Монгол
Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хоёр хөрштэйгөө эв
найрамдалтай байх гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь бие даасан
тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн бодолтой байхыг
үгүйсгэсэн хэрэг биш юм. Энэ талаас нь бодож үзэхээр эдгээр улс
орнуудтай тогтоосон найрамдалт харилцаанд сэв үүсгэж болох, цаашлаад
манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болон хувирч
болзошгүй асуудлууд нэлээд байгаа нь ажиглагддаг.
Жишээлбэл,
өнгөрөгч 11-р сарын дундуур Төвдийн шашны тэргүүн 14-р Далай лам манай
улсад айлчилсан нь Хятадын Засгийн газартай зөрчилдөх том асуудлын эх
үүсвэр болсон. Хэдийгээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар огт оролцоогүй” хэмээн
мэдэгдсэн ч үүнийг Хятадан Засгийн газар ойшоолгүй удаа дараа айлчлалыг
зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргаж байв. Олон нийт чухам яагаад Төвдийн
шашны тэргүүн манай улсад айлчлаж болохгүй талаар цахим сүлжээнд
ухаанаа уралдуулсан. Гэвч дийлэнх нь Далай лам манай улсад айлаж
болохгүй гол шалтгааныг олж чадсангүй.
Хятадын
Засгийн газар Далай ламын айлчлалтай холбоотой асуудал дээр тун эмзэг
ханддаг. Учир нь тэд Далай ламыг "Салан тусгаарлагч, үймээн самуунд
уриалагч” хэмээн буруутгадаг.
Далай
лам дөнгөж 15 насандаа буюу 1950 оны Арваннэгдүгээр сарын 17-нд Төвдийн
Үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрх авч Засгийн газар ба
төрийн тэргүүн болжээ. Хятадын ардын чөлөөлөх арми Төвдөд орж ирсэн
учраас ард түмэн буюу сүсэгтэн олныхоо хүсэлтээр ийм шийдвэр гаргасан
байдаг.
1951
онд Төвд-Хятадын хэлэлцээр байгуулагдан Төвд улс шинээр эмхлэгдэн
байгуулагдаж байсан БНХАУ-ын бүрэлдэхүүнд оржээ. 1950-1959 онд 14 дүгээр
Далай лам Хятадын засаг захиргаатай энх тайвнаар зэрэгцэн орших
оролдлогуудыг хийж ирсэн байна. Гэвч 1950-иад оны дунд үеэс Төвдөд
Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэж, 1959 онд зэвсэгт бослого болон хувирсан
юм.
Хятадын эрх баригчид бослогыг цэргийн хүчээр даржээ.
Үүний
улмаас 1959 оны гуравдугаар сарын 17-нд Далай лам Энэтхэгт дүрвэн
гараад өнөөг хүртэл Энэтхэг, Хятадын хилийн ойролцоох Дарамсала хотод
амьдарч байгаа юм. Далай ламыг даган Төвдийн бурханы шашинтнуудын оюун
санааны гол удирдагчид буюу элитүүд дүрвэжээ. Тухайн үед хамгийн эрдэм
номтойд тооцогдож байсан гол хийд, дацангийн тэргүүн лам нар бурханы
шашнаа хадгалж, хамгаалах гэсэн үзэл санаан дор Далай ламын амьдарч
байгаа нутагт дүрвэн ирж суурьшсан байна.
Энэ
нь Энэтхэгт Далай лам Төвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулан
тэргүүлэх, тусгаар улсын Засгийн газарт байдаг, зэвсэгт хүчнээс бусад
байгууллагуудыг бий болгон ажиллуулах гол үндэс болсон байна. Ялангуяа
дүрвэгсдийн хүүхдүүдийг сургах сүлжээ болох шашны сургуулиуд болон
түвдийн судалгааны дээд төвийг бий болгосон нь ихээхэн үр дүнгээ өгсөн
байдаг. Далай ламын улс төрийн үйл ажиллагааныхаа хүрээнд бурханы шашны
гол зарчмууд болон Хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурлан
боловсруулсан "АРДЧИЛСАН” гэж нэрлэгддэг Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Төвдийн загвар хэмээн 1963 онд тунхаглажээ.
Далай ламаас Хятадууд айдаг уу
Тэрбээр
2008 онд өгсөн нэгэн ярилцлагадаа "Хэдийгээр би улс төрийн үйл хэрэг
явуулдаггүй ч хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Төвдийн тусгаар
тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс төрийн үйл
хэрэг болно. Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Төвдийн соёл, уламжлалыг
хадгалж үлдээхийн төлөө л тэр шүү дээ. Төвд Хятадын бүрэлдэхүүнд байхыг
би аль хэдийнээ зөвшөөрчихсөн” хэмээсэн байдаг.
Гэвч БНХАУ-ын удирдах түвшний хүмүүс Төвдийн энэ харьцангуй дуулгавартай байдалд төдийлөн итгэхгүй байсаар өдийг хүрсэн билээ.
80
гарсан Далай ламын бусад улс оронд хийх айлчлалыг БНХАУ яагаад тэгтлээ
эсэргүүцээд байдгийг зарим хүмүүс ойлгодоггүй. Гэвч нэлээд хэдэн жилийн
өмнөөс Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал хурцаар яригдаж эхэлсэн
юм. Тэрбээр хойд дүрээ цаг үеийн байдлыг харгалзан үзэж өөрөө тодруулна
гэх яриа гарсан билээ. Учир нь түүнийг тэнгэрт хальсаны дараа БНХАУ
өөрийн талаас Далай ламыг тодруулах магадлалтай хэмээн болгоомжилж буй
хэрэг гэнэ.
Өөрийг
нь амьд байх үед Төвд Хятадаас тусгаар тогтнохгүй бол тэр хойд төрөлдөө
зөвхөн чөлөөт улсын нутагт дахин төрнө гэж 14 дүгээр Далай лам анх 2000
онд мэдэгдсэн.
Энэ
бодлоо гүнзгийрүүлэн 50 гаруй жилийн өмнө Төвдөөс Засгийн газрынхаа
хамт дүрвэн гарсан 14 дүгээр Далай лам өөрийн хойд дүрийг хайх шарын
шашны уламжлалыг солих саналыг хэдэн жилийн өмнөөс дэвшүүлэх болсон юм.
Энэ саналын гол агуулга нь Далай лам залгамжлагчаа өөрөө нэрлэх эсвэл
бурхны шашны том лам нарын сонгуулиар тодруулах талаар бүх нийтийн санал
асуулгийг Төвд, Монголын бурхны шашинтнуудын дунд явуулах асуудал байв.
Далай
лам Данзанжамц Энэтхэгийн болон Монголын бурхны шашинтнуудын төлөөллийг
цуглуулж шарын шашны тэргүүний залгамжлагчийг тодруулдаг уламжлалт зан
заншлыг халах талаар санал асуулга зохион байгуулах бодолтой байгаагаа
мэдэгдсэн нь Далай ламын Засгийн газар, Хятадын Засгийн газар хооронд
төдийгүй дэлхийн бурхны шашинтнуудын дунд шинэ маргааны эхлэлийг тавьсан
юм.
Энэ
нь Далай ламыг нас барсны дараа Төвд дэх бага насны хүүхдүүдийн дундаас
Далай ламын дараагийн дүрийг тодруулдаг олон зууны уламжлалыг өөрчлөх
тухай асуудал болохоор төвдийн сүсэгтэн олон ч нэлээд цочирдон хүлээж
авсан нь тодорхой.
Хэрэв Далай лам хойд дүрээ Төвдөөс өөр орноос тодруулахаар болвол хамгийн магадлал өндөртэй нь Энэтхэг, Монгол хоёр улс юм.
Далай ламын хойд дүр Монголоос тодрох боломжтой юу?
Шарын
шашны түүхэнд Төвдийн гаднаас Далай лам тодорч байсан нэг л тохиолдол
бий. Тодруулбал, 4 дүгээр Далай ламаар монгол хүн тодорсон байдаг.
Одоогийн Далай лам энэ түүхэн баримтад тулгуурлан өөрийнхөө хойд дүрийг
Төвдөөс өөр газраас буюу Энэтхэгээс эсвэл Монголоос, түүнчлэн буддын
шашинтай өөр бусад орны ард түмнүүдийн дундаас сүсэгтэн олон өөрсдөө
тодруулах тухай ярих болсон юм. Үүнээс харахад 15 дугаар Далай лам
Монголоос тодрох магадлал маш өндөртэй. Дээрээс нь тэрбээр манай улсад
хийсэн ес дэх айлчлалаараа "10-р Богд тодорсон, түүнийг 3-5 нас хүрэхээр
олон нийтэд зарлана” хэмээсэн нь энэхүү хардлагыг улам лавшруулж байна.
Магадгүй тэрбээр хойд дүрээ Монголоос тодруулахаар аль хэдийн шийдсэн
байж ч болох юм.
Энэ
нь түүний хувьд амар жимэр нүд аних ганц боломж гэж хэлж болно. Учир нь
тэрбээр амьдралынхаа талаас илүү хувийг Төвдийн тусгаар тогтнол, эв
эеийн төлөө зориулсан билээ. Гэвч Далай ламын хойд дүрийг тодруулах
асуудал яригдсаны дараагаар Хятадын талаас хяхалт, хавчлага ихсэж,
түүнийг хүлээж авсан улс оронтой дипломат харилцаагаа хурцатгахад бэлэн
болсон юм.
Үүний
нэг тод жишээ нь Далай ламын өнгөрсөн сард манай улсад хийсэн айлчлалын
үр дүнгээс харж болно. Хятадын Засгийн газар манай улсад удаа дараа
сануулга өгөхийн зэрэгцээ тун болчимгүй үйлдэл хийж байна хэмээн төрийн
албан айлчлалуудыг цуцлаад байсан юм. Үүгээр ч зогсохгүй Энэтхэгийн
гадаад бодлогыг хатуу шүүмжилсээр байна.
Учир
нь Хятадаас хүссэн 4,3 тэрбум ам.долларын зээл бүтэлгүйтэх тал руу гаа
хандсаныг дуулсан Энэтхэгийн Засгийн газраас манай улсад нэг тэрбум
ам.доллар зээлэхээр болсон юм. Үүнийг Хятадын Засгийн газар "Делигийн
эрх баригчид Далай ламыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хоёр ч удаа
хутгалдсан” хэмээн мэдэгдэв. Үүнд энэ сарын эхээр Энэтхэгийн Ерөнхийлөгч
Пранаб Мухержигийн Далай ламтай уулзсан явдал, мөн өнгөрсөн сард Монгол
улсад хийсэн Далай ламын айлчлалыг өгүүлжээ.
Далай
ламын айлчлалын дараа үүссэн эдийн засгийн хүндрэлийг Монгол улс даван
туулахын тулд Хятадын том өрсөлдөгч Энэтхэгээс тусламж гуйсан тухай,
үүнд нь Дели уриалгахан зөвшөөрснийг жишээ болгон онцолсон байна. Далай
ламыг Хятадын эсрэг дипломат тоглолтод хөзөр болгон ашиглаж байгаад
Делиг буруутгаад "Энэтхэгийн энэ оролдлого өөрийнх нь чадавхи, амбиц
хоёрын хооронд их зөрүү байгааг” харуулж байна гэжээ.
Мөн
"Энэтхэгийн эрх баригчид Тайваний асуудлаар Бээжин-Доналд Трампын
хооронд үүссэн харилцаанаас сургамж авах хэрэгтэй. Хятад улс ашиг
сонирхолдоо ямар тууштай, хатуу байр суурьтай болохыг Трамп туршиж үзсэн
бөгөөд зохих хариугаа авсан. АНУ хүртэл Хятадын дотоод хэрэгт
оролцохоос болгоомжилж байхад Энэтхэг яагаад ийм их өөртөө итгэлтэй
байна вэ?
Энэтхэг
улс заримдаа "Дэлхийн хамгийн том ардчилсан улс” гэсэн нэрэндээ хөөрсөн
эрх хүүхэд шиг загнаж байна. Уг нь Энэтхэгт хүчирхэг гүрэн болох чадвар
байгаа ч алсын хараа дутаж байна” гэх зэргээр "Global Times” сайтад
нийтэлсэн нийтлэлдээ шүүмжилжээ.
Хэрэв
Хятад Улс Далай ламын айлчлалтай холбоотойгоор улс орнуудтай харилцах
харилцаагаа энэ мэтээр хурцатгасаар байвал юунд хүргэхийг хэлэхэд бэрх.
Зарим
хүмүүс Далай ламыг нас барсны дараа Төвдийн асуудал нам жим болно гэж
байгаа ч дэлхийн зарим хэвлэлүүд Төвд, Хятадын харилцаа улам хурцадна
хэмээцгээж байна. Учир нь Далай лам бол Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг,
шарын шашны тэргүүн юм. Түүний хойд дүр тодрох асуудал нь зөвхөн Хятад,
Төвдийн асуудал биш билээ.
Хятад
улс манай улсын дотоод асуудалд аль хэдийн орж эхэлснээр зогсохгүй
Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоор уучлалт гуйлгуулав. Түүний
уучлалт гуйсан үйлдэл олон нийтийн дунд тусгаар тогтнолоо уландаа
гишгэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн олон нийт үзэж байна. Монгол Улс
Төвдийг бодвол харьцангуй тайван, эрх чөлөөт орон. Гэвч геополитикийн
тогтолцоогоороо Хятадаас аргагүйн эрхэнд хамааралтай байдаг. Үүнийг
ашиглан Хятад Улс өөрийн улс төрийн бодлогоо албан хүчээр тулгаж буй нь
шударга бус явдал юм. Цаашид Далай лам, Хятад, Монгол, Энэтхэг зэрэг
улсуудын хоорондын харилцаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn