Хуучны ном зохиол, сонин
хэвлэл цуглуулдаг Т.Чүлтэм гуайн архивт хадгалагдсан 1950-иад оны үед
Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан С.Аварзэдийн яриаг
уншигчдадаа хүргэж байна. Ярианы гол сэдэв ЗХУ-д алдсан Давст уулын
тухай байлаа.
Хэлэлцээ хийхийг хэн санаачилсан юм бэ. Яагаад хэлэлцээ хийх болов?
-Хилийн асуудлын талаар яриа гардаг байсан. Увсын хойд талын тагна,
тувачууд мал хөөх, хил давуулж алдсан малыг буцааж өгөхгүй байх, хадлан
бэлчээрийг зүй бус ашиглаж байна гэж манай ардуудаас хэл ам гомдол
гаргадаг байсан. Ер нь хилийн хэлэлцээ хийх асуудлыг би Цэдэнбалаас
сонссон. Бодвол тэр санаа Зөвлөлтөөс гарсан болов уу гэж боддог юм.
Хэлэлцээ хийх төлөөлөгчдийн дунд геологич Дүгэрсүрэн байсан. Би
Цэдэнбалд хэлж байж түүнийг бүрэлдэхүүндээ авсан юм. Дүгэрсүрэн гуай
ямар ч гэсэн тэр хавийг геологийн баялаг ихтэй газар гэдгийг мэдэж
байсан. Түүнээс асуухад жигтэйхэн их баялагтай, ураны хүдрийн орд
газартай, өөр үнэт металлууд ч бий гэсэн. Энэ нь стратегийн түүхий эд юм
л даа. Стратегийн тийм их материал тэнд байдаг нь үнэн юм шиг байгаа
юм. Яагаад гэвэл сүүлд Зөвлөлтийн төлөөлөгчид ирээд төлөвлөгөө өгсөн.
Увсаас хойш Тэсийн голоос хойшхи бүх нутгийг өөртөө оруулаад зурчихсан
тийм гар зургийг санал болгосон юм.
-Өөрөөр хэлбэл, зураг дээр зурсан тэр хэсгийг Зөвлөлтийн нутаг гэж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ. Ер нь авна л гэсэн үг шүү дээ.
-Авъя гэж хүссэн үү, өг гэж шаардсан уу. Эсвэл хүсэлт тавьсан юм уу?
-Газар нь ч маргаангүй манайх. Авна гэж шаардлага тавьсан. Яагаад
гэвэл Оросууд бүх социалист лагерийг хамгаалж байна. Иймээс бид ашиглах
хэрэгтэй. Монголчууд дангаараа чадахгүй. Ашиглах чадал байхгүй гэж үзсэн
хэрэг. Тэгэхээр тэнд тийм стратегийн чухал түүхий эд байсан нь үнэн
байх. Тэгээд сүүлд нь өөр нэг хүн сонирхсон юм. "Би, юу байдаг юм бэ”
гэж асуусан. Вольфрам, уран бий гэсэн. Би ч Зөвлөлтийн талд "Миний
мэдэхгүй асуудал байна. Нэгдүгээрт, хилийн асуудлыг манайд Ардын их
хурлын тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл төрийн дээд байгууллага шийдвэрлэдэг.
Нэг хэсэг хүмүүс гэрээнд гарын үсэг зураад өгчих ёсон байхгүй.
Хоёрдугаарт, энэ хил түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэж
хэлсэн. Манай төлөөлөгчдийн байр суурь түүн дээрээ хатуу зогсчихгүй юу.
Нөгөөдүүл чинь өнөөх зургаараа Тэсийн голоос хойш Тагнын нурууг оруулаад
цөмийг нь авчихаж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, газрын зургийг
зураад хийгээд ирсэн. Тэд урьдаас сайн бэлтгэсэн байгаа юм. Би ч ерөөсөө
хөдлөөгүй. Молотов намайг шахаад байдаг. Ю.Цэдэнбал дарга байхдаа,
түүнээс өөр мэддэг хүн алга гээд хөдлөхгүй л байгаад байлаа.
-Та түүнийг ашиглаад асуудлыг хойш тавиад байсан юм байна шүү дээ?
-Үндсэндээ тийм. Ер нь л мухардалд оруулсан. Мухардалд оруулахгүй
гэхээр буулт өгнө гэсэн үг. Буулт хийнэ гэдэг чинь түүхэн хилээ өгнө
гэсэн үг. Тийм учраас ямар ч гэсэн мухардалд оруулсан. Тэгээд л суугаад
байлаа. Цэдэнбал ирээд шийднэ биз гээд. Ямар ч гэсэн өгчихөж болохгүй юм
гээд л... Тэгж байтал нэг өдөр Молотов уурлалаа. "Что вы цепляетесь за
этот клочок земли” Тэр, алгын чинээхэн газраас юу гэж зуураад байгаа юм
бэ?/ /орч/. Танай страна /улс орон/ чинь бүтнээрээ манайх байж болох
тийм үе байсан юм шүү. Жишээлбэл гээд дэлгэрүүлээд баахан ярьсан.
-Үүнийг Молотов хэлж байгаа юм уу?
Ю.Цэдэнбал В.Молотов нар
-Молотов хэлж байгаа юм. Тэгж байснаа ямар баяраар ч билээ, шинэ
жилээс наана гэрээг зурна гээд. Би ч хэлдгээ л хэлсэн. Молотов голдуу
явган явдаг байсан. Нэг орой хурал тарсны дараа "Проводите меня
пожалуйста” Гаргаж өгөхгүй юу /орч/ гэж байна. Бид хамтдаа жаахан явлаа.
Тэгсэн нөгөөдөх чинь "Видали этих министерчиков иностранных дел” Гадаад
явдлын яамны иймэрхүү сайд шуу юмсыг үзэхээрээ л нэг болсон доо, бид
нар /орч/ гээд л их занангуй хэлж байна. Би ч мэдэж л байлаа. Намайг
хэллээ дээ гэж. Тэгэж байснаа шинэ жилээр түргэн зуръя гэж байна. Би ч
мэдэхгүй л гэлээ. Шинэ жил өнгөрлөө. Тэднийг жаахан ухралт хийж эвлэрэлд
хүргэдэг юм болов уу гээд би хүлээгээд байдаг. Нэг өдөр хэлэлцээ шиг юм
боллоо доо. Улстөрийн товчоонд танилцууллаа. Танилцуулж байсан чинь
Цэдэнбал даргын нарийн бичиг, нэг цаас аваад ороод ирсэн. Москвагаас
илгээсэн телеграмм /цахилгаан утас/ гэж байна. Ю.Цэдэнбал явуулсан юм
байх даа гэж бодлоо. Тэгсэн биш юм аа. Хрущевын нэртэй "ЦКМНРП” /МАХНын
Төв хороонд/ гэсэн цахилгаан утас байна. "Поведение Вашего министра
иностранных дел вызывает удивление в Москве” Танай Гадаад явдлын яамны
сайдын байдал Москвад хачирхал төрүүлж байна /орч/ гэсэн байх юм. Дамба
гуай "Энэ юу гэж байгаа юм бэ?” гэж байна. Дамба гуай битүүхэндээ миний
талд байгаад байсан л даа. Цааш нь ямар шугам барих вэ гэж асуулаа. Энэ л
шугамаа барих уу гэлээ. Тэгэхээс яах вэ гэж байна. Ер нь улсын хилийг
өөрчилнө гэдэг бол хэн нэг төлөөлөгчийн саналаар болох зүйл биш л дээ.
Төрийн дээд байгууллага шийдэх ёстой гэлээ. Миний ганц тулгуурладаг юм
тэр. Тэгтэл хэн энэ хэлэлцээрийг авч явах вэ гэж Улстөрийн товчоон дээр
яриа гарсан юм билээ. Тэгж байгаад Цэндэд өгчихсөн.
-Цэнд өөрийн чинь оронд хэлэлцээ хийх болж. Цаашид хэлэлцээ яаж явагдсан бэ?
-Бүү мэд. Би тэгээд эмнэлэгт хэвтчихсэн. Гэтэл хилийн хэлэлцээ
төгсөж, гарын үсэг зуржээ. Цэнд зургаа авахуулж байна гэнэ гэж дуулдсан.
Уг нь хэлэлцээрийн үед хоёр хөгшин малчин Увсаас авчирсан юм. Нэг оройн
хурал дээр тэр хоёрыг эксперт /шинжээч/ гэрч болгож үйл явдлыг
уялдуулах гэж оролдсон. Тувачууд яаж түвэг болдгийг тэднээр яриулж
байгаа ухаантай юм. Ерөөс мал төл байлгадаггүй алдаршсан хэсэг улс
байдаг юм чинь гэлээ. Тэгээд ч нэмэр болоогүй.
-Ер нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж байсныг санаж байна уу?
-Манай талаас цөөхөн орсон шүү дээ. ДЯЯ-ны орлогч сайд Батаа,
Хязгаарын цэргийн удирдах газрын дарга ЦэдэнИш нар орсон. Батаа,
Цэдэн-Иш нарыг Цэдэнбал томилсон. Геологич Дүгэрсүрэнг би саналаараа
оруулсан. Багш "яавлаг” Шагдарсүрэн орчуулагчаар оролцсон юм.
-Хэлэлцээ дуусч асуудал ч намжсан юм байна. Өөрөө түүнээс хойш ГЯЯ-ны сайдаар хэр удсан билээ?
-Хэлэлцээрийн дараа л ГЯЯ-ны сайдаас буусан шүү дээ.
-Буулгахдаа ямар нэгэн шалтгаан хэлсэн үү?
-Ямар нэгэн шалтгаан байхгүй. Хэлсэн юм ч байхгүй. Тэгэхэд Унгарт
элчин сайд явуулах хэрэгтэй болж, намайг томилсон. Тэр үед намын XIII Их
хурал болж, миний бүх албан тушаал, сонгуульт ажлаас огцруулсан.
-Хилийн хэлэлцээртэй холбоотой юу?
-Битүүхэндээ тиймэрхүү утгатай юм уу даа. Намайг Унгарт явуулсан.
Унгарын намын XIV Их хурал боллоо. Цэнд төлөөлөгчөөр очсон юм. Тэр Янош
Кадараас /Унгарын удирдагч/ манай Элчин сайдын яамны ажиллагааны талаар
тодорхойлолт гаргаж өгөхгүй юу гэсэн юм билээ. Тэгснээ сүүлдээ жаахан
эргэсэн. Хожим намайг салах ёс гүйцэтгэхэд, нэгэнт ах дүү намын тал
асуудал тавихад Улстөрийн товчоо ярилцаад ийм хариу өгсөн гэж бичиг
үзүүлсэн. Тэр нь их том бичиг. Дандаа хэтрүүлсэн магтаал байсан.
-Матаас биш магтаал болжээ?
-Дан магтаал. Тэгсэн чинь намайг ороход архи уудаг, хөрөнгөтөн орны
дипломатуудтай их юм ярьдаг. Югослав, Энэтхэг бас хаанахын билээ дээ.
Австрийн дипломатуудаар дамжуулж барууны орнуудтай харилцаж байсан гэх
маягтай үг гарлаа. Тэдэнтэй би муугүй харилцаатай байсан юм л даа.
-Унгарын намын Улстөрийн товчооны тодорхойлолтыг манай Төв хороонд ирүүлсэн үү. Удирдлага хүлээж авсан байх даа?
-Авсан байлгүй. Үүнийг Төв хороонд явуулчихсан гэж байсан.
-Одоо тэр чинь Төв хорооны архивт байх нь ээ?
-Тэгээд намайг ажил муу хийсэн гэж байна. Ах дүү намын Улстөрийн
товчооноос намайг тэгж дүгнээгүй шүү дээ гэж би хэллээ. За тэгээд л таг
болсон. Тэр /Унгараас ирсэн тодорхойлолт/ лав устсан болов уу.
-Энэ чинь 1950, 1960 он үед үү?
-1960 онд Содовын дургүйг би хүргэчихсэн юм. Ажил ердөө хийхгүй,
төрөл садангаасаа урьж аваачаад, үйлчилж гүйгээд л. Бүр ажил нураагаад.
Ажил хийхгүй бол асуудлыг өөрөөр тавина гэж Содовт би анхааруулсан.
Гурав дахь анхааруулга нь тэр юм. Тэгээд л хэн нь хэнийгээ буцаах вэ
гэдэгт хүрсэн. Одоо бол зөвхөн тэр Давст уулын тухай л яриа болсон юм
шиг ойлгодог бололтой. Давст уул бол нэг хэсэг газар. Чухамдаа Увсын
хойд тал тэр чигээрээ орсон юм. Тэсийн голоос хойшлоод Тагнын нуруу
даваад маш өргөн газар. Түүн дээр бас Хөвсгөл аймгийн баруун хойт хэсэг,
Шишигтийн гол гэж сайхан газар бий. Шишигтийн нуруу гэж сайхан нуруу
бий. Бас их баялагтай. Тэр бүх газрыг ердөө анх гар зургандаа л
Зөвлөлтийн тал оруулж зураад авчирсан. Бараг түүгээрээ л авсан болов уу.
-Ер нь нийт хэчнээн хэмжээний газар нутаг байв?
-Зурагтай бол хэлж цөхөх юу байх вэ дээ. Өргөөшөө 30 километр,
уртаашаа Тэсийн голоос Хөвсгөл хүртэл 60-70 километр. 2000 орчим
ам.дөрвөлжин километр газар. Баялаг ихтэй газар байсан шүү.
-Тэнд айлууд нутаглаж байсан уу?
-Нутаглалгүй яах вэ. Тэр айлууд бол санаж байгаа даа.
-Тухайн үеийн манай удирдлагууд тэр газар нутгийг өгөхгүй байж болоогүй юм байх даа?
-Яг үнэндээ өгөх дуртай хүн байгаагүй ээ. Ямар олиг байх вэ дээ,
газар нутгаас нь тасдаад авна гэхээр хэний ч дургүй хүрнэ биз дээ. Нэг
удаа Бал /Цэдэнбал/ дарга намайг дуудаад "Дээрээс шахаад байх юм. Ядуу
буурай орны зовлон барагдах биш дээ, Аварзэд минь. Юутай ч асуудлыг
нааштай шийдэхээр ярилцаж байгаа. Чи түр тогтож хүлээж бай” гэхэд миний
нүднээс нулимс гарах гэж байсан шүү. Ингээд бодохоор тухайн үеийн төрийн
удирдлагууд өгөх дургүй байсан юм билээ.
Т.Зөнбилэг