа хүнийг яадаг ч үгүй.
Хятад хүчирхэг биш. Нэг л юм болвол шоронд хийхийг санана гэдэг чинь маш их айдастай, туйлын буурай байна. Чингис хаан бие баатар бол нэгэн үеийн баатар, билэг баатар бол түмэн үеийн баатар гэсэн.
Өөрийгөө эхлээд чөлөөлөөрэй, бид бүхэнд Хятадын нөлөө байгаа, үүнээс өөрсдийгөө чөлөөл. Энэ бол хамгийн эхний алхам шүү.
Илтгэгч Ч.Мөнхбаяр ("Нэгдсэн Монгол" хөдөлгөөний тэргүүн) -За би сая нөхдийнхөө хүсэлтээр Монгол улс дахь өмнөд монголчуудын хүний эрхийн байдлыг танилцуулж дууслаа.
Монгол дахь өмнөд монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч нөхөд жагсаал цуглаан, хурал уулзалт, нийтлэл мэдээллийн гээд янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирлээ.
Монгол улсад өмнөд монголчуудыг хилийн чанадад дэмжих хамгийн том төв байх ёстой. Үүн дээр анхаарал хандуулан хамтран ажиллацгаая. Малчин Мэргэний эмгэнэлт явдлаас үүдэн Монголд дэмжих явдал идэвхижсэн ч, сүүлийн үед эргээд идэвх буурч байгаа нь санаа зовоож байна.
Өнөөдрийн хурал эрх чөлөөний ажилд том эргэлт гаргах ёстой гэж үзэж байна. Өмнө нь ийм цар хүрээний олон улсын чанартай хурал болж байсныг санахгүй байна.
Дэлхийн өвөр монголчуудын холбоо ч гэдэг юм уу, маш өргөн хүрээтэй ажиллах зохион байгуулалтад орох шаарддлагатай гэж бодож байна.
Бид цаашдаа хатуу зөөлөн, улс төрийн, соёлын, судалгаа шинжилгээний гээд олон арга замыг ашиглан, өмнөд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэцгээх нь зүйтэй. Өвөр монголчуудын эрх чөлөөний ажлыг дэлхий дахин бүх талаар өргөн дэмждэг болох ёстой. Хятад улс дахь цөөн тоот үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөнүүдээс үлгэр жишээ авах ёстой. Түүнээс гадна хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй удирдагч лидер хүн хэрэгтэй. Тийм удирдагч тодруулж мандуулах талаар аижллахгүй бол болохгүй нь.
Өвөр монголчуудын эрх чөлөөний ажлыг Өрнө Дорноор дэмжүүлэхэд ялгаатай тактик хэрэгтэй байх жишээний. Өрнөдийн ертөнц бол хүний эрх, ардчилал, уугуул иргэдийнэрхийн талаар яривал хүлээж авахдаа дөхөмтэй. Тодорхой асуудлуудыг шууд, ажил хэрэгчээр хэлэлцэцгээе!
Би өвөр монгол, өмнөд монгол гэж янз бүрээр хэлж байна. Яагаад вэ гэвэл өвөр монгол гэх нь зөв, өмнөд монгол гэх нь зөв гэж зөрөлдөх явдал байдаг. Тиймээс аль алиар нь хэлж байна. Энэ мэт асуудлаа даруй цэгцэлж, цааш ахицгаая.
Эв нэгдэл бол эрх чөлөөний ажилд эрхэмлэн дээдэлж баримтлах учиртай нэг гол зарчим байх ёстой юм. Газар газрын монголчууд биднийг юу нэгтгэх вэ? Улс төр, газар нутгаар нэгднэ гэхэд янз бүрийн бэрхшээлтэй болж. Юуны өмнө бид сэтгэл зүрхээрээ нэгдэх хэрэгтэй байна. Хэрэв тэгж сэтгэл зүрхээрээ нэгдэж чадвал бусад бүх талаараа нэгдэх асуудал бүтнэ.
Өнөөдөр монгол үндэстнийг аврах баатар бий юу? Байгаа бол тэр баатар хэн бэ? Тэр баатар бол та өөрөө шүү. Хүн бүр өөрийгөө үндэстнээ чөлөөлөх баатар шүү гэж бодож явбал хамаг эрх чөлөөний үйлс маань бүтнээ.
Энэ хурлаас маань бичгийн үр дүн гарах ёстой байна. Тунхаг ч юм уу, уриалга, мэдэгдэл, шаардлага ч байдаг юм уу...
Хүн төрөлхтөн үндэстнээр амьдардаг, оршдог. Бид ч мөн адил үндэстнээр амьдарна, оршно. Бидний амьдрах хэлбэр. Хамтаараа монгол үндэстнээ хайрлан хамгаалж, мандуулан бадрааж, энхжүүлэн мөнжүүлцгээе!
Илтгэгч Э.Хувьсгалт (Өвөр Монголын ардын намын ЕНБД) -Бидэнд Чингис хаан маань их удирдагч юм. Чингис хаан бидний оюун санааны түшиг тулгуур. Үүнээс гадна бид нэг юмыг умартдаг. Түвд, Уйгурт удирдагч бий, бидэнд байхгүй гэж ярьдаг хүмүүст хандаж хэлэхэд, түвд, уйгуруудад өөрийн үндэстний улс хараахан үгүй байна. Харин бидэнд буй юм шүү.
Тусгаар тогтносон, НҮБ-д суудалтай монгол үндэстний улс маань байж байна. Хэдийгээр өвөр монголчууд бид Хятадын дарлал дор байгаа ч ирээдүйд тусгаар тогтнож чадахгүй байж магадгүй ч, Эзэн Чингисийн өмнө үүргээ биелүүлсэн, тусгаар тогтносон улстай үндэстэн гэдгээ мартаж болохгүй.
Түүхэнд өнөөдөр зөвхөн өвөр монголчууд Өвөр Монгол, Ар Монголд хэлмэгдэж байгаа үйл явдал болж буй биш юм. Монгол улс оршин тогтнож байгаа нь бодтой үнэн билээ. Монголын тусгаар тогтнолыг хадгалахын төлөө Монголын хэчнээн олон хүн ард, төрийн зүтгэлтнүүд амь насаа алдсан билээ.
Дэлхий дээр хамгийн их хэлмэгдэж байгаа нь манай монголчууд. Ямар ч улсын иргэн, ямар ч паспорттай байсан ч бид монголоороо байна. Хэн ч гэсэн бидний монголоороо байх эрхийг булааж чадахгүй.
Илтгэгч Турмухаммет Хашим (Уйгурын хүний эрх, ардчиллын ОУ Сангийн ерөнхийлөгч) -Түвд Далай ламтай, Уйгур Рабиятай, Өвөр Монгол юу ч үгүй гэж болохгүй ээ. Өвөр Монгол эдгээр гурав дотроо хамгийн агуу нь. Монголчуудын улс гэж байна шүү. Үүгээр омогших нь зөв өө. Түвд, Уйгурын зүгээс харвал монгол үндэстэн тусгаар тогтнож чадсан гэдэг нь нэн бахархалтай.
Уйгур, Түвд хоорондоо нягт холбоотой. Монголын Чингис хааны үед уйгурууд монголчуудтай хамт их түүхийг бүтээлцсэн. Монгол-Уйгурын холбоо хэлхээ арвин зузаан түүхтэй. Монгол Түвдийн уялдаа барилдааг ч бүгд сайн мэдэж байгаа.
Уйгурууд бид ХКН-ын буруу бодлогын эсрэг хатуу тэмцэж байна. Хятадууд ч айж аргаа барахдаа шашныг маань их хавчих боллоо. Гэвч зовлон бэрхшээл дунд сүсэг бэрхшээл маань улам бат бэх, ариун гэгээн болж, биднийг улам зоригжуулан, дайчин болгоно оо.
Илтгэгч Ванда (Хятадын ардчилсан хүчний фронтын Япон дахь төлөөлөгч) -Тяньаньмэний хэрэг явдлын үеэр оюутнууд улс орноо хөгжүүлэх санал бодлоо л илэрхийлж, хариу авахыг хүссэн. Гэтэл цуст яргаллаар хариу барьсан. Хүний амь нас гэдэг хамгийн дээд эрдэнэ билээ. Хятадын ардчилагчид бид БНХАУ-ын гадаад дотоод бүх асуудлыг хүчээр шийдэх бодлогыг эвлэршгүй эсэргүүцдэг. Бидэнтэй Хятадын ард түмэн санал нэг байгаа. Ардчилагч бидэнтэй санал бодлын асар их зөрүүтэй БНХАУ-ын өнөөгийн ЗГ нь манай хятадын ард түмний хүсэл зорилгыг илтгэгч ЗГ биш ээ!
БНХАУ-ын хуулинд бүх үндэстнүүд маань тэгш эрхтэй гэдэг. Гэтэл цөөн тоот үндэстнүүдийг маш их хэлмэгдүүлж ирлээ. Надад Хятад улсын нэрийн өмнөөс уучлал гуйх эрх хэмжээ байхгүй. Гэхдээ би хувиасаа цөөн тоот үндэстнүүдээс уучлал гуйж байна.
Ардын гэсэн тодотголтой улс дэлхий дээр хэдхэн байна. Гэтэл тэд нь ардын эсрэг ЗГ-тай байдаг нь хачирхалтай. Ардын гэсэн зүүлттэй хэрнээ, ардынхаа эсрэг байдаг ЗГ-ыг ард түмэн зөвшөөрөхгүй.
Хятад улсын дарлагдсан бүх ард түмнүүд харгис засгийн эсрэг нэгдэн тэмцье. Бүгд нийлж дарангуйллыг түлхэж унагая!
Тэмдэглэсэн Ч.Мөнхбаяр
zovsongolt.mn